Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/181

 

 

 

 

 

 

 

                                2023/ШЦТ/181

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг

Шүүгдэгч: Д.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дийн Тт холбогдох 2312000000176 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Т суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт А аймгийн Т сумын Ц багт оршин суух, Архангай аймгийн Хэсгийн ардын 1 дүгээр шүүхийн 1992 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 54 дугаартай таслах шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн журамлан нэмэн нэгтгэж 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1993 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 215 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-ийн 3 дахь хэсэгт зааснаар 9 жил 5 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Дийн Т /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Ихбулаг хорооллын 233 тоотод байх монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цоожийг нь эвдлэн нэвтэрч хохирогч Д.Сийн эмэгтэй урт түрийтэй, өсгийтэй гутал 1 ширхэг, эмэгтэй богино түрийтэй, өсгийтэй гутал 1 ширхэг, сандаал 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж хохирогч Д.Ст 160.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Ихбулаг хорооллын 05-06 тоотод байрлах Ж.Дгийн монгол гэр буюу хүн байнга амьдрах орон байранд цоожийг нь эвдэн нэвтэрч индукцин плитка, цайны халуун сав зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж хохирогч Ж.Дд 98.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2312000000176 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Сийн мэдүүлсэн: ...Би 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа явсан, манай 2 хүүхэд байхгүй, гэр эзгүй хойгуур манай гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байсан. Би гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзтэл манай гэрийн баруун талд байсан миний урт түрийтэй өндөр өсгийтэй шинэ арьсан гутал, богино түрийтэй өсгийтэй хуучин өмсөж байсан гутал, эмэгтэй хүний өсгийтэй сандаал зэргийг хулгайлаад аваад явсан байсан. Манай гэрээс миний цагаан сараар нэг удаа өмсөөд тайлсан урт түрийтэй арьсан гутал 1 ширхэг, богино түрийтэй арьсан гутал 1 ширхэг, эмэгтэй хүний сандаал 1 ширхгийг хулгайд алдсан. Өөр эд зүйл алдаагүй. Миний гэрээсээ алдсан гутал нь урт түрүүтэй өвлийн, өндөр бүдүүн өсгийтэй, шагай хэсгээрээ тойрсон чимэглэлтэй, 37 размерын, хар өнгийн арьсан шинэ гутал, эмэгтэй хүний хар өнгийн арьсан богино түрийтэй бүдүүн өсгийтэй, шагай хэсгээрээ хэлтэй 37 размерын гутал, шагай хэсгээрээ тойрсон хэлтэй, эмэгтэй хүний нарийн өсгийтэй гялгар ултай, дээд хэсэг нь хар өнгийн сандаал 37 размерын. Би урт түрийтэй арьсан гутлаа 2023 оны 02 дугаар сард 150.000 төгрөгөөр худалдаж аваад нэг удаа өмссөн учир 150.000 төгрөгөөр үнэлж байна. Богино түрийтэй арьсан гутлаа 2022 оны 09 дүгээр сард 100.000 төгрөгөнд худалдаж аваад хуучин өмсөж байсан учир одоо би 50.000 төгрөгөөр үнэлж байна. Эмэгтэй хүний өндөр өсгийтэй сандаалаа 20.000 төгрөгөөр үнэлж байна. Би урт түрийтэй арьсан гутлаа олоод авчихвал надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бийн мэдүүлсэн: ...Би цайны газраа ажиллуулж байхад 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед Д.Т нь 2 ширхэг эмэгтэй хүний гутал зарна гэж орж ирээд гутлыг нь үзтэл манай нөхрийн охин дүү болох Сийн гутал байсан учир би таниад тухайн хоёр гутлыг манай дүүгийн гутал байна гэж хэлээд Д.Таас хаанаас авсан талаар асуухад танай дүүгийн гутлыг гэрээс нь хулгай хийсэн юм гэж хэлээд хоёр гутлыг үлдээгээд явсан. Эмэгтэй хүний өндөр нарийн өсгийтэй сандаал, ул хэсэг нь гялтгар өнгөтэй, дээд хэсэг нь хар өнгийн, дээд хэсэгтэй гоёлын шигтгээтэй, хавар намрын хар өнгийн арьсан, өндөр бүдүүн өсгийтэй хагас түрийтэй хажуу талдаа цахилгаантай урд хэсгээрээ оломтой гутал байсан. Манай дүү С өмсдөг байсан учир би тухайн хоёр гутлыг хараад шууд таньсан учир тухайн гутлыг Д.Таас авсан. Д.Т нь зарна гэж орж ирээд гутлыг үзтэл манай дүүгийн гутал байсан учир би хаанаас авсан талаар нь асуухад гэрээс нь хулгай хийсэн гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Эн мэдүүлсэн: ...Би гэртээ хүүхдүүдээ хараад байж байтал 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Д.Т манай гэрт орж ирээд ах нь шартаж үхэх гээд байна гээд цагаан торон дотроос 3 ширхэг гутал гаргаж ирээд энэ гутлуудыг худалдаж авах уу, манай эгч Улаанбаатар хотоос өгүүлсэн, миний дүү ганц шил архины мөнгөөр авчих гэхээр нь гутлуудыг үзтэл эмэгтэй хүний урт түрийтэй өвлийн арьсан гутал, эмэгтэй богино түрийтэй хуучин өмсөж байсан хавар намрын арьсан гутал, эмэгтэй хүний өндөр өсгийтэй сандаал зэргийг үзүүлсэн. Би хулгайн юм биш биз дээ гэж асуухад хотоос эгч өгч явуулсан гэж хэлэхээр нь эмэгтэй хүний урт түрийтэй, өвлийн, өндөр өсгийтэй гутлыг нь үзэж байгаад 10.000 төгрөгөөр худалдаж авсан. Нөгөө хоёр гутлыг нь манайхаас аваад гараад явсан. Эмэгтэй хүний хар өнгийн арьсан, өндөр өсгийтэй шилбэ хэсгээрээ чимэглэлтэй 37 размерын гутал худалдаж авсан. Нөгөө хоёр гутлыг нь өөрөө аваад манайхаас гарсан. Би Д.Тын зарна гэж авч орж ирсэн гутлыг хулгайн гутал байсан гэдгийг мэдээгүй, надад хэлэхдээ манай эгч Улаанбаатар хотоос өгүүлсэн гэж хэлсэн. Би Д.Таас гутал худалдаж авсан 10.000 төгрөгөө авсан. Одоо гутал нь надад байгаа. Би гутлыг нь авчирч өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Тын мэдүүлсэн: ...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Согтуу үедээ айлын гэрт нууцаар орж эд зүйлс хулгай хийсэн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Авсан эд зүйлсээ буцааж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 хуу/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-04, 05 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17, 22-23 хуу/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 24-25 хуу/

“Дамно” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн АЦ-23-94 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-37 хуу/ зэрэг нотлох баримтуудыг,

 

Мөрдөн байцаалтын шатанд 2312000000179 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Дгийн мэдүүлсэн: ...Би 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот руу яваад 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байсан. Гэртээ ороход гал тогооны хэсгээс индукцин плитка, цайны халуун сав алга болсон байсан. Манай гэрээс өөр эд зүйл алга болоогүй. Манай гэрийн эд зүйлс бүгд байрандаа байсан. Манай гэрээс индукцин плитка 30x40 см хэмжээтэй, цайны 2 литрийн багтаамжтай халуун сав хулгайд алдсан. Өөр эд зүйл алдаагүй. Миний хулгайд алдсан индукцин плитка 30x40 см хэмжээтэй хар өнгийн унтрааж, асааж ихэсгэж багасгадаг нь мэдрэгчтэй, цайны 2 литрийн багтаамжтай халуун сав нь ёроол дээд хэсэг нь гялтгар никель, дунд хэсэг нь хүрэн өнгөтэй байсан. Би индукцин плитка 30x40 см хэмжээтэй, 2023 оны 01 дүгээр сард 100.000  төгрөгөөр худалдаж авч байсан учир 100.000 төгрөгөөр үнэлж байна. Цайны 2 литрийн багтаамжтай халуун саваа 2023 оны 02 дугаар сард 40.000 төгрөгөөр худалдаж авч байсан учир 40.000 төгрөгөөр үнэлж байна. Би индукцин плитка, цайны халуун сав хоёроо олоод авчихвал надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Дгийн дахин мэдүүлсэн: ...Би хулгайд алдсан индукцин плитка, цайны халуун саваа авсан тул одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Сын мэдүүлсэн: ...2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай гэр эзгүй хойгуур манай гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байсан. Манай эхнэр гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзтэл манай гэрийн гал тогооны шүүгээнээс индукцин плитка, цайны халуун сав хулгайд алдсан байсан. Манай гэрээс индукцин плитка, цайны халуун сав хоёр хулгайд алдсан. Өөр эд зүйл алдаагүй. Манай хулгайд алдсан индукцин плитка 30x40 см хэмжээтэй хар өнгийн унтрааж асаах, ихэсгэж багасгадаг нь мэдрэгчтэй, утас нь мааслаад цэнхэр өнгийн линтээр ороосон байгаа, цайны 2 литрийн халуун сав ёроол дээд хэсгээрээ гялгар никель, дунд хэсэг нь хүрэн өнгөтөй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бийн мэдүүлсэн: ...Би цайны газраа ажиллуулж байхад 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед Д.Т нь 2 литрийн багтаамжтай цайны халуун сав, индукцин плитка барьж орж ирээд би хот руу нүүх гэж байгаа учир өөрийн эд зүйлээ зарж байна, чи энэ хоёрыг хуучин хэрэглэж байсан учир 30.000 төгрөгт худалдаад авчих, зардал хийх гэсэн юм гээд би тухайн 2 литрийн багтаамжтай цайны халуун сав, индукцин плитка хоёрыг үзэж байгаад хуучин хэрэглэж байсан учир 30.000 төгрөгөөр худалдаж авсан. Бор хүрэн өнгийн цагаан таглаатай 2 литрийн багтаамжтай цайны халуун сав, хар өнгийн 30x25 харьцаатай индукцин плитка хоёрыг хуучин хэрэглэж байсан учир би 30.000 төгрөгөөр худалдаж авсан. Д.Т нь надад ярихдаа би Улаанбаатар хот руу нүүж байгаа учир өөрийнхөө эд зүйлээ зарж зардал хийх гэж байгаа юм гэж хэлсэн. Би Д.Тын зарсан 2 литрийн багтаамжтай цайны халуун сав, индукцин плитка хоёрыг хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй. Надад ярихдаа өөрийн эд зүйлээ зарж байгаа гэж хэлсэн. Би 2 литрийн багтаамжтай цайны халуун сав, индукцин плитка хоёрыг 30.000 төгрөгт бодоод мөнгийг нь бэлнээр Д.Тт өгсөн. Надад бор хүрэн өнгийн 2 литрийн багтаамжтай цайны халуун сав, индукцин плитка хоёр хоёулаа байгаа. Би угаасаа дээрх хоёр эд зүйлийг хэрэглээгүй. Яг хэвээрээ байгаа. Одоо би авчирч өгнө. Би Д.Т гэх хүнээс 30.000 төгрөгөө буцааж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Тын мэдүүлсэн: ...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би согтуудаа айлын эд зүйл хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-04 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05, 21, 23 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20 хуу/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 22 хуу/

“Дамно” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн АЦ-23-95 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-35 хуу/

Шүүх хуралдаанд шинээр өгсөн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 хуудас, багийн засаг даргын тодорхойлолт 1 хуудас, Д.Тын эмчилгээтэй холбоотой баримтуудын хуулбар 20 хуудас зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Ихбулаг хорооллын 233 тоотод байх монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрнаас хохирогч Д.Сийн эд зүйлс хулгайд алдагдаж, хохирогч Д Ст 160.000 төгрөгийн хохирол учирсан, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Ихбулаг хорооллын 05-06 тоотод байрлах Ж.Дгийн монгол гэрээс индукцин плитка, цайны халуун сав зэрэг эд зүйлс хулгайд алдагдаж, хохирогч Ж.Дд 98.400 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Т нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Ихбулаг хорооллын 233 тоотод байх монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цоожийг нь эвдлэн нэвтэрч хохирогч Д.Сийн эмэгтэй урт түрийтэй, өсгийтэй гутал 1 ширхэг, эмэгтэй богино түрийтэй, өсгийтэй гутал 1 ширхэг, сандаал 1 ширхэг зэргийг хулгайлж, хохирогч Д.Ст 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Д.Сийн мэдүүлсэн “Би 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа явсан, манай 2 хүүхэд байхгүй, гэр эзгүй хойгуур манай гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байсан. Би гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзтэл манай гэрийн баруун талд байсан миний урт түрийтэй өндөр өсгийтэй шинэ арьсан гутал, богино түрийтэй өсгийтэй хуучин өмсөж байсан гутал, эмэгтэй хүний өсгийтэй сандаал зэргийг хулгай хийгээд аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,

 

            гэрч Д.Бийн мэдүүлсэн “Би цайны газраа ажиллуулж байхад 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед Д.Т нь 2 ширхэг эмэгтэй хүний гутал зарна гэж орж ирээд гутлыг нь үзтэл манай нөхрийн охин дүү болох Сийн гутал байсан учир би таниад тухайн хоёр гутлыг манай дүүгийн гутал байна гэж хэлээд Д.Таас хаанаас авсан талаар асуухад танай дүүгийн гутлыг гэрээс нь хулгай хийсэн юм гэж хэлээд хоёр гутлыг үлдээгээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

            гэрч О.Эн мэдүүлсэн “Би гэртээ хүүхдүүдээ хараад байж байтал 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Д.Т манай гэрт орж ирээд ах нь шартаж үхэх гээд байна гээд цагаан торон дотроос 3 ширхэг гутал гаргаж ирээд энэ гутлуудыг худалдаж авах уу, манай эгч Улаанбаатар хотоос өгүүлсэн, миний дүү ганц шил архины мөнгөөр авчих гэхээр нь гутлуудыг үзтэл эмэгтэй хүний урт түрийтэй өвлийн арьсан гутал, эмэгтэй богино түрийтэй хуучин өмсөж байсан хавар намрын арьсан гутал, эмэгтэй хүний өндөр өсгийтэй сандаал зэргийг үзүүлсэн. Би хулгайн юм биш биз дээ гэж асуухад хотоос эгч өгч явуулсан гэж хэлэхээр нь эмэгтэй хүний урт түрийтэй, өвлийн, өндөр өсгийтэй гутлыг нь үзэж байгаад 10.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Д.Тын яллагдагчаар мэдүүлсэн “Би прокурорын тогтоолтой танилцлаа. Согтуу үедээ айлын гэрт нууцаар орж эд зүйлс хулгай хийсэн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Авсан эд зүйлсээ буцааж өгсөнгэх мэдүүлэг /хх-ийн 49-51/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-04, 05/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17, 22-23/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 24-25/,

“Дамно” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн АЦ-23-94 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-37 хуу/ зэрэг нотлох баримтуудаар,

 

шүүгдэгч Д.Т нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Ихбулаг хорооллын 05-06 тоотод байрлах Ж.Дгийн монгол гэр буюу хүн байнга амьдрах орон байранд цоожийг нь эвдэн нэвтэрч индукцин плитка, цайны халуун сав зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж хохирогч Ж.Дд 98.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Ж.Дгийн мэдүүлсэн “Би 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот руу яваад 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байсан. Гэртээ ороход гал тогооны хэсгээс индукцин плитка, цайны халуун сав алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10, 26/,

 

гэрч С.Сын мэдүүлсэн “2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай гэр эзгүй хойгуур манай гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байсан. Манай эхнэр гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзтэл манай гэрийн гал тогооны шүүгээнээс индукцин плитка, цайны халуун сав хулгайд алдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

гэрч Д.Бийн мэдүүлсэн “Д.Т нь надад ярихдаа би Улаанбаатар хот руу нүүж байгаа учир өөрийнхөө эд зүйлээ зарж зардал хийх гэж байгаа юм гэж хэлсэн. Би Д.Тын зарсан 2 литрийн багтаамжтай цайны халуун сав, индукцин плитка хоёрыг хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй. Надад ярихдаа өөрийн эд зүйлээ зарж байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Д.Тын яллагдагчаар мэдүүлсэн “Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би согтуудаа айлын эд зүйл хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,  

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-04/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05, 21/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 22/,

“Дамно” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн АЦ-23-95 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-35/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэргүүдэд шүүгдэгч Д.Т нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Д.Тыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Т нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Д.Т нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Ихбулаг хорооллын 233 тоотод байх монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цоожийг нь эвдлэн нэвтэрч хохирогч Д.Сийн эмэгтэй урт түрийтэй, өсгийтэй гутал 1 ширхэг, эмэгтэй богино түрийтэй, өсгийтэй гутал 1 ширхэг, сандаал 1 ширхэг зэрэг эд зүйлсийг, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Ихбулаг хорооллын 05-06 тоотод байрлах Ж.Дгийн монгол гэр буюу хүн байнга амьдрах орон байранд цоожийг нь эвдэн нэвтэрч индукцин плитка, цайны халуун сав зэрэг эд зүйлсийг тус тус хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилсныг журамлан шүүгдэгч Д.Тын үйлдэл тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Д.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хохирол төлбөрийг сайн дураар төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.  

 

           Шүүгдэгч Д.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Д.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, шүүгдэгч Д.Тын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ст 160.000 төгрөгийн, хохирогч Ж.Дд 98.400 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч Д.Т нь хохирогч Д.С, хохирогч Ж.Д нараас хулгайлсан эд зүйлсийг тус тус буцаан өгсөн, хохирогч Д.С, хохирогч Ж.Д нар нь хохирлоо авсан, гомдолгүй гэсэн тул шүүгдэгч Д.Тыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/576 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Д.Тыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүнийг албадан ирүүлэхийг Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Д.Т нь шийтгэх тогтоол гарах өдөр хүртэл цагдан хорих байранд хүргэгдээгүй байх тул түүнийг энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Дийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          Р.АЛТАНЦЭЦЭГ