Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                Л.Тын хүсэлттэй иргэний

                                                          хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 129/ШШ2018/00036 дугаар шийдвэртэй

Л.Тын хүсэлттэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.Пгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн хүсэлт болон тайлбарт: “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн харьяат Л.Т нь 1962 онд төрсөн, 55 настай. Л.Т нь 1980 онд Архангай аймаг дахь ХАА-н ТМС-ийн трактор комбайнчийн ангийг төгссөн. 1980.07.20-1981.11.30-ны өдөр хүртэл Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд тракторын жолоочоор ажилласан. 1981.12.01-1982.08.20-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотод ажиллаж байгаад Архангай аймгийн Өндөр-Улаан суманд эргэн ирсэн. Ингээд 1982.08.20-нд Өндөр-Улаан сумын 8 жилийн сургуульд слесариар ажилд орж 1984.06.05-ны өдөр хүртэл ажилласан. 1984.06.05-нд слесарийн ажлаас чөлөөлөгдөж Бадрал нэгдэлд мэргэжлийн дагуу тракторчнаар ажилд орсон. Энэ цагаас эхлэн нэгдэл тартал буюу 1992.04.28-ны өдөр хүртэл тус нэгдэлд тракторчноор ажилласан юм. Түүний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бүрэн баталгаажаагүй, ажилд орсон гарсан тушаалууд олдохгүй байгаа, одоо нэгдэл тарж байхгүй болсон зэргээс шалтгаалан Л.Тын ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байх тул шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болсон. Архивын тасгаас Л.Т нь галч, худгийн моторчин зэрэг ажил хийж байсан талаархи лавлагаанууд гарч ирсэн. Энэ нь тухайн үед нэгдэл шаардлагатай ажилд ажилчнаа томилон ажиллуулдаг байсантай холбоотой гэж үзэж байна. Иймд хөдөлмөрийн дэвтэр, архиваас гарсан баримтууд зэрэгт үндэслэн Гүр овогт Лундаагийн Тамирын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1980.07.20-1981.11.30-ны өдөр хүртэл тракторчноор, Өндөр-Улаан сумын 8 жилийн дунд сургуульд 1982.08.20-1984.06.01-ний өдөр хүртэл слесариар, Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1984.06.01-1992.04.28-ны өдөр хүртэл тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

          Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 129/ШШ2018/00036 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гүр овгийн Лундаагийн Тамирыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1980 оны 07 сарын 20-ны өдрөөс 1981 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд тракторын жолоочоор, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 8 жилийн сургуульд 1982 оны 08 сарын 20-ны өдрөөс 1984 оны 06 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд слесариар, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1984 оны 06 сарын 10-ны өдрөөс 1987 оны 03 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд тракторчноор, 1987 оны 03 сарын 25-ны өдрөөс 1989 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд худгийн моторчноор тус тус ажиллаж  байсан байдлыг тогтоож, 1989 оны 06 сарын 01-ний өдрөөс 1992 он хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Л.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.Пгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:

“Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 129 дүгээр шийдвэрийг гардан аваад эс зөвшөөрч дараахь давж заалдах гомдлыг гаргаж байна. Л.Т нь 1980.07.20-1981.11.30 хүртэл Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд ажиллаж байгаад Улаанбаатар хотод 1981.12.01-1982.08.20 хүртэл ажилласан. Тэгээд нутагтаа эргэн ирж 1982.08.20-1984.06.05-ны өдөр хүртэл Өндөр-Улаан сумын сургуульд слесариар, 1984.06.05-наас нэгдэл тартал тус сумын Бадрал нэгдэлд тракторчноор тус тус ажилласан. Энэ нь түүний хөдөлмөрийн дэвтэрт “Бадрал нэгдэлд мэргэжлийн ажил хийх шаардлагатай болсон учир слесарийн ажлаас чөлөөлж нэгдлийн мэдэлд шилжүүлэв”, “1984.06.10. Бадрал нэгдэлд тракторчноор авч ажиллуулав”, “1992.04.28. Бадрал нэгдлийн тракторчны ажлаас чөлөөлөв” гэсэн бичилтүүд, гэрч Л.Энхтайван, Д.Ичинхорлоо нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Архиваас гарсан 1989 оны 59 дугаартай тушаалд “...Тунгалагтамир хоршооллын мэдэлд шилжүүлэв” гэж заасан хэдий ч тухайн үед Тунгалагтамир хоршоолол нь нэгдэл дундын хоршоо байсан бөгөөд хүч нэмэгдүүлэх шаардлагатай үед нэгдлүүдээс хүн хүч түр авч ажиллуулдаг байсан байдалд шүүх дүгнэлт хийсэнгүй. Иймээс Л.Тын ажилласан байдал өөр ямар ч баримтаар тогтоогдох боломжгүй болж түүний эрх ашиг зөрчигдөхөд хүрээд байгаа тул хэргийг хянаж шүүхийн 129 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж Л.Тын хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү. Л.Т нь тракторын жолооч хэдий ч худгийн моторчин гэх мэт нэгдлээс даалгасан бүхий л ажлыг тухайн үеийн нэгдэл нийгмийн жишгийн дагуу хийдэг байсан. Энэ нь тухайн хувь хүний буруу биш гэдгийг дурдах нь зүйтэй байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Л.Т нь 2017.11.28-ны өдөр ажилласан жил тогтоолгох хүсэлт гаргажээ. 

 

Анхан шатны шүүх Л.Тын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1980.07.20-1981.11.30-ны өдөр хүртэл хугацаанд тракторын жолоочоор, тус сумын 8 жилийн сургуульд 1982.08.20-1984.06.25-ны өдөр хүртэл хугацаанд слесариар, тус сумын Бадрал нэгдэлд 1984.06.10-1987.03.25-ны өдөр хүртэл хугацаанд тракторын жолоочоор, 1987.03.25-1989.06.01-ний өдөр хүртэл хугацаанд худгийн моторчноор тус тус ажиллаж  байсан байдлыг тогтоож, 1989.06.01-1992 он хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

 

Л.Т нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1980.07.20-ны өдрөөс эхлэн тракторын жолоочоор ажиллаж байгаад 1981.11.30-ны өдөр Улаанбаатар хот руу шилжсэн, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 8 жилийн сургуульд 1982.08.20-ны өдрөөс эхлэн слесариар ажиллаж байгаад 1984.06.05-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1984.06.10-ны өдрөөс эхлэн тракторын жолоочоор ажиллаж байгаад 1987.03.25-ны өдрөөс ажлаа өөрчилж худгийн моторчноор ажиллаж эхэлсэн, уг ажлаас 1989.06.01-ний өдөр чөлөөлөгдсөн үйл баримт нотлогджээ.

 

Хүсэлт гаргагч нь 1989.06.01-1992 он хүртэл хугацаанд ажиллаж байснаа нотолсон гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүх Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1989.06.01-1992.04.28-ны өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн гэж үзэв.  

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн гомдлыг хангаагүй тул давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хүсэлт гаргагчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 129/ШШ2018/00036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хүсэлт гаргагчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн           167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ДАВААСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                           Д.ЭРДЭНЭБИЛЭГ

 

                                                            Д.БЯМБАСҮРЭН