Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00612

 

                                                     ****ы нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00052 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 776 дугаар магадлалтай, 

****ы нэхэмжлэлтэй,

 **** ХХК, **** нарт холбогдох 

Зуучлалын гэрээний үүрэгт 186,900,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч  **** ХХК-ийн зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг

нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгч ****ы гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хариуцагч  **** ХХК-ийн төлөөлөгч О.Ганбаяр, түүний өмгөөлөгч П.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ****нь **** ХХК, **** нарт холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 186,900,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан, **** ХХК-аас зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00052 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 зааснаар  **** ХХК, **** нарт холбогдох зуучлалын гэрээний үүрэгт 500,000 юань буюу 186,900,000 төгрөг гаргуулах ****ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар ****д холбогдох зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч  **** ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч **** нь 1,092,450 төгрөгийн тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч  **** ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,157,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээншийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 776 дугаар магадлалаарЧингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2020/02108 дугаар захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч “...ОХУ-ын “АБТИС” ХХК-тай холбогдож, рапс бэлтгэн нийлүүлэх гэрээг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах гэрээ байгуулан, 10.000 тонн рапс авахаар тохиролцсон, ...зуучлалын гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр ОХУ-д өөрийн түншүүдтэй уулзаж, ярилцлага, хэлцэл хийх ажлыг хийсэн, үүний үр дүнд “ ****” ХХК нь “АБТИС” ХХК-тай рапс нийлүүлэх гэрээ байгуулсан... гэж тайлбарлах боловч үүнийгээ баримтаар нотлох хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна, иймд нэхэмжлэгч хариуцагчаас зуучлалын хөлс шаардах эрхгүй” гэж дүгнэсэн. Миний бие ОХУ-ын “АБТИС” ХХК болон “ ****” ХХК-тай байгуулсан рапс нийлүүлэх гэрээг нотлох зорилгоор өөрийн гар утсанд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан хэдий ч анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр хүлээж аваагүй. Мөн ОХУ-аас арай хийж авчруулсан орос хэл дээрх, мөн эх хувиараа 20 гаруй хуудас өөрийн цуглуулсан нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгнө гэдгээ илэрхийлж шүүгчид бүгдийг өгсөн, гэтэл нотлох баримтыг хүлээж авахаас татгалзаж буцаан өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Миний бие тархины шигдээс гэсэн оноштойгоор 59 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 0236558 тоот акт гарч группт байдаг. Тийм учраас би ойлгох, сэтгэх чадвар эрс муудсан, өөрийгөө хариуцаж ганцаараа явахыг ч хориглосон, байнга мэдрэлийн эмчийн хараа хяналтад, бусдын асаргаанд байдаг тул заавал эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгчтэй оролцох шаардлагатай байсан. Хэргийн 8-9 дүгээр талд нотлох баримтууд авагдсан. Миний сонгон авсан өмгөөлөгч өөр шүүх дээр шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар ирээгүй явдал нь эрх зүйн мэдлэггүй иргэн миний буруу биш өмгөөлөгчгүйгээр анхан шатны шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн нь миний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байхад давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэсэн нь буруу юм. Талуудаас ганцхан намайг байлцуулан шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр болсон тул миний бие эрүүл мэндийн байдлын улмаас өмгөөлөх эрхээрээ хангуулах, мөн хариуцагч талыг оролцуулан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхийг шаардсан боловч хүлээж аваагүй. Шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээж аваагүй, шүүх хуралдаан даргалагч өөрөө татгалзах хүсэлтийг хянан шийдвэрлэсэн. Миний бие шүүх хуралдаан эхлэхээс өмнө хүсэлтүүдээ хэлж, өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээс татгалзаж, шүүгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзах үндэслэлүүд байх тул тухайн шүүгчээр хэргээ хянан шийдвэрлүүлэхээс татгалзах хүсэлтийг гаргасан. Гэтэл миний гаргасан хүсэлтийг шүүх хуралдаан даргалагч өөрөө хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасныг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгч ****ы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх  **** ХХК, **** нарт холбогдох зуучлалын гэрээний үүрэгт 500,000 юань буюу 186,900,000 төгрөг гаргуулах ****ы нэхэмжлэл, ****д холбогдох зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөрбусд тооцуулах тухай хариуцагч  **** ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

6.1. Анхан болон давж заалдах шатны шүүх ****д холбогдох зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч  **** ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд “ **** ХХК хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу нэхэмжлэгчийн гомдлын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

7. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний бие “Ривчүүд” ХХК, **** нартай харилцан тохиролцоод ОХУ-аас рапс худалдан авч БНХАУ-д борлуулах ажиллагаанд зуучилж, ОХУ-ын Барнауль хотод очиж гэрээг байгуулан, бүх ажлыг зохицуулж хийж өгсөн боловч хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, миний зуучлалын хөлсийг төлөхгүй байна. ...” **** ХХК, **** нараас зуучлалын гэрээний үүрэгт 500,000 юань буюу 186,900,000 төгрөг гаргуулах...” гэж тодорхойлсон байна. 

7.1. Хариуцагч“ ****” ХХК “...бидний хооронд ямар нэгэн зуучлалын харилцаа үүсээгүй, надад болон манай компанид тийм ашиг сонирхол байгаагүй, манай найз **** надад санал тавьж, би ****тай танилцсан, зөвхөн “ ****” ХХК-ийн нэр, гэрчилгээ л ашиглана, ОХУ-аас рапс худалдан авч, Хятад руу гарган зарна гэх мэтээр их олон зүйлийг ярьж итгүүлсэн, ... **** тухайн үед ОХУ-ын Барнауль хотод байх үед өөр зорилгод хэрэглэх гэж гарын үсэг тамга даруулж, хэлбэрийн төдий бичигдсэн гэрээг бодитой зүйл болгон нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй. ...нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ...2018.03.06-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл...” гаргаж, 

 7.2. Хариуцагч **** “... ****ы гуйлтаар найз болох О.Ганбаяр, түүний компани “ ****” ХХК-тай ****ыг холбож өгсөн, зөвхөн “ ****” ХХК-ийн нэр, гэрчилгээг л ашиглах зорилготой, өөрөө ОХУ-аас рапс худалдан авч, БНХАУ руу гарган худалдана гэж байсан бөгөөд бидний хооронд ямар нэгэн зуучлалын харилцаа огт үүсээгүй, зуучлалын гэрээ гэх зүйлд намайг зуучлагч болгон бичсэн байдлаас үзвэл хуурамч, худлаа зүйл...” гэж тус тус мэтгэлцжээ. 

8. Зохигчийн хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч нар хөлс төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болсон байна. 

9. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. 

10. ****, **** ХХК нар 2018.03.06-ны өдөр 002 дугаартайзуучлалын үйлчилгээ үзүүлэх нэртэй гэрээ бичгээр байгуулж, гэрээнд талууд гарын үсэг зурсан байна. 

10.1. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус хуульчилсан байна. 

10.2. Давж заалдах шатны шүүх зохигчийн тайлбар, гэрч Н.Жуков, Д.Батхуяг нарын мэдүүлэг, гар утсанд хийсэн үзлэг зэрэг нотлох баримтуудаар ****,  **** ХХК-ийн төлөөлөгч О.Ганбаяр нар ОХУ-д очсон, мөн ОХУ-ын иргэн Татьяна Ивановна Сутковаас О.Ганбаяр, нэхэмжлэгч нарт рапсын зах зээлийн үнэ, хэмжээний талаарх зурвас явуулж байсан нь тогтоогдож байх тул талууд өөрсдөө гэрээний агуулгаа тодорхойлон, хүсэл зоригийн үндсэн дээр зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасантай нийцсэн гэж үзнэ. 

11. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлуулагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулжээ. 

12. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-д “зуучлагч рапсын бүтээгдэхүүнийг ОХУ-аас бэлтгэн нийлүүлэх үүрэг хүлээнэ”, 1.2-т “худалдан авагч нийлүүлсэн барааг зуучлагчаар дамжуулан хүлээн авч гэрээнд заасан үнийг төлнө”, 3.1-д “төлбөрийг бараа ачигдсан тухай бүрт зуучлуулагч тал зуучлагч талд энэхүү гэрээнд тусгагдсаны дагуу төлнө”, 3.2-т “үйлчилгээ үзүүлсний төлбөрт тонн тутамд 50 юань буюу 500,000 юань төлөхөөр харилцан тохиролцов” гэж зуучлалын гэрээний гол нөхцөлүүдийг харилцан тохиролцсон байна. 

13. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ. 

14. Нэхэмжлэгч ****2018.03.06-ны өдрийн 002 дугаартайзуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 1.1, 1.2, 3.1, 3.2-т тус тус заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсний дагуу зуучлалын хөлс шаардах эрх үүссэн, хариуцагч  **** ХХК уг хөлсийг төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдохгүй байна. 

Энэ нь нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

15. **** зуучлалын хөлсийг хариуцагч нараас шаардаж буй үндэслэлээ ...ОХУ-ын АБТИС ХХК-тай холбогдож, рапс бэлтгэн нийлүүлэх гэрээг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах гэрээ байгуулан, 10.000 тонн рапс авахаар тохиролцсон, ...зуучлалын гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр ОХУ-д өөрийн түншүүдтэй уулзаж, ярилцлага, хэлцэл хийх ажлыг хийсэн, үүний үр дүнд  **** ХХК, АБТИС ХХК-тай рапс нийлүүлэх гэрээ байгуулсан... гэж тайлбарлах боловч үүнийгээ баримтаар нотлох хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйзуучлалын харилцаанд ****ыг оролцсон гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй учир нэхэмжлэгч зуучлалын хөлс шаардах эрхгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

16. Хоёр шатны шүүх хариуцагч  **** ХХК-ийн төлөөлөгч нь гэрээ байгуулахдаа өөрөө ноцтой төөрөгдсөн, мөн түүнийг хууран мэхэлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. 

17. Давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан гэх хүсэлтээр шүүх хуралдааныг 5 удаа хойшлуулсан”, 2020.01.07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн мөн дээрх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаж, холбогдох баримтын хамт ирүүлснийг шүүх харьцуулан үнэлээд хүсэлтийг хангахгүй орхих нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эрх, тэгш байх зарчимд нийцсэн, нэхэмжлэгч **** эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг орхиж гарсан гэх боловч уг нөхцөл байдалтай холбоотой шүүхэд хүсэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй талаар дүгнэлт хийсэн бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлжээ. 

18. Анхан шатны шүүх нэхэмжлэгч **** нь шүүгчийг татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн аль үндэслэл болохыг тайлбарлаж чадаагүй, хариуцагч “ ****” ХХК-ийн төлөөлөгч П.Алтанчимэг шүүхэд ямар байдлаар яаж нөлөөлсөн нь ойлгомжгүй, энэ нь шүүгчийг татгалзан гаргах хуулийн дээрх үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэж, хүсэлтийг хангахаас татгалзсаныг буруутгах боломжгүй. 

19. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага,  **** ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч ****ы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00052 дугаар шийдвэрНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 776 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж,нэхэмжлэгч ****ы гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Нэхэмжлэгч **** Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15ы өдрийн 182/ШЗ2020/05160 дугаар шүүгчийн захирамжаар хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ 

                  ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ 

                                                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                       Д.ЦОЛМОН