Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 00100

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга С.Гончигбал,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Хохирогч Б.Мөнхзаяа

Шүүгдэгч Ш.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаравын Наранцэцэгт холбогдох 132/2016/0092/Э индекстэй, эрүүгийн 201606000193 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1952 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хутаг-өндөр суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл гэх газарт оршин суух хаягтай, урьд 1992 онд Булган аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1, мөн хуулийн 85 дугаар зүйлд зааснаар 13 жил хорих ял, 1996 онд Төв аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн 211-1, 38-1-д зааснаар 11 жил хорих ял тус тус эдэлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Гөрөөчин овгийн Шаравын Наранцэцэг /РД:ГН52071111/

Холбогдсон хэргийн талаар:

Шаравын Наранцэцэг нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн нутаг дэвсгэрт Б.Мөнхзаяатай маргалдаж түүний зүүн гар луу нь модоор цохиж түүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Наранцэцэгийн өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр манай хүү Алтансүх эхнэр Мөнхзаяа ач охин Ариунзаяа нарын хамт манайд ирсэн. Манайд ирээд Алтансүх, Мөнхзаяа 2 хоорондоо муудалцсан юм шиг байгаа юм. Мөнхзаяа хүүхдээ тэврээд замын хажуу руу алхаж байсан. Тэгээд би хойноос нь мотоцикльтой давхиж очоод миний охин ингэж болдоггүй юм. Та хоёр хоорондоо хэрэлдсэн л юм байгаа биз одоо харь гээд ардаа суулгаад гэрлүүгээ явсан. Гэрт очоод цай уугаад сууж байхад хэн ч юм бэ нэг нь Мөнхзаяа охин чинь уйллаа гэхэд хутга ухас хийж аваад би энийг чинь алаад өгье гээд тэгээд би өөрийгөө ална гээд хэлээд охин руугаа дайрахаар нь би араас нь гүйж гараад үүдэнд байсан модыг аваад шидчихсэн чинь зүүн гарынх нь бугалга хэсэгт оночихсон тэгээд Мөнхзаяа алчихлаа гэж орилоод газар унасан. Босох гээд толгойноос нь өргөхөд намайг үсдлээ гэж орилсон. Манай хүү Алтансүх эхнэрээ аваад эмнэлэг явсан. Тэгэхэд гар нь хугарчихсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнхзаяагийн өгсөн:...2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нөхөр Алтансүх охин Ариунзаяа нарын хамт хадмындаа очсон. Тэднийд очиход хадам аав Наранцэцэг, ээж Сувдаа нар байсан. Тэгээд хадам аав хүргэн Сайхнаагийн гэр лүү яваад цаг гарангийн дараа согтуу ирсэн. Тэгээд ирээд удаагүй байтал хүргэн Сайхнаа болон түүний эхнэр Алтанцэцэг Сайхнаагийн хамаатны хүмүүс гээд 7-8 хүн ирсэн. Тэгээд хадам аав согтуу намайг ийшээ тийшээ суу гээд агсан тавиад байхаар нь та хүүхдийн баярын өдөр архи уулаа гэхэд хадам аав чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Тэгээд би хойно байдаг Булгансүх ахын гэрт нь ороод суучихсан. Тэгээд хадам аав гэрийнх нь гадна ирж орилоод байсан. Тэгээд би охиноо аваад сумын төв рүү явж байхад хадам аав хойноос мотоцикльтой ирээд суухгүй бол ална шүү гээд сүрдүүлээд байхаар нь би суусан. Тэгээд буцаж ирээд нөхөр гэрээс хол адууны хашааны тэнд байхаар нь очих гэтэл урд зогсчихоод явуулахгүй ална шүү гээд сүрдүүлээд байсан. Тэгээд миний нүүр лүү гараараа цохисон тэгэхээр нь та яаж байна гэхэд ахиад цохиод авсан. Тэгээд би гэр лүү орох гэтэл хойноос гуя руу өшиглөөд нуруу руу хойноос гараараа цохиод байсан. Тэгээд газарт байсан уурганы бөгсийг хөлөөрөө гишгэж хугалаад эхлээд гуя руу цохисон хүүхэд рүү цохих гэхээр нь би гараараа хамгаалсан чинь зүүн гарын шуу хэсэг рүү нилээн олон удаа цохисон. Тэгээд модоо хаяаад үсдэж татаад хойш нь унагаасан. Тэгэхэд хүргэн Сайхнаа ирж салгасан. Тэр үед ирсэн хамаатнууд зарим нь гэрийн гадаа зарим нь дотор байсан. Тэгээд нөхөртэйгээ цуг сумын эмнэлэг явсан. Ш.Наранцэцэг миний зүүн гар луу цохиход түүний том охин Алтанцэцэг, Булгансүх, Сайханаа нар гэрийн гадна байсан, өөр хүн байсан эсэхийг би мэдэхгүй байна. Би олон хүн дагуулаад ирлээ архи уулаа гэхэд намайг уурандаа цохиж зодсон. Гараа хугалснаас болж би ажлаа хийж чадахгүй болж ажлаасаа гарсан. Хугархай гартай бариа засал хийж чадахгүй гэсэн. Эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Харин ажилгүй байсан хугацааны 6 сарын цалин 3.600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэв.

201606000193 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

                 Гэрч Б.Батчимэгийн өгсөн...2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр эх үрсийн баяр болж байхад гараа эвгүй болгосон гээд 25 орчим насны охин ирсэн. Тэгээд үзлэг хийхэд зүүн гар нь хөдлөхгүй, хөдөлгөхөөр өвдөнө, бага зэрэг хавдсан байсан. Тэгээд гипс тавьж өгөөд Булганы эмнэлэгт зураг авахуул гээд явуулсан. Зүүн гар нь шуу хэсгээрээ цууралттай байна гэж оношилсон..гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/

Гэрч Н.Алтанцэцэгийн өгсөн...би тухайн үед толгой өвдөөд хэвтэж байсан тэгтэл нэг хүн болон хүүхэд уйлаад явчихсан. Тэгэхээр нь гараад харахад Мөнхзаяа зүүн гараа бариад уйлаад сууж байсан. Нөхөр нь машинаа асаагаад сумын эмнэлэг рүү аваад явсан. Аав гартаа мод барьчихсан байсан ба би модоор цохьчихсон юм байна гэж бодсон. Аав тухайн үед архи уучихсан халамцуу байсан ба хааяа архи уудаг ааш зангийн хувьд бухимдуу түргэн ууртай хашгираад байдаг хүн байгаа юм.. гэх мэдүүлэг / хх-ийн 15-р хуудас /

Гэрч Б.Эрдэнэсайханы өгсөн...гадаа хүн уйлаад хүүхэд уйлаад байхаар нь гараад харахад Мөнхзаяа зүүн гараа бариад уйлаад сууж байсан. Тэгээд нөхөр нь дагуулаад машинтай эмнэлэг рүү аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/

Гэрч Н.Алтансүхийн өгсөн...Хүүхдийн баярын өдөр эхнэр Мөнхзаяаг Баатарван амралтын газраас аваад хөдөө аавынхаа гэр лүү нь мотоцикльтой явсан. Аавынд ирэхэд ээж Сувдаа, хамаатны хүн болох Эрдэнэсайхан, Алтанцэцэг, Бааска гэх ах эхнэртэйгээ хамт байсан. Манай эхнэр Мөнхзаяа хүн ирж байхад гэртээ хүмүүстэй байх юм гээд уурлаад байхаар нь бид 2 маргалдсан. Тэр хүмүүс жоохон халамцуу байхаар нь манай эхнэр уурлаад байсан. Тэгээд хүүхдээ хөтлөөд гэрээс гараад явахаар нь би гэрийн хажууд байсан адууг хашиж байхад аав Мөнхзаяаг мотоцикльтойгоо авчирч байсан. Би адууны хашаан дотроос адуугаа бариад ирэхэд гэрийн гадаа хүргэн Эрдэнэсайхан, Наранцэцэг нар нь Мөнхзаяагийн хажууд зогссон байдалтай Мөнхзаяа аавыг уурганы модоор цохиод гар хугалчихлаа гэж хэлсэн. Тэгээд эхнэрээ аваад сумын төв орж эмнэлэгт үзүүлээд 3-4 хоногийн дараа Орхон аймаг орж зүүн гарных нь рентгэн зургийг авахуулж үзүүлэхэд савхан яс нь хугарсан байсан. Намайг гэрийн гадаа ирэхэд Мөнхзаяа зүүн гараа бариад сууж байсан ба танай эцэг чинь жижиг уургаар цохиод гар хугалчихлаа гэж хэлж байсан. Яг цохихыг нь бол би хараагүй. Тухайн үед аав хүмүүс ирсэн гээд архи уусан байсан. Харин Мөнхзаяа бол архи уугаагүй байсан. Манай эхнэр уурлахаараа хүүхдээ ална гэж тийм авир бол гаргадаггүй. Уурлахаараа өөрөө үхнэ гэж хааяа хэлдэг...гэх мэдүүлэг /хх-н 17, 18-р хуудас/

Гэрч Н.Булгансүхийн өгсөн...би нилээн хэд хоногийн дараа сумын төв ороод Алтансүхийн гэрт очсон чинь Мөнхзаяа орон дээрээ суусан байдалтай нэг гараа цагаан даавуугаар боосон байсан. Яасан талаар асуухад яагаач үгүй гээд уурласан шинжтэй болохоор нь гараад явсан. Мөнхзаяа тэр өдөр хүүхэд рүүгээ хутга барин далайсан талаар би мэдэхгүй байна. 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 06 дугаар сарын сүүлээр Алтансүхийг гэрээ хураах гээд байхад нь очиход Мөнхзаяа нь охин руугаа хутга бариад алчихъя гэхээр нь би хутгыг нь аваад яваад өгсөн. Хүүхэд рүүгээ хутгалж хатгасан зүйл байхгүй. Алтансүхтэй хэрэлдсэн уурандаа л тэгсэн юм. Мөнхзаяа хүүхдээ байнга ална гэж сүрдүүлж байгаагүй. Миний мэдэхийн нэг удаа хутга барьсан асуудал байгаа юм…гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

Гэрч Д.Баасанцэрэнгийн өгсөн...Бид 2 тэднийд очиход тэдний эхнэр болон нэрийг нь мэдэхгүй хүүхэд нь эхнэр хүүхэдтэйгээ цуг байсан. Наранцэцэг гэртээ хорхог хийж байсан ба энэ үед нь тэдний хүүхэд болон эхнэр нь гэрээс гараад явсан. Араас Наранцэцэг мотоциклио унаад явсан. Удалгүй гэрийн гадаа Наранцэцэг чанга дугараад хэрэлдээд эргээд ирсэн. Манай эхнэр явъя гээд бид 2 гэрээс нь гарах үед гэрийн гадаа Наранцэцэг бэх охинтойгоо хэрэлдээд байж байсан. Намайг байх үед бол зодоон болоогүй, хоорондоо хэрэлдээд байж байсан…гэх мэдүүлэг /хх-н 28-р хуудас/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Нансалмаагийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 230 тоот дүгнэлтэнд: 1.Б.Мөнхзаяагийн биед шуу ясанд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрхи гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нь эдгэрэлтийн явцаас хамаарна.. гэх дүгнэлт /хх-н 25-26-р хуудас/

Гомдол мэдээлэлийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас /хх-ийн 41 хуудас/,  шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 43-54 хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ш.Наранцэцэг нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн нутаг дэвсгэрт Б.Мөнхзаяатай маргалдаж түүний зүүн гар луу нь модоор цохиж түүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлэгсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнхзаяагийн…газарт байсан уурганы бөгсийг хөлөөрөө гишгэж хугалаад эхлээд гуя руу цохисон хүүхэд рүү цохих гэхээр нь би гараараа хамгаалсан чинь зүүн гарын шуу хэсэг рүү нилээн олон удаа цохисон гэх, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Ш.Наранцэцэгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ш.Наранцэцэг нь Төв аймгийн шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211-1, 38-1-д зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлж Багануур дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамжаар үлдэх 1 жил 5 сар 24 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ш.Наранцэцэгийн ялтай байх хугацаа өнгөрсөн байна.

Иймд Ш.Наранцэцэгийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэдийгээр шүүгдэгч нь хохирогчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна. Харин шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас ажилгүй байсан хугацааны 3.600.000 төгрөгийн шүүгдэгчээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч нотлох баримт байхгүй байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч энэ хэрэгтээ холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентгэн зургийг хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гөрөөчин овгийн Шаравын Наранцэцэгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Ш.Наранцэцэгт 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ш.Наранцэцэгт оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ш.Наранцэцэг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч энэ хэрэгтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зургийг хохирогч Б.Мөнхзаяад буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ш.Наранцэцэгт оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Наранцэцэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН