Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2020/0851/З |
Дугаар | 128/ШШ2022/0256 |
Огноо | 2022-04-05 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2022/0256
2022 04 05 128/ШШ2022/0256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: э ХХК
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ч.Ж*****,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С*****
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Д***** Б.Х*****
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Д*****, Б.Д***** нарыг оролцуулан татварын маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ж*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С*****, хариуцагч Б.Х*****, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д****, Ж. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч эХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Д***** Б.Х***** нарт холбогдуулан “...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ***** дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.
2. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Д***** Б.Х***** нар эХХК -ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй холбоотой 222,597,272.18 төгрөгийн зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг зөрчсөнд 22,259,727.20 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцэж маргаан таслах зөвлөлийн 14 тоот тогтоолоор татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ***** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталсан байна.
3. Дээрх тогтоолыг нэхэмжлэгчид 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Татварын газрын 401 тоот уулзалтын өрөөнд гардуулсан байна.
4.1 эХХК -ийн захирал Ч.Ж***** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагчдын эХХК-ийн 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн, төлөвлөгөөт шалгалт хийж 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Татварын улсын байцаагчийн ***** дугаартай актаар 22,537,324.60 төгрөг ногдуулсныг эс зөвшөөрч дээрх актыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д заасны дагуу Татварын ерөнхий газрын харьяа Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд татвар төлөгч гомдлоо гаргасан.
Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл гомдлыг хүлээж авч магадлаад 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн маргаан таслах зөвлөлийн 14 дугаартай тогтоолоор 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Татварын улсын байцаагчийн ***** дугаартай актыг хэвээр үлдээсэн.
Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1524 дугаартай прокурорын тогтоолоор эХХК-ийг гэм буруугаа хүлээж 22,597.7 мянган төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар татвараа тайлагнасан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол хүчинтэй байхад 2015 оны Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг зөрчиж 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Татварын улсын байцаагчийн 25003018 дугаартай нөхөн татварыг ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Иймд Татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ***** дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С***** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нар эХХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн төлөвлөгөөт шалгалт хийж, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ***** дугаартай актаар 22.537.324,60 төгрөг ногдуулсныг эс зөвшөөрч актын хүчингүй болгуулах Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Татварын маргаан таслах зөвлөл гомдлыг хүлээж аваад 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор : Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ***** дугаартай актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Прокурорын газрын 7 дугаар сарын 18-ны өдрийн эХХК-ийг гэм буруугаа хүлээж, 22.597.000 төгрөгийг Эдийн Засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу татвараа тайлагнасан гэж үзсэн 1524 дугаартай прокурорын тогтоол хүчин төгөлдөр хэвээр байхад Эдийн Засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг зөрчиж, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ***** дугаартай актаар нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй байна. Учир нь тус компани нь ил тодоор тайлангаа тайлагнасан учраас хэрэгсэхгүй болгосон тогтоолыг дахин хэлэлцэхгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг үүсгэх шалгах эрх байхгүй. Гэтэл татварын улсын байцаагч нар акт оногдуулсан. Иймээс дээрх актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
5.1 Хариуцагч татварын улсын байцаагч Б.Х***** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х*****, Р.Д*****олгорсүрэн бид Баянгол дүүргийн Прокурорын 2016 оны 07 дугаар сарын 18-ны 1524 тоот тогтоол, хяналт шалгалт хийх 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн (25/13) 5681 томилолтын дагуу 2636921 регистрийн дугаартай "Э" ХХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж шийдвэрлэсэн.
Тус компани нь барилгын цахилгаан монтаж, угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг, татварын хяналт шалгалтаар нийт 224,139,480.18 төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнд :
1. 2012 онд “Д” ХХК-иас 10079502 дугаартай падаанаар 28,345,454.55 төгрөгийн, 10079550 дугаартай падаанаар 38,850,454,54 төгрөгийн, 11435823 дугаартай падаанаар 28,620,909.09 төгрөгийн, 12241548 дугаартай падаанаар 28,545,900.00 төгрөгийн, 12975064 дугаартай падаанаар 14,118,182.00 төгрөгийн, “Ж” ХХК-иас 2012 онд 1094276 дугаартай падаанаар 84,116,363.00 төгрөгийн хуурамч хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар ажил үйлчилгээ гүйцэтгүүлсэн мэтээр төсөвт төлөх татвараа бууруулан, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайлангаар нийт 222,597,272.18 төгрөгийн худалдан авалтын хасалт хийж төсөвт төлөх татварыг 22,259,727 20 төгрөгөөр бууруулсан.
2. 2012 онд 1,542,208.00 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын падаангүйгээр хасалт хийж албан татвараас хасаж тооцсон зөрчилд 154,220.80 төгрөгийн нөхөн татвар, 46,266.20 төгрөгийн торгууль, 77110.40 төгрөгийн алданги тооцсон” гэжээ.
5.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д**** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Өмнө нь 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр татварын улсын байцаагчийн 250051 дугаар дүгнэлт бичигдэж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргэгдэж, 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1524 дугаар прокурорын тогтоолоор татварын улсын байцаагчийн дүгнэлт шийдвэрлэгдэж ирснээр Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу акт ногдуулсан.
Эдийн Засгийн ил тод байдлын тухай хууль 2015 оны 08 дугаар сард батлагдсан. Энэ хуулийг дагаж батлагдсан Засгийн Газрын 2015 оны 388 дугаар тогтоолын хавсралтаар Эдийн Засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг баталсан. Энэ журмын 2.11-т “нуун дарагдуулсан гэж хувь хүн хуулийн этгээд хөрөнгө орлого, үйл ажиллагаагаа Эдийн Засгийн ил тод байдлыг дэмжих тухай 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогоогүй байхыг хэлнэ” гэж заасан.
Гэтэл 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн маргаан бүхий актаар зөрчил нь тодорхойлогдсон. Энэ дүгнэлтийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаад прокурорын тогтоол гарснаар тухайн үнийн дүнгээр Татварын улсын байцаагч акт ногдуулсан. Дүгнэлтэд дурдагдсан падааны тоо, үнийн дүн, маргаан бүхий актад дурдагдсан үнийн дүн, падааны тоо яг адилхан. 2012 оны хий бичилттэй падааны хувьд Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаандаа буюу өмнөх 5 жилийн хугацаанд багтааж шийдвэрлэсэн. Тэгэхээр энэ нь өмнө нь тогтоогдчихсон тул Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамаарахгүй....” гэв.
. ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан “...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ***** дугаартай актыг хүчингүй” болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Д***** Б.Х***** нар эХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй холбоотой 222,597,272.18 төгрөгийн зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг зөрчсөнд 22,259,727.20 төгрөгийн акт үйлдсэн байна.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол байхад дахин татварын улсын байцаагч нөхөн татвар ногдуулсан акт гаргасан нь үндэслэлгүй,
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам нь татварын тайланг хүлээн авахад хэрэглэгддэг. Энэ журмын дагуу эХХК татвараа тайлагнаж, уг тайланг татварын улсын байцаагч хүлээн авсан учир энэ журам татварын улсын байцаагчийн актад хэрэглэгдэхгүй,
Шалгалтын явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулах ёстой байсан..” гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...Нэхэмжлэгч Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар татвараа тайлагнасан байж болно. Гэхдээ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-д “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг” гэж заасан. Маргаан бүхий актын хувьд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль гарахаас өмнө тухайн зөрчил нь тухайн үнийн дүн, падааны тоо, зөрчлийг төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан илрүүлсэн зөрчил тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамаарахгүй.
Татвар ногдуулах, тайлагнахтай холбоотой асуудлыг зохицуулсан илүү нарийвчилсан хуулийг буюу Татварын ерөнхий хуулийг баримталж татвар төлөгчид хариуцлага хүлээлгэсэн. 2012-2016 он хүртэл шалгаж 2017 онд акт тавьсан. Энэ 5 жил нь өмнө нь дүгнэлтээр шалгагдаж тогтоогдсон яг ижилхэн зөрчил юм. Өршөөлийн тухай хуульд алданги, хүү, торгуулийг хамруулж зөвхөн нөхөн татвар тавигдсан. Иймд хөөн хэлэлцэх хугацааны хувьд Захиргааны хариуцлагын тухай хуулийг хэрэглэхгүй бөгөөд бид илүү нарийвчлан зохицуулсан Татварын ерөнхий хуулийг баримталсан..” гэж тус тус маргажээ.
4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл,
4.1 Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Татварын хяналт шалгалт хийх тухай /25/13/ 5681 дугаар томилолтоор Татварын улсын ахлах байцаагч Б.Х*****, Р.Д***** нар нь эХХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ***** дугаар актаар 224,130,480.18 төгрөгийн зөрчилд 22,537,324.60 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан акт тогтоосон байна.
4.2 Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн 201626020533 дугаар хэрэгт шалгагдаж байгаа аж хуйн нэгжүүдээс 175 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч татвар төлөхөөс зайлсхийсэн аж ахуйн нэгжүүдэд татварын хяналт шалгалт хийж Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 220051 дүгээр дүгнэлтээр зөрчлийг тогтоожээ.
4.3 Үүний дараа Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1524 дугаар тогтоолоор 2012 онд “Д” ХХК-иас 10079502 дугаартай падаанаар 28,345,.5 мянган төгрөг, 10079550 дугаартай падаанаар 38,850.5 мянган төгрөг, 11435823 дугаартай падаанаар 28,620.9 мянган төгрөг, 12241548 дугаартай падаанаар 28,545.9 мянган төгрөг, 12975064 дугаартай падаанаар 14,118.2 мянган төгрөг, “Ж” ХХК-иас 2012 онд 10294276 дугаартай падаанаар 84,116.3 мянган төгрөг нийт 222,597.3 мянган төгрөгийн хий бичилттэй падааныг авч ашиглан 22,259.7 мянган төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар татвараа тайлагнасан гэх үндэслэлээр эХХК-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
5. Нэхэмжлэгчээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг нөхөн гаргаж, татварын албанд хүргүүлсэн хэдий ч дээр дурдсанчлан эХХК-ийн 22,537,324.60 төгрөгийн төгрөгийн хий бичилттэй падаантай холбоотой зөрчлийг холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны хяналт шалгалтаар тогтоосон тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулах үндэслэлгүй байна.
Учир нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө,түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж,шинээр тайлагнасан, ... эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2.1.1-д “нуун дарагдуулсан гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар ... төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг” гэж заасан.
6. Түүнчлэн маргаан бүхий актыг эс зөвшөөрч эХХК-иас гаргасан гомдлыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хянаад 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор Татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ***** дугаар актаар 224,130,480.18 төгрөгийн зөрчилд 22,537,324.60 төгрөгийн төлбөр тогтоосныг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
7. Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзвэл эХХК-ийн 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй холбоотой зөрчил нь Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ”, 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй “гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон тул Татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ***** дугаар актаар 224,130,480.18 төгрөгийн зөрчилд 22,537,324.60 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцжээ.
8. Мөн Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 11 дүгээр зүйлийн 11.1-д Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол улсын иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй, 11.3.2-т “тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж заасан байна.
эХХК-ийн зөрчлийг Сүхбаатар дүүргийн Татварын хяналт, шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 250051 дүгээр дүгнэлтээр тогтоож, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1524 дугаар тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч, уг зөрчил нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн татварын улсын байцаагчийн актаар шийдвэрлэгдсэн тул Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 35 дугаар зүйлийн 35.3-т “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэнтэй нийцсэн тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч эХХК-ийн гаргасан “...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ***** дугаартай актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 11 дүгээр зүйлийн 11.3.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 35 дугаар зүйлийн 35.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус баримтлан эХХК–иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Д***** Б.Х***** нарт холбогдуулан гаргасан “...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ***** дугаартай актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.