Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         Д.Дийн нэхэмжлэлтэй иргэний

                                                        хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 129/ШШ2018/00123 дугаар шийдвэртэй

Д.Дийн нэхэмжлэлтэй

Г.Лд холбогдох

худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 40 054 000 төгрөг гаргуулах тухай үндсэн

нэхэмжлэлтэй

хохирол 45 702 579 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн төлөөлөгч П.Аийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр, хариуцагч Г.Л, хариуцагчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие нь 2015.03.23-ны өдөр иргэн Г.Лгээс БНХАУ-аас оруулж ирсэн FAW маркийн УБВ 25-04 улсын дугаартай ачааны автомашиныг 67 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож хэлцэл хийсэн. Худалдан авах хэлцлийн дагуу худалдагч  талд 67 000 000 төгрөгөөс 35 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан даруйд төлөхөөр, харин үлдэгдэл 32 000 000 төгрөгийг 2015.05 дугаар сард 10 000 000 төгрөг, 6 дугаар сард 10 000 000 төгрөг, 7 дугаар сард 12 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр, төлбөрийг бүрэн төлсний дараа гэрчилгээг шилжүүлэхээр худалдагч болон худалдан авагч талууд харилцан тохиролцсон. Ингээд миний бие дээрх автомашиныг шилжүүлэн авч ажил хийх гэсэн боловч ачааны ажил олдоогүй 2015.06.06-ны өдрийг хүртэл сул зогссон. 2015.06.06-наас Төв аймгийн Заамар суманд алтны уурхай дээр ажиллаж эхэлсэн. Заамарт ажиллаж байхад 2015.07.06-20-ны өдрийн хооронд худалдагч Г.Л уг автомашины жолоочоор ажиллаж байсан ба намайг автомашиныг авснаас хойш мөнгө олж чадахгүй байгааг тэрээр мэдэж байсан. Заамарын алтны уурхайн компани алт гарахгүй байна гээд мөнгөө өгөлгүй 2015.08 сар хүргэсэн. 2015.08.20-ны өдөр Төв аймгийн Заамар суманд ажиллаж байсан газар 5 000 000 төгрөг өгсөн. Түүнээс өөр мөнгө төгрөг өгөхгүй болохоор нь маргаан үүсгэж ажиллахаа больж машинаа татаж хотод авчирсан. Г.Л 7 сард ажиллаж байхдаа автомашины гэрчилгээ болон холбогдох бусад бичиг баримтуудыг хулгайлж аваад явсныг нь би 08.20-нд хот руу орж ирээд мэдсэн. Г.Л рүү утасдаж яагаад бичиг баримт аваад явсныг нь асуухад тэрээр “машины үлдэгдэл мөнгөө өг, тэгэхгүй бол өгөхгүй” гэж хэлсэн. Би хариуд нь “би автомашиныг авснаас хойш мөнгө олоогүйг өөрөө мэдэж байгаа. Би мөнгө олох гэж хичээж л байна. Жаахан хугацаа өгөөч” гэж хэлсэн. 2015.09.02-ны өдөр Завхан аймагт ажил гараад замд гарах гэтэл бичиг баримтгүй байсан. Мөн Завхан явахаас өмнө цахилгаан станцаас үнс зөөх ажил гарсан. Энэ үед Г.Л ирсэн. Би машинаа Г.Лд үлдээгээд “хүнтэй уулзаж мөнгө асуугаад ирье” гэж хэлээд явсан. Гэтэл намайг явсан хойгуур Г.Л автомашиныг хулгайлаад зугтсан байсан. Утас руу нь залгахад утсаа салгасан байсан. Гурав хоногийн дараа хүний утсаар залгахад Г.Л “Би Баянчандманьд ажиллаж байна. Уулзаж чадахгүй, ажилтай байна” гээд утсаа салгасан. Үүнээс хойш уулзах гэсэн боловч утсаа авахгүй байсан. Би автомашиныг худалдан авахад өгсөн 40 054 000 төгрөгийг шаардахад Г.Л “мөнгийг чинь өгөхгүй, чи шүүхээр заргалдаад яв, чи юу ч олж долоохгүй” гэж ярьсан. Түүнд “гэрээгээ цуцлая, би чамд өгсөн мөнгөө заавал буцааж авна” гэж албан ёсоор нүүр тулан уулзаж ч хэлсэн, утсаар ч хэлсэн. Би автомашиныг авснаас хойш өөрийн эхнэр Д.Цэцэгмаагийн ХААН банкин дахь 5138133416 тоот харилцах  данснаас 34 000 000 төгрөгийг Г.Лгийн 5075213052 тоот данс руу шилжүүлсэн. Мөн автомашиныг шилжүүлэн авсны дараагаар автомашины жилийн татвар, замын хураамж, даатгал, оношилгоод 380 000 төгрөгийг зарцуулсан. Түүнчлэн 4 ширхэг шинэ дугуй авсан. Зөөлөн дугуй нэг нь 580 000 төгрөг, хоёр ширхэг нь 1 160 000 төгрөг, хатуу дугуй нэг нь 640 000 төгрөг, хоёр ширхэг нь 1 280 000 төгрөг, нийт 2 440 000 төгрөгөөр худалдан авч тавьсан. Мөн тос маслын шүүр Альфа фильтер ХХК-аас 134 000 төгрөгөөр авч сольсон. Г.Лг машин авч зугтах үед би Завхан аймаг руу явах гээд банкаа 360 литр түлш 600 000 төгрөгөөр авч дүүргэсэн байсан. Дээрх нийт төлсөн мөнгө, гарсан зардлыг тооцоод үзэхэд 40 020 000 төгрөг болж байна. Автомашиныг анх авахад Г.Лд төлсөн 34 000 000 төгрөгийн 25 000 000 төгрөгийг нь би Д.Даваацэрэнгээс сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан. Үүнээс болж сарын 3 хувийн хүү төлсөн. Иймд Г.Лгээс худалдах-худалдан авах гэрээ байгуулсны дагуу урьдчилгаанд төлсөн 36 500 000 төгрөг, худалдан авсны дагуу гаргасан зардал болох авсан тоног төхөөрөмжийн үнэ 3 554 000 төгрөг, нийт 40 054 000 төгрөг гаргуулж өгөхийг хүсье.” гэжээ.

         

          Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “2015.03 сард Г.Л, Д.Д нар харилцан тохиролцож ФАВ маркийн УБВ 25-04  улсын дугаартай ачааны автомашиныг худалдах-худалдан авах гэрээ хийсэн. Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Д машины үнийг мөн оны 7 дугаар сард бүрэн төлж дуусгах ёстой байсан боловч гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй учраас манайх банк бус санхүүгийн байгууллагаас хүүтэй мөнгө зээлж гадаадад сурах оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлж хохирол хүлээсэн. Энэ талаар хэлж үлдэгдэл төлбөрөө шаардахад Д.Д “мөнгө олдохгүй байна, машинаа буцааж авбал ав” гэсэн. Үүнээс улбаалан худалдах-худалдан авах гэрээг цуцалж машинаа буцааж авсан. Бидний хооронд анх хийсэн гэрээгээр хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд Д.Д алданги төлөх үүрэгтэй. Миний машиныг эзэмшиж байх үедээ алтны уурхайд ажиллаж надад анх өгсөн 35 000 000 төгрөгөө олсон. Машиныг тухайн хугацаанд бид өөрсдөө эзэмшиж алтны уурхай болон өөр газар ажилласан бол 35 000 000 төгрөгөөс ч илүү ашиг олох байсан. Иймд Д.Дийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

         

          Хариуцагчийн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэл болон тайлбарт: “Миний нөхөр Г.Л Д.Дтай харилцан тохиролцож 2015.03.23-нд худалдах-худалдан авах гэрээ хийж БНХАУ-аас оруулж ирсэн FAW маркийн УБВ 25-04 дугаартай автомашиныг 67 000 000 төгрөгөөр үнэ тохиролцож худалдсан юм. Энэ гэрээгээр Д.Д нь машины үнийн үлдэгдлийг 2017.07 сард төлж дуусгах үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй. Үүнээс үүдэлтэйгээр худалдах-худалдан авах гэрээг цуцалж машинаа 2015.09.20-доор эргүүлэн авсан. Үүрэг гүйцэтгэгч тал болох Д.Дийн гэрээний үүргээ биелүүлэх хугацаа хэтрүүлснээс үүдэлтэйгээр бидэнд дараахь хохирол учирсан. Үүнд тухайн оны 05-09 сарын хооронд олох ёстой байсан орлогоо олж чадаагүй. Машиныг ашиглаж байх хугацаандаа  Д.Д нь Уул уурхайн үндэсний олборлогч компанитай гэрээ хийж ажилласнаар 38 102 579 төгрөгийн ашиг олсон ба энэ нь машин манай мэдэлд байсан бол миний нөхрийн олох байсан ашиг юм. Мөн манай машиныг эзэмшиж байх хугацаандаа багаар бодоход 4 000 000 төгрөгийн элэгдэл хорогдол үүсгэсэн. Д.Дийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотойгоор “Хайрхан капитал ББСБ” ХХК-аас зээлсэн 12 000 000 төгрөгийн сар бүрийн 5 хувийн хүүд 600 000 төгрөг, 6 сарын хугацаанд 3 600 000 төгрөг төлж хохирсон. Иймд Д.Даас гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үүдэн гарсан хохиролд 45 702 579 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарт: “Г.Л нь миний нэхэмжлэлтэй хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх сөрөг нэхэмжлэл биш бөгөөд миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэхдээ ийм байдлаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Мөн сөрөг нэхэмжлэлд дурдсан хэмжээний ашиг орлого олоогүй бөгөөд энэ нь гэрчийн мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдоно.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 129/ШШ2018/00123 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.3, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Лгээс нийт 38 574 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1 480 000 төгрөгийг, хариуцагч Г.Лгийн нэхэмжлэгч Д.Дид холбогдуулан гаргасан 45 702 579 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан орон нутгийн орлогоос 206 554 төгрөг буцаан гаргуулж, хариуцагч Г.Лгээс улсын тэмдэгтийн хураамж 350 820 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дид тус тус олгож, хариуцагч Г.Лгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тушаасан улсын тэмдэгтийн хураамж 386 463 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч П.Аийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Хариуцагчийн төлөөлөгч П.А би Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 129/ШШ2018/00123 дугаар шийдвэрийг 2018.02.28-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Маргааны зүйл болох FAW маркийн 25-04 улсын дугаартай машин Г.Лгийн эзэмшилд байсан бол нэхэмжлэгч Д.Дийн нэгэн адил аль нэгэн компанид гэрээгээр ажиллаж түүний уул уурхайн үндэсний олборлогч ХХК-аас түрээсэнд авсан мөнгийг авах байсан шүү дээ. Д.Д нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэйгээр Г.Л тухайн жил олох ёстой байсан ашгаа олж чадаагүй ба энэ олох ёстой байсан ашгаа Д.Дийн маргааны зүйл болсон машинаар ажил гүйцэтгэж олсон ашигтай дүйцүүлэн түүний олсон ашгийг тодорхойлж нэхэмжлээд байхад шүүх “уг гэрээг хариуцагч Г.Лтэй байгуулах байсан гэх баримтгүй” гэж дүгнэн шийдвэрлэснийг үндэслэлгүй, нэг талын эрх ашгийг хэт хамгаалсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн жилд буюу 2015 онд Д.Д Г.Лгийн эзэмшлийн машинаар ажил үйлчилгээ явуулж уг машиныг ашигласнаар уул уурхайн олборлогч ХХК-аас 38 102 579 төгрөгийн хөлс авч ашиг олсон тооцоо гарсан ба энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсаар байхад үүнд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. Нөгөө талаар Д.Д нь машиныг худалдан аваад анх тохирсны дагуу үнийг төлсөн бол бид “Хайрхан капитал ББСБ” ХХК-д хүү төлж алдагдалд орохгүй байсан гэдэгт дүгнэлт хийгээгүй. Иймд хэргийг хянаж зөвтгөн шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт биечлэн оролцоно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Д.Д 2017.08.18-ны өдөр нэхэмжлэл гаргаж, “... 2015.03.23-ны өдөр иргэн Г.Лгээс БНХАУ-аас оруулж ирсэн FAW маркийн УБВ 25-04 улсын дугаартай ачааны автомашиныг 67 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож хэлцэл хийсэн... Г.Лд 36 500 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл мөнгийг төлөөгүй тул тэрээр машинаа буцааж авсан” гэсэн үндэслэлээр машины үнэд төлсөн 36 500 000 төгрөг, машины татвар, замын хураамж, даатгал, оношилгоонд төлсөн 380 000 төгрөг, машинд шинээр авч тавьсан 4 дугуйны үнэ 2 440 000 төгрөг, тос масло маслын шүүрний үнэ 134 000 төгрөг, бензиний үнэ 600 000 төгрөг, нийт 40 054 000 төгрөгийг Г.Лгээс шаардсан байна. /хх 1-2, 123/

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... гэрээгээр Д.Д нь машины үнийн үлдэгдлийг 2017.07 сард төлж дуусгах үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй. Үүнээс үүдэлтэйгээр худалдах-худалдан авах гэрээг цуцалж машинаа 2015.09.20-доор эргүүлэн авсан... Машиныг ашиглаж байх хугацаандаа  Д.Д нь уул уурхайн үндэсний олборлогч компанитай гэрээ хийж ажилласнаар 38 102 579 төгрөгийн ашиг олсон ба энэ нь машин манай мэдэлд байсан бол миний нөхрийн олох байсан ашиг юм. Мөн манай машиныг эзэмшиж байх хугацаандаа багаар бодоход 4 000 000 төгрөгийн элэгдэл хорогдол үүсгэсэн. Д.Дийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотойгоор “Хайрхан капитал ББСБ” ХХК-аас зээлсэн 12 000 000 төгрөгийн сар бүрийн 5 хувийн хүүд 600 000 төгрөг, 6 сарын хугацаанд 3 600 000 төгрөг төлж хохирсон. Иймд Д.Даас гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үүдэн гарсан хохиролд 45 702 579 төгрөг гаргуулж өгнө үү” гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх 41-42/

Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй тул худалдан авагч Д.Д нь худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагч Г.Лд төлсөн машины үнэ 36 500 000 төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Дид учирсан хохирол буюу машиныг эзэмшилдээ байлгах хугацаанд машинд сольж тавьж машиныг буцаан өгөхөд хариуцагч Г.Лд очсон 4 дугуйны үнэ, сольсон агаар шүүгч, тосны шүүр, моторын тосны үнэ, машинд байсан шатахууны үнэ, тухайн жилийн автомашины татвар, даатгал, замын хураамж, оношилгооны төлбөр гэх мэтэд төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй байна” гэж нэхэмжлэлээс машины үнэд төлсөн 36 500 000 төгрөгөөс Г.Лгийн ажлын хөлс 500 000 төгрөгийг хасч тооцон 36 000 000 төгрөг, 4 дугуйны үнэ 2 440 000 төгрөг, тос масло, маслын шүүрний үнэ 134 000 төгрөг, нийт 38 574 000 төгрөгийн шаардлагыг хангаж, “баримтаар тогтоогдохгүй байх тул... хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй” гэж 1 480 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ба сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “машиныг нэхэмжлэгч Д.Д эзэмшиж байхдаа гуравдагч этгээдтэй гэрээ байгуулан ажиллахад уг гэрээг хариуцагч Г.Лтэй байгуулах байсан гэх баримтгүй, ...нэхэмжлэгч машиныг эзэмшилдээ байлгах хугацаандаа ямар эд ангиудыг болон афартурыг ердийн элэгдэл хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, устгасан гэж нотлох баримтгүй... нэхэмжлэгч Д.Д 5-7 сард төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс хариуцагч Г.Лд бусдын өмнө гүйцэтгэх ёсгүй байсан үүргийг гүйцэтгэж хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журам болон зохигчдын эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй байна.

Харин анхан шатны шүүхийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг залруулж дараахь үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

1.1. Г.Л 2015.01.14-ний өдөр “Хайрхан капитал ББСБ” ХХК-аас 12 000 000 төгрөг зээлсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж FAW маркийн УБВ 25-04 улсын дугаартай автомашиныг “Хайрхан капитал ББСБ” ХХК-ий өмчлөлд шилжүүлсэн ба 2015.03.23-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж Д.Дид уг автомашиныг худалдахаар тохирсон байна. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээнэ гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заажээ. Худалдах-худалдан авах гэрээнд автомашин өмчлөх эрхийг хэзээ шилжүүлэх талаар заагаагүй байх тул Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д зааснаар Д.Дийн эзэмшилд автомашиныг шилжүүлснээр автомашин өмчлөх эрх Д.Дид үүсэж, Г.Лгийн өмчлөх эрх дуусгавар болно. Талуудын тайлбараас үзвэл худалдах-худалдан авах гэрээ хийсэн даруйд Г.Л Д.Дийн эзэмшилд автомашиныг шилжүүлсэн байна. Гэтэл уг автомашин фидуцийн гэрээний үндсэн дээр “Хайрхан капитал ББСБ” ХХК-ий өмчлөлд байх ба фидуцийн гэрээний 3.2.7-д “Барааг зөвхөн ББСБ-ын бичгээр өгсөн зөвшөөрөл, түүний оролцоотойгоор бусдад... аливаа хэлбэрээр шилжүүлэх”-ээр заажээ. “Хайрхан капитал ББСБ” ХХК нь автомашиныг худалдах зөвшөөрлийг Г.Лд олгоогүй байх тул талуудын автомашиныг худалдах-худалдан авахаар тохиролцсон гэрээг хүчин төгөлдөр гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Г.Л автомашиныг Д.Дид худалдахаар “Хайрхан капитал ББСБ” ХХК-тай тохиролцсон үйл баримт тогтоогдоогүй тул 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийг зөрчсөн байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус тул Д.Дид 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгэхээр шилжүүлсэн 36 500 000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрх үүссэн гэж үзнэ.   

Анхан шатны шүүх 36 500 000 төгрөгийн шаардлагыг шийдвэрлэхдээ “Машины урьдчилгаанд өгсөн 36 500 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг хариуцагч Г.Лд ажлын хөлсөнд өгсөн...” гэж үзэж 500 000 төгрөгийг хасч 36 000 000 төгрөгийг гаргуулсан нь учир дутагдалтай болжээ.

Сөрөг нэхэмжлэлд хариуцагч ажлын хөлс 500 000 төгрөгийг нэхэмжлээгүй, энэ нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт хамаарахгүй, тусдаа асуудал тул хариуцагчийн тайлбарын дагуу энэ мөнгийг автомашины үнэд харилцан тооцох үндэслэлгүй байна.

Харин хариуцагчийн хувьд ажлын хөлсийг нэхэмжлэгчээс шаардах эрх нь нээлттэй, энэ шийдвэр саад болохгүй юм.  

1.2. Нэхэмжлэгч Д.Д автомашиныг эзэмшиж байх үедээ автомашины татвар, замын хураамж, даатгал, оношилгоонд төлсөн 380 000 төгрөг, автомашинд шинээр авч тавьсан 4 дугуйны үнэ 2 440 000 төгрөг, тос масло маслын шүүрний үнэ 134 000 төгрөг, бензиний үнэ 600 000 төгрөг, нийт 3 554 000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгч Д.Д худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан 2015.03.23-ны өдрөөс хариуцагч Г.Л автомашинаа буцааж авсан 2015.09 сар хүртэлх хугацаанд автомашиныг хууль ёсоор эзэмшиж байсан тул тэрээр Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч юм. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д зааснаар шударга эзэмшигч болох Д.Д нь автомашиныг хэвийн байдалд байлгахын тулд гаргасан зардлаа Г.Лгээс шаардах эрхтэй. Энэ зардал нь автомашины татвар, замын хураамж, даатгал, оношилгоонд төлсөн мөнгө болон автомашинд шинээр авч тавьсан 4 дугуй, тос масло, маслын шүүр, бензиний үнэ юм.

Шударга эзэмшигч өөрийн буруугаар эд хөрөнгийн үр шимийг олж авч чадаагүй бол олж авах байсан үр шимийн үнийн дүнгийн хэмжээгээр төлбөл зохих төлбөрийг хасч тооцно гэж Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.5-д заажээ. Өөрөөр хэлбэл Д.Дийн гаргасан зардал болох 3 554 000 төгрөгөөс автомашиныг ашиглаж олсон орлогыг хасч тооцно.

MNO уул уурхайн үндэсний олборлогч ХХК 2015 оны 06-09 сард УБВ 25-04 улсын дугаартай FAW маркийн автомашины түрээсийн төлбөрт 38 102 579 төгрөг төлсөн нь тогтоогдсон байна. Нэхэмжлэгч нь 38 102 579 төгрөгийн орлого олоогүй гэж маргаж “2015.08.20-ны өдөр Төв аймгийн Заамар суманд ажиллаж байсан газар 5 000 000 төгрөг өгсөн” гэж тайлбарлаж байх боловч тэрээр уг орлогыг олсон эсэх нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд түүний олж авах байсан орлого нь 38 102 579 төгрөг байна. Иймд Д.Дийн гаргасан зардал 3 554 000 төгрөг нь олж авах байсан орлого 38 102 579 төгрөгөөс бага байх тул тэрээр Г.Лгээс 3 554 000 төгрөгийг шаардах эрхгүй байна. Иймд анхан шатны шүүх 4 дугуйны үнэ 2 440 000 төгрөг, тос масло маслын шүүрний үнэ 134 000 төгрөг, нийт 2 574 000 төгрөгийн шаардлагыг хангасан нь энэ үндэслэлээр буруу байна.

2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

2.1. Д.Д нь автомашиныг буцааж өгөх ёстой боловч Г.Лг автомашинаа буцааж авах хүртэлх хугацаанд олсон үр шимийг нь өөртөө үлдээх эрхтэй байхад анхан шатны шүүх “машиныг нэхэмжлэгч Д.Д эзэмшиж байхдаа гуравдагч этгээдтэй гэрээ байгуулан ажиллахад уг гэрээг хариуцагч Г.Лтэй байгуулах байсан гэх баримтгүй,..” гэж үзсэн нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх эд хөрөнгийн үр шимтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч үндэслэл нь буруу болжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгож 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн MNO уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ий 01/324 дүгээр албан бичгийг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд үүнд уг компани 2015 оны 06-09 сард УБВ 25-04 улсын дугаартай FAW маркийн автомашины түрээсийн төлбөрт 38 102 579 төгрөг төлсөн гэжээ.

Г.Л нь 2015.09 сард автомашинаа буцааж авсан ба энэ цаг хугацаа хүртэл олсон үр шимийг нь Д.Д өөртөө үлдээх эрхтэй. Иймд Д.Д нь автомашиныг ашиглаж олсон орлогыг буцааж өгөх үүрэг хүлээхгүй.

2.2. Сөрөг нэхэмжлэлд автомашинд үүссэн элэгдлийн хэмжээг 4 000 000 төгрөг гэж нэхэмжилсэн хэдий ч Д.Д автомашиныг буцаан шилжүүлэх үед эвдэж гэмтээсэн бөгөөд үүнд тэрээр гэм буруутай болохыг хариуцагч нь шүүхэд нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгчээс 4 000 000 төгрөг элэгдэлд гаргуулах нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.7-д заасныг зөрчинө гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.3. Г.Л болон “Хайрхан капитал ББСБ” ХХК-ий хооронд 2015.01.14-ний өдөр байгуулагдсан 15/011 тоот 12 000 000 төгрөг зээлсэн зээлийн гэрээний үүрэгт төлсөн 3 600 000 төгрөгийг Г.Л Д.Даас нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч ийнхүү шийдвэрлэхдээ “нэхэмжлэгч Д.Д 5-7 сард төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс хариуцагч Г.Лд бусдын өмнө гүйцэтгэх ёсгүй байсан үүргийг гүйцэтгэж хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь хариуцагч Г.Л нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Д.Даас автомашинаа буцаан шаардах эрхтэй бөгөөд түүний “Хайрхан капитал ББСБ” ХХК-д зээлийн гэрээний үүрэгт төлсөн хүү 3 600 000 төгрөг нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д заасан буцаан шаардах шаардлагад хамаарахгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй, сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо заасан үндэслэл нь хуулийн дээрх заалттай нийцээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Дийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн зөрүүг буцааж олгохдоо алдаатай тооцсоныг зөвтгөх шаардлагатай байна.  

Дээр дурдснаар шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангаагүй тул давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 387 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 129/ШШ2018/00123 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.3, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1-т заасныг тус тус баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар” гэж, “38 574 000” гэснийг “36 500 000” гэж, “1 480 000” гэснийг “3 554 000” гэж, 2 дахь заалтад “206 554” гэснийг “206 544” гэж, “350 820” гэснийг “340 450” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 387 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ДАВААСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                           Д.ЭРДЭНЭБИЛЭГ

 

                                                            Д.БЯМБАСҮРЭН