| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0177/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/177 |
| Огноо | 2023-08-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/177
2023/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: А.Батсүх
Шүүгдэгч: А.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Аийн С холбогдох 2312000000193 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..оны .. дугаар сарын ..-ны өдөр С аймгийн Б суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Т аймгийн З сумын Х ..дугаар багийн .. хорооллын .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, ... овогт Аийн С /РД:.../
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Сд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Сд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нэвтүүн /Neptune/ баарны үүдэнд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Б-Э ам руу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Б-Э мэдүүлсэн “...Хэсэг залуус бөөндөө явж байснаа хоорондоо танихгүй хүний нэр хэлээд маргалдаад байсан. Би тухайн үед энгийн хувцастай явж байсан чинь намайг танихгүй залуу эхлээд шанаа хэсэг рүү цохичихоод зугатаасан. Тэгэхээр нь би яаж байна аа гээд араас нь хөөгөөд барьж авсан чинь нэлээн согтуу эргэж харснаа гараа атгаад үүдэн шүд хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд яаж байна аа, яагаад зүгээр явж байгаа хүнийг цохиж байгаа юм бэ гэхэд юм ярихгүй дахиад зугатаасан. Тухайн үед шүд эвгүй оргиж, үүдэн дээд хоёр шүд хугарч унасан. Тэгээд хамт явсан найзуудаас нь нэгийг нь барьж аваад намайг цохисон найзыгаа дууд гээд явуулаагүй, хүлээлгэж байгаад нэг найзаар нь намайг цохисон залууг дуудуулаад уулзаад нэрийг нь асуухад А.С гэж өөрийгөө хэлсэн. Хэсэг хугацааны дараа Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд авчирч үлээлгэхэд нилээн согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08/,
гэрч Н.Бийн мэдүүлсэн “...Тэгээд бааранд пиво ууж, бүжиглэж байгаад 03 цаг өнгөрөөж баарнаас гараад, гадаа нь тамхи татаад зогсож байсан чинь бааран дотор бүжиглэж байсан залуу надтай хамт явсан охины гараас бариад, юм яриад байхаар нь би тухайн охиныг өмөөрч гар барьсан залуутай маргалдсан. Бид нар нилээн согтуу байсан. Тэгсэн чинь манай ангийн хүүхдийн гарыг барьсан залууг нэг танихгүй залуу авахаар ирсэн байсан байна лээ. Тухайн ирсэн залууг хамт явсан найз А.Сд гараа атгаад нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд хэсэг хугацаанд маргалдаад байж байсан чинь үүдэн шүд хугарчихлаа гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/,
гэрч Э.Оийн мэдүүлсэн "...Баарнаас 03 цаг өнгөрөөж гараад 4 охиныг түрүүлээд хүргэж өгөхөөр явж байсан чинь араас нэг нь залгаад энд хөвгүүд зодолдоод байна, хүрээд ир гэж утсаар ярихаар нь буцаж баарны гадна очиход С байхгүй, Б ганцаараа байсан. Сийг асуухад мэдэх хүн байхгүй байсан. Тэгсэн чинь хэсэг хугацааны дараа баарны булангаас гарч ирсэн. Юу болсон талаар асуухад маргаан болсон гэж хэлсэн. Би ойлгохдоо хамт явсан эмэгтэйг нь нэг танихгүй залуу нэрээр дуудаад байсан гэсэн. Тэрнээс болоод маргалдаад С танихгүй залуугийн үүдэн шүд хэсэг рүү цохисон гээд маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 216 дугаартай дүгнэлтэд “1. Б.Б-Э биед баруун дээд үүдэн 1 дүгээр шүд хугарсан, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүд булгарсан гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-ийн 12-13/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч А.С нь хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Сд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч А.С нь эрүүгийн хариуцлагын үр дагаврыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт ийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч А.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ