Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2020/00692

 

 

 

 

 

 

 

 

 

 

           2020         02           20                                              

                             101/ШШ2020/00692

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд 5929172 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжингийн 21-359 тоотод байрлах “ххх”ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд 6247121 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг,  21 дүгээр хороо, 2 гудамж, 1520 тоотод оршин байлах “тбк” ХХК-нд

4,946,446 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.                 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Тшүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.И нар оролцов.  

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай “Ххх” ХХК болон “Тбк” ХХК-ийн захирал Цэвэгмид овогтой Болох-Эрдэнэ нар 2019 оны 6-р сарын 16-ны өдөр 46 дугаартай Түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 4,164,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг гэрээний нийт төлбөр 669,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, тэгш эрхийн үндсэн дээр байгуулсан ба гэрээний барьцаанд 431,000 төгрөгийг барьцаалуулсан болно. Энэхүү гэрээгээр 2019 оны 6-р сарын 16-наас 2019 оны 7-р сарын 15-ны өдрийг дуустал гэрээний зүйл болох 100 ширхэг хэв хашмалыг 30 хоногийн хугацаатайгаар 1 ширхэг хэв хашмалын 1 өдөр түрээслүүлэх үнийг 250 төгрөгөөр тооцон түрээсэлсэн болно. Түрээслэгчийн санаачилгаар түрээсийн  гэрээний хугацаагаар 119 хоногоор сунгасан боловч нийт сунгалтын төлбөр болох 3,678,000 төгрөг огт төлөгдөөгүй. Мөн түрээсийн гэрээний 7.2-д зааснаар алданги тооцоход 1,313,046 төгрөг болж байх тул үүргээ хугацаандаа биелүүлээгүй түрээслэгчээс алданги шаардах эрхтэй. Дээр дурдсанаар түрээслэгч “Тбк” ХХК нь түрээсийн төлбөр сүүлд сунгасан 119 хоногийн түрээс болох 3,678,000 төгрөг, мөн өдрийн алдангийн төлбөр 1,313,046 төгрөг, түрээслүүлсэн эд материалын засварт 386,400 төгрөг нийт 5,377,446 төгрөгийг шаардах эрхтэй байгаа бөгөөд үүнээс гэрээний барьцаа болох 431,000 төгрөгийг суутгавал 4,946,446 төгрөг болж байна. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326-р зүйлийн 326.1, 326.2 дахь хэсгийг үндэслэн “Тбк” ХХК-иас түрээсийн гэрээний үүрэг болох 4,946,446 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ххх” ХХК нь хариуцагч “Тбк” ХХК-нд холбогдуулан 4,946,446 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гардуулж, хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарласан байх боловч хариуцагчаас тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”,42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус зохицуулсан.

Хуульд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгч мэтгэлцээгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд эрх зүйн дүгнэлт нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ТГ-46 дугаартай “Түрээсийн гэрээ”-ний үүргийн дагуу гаргуулна” гэж тодорхойлсон.

Зохигч талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ТГ-46 дугаар бүхий “Түрээсийн гэрээ” байгуулагдаж, түрээслүүлэгч тал болох “Ххх” ХХК нь 4,164,000 төгрөгийн өртөг бүхий барилгын хэв хашмалыг түрээслүүлэх, түрээслэгч “Тбк” ХХК нь түрээсийн төлбөр төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тус тус тогтоогдсон. /х.х-ийн 5-7 дахь талд/

Тус гэрээнд илэрхийлсэн талуудын хүсэл зориг, гэрээний агуулга, зорилго нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан “Түрээсийн гэрээ”-ний агуулгад нийцсэн байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Гэрээгээр талууд түрээсийн хугацааг 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, гэрээний нийт төлбөр 669,000 төгрөг байхаар тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээг 119 хоногоор сунгасны төлбөр 3,678,000 төгрөг, алданги 1,313,046 төгрөг, түрээслүүлсэн эд зүйлийн засварын зардал 386,400 төгрөг нийт 5,377,446 төгрөгөөс түрээслэгчийн барьцаанд төлсөн 431,000 төгрөгийг хасаж, үлдэх 4,946,446 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “Тбк” ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан 100 ширхэг хэв хашмалыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээлгэн өгсөн  байх ба түрээсэлсэн эд зүйлийн элэгдэл, хорогдол засварын зардалд 386,400 төгрөг гарч байгаа талаар талууд эд материал хүлээлгэн өгч, авахдаа тооцоо нийлсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 9 дэх талд/

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт “Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй” гэж, 326.2 дахь хэсэгт “Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно” гэж тус тус зохицуулснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр тохирсон хугацаанаас хэтэрсэн хоногийн түрээсийн төлбөр, түрээсэлсэн эд материалын элэгдэл, хорогдлын зардалд 386,400 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Харин түрээсийн төлбөрийн тооцооллын хувьд, талууд гэрээгээр түрээсийн 100 ширхэг хэв хашмалын 82 ширхгийн нэг бүрийн 250 төгрөг, 18 ширхгийн нэг бүрийн үнийг 300 төгрөг байхаар гэрээгээр тохиролцож хүлээлгэн өгсөн байх тул тус үнийн дүнгээр хэтэрсэн хоногийн төлбөрийг тооцож, хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. /х.х-ийн 10-11 дэх талд/

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн 100 ширхэг хэв хашмалын нэг бүрийн үнийг 300 төгрөгөөр тооцож, хариуцагчаас хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөх байсан 18 ширхэг дотор буланг нэг бүрийн 300 төгрөгөөр хэтэрсэн 139 хоногоор тооцоход /18х300=5400х139/=750,600 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх байсан 77 ширхэг хэв хашмал, 5 ширхэг гадна булан нийт 82 ширхэг хэв хашмалыг нэг бүрийн 250 төгрөгөөр хэтэрсэн 119 хоногоор тооцоход /82х250=20,500х119/=2,439,500 төгрөг нийт /750,600+2,439,500/=3,190,100 төгрөгийг хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрт хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Гэрээний 7.2 дахь хэсэгт “түрээсийн төлбөр төлөх хугацааг хожимдуулсан нь хүндэтгэн үзэхээр бол өдрийн үнийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээгээр алдангийг хожимдуулсан өдөр бүр төлнө” гэж тохиролцсоноор нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги гаргуулахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлийн хувьд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэг, 232.6 дахь хэсэгт зааснаар тодорхойлогдох ба гэрээнд зааснаар алданги буюу хугацаа хэтрүүлсний хариуцлага хүлээлгэхээр тохиролцсон нь мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.

Иймд, хариуцагчийн төлбөл зохих түрээсийн төлбөр болох 3,190,100 төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн 119 хоногоор тооцож   /3,190,100х0,3=9570х119/ =1,138,830 төгрөгийг алдангид хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “Тбк” ХХК-иас 4,715,330 төгрөг гаргуулахаас түрээсийн эд материалын барьцаанд төлсөн 431,000 төгрөгийг хасч, үлдэх 4,284,330 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ххх” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 662,116 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Тбк” ХХК-иас 4,284,330 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ххх” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 662,116 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ххх” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,093 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Тбк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 83,499 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ххх” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ЭНХЖАРГАЛ