Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/182

 

 

 

 

2023/ШЦТ/182

 

 

 

/


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Хохирогч: О.О

Шүүгдэгч: П.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Пн Лт холбогдох 2312000000173 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дүгээр багийн .. хорооллын .. тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Пн Л /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч П.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны 19-045 тоотын гадна 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр согтуурсан үедээ хохирогч О.Оын нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Л мэдүүлэхдээ: Би тэр орой эхнэртэйгээ Булган уулын зүүн талд найзуудтай нь салхинд гарах гэж явсан. Тэнд бид нар архи уугаад нэг найзтай нь маргалдаад манай эхнэр, дүүгийнхээ хамт бид хоёрыг салгасан. Тэгээд би дүүтэй нь гэртээ харьсан. Гэртээ ороод унтаад сэрсэн чинь эхнэр байхгүй байсан бөгөөд би дүүтэй нь хамт 2, 3 цаг хайж явсан. Тэгсэн чинь эхнэр О.Отай хамт архи уугаад сууж байсан. Тэгээд би О.Отай эхнэрээ  хардаад сууж байсан машинаас нь татаж гаргаад зодсон гэв.

Шүүх хуралдаанд хохирогч О.О мэдүүлэхдээ: 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн орчим П.Лийн эхнэр манай ээжийн утас руу залгасан. Тухайн үед ээж гэртээ байхгүй байсан болохоор би утсыг нь авч ярьсан. Отгоо байна гээд ээжийг асуухаар нь би ээжийг байхгүй, эзгүй байна гэж хэлсэн чинь Отгоо танай хашааны хойно байна, чи 2 аяга аваад гараад ир гэхээр нь яваад очтол Отгоо, 2 найзтайгаа хамт 1 шил архи ууж байсан. Тэр архинаас нь би хамт уугаад юм яриад сууж байсан. Тэгээд тасарсан учраас юу болсныг сайн санахгүй байна. Отгоогийн дүүгийн хэлснээр П.Л ирээд намайг зодсон гэсэн. Би одоо хохирол, төлбөр нэхэмжлэхгүй. Одоо миний нүд өвдөөд байгаа. Хүнд ажил хийж болохгүй гэсэн боловч яах аргагүй ажил хийх шаардлагатай учраас ажлаа хийж байгаа. Ажлаа хийхээр миний нүд хавдаад босч ирдэг. Одоо би нүдээ эмчлүүлмээр байна гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 2312000000173 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Оын мэдүүлсэн: ...Би 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр Цогт-Уул хорооллын 01-16 тоотод байдаг гэртээ байхад ээжийн гар утас руу О залгахаар нь аваад ярьсан чинь Лгийн эхнэр О байсан. Тэгсэн чинь манай ээжийг асуухаар нь эзгүй байна гэсэн. Тэгтэл намайг аяга аваад гараад ирээч, би танай хойно найзуудтайгаа хамт байна гэхээр нь яваад очтол О түүний охин, ажлынх нь эмэгтэй гээд 2 эмэгтэй хүнтэй цуг дөрвүүлээ байж байсан. Тэнд очоод 1 шил архи нөгөө хэд задалсан. Нөгөө архийг О болон машины рул дээр сууж байсан намхан нуруутай эмэгтэй хоёр угаагүй, харин би настай эмэгтэйтэй цуг хувааж хоёулаа уусан. Мөн дахин нэг пиво задалсан гэсэн. Тэрийг ууснаа би мэдэхгүй. Ямар ч байсан машиных нь арын суудал дээр унтаж явсан. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй. Нэг сэрсэн чинь эмнэлэгт цус нөжтэйгээ холилдсон хэвтэж байсан. Хэзээ, хаана намайг зодсоныг мэдэхгүй байна. Лгийн охин дүү болох Б надад хэлэхдээ Л зодсон гэж хэлсэн. Мөн чи биеэ авч явах чадваргүй байхад манай балай юм зодчихсон гэсэн. Би тэрийг бол мэдэхгүй, санахгүй байгаа. Харин Лгийн охин дүү болох Б надад хэлэхдээ машинаас татаж гаргаж ирээд газартай зүүн талын шанаа хэсгийг хавсарч гараараа цохиод байсан гэж хэлсэн. Миний биеийн баруун талын шанаа хэсэг, нүдний ухархайн яс цөмөрч хугарсан, амны дотор салстууд нилэнхүүдээ гэмтсэн. Би тэрийг мэдэхгүй байна. Би маш их гомдолтой. Учир нь өөрийн эрүүл мэндээрээ хохирч, мөн ажил төрөлгүй болсон. Мөн цаашид хүнд хүчир ажил хийж болохгүй хэлсэн. Тийм болохоор маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Оын дахин мэдүүлсэн: ...Хохирлын баримтаа одоогоор гаргаагүй байна. Хохирлын баримтаа гаргасны дараа прокурор юм уу шүүх хурал дээр гаргаж өгөх болно. Би хохирол төлбөрөө огт аваагүй байгаа. Миний хохирлыг төлсөн ямар нэгэн зүйл байхгүй. Маш их гомдолтой байна. Би хохирлоо бүрэн гүйцэд төлүүлмээр байна. Мөн ажил төрөл хийж чадахгүй, эрүүл мэндээрээ хохироод байна. Энэ асуудлыг Л болон түүний ар гэрийнхэн бүгд мэдэж байгаа. Хэрэв би Лт зодуулж эрүүл мэндээрээ хохироогүй бол өнөөдөр зүгээр ажлаа хийгээд л явж байх байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бгийн мэдүүлсэн: ...Намайг Архангай аймгийн төвд байдаг ажил дээрээ байхад манай ээж Пүрэвсүрэн гар утсаар залгаад Л ахыг алга болсон гэж Ч ярилаа, чи очоод үзээдэхээч гэж хэлэхээр нь би тус аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр Булган уулын зүүн суга орчим очсон. Намайг очиход Л, О, Ч, А гэх хүмүүс байсан бөгөөд очиход манай ах Л, бэр Онар хоорондоо маргалдаад байж байсан. Тэгэхээр нь би Оийг охинтой нь, Ч нарыг машиндаа суулгаад Лийн гэр рүү очиж гэрт нь оруулж өгөөд Л дээр эргэж очоод машиныг нь А гэх хүнтэй түлхүүртэй нь үлдээгээд Лийг гэр рүү нь аваад явсан. Очсон чинь Ч, Онар байгаагүй. Тэр үед цаг 18 цаг болж байсан. Ах Лийн хамт гадуур түүний эхнэр О, Ч нарыг хайсан. Хайж явахад Л ах надаас салаад явсан. Яг хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Хайж байгаад 20 цагийн орчим Чын гэр болох тус аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан давааны 22 дугаар гудамжинд /яг тоотыг нь мэдэхгүй байна/ Чын гэрт Ч, О, Л нар байсан. Тэр үед Лийн машинд нь О нь унтаж байсан юм шиг байна лээ. Тэрийг нь би мэдээгүй. Ч эгчийн гэрт О, Л нар маргалдаад байхад Лийн охин Солонго машинд нэг ах байгаа гэж хэлсэн. Тэгэхэд Л гэрээс гарч гүйгээд машинд байсан залууг машинаас чирч гаргаж ирээд толгой хэсэг буюу баруу талын шанаа хэсэг рүү нь гараараа 3-4 удаа цохихоор нь би хүн аллаа гэж хэлээд салгасан. Үүнээс хойш дахиж цохиж зодсон ямар нэгэн асуудал болоогүй. Миний мэдэх зүйл энэ. Л чи манай эхнэртэй архи уугаад байхдаа яах вэ дээ гээд гараараа толгой хэсэг буюу баруун шанаа хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. Түүнээс өөр цохиж, зодсон ямар нэгэн асуудал байхгүй. О нь машин дотор унтаж байсан болохоор цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Ямар ч байсан хэрэлдээд байсан. Түүнээс цохиж, зодож байсныг би хараагүй. Оын нүүр хэсэг буюу баруун талын шанаа хэсэг рүү нь гараараа 3-4 удаа цохисон. Түүнээс өөр цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Харин би салгасан юм. Намайг салгаснаас хойш цохиж, зодсон ямар нэгэн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Чын мэдүүлсэн: ...Тухайн өдөр намайг гэртээ байхад Огар утсаар залгаж салхинд гарах уу гэхээр нь тэгье гээд О, Анхцэцэг нартай цуг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Зүүн суга руу явцгаасан. Тэнд байхад Онэг хүн гар утсаар залгаж дуудсан. Тэгсэн тэр нь О гээд хүн байсан. Бид нар тэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад Б бид нар дээр Оийг аваад явсан. Харин А, тэр О, бид нар манай гэрийн гадаа 18 цагийн орчим ирсэн. Гэрт ирээд байж байхад Л эхлээд ирсэн. Дараа нь Б ирсэн. Тэр үед О гэх залуу машин дотор сэрэхгүй унтаад байсан. Татаж сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан. Тэгсэн чинь Л машинаас нөгөө О гэх залууг чирч гаргаж ирээд цохиж зодоод байсан чинь Б Лийг салгасан. Удалгүй цагдаа ирж нөгөө хэдийг аваад явсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Л нь Оыг зодох болсон шалтгаан нь Оийг Отай хардаж улмаар цохиж зодох болсон байх. Нарийн учрыг нь сайн санахгүй байна. Түүнээс О нь Лтэй хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. О нь машин дотор унтаж байсан. Тийм болохоор цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Ямар ч байсан хэрэлдээд байсан. Түүнээс цохиж зодож байсныг би хараагүй. Машинаас буулгаад газар унагаж байгаад нүүр хэсэг рүү нь гараараа цохиод байсан. Яг хэдэн удаа цохиж зодсоныг би анзаараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр Жамганы булаг гэх газарт Ч, А нарын хамт очиж тэндээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэнд байж байхдаа би Оын ээжийн гар утас руу залгахад О гар утсыг нь авахаар нь би танай ойролцоо хоёр эгчиин хамт сууж байна гэхэд О мотоцикльтой хүрээд ирсэн бөгөөд ирээд мэнд ус мэдэж бид нар ууж байсан зүйлээсээ өгсөн. Мөн өөрөө бид нар дээр ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирсэн. Бид нарын ууж байсан архинаас ууж байгаад О тасраад машинд унтаад өгсөн. Дээрх үйл явц болохоос өмнө нөхөр Л, Ч, А, бид нар Булган уулын зүүн суганд хэсэг сууж байгаад би өөрийн нөхөр Лтэй маргалдсан. Тэгэхээр нь хадам дүү Бг дуудсан. Удалгүй Б ирээд Ч, бид хоёрыг манай гэрт хүргэж өгсөн. Тэр үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор нөхрийг ирээд дахиад хэрэлдэх байх гэж бодоод Чын гэрт очсон. Тэнд очиход манай нөхөр байсан. Тэгснээ миний өөдөөс уурласан. Машин дотор О унтаж байсныг мэдээгүй. Тэгтэл машинд унтаж байсан Оыг манай нөхөр хараад машинаас татаж буулгаж ирээд 2-3 удаа цохисон миний харснаар. Тэгээд Б ирж нөгөө хоёрыг салгасан. Ер нь бол ийм л зүйл болсон. Отай намайг цуг нийлж архи уусан болохоор хардсаны улмаас цохиж зодсон байх. Түүнээс өөр ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүй. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Учир нь би архи согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглэсэн байсан болохоор мэдэхгүй байна. Намайг цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Хоорондоо бол хэрүүл маргаан хийсэн нь үнэн. Ямар ч байсан миний санаж байгаагаар машинаас татаж гаргаж ирээд 2-3 удаа гараараа цохисон санагдаж байна. Гэхдээ нарийн сайн мэдэхгүй байна. Учир нь нилээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор. Дээрх үйл явц болхоос 2-3 хоногийн өмнө манай гэрт О нь ирээд явсан. Тэр үед би ажилдаа явж таарсан. Мөн манай мотоциклийг гуйгаад аваад явсан байсан. Ирэхгүй удаад байхаар нь манай нөхөр Оын эгчээс нь Оын гар утсыг асуусан гэсэн. Тэр эгч санаатай Оын гар утсыг асууж сураглаад байсан гэж яриад байгаа юм. Манай нөхөр гар утсыг нь асуусан шалтгаан нь мотоциклио асуух гэж гар утсыг нь асуусан байсан. Үүнийг буруу ойлгосон юм байна лээ. Тухайн зодоон цохион болсон асуудал нь санамсаргүй болсон асуудал байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч П.Лийн мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэл, үйлдэл холбогдол дээр ямар нэгэн маргаан байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 178 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. О.Оын биед баруун ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, амны дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 29-30 хуу/

Эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-ийн 33-46 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны 19-045 тоотын гадна 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хохирогч О.О нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Л нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны 19-045 тоотын гадна 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр согтуурсан үедээ хохирогч О.Оын нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

хохирогч О.Оын мэдүүлсэн “Ямар ч байсан машиных нь арын суудал дээр унтаж явсан. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй. Нэг сэрсэн чинь эмнэлэгт цус нөжтэйгээ холилдсон хэвтэж байсан. Хэзээ, хаана намайг зодсоныг мэдэхгүй байна. Лгийн охин дүү болох Б надад хэлэхдээ Л зодсон гэж хэлсэн. Мөн чи биеэ авч явах чадваргүй байхад манай балай юм зодчихсон гэсэн. Харин Лгийн охин дүү болох Б надад хэлэхдээ машинаас татаж гаргаж ирээд газартай зүүн талын шанаа хэсгийг хавсарч гараараа цохиод байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08, 71-72/,

гэрч Г.Бгийн мэдүүлсэн “Хайж байгаад 20 цагийн орчим Чын гэр болох тус аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан давааны 22 дугаар гудамжинд /яг тоотыг нь мэдэхгүй байна/ Чын гэрт Ч, О, Л нар байсан. Тэр үед Лийн машинд нь О нь унтаж байсан юм шиг байна лээ. Ч эгчийн гэрт О, Л нар маргалдаад байхад Лийн охин Солонго машинд нэг ах байгаа гэж хэлсэн. Тэгэхэд Л гэрээс гарч гүйгээд машинд байсан залууг машинаас чирч гаргаж ирээд толгой хэсэг буюу баруу талын шанаа хэсэг рүү нь гараараа 3-4 удаа цохихоор нь би хүн аллаа гэж хэлээд салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,

гэрч С.Чын мэдүүлсэн “Гэрт ирээд байж байхад Л эхлээд ирсэн. Дараа нь Б ирсэн. Тэр үед О гэх залуу машин дотор сэрэхгүй унтаад байсан. Татаж сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан. Тэгсэн чинь Л машинаас нөгөө О гэх залууг чирч гаргаж ирээд цохиж зодоод байсан чинь Б Лийг салгасан. Удалгүй цагдаа ирж нөгөө хэдийг аваад явсан. Машинаас буулгаад газар унагаж байгаад нүүр хэсэг рүү нь гараараа цохиод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

гэрч Б.Оийн мэдүүлсэн “Бид нарын ууж байсан архинаас ууж байгаад О тасраад машинд унтаад өгсөн. Тэгтэл машинд унтаж байсан Оыг манай нөхөр хараад машинаас татаж буулгаж ирээд 2-3 удаа цохисон миний харснаар. Тэгээд Б ирж нөгөө хоёрыг салгасан. Отай намайг цуг нийлж архи уусан болохоор хардсаны улмаас цохиж зодсон байх. Ямар ч байсан миний санаж байгаагаар машинаас татаж гаргаж ирээд 2-3 удаа гараараа цохисон санагдаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд П.Лийн яллагдагчаар мэдүүлсэн “Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэл, үйлдэл холбогдол дээр ямар нэгэн маргаан байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,

хохирогч О.Оын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 178 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч П.Л нь гэм буруутай байна.

Иймд шүүгдэгч П.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч П.Л нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч П.Л нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны 19-045 тоотын гадна 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр согтуурсан үедээ хохирогч О.Оын нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Лт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Лийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч П.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Л нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч О.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

 

Шүүгдэгч П.Лийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох боломжтой талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Пн Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Лт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч П.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Р.АЛТАНЦЭЦЭГ