| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0182/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/183 |
| Огноо | 2023-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/183
2023/ШЦТ/183
| / |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгч: Ч.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Чгийн Дд холбогдох 2312000000059 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Х сумын Ө багийн .. гэх газарт оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овогт Чгийн Д/РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Днь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн төвд 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагийн үед иргэн М.Згийн зүүн дал хэсэгт хутгалж, М.Згийн биед зүүн далны доод хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2312000000059 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Згийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Хотонт сумын Орхон багт мал маллаж амьдардаг хүн байгаа юм. 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн төвд манай хадам ээжийн ойрын төрлийн хүн нас бараад ажил явдалд 15 цагийн үед очоод байж байхад хүмүүс гэрт маань хөгжөөгөөд би гадаа юм хийгээд явж байтал тухайн өдөр 19 цагийн үед бүрэнхий тасарч байхад араас Ч.Днь хутгалсан. Би эргээд хартал Ч.Днь ална гээд над руу дайрсан. Тэгээд би зугтаагаад Хотонт сумын Өндөр сант багийн эмчид очиж үзүүлээд тариа, боолт хийлгээд Хотонт сумын төвд ирж эмнэлэгт үзүүлээд, Хотонт сумын эмнэлэг намайг Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Би Ч.Дгэх хүнийг сайн танихгүй. Аав Ч гэх хүнийг л танина. Ч.Д, бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би тухайн өдөр Ч.Дгэх хүнтэй маргалдсан асуудал болоогүй. Ч.Днь миний зүүн талын дал хэсэгт 1 удаа хутгалсан. Өөрөөр цохиж, зодсон зүйл болоогүй. Би Ч.Дыг цохиж, зодсон зүйл байхгүй. Ямар шалгаанаар Ч.Дминий зүүн талын дал хэсэгт хутгалж гэмтэл учруулсныг би мэдэхгүй байна. Би Ч.Дтай маргалдаж, ам муруйсан зүйл ч болоогүй. Намайг хүнтэй андуурсан байж магадгүй. Би хутгыг нь сайн анзаараагүй. Би бол архи сугтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Ч.Днь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байсан. Гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. Намайг Ч.Дхутгалах үед Ч.Саруул, Ч.Ц хоёр гадаа байсан. Би зүгээр явж байгаад хутгалуулсандаа маш их гомдолтой байна. Цаашид биеэ эмчлүүлж байгаад эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Цгийн мэдүүлсэн: ...2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хотонт сумын Өндөрсант багт манай хамаатны хүн нас бараад ажил явдалд оролцох гээд очиход өдөр 17 цагийн Дхалиун морьтой согтуу агсраад яваад байсан. Орой болоод хүмүүс маань хөгжөөгөөд дуусч байтал 19 цагийн үед М.З, Ч.Дхоёр хашаан дотор байсан. Тэгээд З нь над дээр хүрч ирээд Днамайг хутгалчихлаа, нуруу хэсэг хүйтэн оргиод байна гэхээр нь би Өндөрсант багийн эмч рүү дагуулж яваад үзүүлье гээд Мтай гэрт оруулаад хувцсаа тайлаад байж байтал Өндөрсант багийн эмч ирж үзлэг хийсэн. Миний дэргэд Д, З нар хоорондоо маргалдаж, муудалцсан асуудал болоогүй. Би яг хутгалж байгааг нь хараагүй. Намайг маань хөгжөөж дуусаад гэрээс гартал З түрүүлж хашааны хаалгаар орж ирээд Дараас нь ойрхон цуг орж ирж харагдсан, З над дээр шууд ирээд намайг Дараас хутгалчихлаа, хүйтэн оргиод байна гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Сын мэдүүлсэн: ...2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай аав даралт харваад нас бараад ажил явдал гараад манайд хүмүүс их ирсэн байсан. Тухайн өдөр Днь манайд согтуу 2 удаа орж ирээд би Дыг энд ажил явдал гарсан байна, миний дүү явчих гээд 2 удаа хашаанаасаа гаргаад явуулсан. Тухайн үед би М.Зг Дхутгалсныг мэдээгүй. Орой 10 цагийн үед Днь Зг хутгалсан талаар мэдсэн. Би Д, З нарыг хоорондоо маргалдсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед маань хөгжөөх гэж байсан учир гадаа байсан бүх хүмүүсийг би гэрт оруулсан. Маань хөгжөөх үед Зулцэцэг, Днар гэрт орж ирээгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 25-28 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Дын мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 42 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. М.Згийн биед зүүн далны доод хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 10-11 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн төвд 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагийн үед иргэн М.З нь зүүн дал хэсэгтээ бусдад хутгалуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Днь Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн төвд 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагийн үед иргэн М.Згийн зүүн дал хэсэгт хутгалж, М.Згийн биед зүүн далны доод хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч М.Згийн мэдүүлсэн “2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн төвд манай хадам ээжийн ойрын төрлийн хүн нас бараад ажил явдалд 15 цагийн үед очоод байж байхад хүмүүс гэрт маань хөгжөөгөөд би гадаа юм хийгээд явж байтал тухайн өдөр 19 цагийн үед бүрэнхий тасарч байхад араас Ч.Днь хутгалсан. Би эргээд хартал Ч.Днь ална гээд над руу дайрсан. Тэгээд би зугтаагаад Хотонт сумын Өндөр сант багийн эмчид очиж үзүүлээд тариа, боолт хийлгээд Хотонт сумын төвд ирж эмнэлэгт үзүүлээд Хотонт сумын эмнэлэг намайг Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/,
гэрч Ц.Цгийн мэдүүлсэн “Орой болоод хүмүүс маань хөгжөөгөөд дуусч байтал 19 цагийн үед М.З, Ч.Дхоёр хашаан дотор байсан. Тэгээд З нь над дээр хүрч ирээд Днамайг хутгалчихлаа, нуруу хэсэг хүйтэн оргиод байна гэхээр нь би Өндөрсант багийн эмч рүү дагуулж яваад үзүүлье гээд Мтай гэрт оруулаад хувцсаа тайлаад байж байтал Өндөрсант багийн эмч ирж үзлэг хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22/,
гэрч Д.Сын мэдүүлсэн “Тухайн өдөр Днь манайд согтуу 2 удаа орж ирээд би Дыг энд ажил явдал гарсан байна, миний дүү явчих гээд 2 удаа хашаанаасаа гаргаад явуулсан. Тухайн үед би М.Зг Дхутгалсныг мэдээгүй. Орой 10 цагийн үед Днь Зг хутгалсан талаар мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Ч.Дын яллагдагчаар мэдүүлсэн “Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/
хохирогч М.Згийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 42 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10-11/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Днь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Ч.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Днь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ч.Днь Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн төвд 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагийн үед иргэн М.Згийн зүүн дал хэсэгт хутгалсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Дыг урьд нь тухайн төрлийн гэмт хэрэгт торгох ялаар шийтгүүлж байсан боловч дахин гэмт хэрэг үйлдсэн, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн болон хэргийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Ч.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Днь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Хохирогч М.З нь мөрдөн байцаалтын шатанд “хохирлоо аваагүй, нааш, цааш явсан замын зардлаа болон эмчилгээтэй холбоотой хохирлоо нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч хохирлын талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгч Ч.Дыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч М.З нь бусад учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Днь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн дээл 1 ширхэг, бор шаргал өнгийн хүрэм 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч М.Зд буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Дыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох боломжтой талаар мэдүүлсэн байх тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Чгийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Днь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн дээл 1 ширхэг, бор шаргал өнгийн хүрэм 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч М.Зд буцаан олгосугай.
5. Шүүгдэгч Ч.Днь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь бусад учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ