| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2019/03644/И |
| Дугаар | 101/ШШ2020/00134 |
| Огноо | 2020-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2020/00134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 105-р байранд байрлах “Б” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, *******, 105 байр ******* тоотод оршин суух Б******* овогт Б*******ийн Нд холбогдох,
690,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид, хариуцагч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Биндэръяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
БЗД-ийн ******* 105-ын Б байрны 2-******* тоотод оршин суугч Б.Н нь 2016 оны 3,4,5,6,7,8,9,10,11,12 cap, 2017 оны 1-12 cap, 2018 оны 1-12 дуустал, 2019 оны 1-10 сарын СӨХ-д төлөх төлбөрөө төлөлгүй нийт 992900 төгрөгийн өр, авлага үүсгээд байна. Оршин суугч нь СӨХ-нд сар бүр 15500 төгрөг төлөхөөр байна. Иймээс ИХ-ийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр бохир ус, ариутгал, хог, цахилгаан холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Б.Н нь 2016 оны 3-12 сард 155000 төгрөг, 2017 оны 01-12 хүртэл 186000 төгрөг, 2018 онд 1-12 сарын 186000 төгрөг, 2019 оны 01-10 сарын 155000 төгрөг, гражид 37500 төгрөг тус тус төлөгдөөгүй байна. Оршин суугч Б.Н нь cap бүрийн СӨХ-ийн төлбөрөө төлөлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалтаг тоочиж гэрээ байгуулаагүй болно. Иймд хариуцагч Б.Нгаас СӨХ-ийн үйл ажиллагааны төлбөрт 992,900 төгрөг, нэхэмжлэл гаргахад холбогдон гарсан нотариатын үйлчилгээний зардалд 8500 төгрөг, нийт 1,001,400 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргасан.
“Б” СӨХ нь хариуцагч Б.Нгаас 1,001,400 төгрөгийг СӨХ-ийн үйл ажиллагааны төлбөрт гаргуулахаар нэхэмжлэлийг өөрчилж байна. Учир нь СӨХ-д төлөх төлбөрийн тооцоолол буруу хийгдсэн байна. Б.Нгаас нийт 690,500 төгрөг гаргуулахаар байна. Хариуцагч Б.Н нь “Б” СӨХ-ийн үйл ажиллагааны төлбөрийг 2016 оны 6 дугаар сарын 12-р саруудын төлбөрт 155,000 төрөг, 2017 оны 1-12-р саруудын төлбөр 186,000 төгрөг, 2018 оны 1-12-р саруудын төлбөр 186,000 төгрөг, 2019 оны 1-10-р саруудын төлбөрт 155,000 төгрөгийг тус тус төлөөгүй байна. Хариуцагч нь ИХ-ийн 147-р зүйлийн 147.1-д заасныг дагуу холбогдох зардлыг СӨХ-д төлөх үүрэгтэй байна. Гэвч Б.Н нь орон сууцыг ашиглаж байсан хэдий ч СӨХ-д төлөх төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Б.Нгаас СӨХ-ийн үйл ажиллагааны төлбөрт 682,00 төгрөг, мөн нотариатын үйлчилгээний төлбөрт төлсөн 8,500 төгрөг, нийт 690,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хурал хийгээгүй мөртлөө хийсэн мэтээр худал хурлын протокол үйлддэг. Оршин суугчдын санал томилсон, чөлөөлсөн захирамж удиртгал он, сар өдөр, гэрээ байхгүй. Албан ёсны бус үйл ажиллагаа эрхэлж байгаа оршин суугчидтай гэрээ байгуулаагүй хүнээ Төрийн банкны тоот дансыг Б СӨХ-тэй холбосон. Шөнө орой цагаар болон дурын өдөр цагт оршин суугчдын хаалгыг чангаар нүддэг СӨХ-ийн мөнгөө бэлнээр өг гэж захиран шаардаж дарамтлан бусдын аюугүй болон амгалан тайван байдлыг удаа дараа алдагдуулдаг. Мөн би 35 жил боловсролын байгууллагад ажилласан. Надад янз бүрийн салбарт ажилладаг, танил тал шавь нар байгаа та нараас ямарваа нэг хэлбэрээр авахдаа авна гэж заналхийлдэг. Ёс суртахуунгүй хүний эрхэнд халдсан үйлдэл удаа дараа гаргадаг. Дахин хэлэхэд дандаа бэлэн мөнгө хураан авдаг. 2019 оны 4 сард чиптэй хаалга суурилуулна гэх нэрийдлээр оршин суугч айл нэг бүрээс 36,000 төгрөг бэлнээр хураан авсан. Гэтэл одоо хүртэл уг хаалгыг суурилуулаагүй бөгөөд оршин суугчдад мөнгийг нь буцаан олгоогүй байна. СӨХ-ийн төлбөр төлдөг айлууд санхүүгийн зарцуулалтын тайлбар, тайлангаа мэдээллийн самбарт байршуулахыг шаардахад уурлан илт дургүй байдлаа илэрхийлдэг. Ёс суртахуунгүй зан авир их гаргадаг. Надаас нэхсэн нийт 1,001,400 төгрөг хаанаас юу юуны нийлбэрийг ойлгохгүй байна. Гарааш миний өмчлөлд байхгүй. Гэтэл хаанаас үндэслэлгүй гараашны мөнгө гарч ирснийг ойлгохгүй байна. Нэхэмжилсэн саруудын нийт төлбөрийг нэмбэл 682,000 төгрөг баймаар юм. Гэтэл үлдсэн 319,400 төгрөг юуны төлбөр гарч ирэв. Ийм байдлыг харахад үндэслэлгүй бодит бус гэгч нь илэрхий байна. Өмнө жил бас хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй н.Отгонбаяр нөхөр гарч ирэн бас л ийм увайгүй зан гарган оршин суугчийг шүүхэд өгч байсан удаатай. Уг хэрэг нь СӨХ-ны гэрчилгээнд гүйцэтгэх захирлыг томилсон чөлөөлсөнтэй холбоотой бүртгэл хийгдээгүй болох нь тогтоогдож хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Тохижилт байхгүй орц хонгил 2011 оноос өнөөг хүртэл ямар ч урсгал засваргүй сэтгэл өвтгөсөн байдалтай байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч “Б” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Нд холбогдуулан 1,001,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 690,500 төгрөг болгож багасгасан.
Хариуцагч нь “Б” сууц өмчлөгчдийн холбооны захирал гэх Ч.Отгонбаяр, Ш.С нар нь оршин суугчдын хурлын шийдвэрээр томилогдоогүй, хууль бус тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дахь хэсэгт “Сууц өмчлөгчдийн холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно” гэж мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэх захирал эрхэлнэ” гэж тус тус зохицуулсан.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын *******,*******, байрны оршин суугчдын хурлын тогтоолыг үндэслэн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга “Б” Сууц өмчлөгчдийн холбоо”-г Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэж 107 дугаартай гэрчилгээг олгосон байх ба “Б” сууц өмчлөгчдийн холбооны 2018 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн Удирдах зөвлөлийн №10 дугаар тогтоолыг үндэслэн Ч.Отгонбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ш.Сг гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэл хийгдсэн болох нь хэрэгт авагдсан гэрчилгээгээр нотлогдож байна./х.х-ийн 4-5 дахь талд/
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт гүйцэтгэх захирлын эрх, үүргийг зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 12.4.4 дэх хэсэгт “энэ хууль болон Иргэний хуулийн 148.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгчдөөс шаардах, уг шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 149.2-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах” эрхтэй гэж зааснаар“Б” сууц өмчлөгчдийн нэрийн өмнөөс тус холбооны гүйцэтгэх захирал Ш.С нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхтэй байна.
Хариуцагч Б.Н нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол,******* байрны 2-******* тоот орон сууцны өмчлөгч, тус орон сууцанд оршин суудаг талаар маргаагүй ба тэрээр Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар тухайн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2016 оны 3 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр болох 682,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг төлбөрийг хариуцагч төлөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байхаас гадна хариуцагч үүнтэй маргахгүй байна. /х.х-ийн 8-9 дахь талд/
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан тогтоосон хэмжээгээр зардлыг төлөх үүргийг зохицуулсан байх тул хариуцагч Б.Н нь орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг тогтоосон хэмжээгээр төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нь тус сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн орц, талбайг цэвэрлэдэггүй, хог ачдаггүй зэргээр оршин суугчид өөрсдөө орц, талбайгаа цэвэрлэдэг тул хийгээгүй ажлын төлбөрийг төлөхгүй гэж маргаж байх боловч энэ үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд хариуцагчийн уг тайлбараар түүнийг орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагч Б.Нгаас 682,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” сууц өмчлөгчдийн холбоонд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор гарсан нотариатын зардалд 8500 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардлыг хохирол гэж үзэх үндэслэлгүй тул тус шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Нгаас 682,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,590 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид 20,918 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ