| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0172/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/170 |
| Огноо | 2023-08-01 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/170
2023/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгч: М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Мын Бд холбогдох 2312000000144 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт А аймгийн Э сумын .. дүгээр багийн Б .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэгдэж байгаагүй, Н овогт Мын Б /РД:../
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Хос мухар гэх газраас хууль бусаар 1 метр 50 см-ийн урттай 78 ширхэг 2.7 м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, 46-24 АРА улсын дугаартай Ниссан ваннете маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 296.352 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
иргэний нэхэмжлэгч Д.Аийн мэдүүлсэн “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн М.Б гэх хүн Ихтамир сумын Борт багийн багийн Хос мухар гэх газраас мод бэлтгэж тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 296.352 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88/,
иргэний нэхэмжлэгч Б.Э мэдүүлсэн “2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Хос мухар гэх газраас хууль бусаар 1 метр 50 см урттай 78 ширхэг 2.7 метр куб шинэс төрлийн хуурай мод бэлтгэж 46-24 АРА улсын дугаартай Ниссан ваннете маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 296.352 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Миний машин байгаа юм. Манай хадам дүү Б эмээ, өвөөдөө модонд яваад ирье гэхээр нь өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 120/,
гэрч Б.Ч мэдүүлсэн “Би 2023 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажиллаж байхдаа Цагаан давааны замд мод тээвэрлэж явсан 46-24 АРА улсын дугаартай цагаан өнгийн Мазда маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Эрдэнэмандал сумын иргэн М.Б гэх хүн Ихтамир сумын Ар зуу гэх газраас эрхийн бичгийн нөхцөл болзолыг зөрчиж галын түлээний мод хууль бусаар бэлтгэж, тээвэрлэж байсныг түр саатуулсан юм. М.Б гэх ганцаараа явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05/,
гэрч П.Э мэдүүлсэн “Би тэр эрхийн бичиг Борт багийн Ар зуу гэх газраас 04 дүгээр сарын 22-ны өдөр бэлтгэж 04 дүгээр сарын 22-ноос 23-ны өдөр тээвэрлэнэ гэж бичиж өгсөн. Би эрхийн бичиг бичиж өгөхдөө заасан газраас мод бэлтгэж тээвэрлэнэ шүү гэж хэлээд эрхийн бичиг бичиж өгдөг юм. Хос мухар гэх газраас мод бэлтгэсэн талаар сайн мэдэхгүй байна. Иргэн ойд мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авч, талбай тусгаарлалт хийсэн газраас, эрхийн бичигт заасан газраас, заасан цаг хугацаанд, ойд огтлолт хийж босоо мод унагаахгүй цэвэрлэгээний ажлаар гишүү, унаанги модноос бэлтгэнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/,
гэрч Д.М мэдүүлсэн “М.Б гэх хүн надаас галын түлээний модны эрхийн бичиг аваагүй. 2023 онд талбай тусгаарлалт хийсэн газар байхгүй. Би тухайн модыг бэлтгэсэн үед нь мэдээгүй, харин сүүлд хэргийн газрын үзлэг хийхээр явах үед нь мэдэж хамт явж Хос мухар гэх газар мөн гэж зааж өгсөн юм. 2022 онд Ихтамир сумын Борт багийн Хос газар Ар зуу гэх газар талбай тусгаарлалт хийсэн. 2023 онд Борт багийн нутагт талбай тусгаарлалт хийгээгүй байгаа. Борт багийн Хос газар, Ар зуу гэх газруудыг 2022 оны тусгаарласан талбайгаа хүлээж аваагүй, нөхөн сэргээлт хийж хаагаагүй байгаа болохоор тэр газраас мод бэлтгэх эрхийн бичиг бичиж болно” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92/,
гэрч Б.Э мэдүүлсэн “Манай хадам дүү М.Б гэртээ модонд яваад ирье гэж миний машиныг авч явсан юм. Би хаанаас яаж бэлтгэсэн талаар сайн мэдэхгүй байна. Миний машин 1997 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд 7.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан машин байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-41/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 14-16, 17-24/ ,
2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 10 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50/,
“Дамно” ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн АЦ-23-68 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-62/,
“Дамно” ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн АЦ-23-67 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-68/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч М.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 296.352 төгрөгийн хохирол учирсан болох нь 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 10 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /296.352*3= 889.056 /найман зуун наян есөн мянга тавин зургаа/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж зааснаар шүүгдэгч М.Б аас 889.056 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч М.Б хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Бд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, шүүгдэгч М.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 28 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Б гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 2.632.500 төгрөгийн үнэлгээ бүхий 46-24 АРА улсын дугаартай автомашиныг эзэмшигч Б.Э буцаан олгож, түүний үнэ болох 2.632.500 төгрөгийг шүүгдэгч М.Б гаргуулж байгаль орчинд учирсан хохирол болох 889.056 төгрөгийг төлүүлж, үлдсэн 1.743.444 төгрөг, 270.000 төгрөгийн үнэлгээ бүхий 78 ширхэг 2.7 м3 шинэс төрлийн хуурай мод, 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхгийг шүүгдэгч М.Б гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Б бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Б өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт М Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б аас 889.056 /найман зуун наян есөн мянга тавин зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 28 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Б гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 2.632.500 төгрөгийн үнэлгээ бүхий 46-24 АРА улсын дугаартай автомашиныг эзэмшигч Б.Э буцаан олгож, түүний үнэ болох 2.632.500 төгрөгийг шүүгдэгч М.Б аас гаргуулж байгаль орчинд учирсан хохирол болох 889.056 төгрөгийг төлүүлж, үлдсэн 1.743.444 төгрөг, 270.000 төгрөгийн үнэлгээ бүхий 78 ширхэг 2.7 м3 шинэс төрлийн хуурай мод, 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхгийг шүүгдэгч М.Б аас гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Б бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ