Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/173

 

 

 

 

 

 

                                             2023/ШЦТ/173

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгч: Т.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тийн Ч холбогдох 2312000840188 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт У хотын Н дүүргийн .. дугаар хорооны И хотхоны ..-..-..тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Т Ч /РД:.../

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Ч нь 2023 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дугуй дэлгүүрийн хажуу орчимд хохирогч Б.Ч-Э Т.О, Т.Г нарыг явуулсангүй гэх шалтгааны улмаас түүний толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Ч-Э мэдүүлсэн “Би 2023 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01-02 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байх “Арвис” нэртэй баарнаас гараад харих гээд “999” төвийн зүүн талд явж байхад танихгүй согтуу эгч намайг эмнэлэг рүү хүргээд өгөөч гэж гуйхаар нь би хүргэж өгөх гээд хамт явж байтал саарал өнгийн куртиктэй ах тараад чи яахаараа манай эгчийг дагуулаад явж байдаг юм бэ гэж асуухаар нь би эгчийг чинь эмнэлэг рүү хүргэж өгөх гээд явж байна гэж хэлэхэд намайг заамдаад яасан овоо муу пизда вэ гээд байсан. Удалгүй нэг эрэгтэй хүн ирээд миний дагз хэсэг рүү 2-3 удаа цохисон. Би Архангай аймгийн Цагдаагийн газарт ирж мэдэгдээд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр очиж толгойдоо 2 оёдол тавиулсан. Ч гэх залуу миний толгой хэсэг рүү хоёроос гурван удаа гараараа цохих шиг болсон. Г гэх хүн намайг зодоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/,

 

гэрч Т.Оийн мэдүүлсэн “Тухайн өдөр ирээд цайллаганд ороод би бага зэрэг архи уугаад согтсон. Дараа нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд байдаг Цахиур гэх буудалд ороод би оройны 21:00 цагийн орчимд салхинд гарах гээд Цахиур буудлын гадаа байдаг сандал дээр сууж байсан. Би хамгийн сүүлд сандал дээр сууж байсан гэдгээ санаж байгаа. Гэтэл миний урдаас нүүр, ам нь цус болчихсон юм шиг нэг хүн ирж байсан. Би тэр хүнийг ирж байхыг хараад айгаад босоод явах гэтэл миний хойноос барьж авсан гэдгийг санаж байна. Үүнээс цааш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд манай дүү Г намайг авчихсан машинтайгаа явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

 

гэрч Т.Г мэдүүлсэн “Ногоон дээлтэй залуу чи наад хүүхнээ яах гээд авч яваад байгаа юм бэ наадах чинь миний хүүхэн, бид хоёр сая таарсан гэж надад хэлсэн. Тэгээд эгчийгээ сугадаад дугуй дэлгүүрийн хажууд явж байхад ногоон дээлтэй залуу эгч, бид хоёрын араас гүйж ирээд миний ардаас зураад авсан. Би чи яах гээд байгаа юм бэ гэж хэлэхэд надтай барьцалдаад авсан. Ч ах дээрээс гүйж ирээд нөгөө залуугийн дагз хэсэгт нь гараараа нэг удаа цохиж харагдаж байсан. Ногоон дээлтэй залуу надаас холдохоор нь би ах, эгч хоёрыгоо аваад байрлаж байсан буудалдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

 

Т.Чи мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм бурууг хүлээж яллагдагчаар мэдүүлсэн “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би 2023 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө би Архангай аймагт хүлээн авалтанд оролцоод Архангай аймгийн төвд байрлах Цахиур буудалд хонож амрахаар шөнө 00 цагийн үед явж байх хооронд манай эгч Т.Ог буудлын гадна үлдсэн. Бид нар орж өрөөгөө аваад гарч ирэхэд байхгүй байсан бөгөөд тухайн үед манай эгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир би дүү Гийн хамт хайгаад ололгүй Цагдаагийн газрын жижүүрт ирж дуудлага өгсөн бөгөөд гараад явж байтал манай дүү Т.Гнад руу утсаар залгаж та энэ дугуй дэлгүүрийн энд хүрээд ирээч, О эгч, бид хоёрыг нэг согтуу хүн явуулахгүй байна гэхээр нь яваад очиход нэг үл таних согтуу хүн манай дүү Г ноцолдоод хэл үгээр доромжлоод байж байсан. Би очоод чи яагаад байгаа юм бэ, чи наад хүмүүсээ зүгээр явуулаач гэхэд чамд ямар хамаатай юм бэ, чамд хамаагүй зайл гэсэн. Энэ үед нь би наад хүмүүс чинь миний эгч, дүү хоёр байгаа юм, чи зүгээр явуул гэхэд миний хувцаснаас зуураад бариад авахаар нь би цааш нь түлхэхэд газар унасан бөгөөд босч ирээд намайг дахиад бариад авахаар нь нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиод салаад явсан. Тухайн эрэгтэй араас үг хэлээр доромжлоод үлдсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,

 

хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 112 тоот шинжээчийн дүгнэлтэд: Б.Ч-Э ийн биед дагз орчим хуйханд язарсан шарх, баруун өвдөгт жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.   

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Т.Ч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Б.Ч-Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

   

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Т.Ч хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Т.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Ч оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, шүүгдэгч Т.Ч нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Чийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Чийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Т Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Чд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Р.АЛТАНЦЭЦЭГ