Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 120

 

    Ч.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Т.Отгонтөгс,

            шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,  

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/1243 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Отгонтөгсийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 43 дугаартай эсэргүүцлээр Ч.Т-д холбогдох 1808 00865 0278 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ч-н Т, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эсгий эдлэлийн гар урлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, ах, эгч, дүү нарын хамт .......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ........../,

 Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар нийт 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 7 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан;

Ч.Т нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр насанд хүрээгүй хохирогч Ч.М-г айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн “I phone-5” загварын гар утсыг нь дээрэмдэн авч, 138.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байрны 7 дугаар орцны 8-н давхарт насанд хүрээгүй хохирогч Н.З-г айлган сүрдүүлж, хүч хэрэглэн “I phone-5” загварын гар утсыг дээрэмдэн авч, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 2 дугаар сарын 5-ны орой Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тольт” сургуулийн орчим, насанд хүрээгүй хохирогч О.Ү-г айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн, “Samsung Note-2” загварын гар утсыг нь дээрэмдэн авч, 132.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86а дугаар байрны 1 дүгээр орцонд насанд хүрээгүй хохирогч Э.Х-г айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн, гар утсыг нь дээрэмдэн авч, 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн орчим, насанд хүрээгүй хохирогч Э.А, Э.Б, Э.Т, Г.Э нарыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн, гар утсыг нь дээрэмдэн авч, нийт 370.800 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 12 дугаар гудамжны 20 тоотод хохирогч Э.О-н гар утсыг хуурч мэхлэн авч, 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Ч.Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Б овогт Ч-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг эд хөрөнгөө шилжүүлж өгөхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Т-г 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Т-г 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4, 6.9 дүгээр зүйлд зааснаар Ч.Т-д 2016 онд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгүүдэд зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан 7 сар 9 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Ч.Т-н цагдан хоригдсон 525 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Ч.Т-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Ч.Мөнхсүлдэд 138.000 төгрөг, О.Ү-д 130.000 төгрөг, Э.Б-д 72.000 төгрөг, Э.А-т 22.800 төгрөгийн хохирол  төлөгдсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Ч.Т-с 138.000 төгрөг гаргуулж Э.Т-т, 138.000 төгрөг гаргуулж Г.Э-т, 270.000 төгрөг гаргуулж Н.Х-т, 150.000 төгрөг гаргуулж Н.З-д, 2000 төгрөг гаргуулж Л.Ү-д, 1.040.000 төгрөг гаргуулж Э.О-д тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг камерын бичлэг, 1 ширхэг флаш зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

Прокурор Т.Отгонтөгс бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов нь шүүгдэгч Ч.Т-д холбогдох дээрх хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд, хэргийн үйл баримт огт өөрчлөгдөөгүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэж өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын дээд шүүхийн тогтоолын заалтыг хангаагүй байна. Мөн шүүгдэгч Ч.Т нь насанд хүрээгүй хохирогч нарыг айлган сүрдүүлсэн шинжтэй үг яриа хэлж, сэтгэхүйн болон үйлдлээрээ тэднийг айлган сүрдүүлж, эрхшээлдээ оруулж эд зүйлийг нь авсан дээрмийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад Ч.Т-г “бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, өөрт нь түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн...” гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн, түүнчлэн өмнө 275 дугаартай шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн атлаа, хэргийн үйл баримт өөрчлөгдөөгүй байхад хэргийг дахин хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зүйлчлэлийг 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шийтгэх тогтоол гаргасан нь нэг хэрэгт хоёр өөр үндэслэл бүхий дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Шүүгдэгч Ч.Т нь урьд 2012 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, 2016 онд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 40 дугаартай шүүгчийн захирамжаар 7 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, уг тэнсэнгийн хугацаанд дахин дээрмийн гэмт хэргүүд үйлдсэн, дээрмийн болон залилангийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байхад шүүхээс шүүгдэгч Ч.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хорих ял оногдуулсан нь ял хөнгөдсөн гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/1243 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хүүхдүүдийн эд хөрөнгийг хуурч мэхлэж авснаас биш тэднийг зодож, айлган сүрдүүлж авсан зүйл байхгүй. Өмнө нь анхан шатны шүүх надад холбогдох дээрэмдэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчилсөн. Мөн 2019 оны 3 дугаар сард анхан шатны шүүхээс надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 7 сар хорих ял оногдуулахад прокурор эсэргүүцэл бичсэн. Улмаар надад оногдуулсан ял шийтгэлийн хэмжээ ихэссэн байхад хэргийг шийдвэрлүүлэхгүй удаашруулж, надад чирэгдэл учруулж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Т-н өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, Ч.Т-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүч хэрэглэж довтолсон шинж байхгүй. Харин Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийн шинжтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ч.Т-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан насанд хүрээгүй хохирогч Ч.М, Н.З, О.Ү, Э.Х, Э.А, Э.Б, Э.Т, Г.Э нарын мэдүүлгүүдээс үзэхэд, шүүгдэгч Ч.Т-н зүгээс хүч хэрэглэхээр заналхийлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд тэрээр сэтгэхүйн буюу хэл яриагаар, түүнчлэн айлгах бүхий үйлдэл хийж, эрхшээлдээ оруулан, эд зүйлийг нь авсан нь тогтоогдож байна.

Ч.Т-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон” буюу дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байхад анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, Ч.Т-д холбогдох хэргийн зүйлчлэлийг удаа дараа үндэслэлгүйгээр өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. 

Иймд прокурор Т.Отгонтөгсийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 43 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/1243 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Анхан шатны шүүх Ч.Т-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Улсын Дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 411 дугаартай тогтоолд дурдсан дээрэмдэх гэмт хэргийн “хүч хэрэглэхээр заналхийлэх” шинжийг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийн шинжээс хэрхэн ялгагдаж байгааг тодорхой тайлбарласныг анхаарч үзвэл зохино.