| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 147/2019/00383/И |
| Дугаар | 101/ШШ2020/00272 |
| Огноо | 2020-01-15 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2020/00272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******,*******,*******,******* тоотод оршин суух О******* овогт Ц*******ийн Эын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, ******* тоотод оршин байлах “А т з” ХХК-нд холбогдох,
16,317,007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Содхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Биндэръяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Э 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “А т з” ХХК-тай машин механизм, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн 96-25 УНУ Хово маркийн ачааны машин чиргүүлтэйгээр гэрээнд заасан тээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн боловч тээврийн хөлсний үлдэгдэл мөнгийг авч чадалгүй өдрийг хүргэсэн. Тус компанийн захирал Ч.С бидэнтэй өөрийн биеэр уулзаж гэрээ хийж гарын үсэг зурсан. Одоо үлдэгдэл 9,864,938 төгрөг бөгөөд гэрээний 3.1 дүгээр заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцож 4,932,469 төгрөг үүнтэй холбоогдож гарсан зардалд нотариат баталгаажуулсан 19,600 төгрөг хууль зүйн туслалцааны 1,500,000 төгрөгийн хамт нийт 16,317,007 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Манай компаниас нэхэмжилсэн нэхэмжлэгч Ц.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгааг үүгээр мэдэгдэж байна гэжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч “А т з” ХХК-д холбогдуулан 16,317,007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрчээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1/08 дугаартай “Машин механизм, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ”-ний үүргийн дагуу хангуулна” гэж тодорхойлсон.
Зохигчдын хооронд 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1/08 дугаартай “Машин механизм, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр түрээслүүлэгч Ц.Э нь Дорнод аймгийн халх голын суманд байрлах Тосон-Уул ХХI талбайгаас Баянхошуу боомт хүртэлх асфальтан замын барилгын ажлын төсөлд шаардлагатай материалыг захиалагчийн заасан чиглэлд тогтсон маршрутаар тээвэрлэн хүргэх, хүлээлгэн өгөх, нөгөө талаас түрээслэгч “А т з” ХХК нь хөлс төлөхөөр харилцан үүрэг хүлээж тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 5 дахь талд/
Талууд хэдийгээр тус гэрээг “түрээсийн гэрээ” гэж нэрлэсэн байх боловч гэрээнд оролцогчдын илэрхийлсэн хүсэл зориг, агуулга зэргээс дүгнэж үзвэл гэрээ нь агуулга болон зорилгын хувьд, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний зохицуулалтад хамаарч байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар, “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хийж гүйцэтгэсэн тээврийн хөлсний үлдэгдэл 9,864,938 төгрөг, гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар алданги 4,932,469 төгрөг, нотариатын зардал 19,600 төгрөг, хууль зүйн туслалцааны төлбөр 1,500,000 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд эдгээр шаардлагыг хангах эсэхэд дараах байдлаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нийт 12,864,937 төгрөгийг ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнээс 3,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 9,864,938 төгрөгийг хариуцагчаас шаардсан бөгөөд тус шаардлагаа нотолж, “Ч.Сгийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн гараар бичсэн тодорхойлолт”-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Уг баримтад “А т з” ХХК-ийн захирал С би 2018.08.15-ны өдөр жолооч Э, Ам нартай уулзаж 2018.09.15-ны дотор ажлын гүйцэтгэлээс 10 сая төгрөг өгөхөөр тохиролцов” гэжээ. /х.х-ийн 11 дэх талд/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зохицуулсан.
Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гардуулсан боловч тэрээр татгалзлын үндэслэлээ нотолсон ямар нэг баримтыг гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд оролцож мэтгэлцээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн шаардлага болох ажлын хөлсний үлдэгдэл 9,864,938 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1 дэх хэсэгт “түрээслүүлэгч нь түрээслэгчээс түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөхийг шаардах, хугацаа хожимдуулсан тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг өдөр бүр ноогдуулах, шаардлагатай тохиолдолд тоног төхөөрөмжөө зогсоох, гэрээг цуцлах, учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
Нэхэмжлэгч нь дээрх тохиролцооны дагуу хариуцагчаас хугацаа хэтрүүлсний хариуцлага буюу алдангид 4,932,469 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хэдийгээр, гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зохицуулсан “анзын хэмжээ илт их байх”, “хэргийн нөхцөл байдлыг харгалзан” анзын хэмжээг багасгах гэсэн хуулийн урьдчилсан нөхцөлд дүгнэлт хийх нь зүйтэй.
Ажлын хөлс төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас захиалагч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй талуудын гэрээгээр тохиролцсон хариуцлагын хэлбэр юм.
Ажил гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлийг 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс шаардах боломжтой байсан боловч энэ эрхээ 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс хэрэгжүүлсэн нь гэрээгээр тохиролцсон хариуцагчийн хариуцлагын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Ийнхүү хариуцагчийн хариуцлагын хэмжээ нэмэгдсээр байхад шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээд нь “эрх”-ээ шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцээгүй байна.
Тус үндэслэлээр үндсэн үүрэг болох 9,864,938 төгрөгийн 50 хувь болох 4,932,469 төгрөгийг алдангид тооцохоос Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар тус хэмжээг 50 хувиар багасган хариуцагчаас алдангид 2,466,234.5 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч үүргээ гүйцэтгээгүй улмаас нэхэмжлэгчээс гарсан хохирол зардал буюу нотариатын зардалд 19,600 төгрөг, хууль зүйн туслалцаа авсаны хөлс 1,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зохицуулснаар нотариатын зардал 19,600 төгрөгийг хангаж шийдвэрлэв.
Харин, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь гэрээнд оролцогч талуудын хүсэл зоригийн үндсэн дээр илэрхийлэгдэж байгуулагдах бөгөөд энэ утгаараа Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “үрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан.
Тайлбарлавал, гэрээний чөлөөт зарчмын үндсэн дээр талууд хууль зүйн туслалаа үзүүлэх гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлсийг 1,500,000 төгрөг гэж тохиролцсон нь хариуцагчийн үүргээ гүйцэтгээгүйтэй шууд шалтгаант холбоотойгоор нэхэмжлэгчээс зайлшгүй гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд, тус үндэслэлээр хууль зүйн туслалцааны хөлс 1,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.
Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч “А т з” ХХК-иас 12,350,772 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Эод олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,966,775 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “А т з” ХХК-иас 12,350,772 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Эод олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,966,775 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,540 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А т з” ХХК-иас 212,562 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Эод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ