| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0180/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/179 |
| Огноо | 2023-08-07 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/179
2023/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгч: П.Р
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Пийн Рд холбогдох 2312000000155 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Ч суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Ч сумын Х багийн Ц гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Пийн Р /РД:../
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Р нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Р нь Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Шазын овоо гэх газраас 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 1.9 метр куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэн, тээвэрлэж ойн санд 208.544 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
иргэний нэхэмжлэгч Д.Аийн мэдүүлсэн “Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд 208.544 төгрөгийн хохирол учирсан байна. Байгаль орчинд учирсан хохирлоо төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/,
иргэний нэхэмжлэгч Б.Бны мэдүүлсэн “2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манайд төрлийн ах П.Р ирээд танай ойрхон Шазын овоо гэх газарт галын түлээний мод хийчихлээ, чи татаад өгөөч гэхээр нь би Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Б гэх айлын гадаа авчирч буулгасан юм. Super porter маркийн 51-91 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг машин байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
гэрч Б.Х мэдүүлсэн “Би 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан баг руу хяналт шалгалт хийх хугацаанд эрхийн бичиггүй хууль бус мод бэлтгэж гэрийн гаднаа бэлтгэсэн байсан юм. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. Унаанги мод бэлтгэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
гэрч Б.Бны мэдүүлсэн “2023 оны 03 дугаар cap гарсан байсан бөгөөд би өдрийг нь санахгүй байна, П.Р ирээд Porter машин мод манай гадаа авчирч буулгаад зун түлэх гэж байгаа гэж ярьж байсан. Би асуугаагүй, үзэж хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
яллагдагч П.Рийн мэдүүлсэн ”Тогтоолтой уншиж танилцлаа. Гэм буруу дээрээ маргахгүй. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 02-06/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 07-12/,
2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 11 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50/,
“Дамно” ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн АЦ-23-75 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-62/,
“Дамно” ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн АЦ-23-74 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-68/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч П.Р нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 208.544 төгрөгийн хохирол учирсан болох нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 11 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /208.544*3= 625.632 /зургаан зуун хорин таван мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж зааснаар шүүгдэгч П.Р оос 625.632 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч П.Рийн хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч П.Рд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.Рд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, шүүгдэгч П.Р нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна” гэж хуульчилсан байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 29 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Рийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 4.554.000 төгрөгийн үнэлгээ бүхий 51-91 АРХ улсын дугаартай автомашиныг эзэмшигч Б.Бд буцаан олгож, түүний үнэ болох 4.554.000 төгрөгийг шүүгдэгч П.Роос гаргуулж байгаль орчинд учирсан хохирол болох 625.632 төгрөгийг төлүүлж, үлдсэн 3.928.368 төгрөг, 190.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1.9 м3 шоо метр хэмжээтэй мод, 75.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг шүүгдэгч П.Роос гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч П.Рийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Рийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Пийн Рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Рд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Роос 625.632 /зургаан зуун хорин таван мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 29 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Рийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 4.554.000 төгрөгийн үнэлгээ бүхий 51-91 АРХ улсын дугаартай автомашиныг эзэмшигч Б.Бд буцаан олгож, түүний үнэ болох 4.554.000 төгрөгийг шүүгдэгч П.Рс гаргуулж байгаль орчинд учирсан хохирол болох 625.632 төгрөгийг төлүүлж, үлдсэн 3.928.368 төгрөг, 190.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1.9 м3 шоо метр хэмжээтэй мод, 75.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг шүүгдэгч П.Рс гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Шүүгдэгч П.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Рд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ