Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2020/00254

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Г” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Х банк” ХХК/РД: /-д холбогдох,

 

10 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэдэнбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэдэнбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэг: Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн ЖДҮ-ийн төсөл сонгон шалгаруулах дэд компанийн 2013 оны 09 сарын 30-ны өдрийн шийдвэрээр сонгон шалгаруулалтанд “Г” ХХК-ийн “Монгол Ухааны Бэлэг” 50,000,000 төгрөгийн төсөл шалгарч, 2014 оны 03 сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны Дархан салбараас авахаар очиход тус банк нь ямар ч үндэслэл тайлбаргүйгээр дур мэдэн манай компанийн төслийн үндсэн зээл болох 50,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй. Иймд 10,000,000 төгрөгийг “Х банк” ХХК-иас гаргуулж, “Г” ХХК-ийн тавилгын үйлдвэрт нөхөн олгуулж өгөх нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна.

Хоёр: Нэхэмжлэлийн үндэслэл: Дархан-Уул аймгийн ЖДҮ-ийн төсөл сонгон шалгаруулах дэд комиссын 2013 оны 09 сарын 30-ны өдрийн шийдвэрээр “Г” ХХК-ийн “Монгол ухааны бэлэг” 50 000 000 төгрөгийн төсөл шалгаруулалтаар шалгарч 2014 оны 03 сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны салбараас авахаар очтол тус тус банк нь ямар ч үндэслэлгүйгээр дур мэдэн манай компанийн үндсэн зээл болох 50,000,000 төгрөгнөөс 10,000,000 төгрөгийг Х банк 40 00 000 болгон олгосон юм.

Энэ талаар миний бие удаа дарааллан Дархан-Уул аймгийн ЖДҮ-ийн сан болон ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн сан болон яамны сайд нарт гомдол гаргахад тэдгээр сан болон яамнаас нэг ижил төрлийн хариу ирж байсан.

Үүнд: Дархан-Уул аймгийн ЖДҮ-ийн сан болон ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн сан нь: Манай сангийн зүгээс шалгарсан төслийн үнийн дүнгээс багасгаж олго гэсэн шаардлага тавьж байгаагүй учир тухайн банктайгаа учраа ололцох нь зүйтэй гэсэн тайлбарыг өгч байсан билээ.

Уг тайлбарын дагуу манай компанид 10,000,000 төгрөгийг дутуу олгосон байна, танай банк ямар эрхтэй гэж дур мэдэн хасаж байгаа юм гэж хэлэхэд манай банк танай компанитай байгуулсан гэрээгээ цуцлана, битгий олон долоон юм яриад бай гэж “Хас” банкны Дархан салбарын нөхдүүд манай компанийн үйл ажиллагааг илтэд үл хүндэтгэн ЖДҮ-ийн сангаас олгодог төслийг сонгон шалгаруулах аймгийн дэд комиссын 2014 оны 03-р сарын 07-ны өдрийн шийдвэрээр “Г” ХХК-ийн “Монгол ухаан Бэлэг” нэртэй төсөл шалгарч Дархан Уул аймгийн “Хас” банкны салбартай 2014 оны 03-р сарын 07 ны өдрөөс 2021 оны 03-р сарын 07-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай байгуулсан 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээг цуцлах, 24.444.347,94 төгрөгийг “Г” ХХК-иас гаргуулах үндэслэлгүй нэхэмжлэлийг шаардаж байгаад манай компани маш их гомдолтой байна.

Учир нь: “Монет” ХХК нь манай “Г” ХХК-тай байгуулсан 2017 оны 12-р сарын 10-ны өдрийн 23 тоот ажил гүйцэтгэх гэрээ хийж, 18.000.000 төгрөгийн гэрээний 15.000.000 төгрөгийн урьдчилгаанд иж бүрэн тоног төхөөрөмж бараа солилцоогоор худалдан авч үлдсэн 3.000.000 төгрөгийг бэлнээр авахаар харилцан тохиролцон гэрээ хийсэн бөгөөд энэ 2018 оны эхний 5 сард зээл төлөх боломжгүй байгаа тул биднийг аргагүй байдлын харгалзан үзэж зээлийн төлөх хугацаанд түр хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг Х банкинд гаргаж хэлсээр байхад манай зээлийн гэрээг цуцлаж манай компанийг хүнд байдалд оруулсанд маш их гомдолтой байна.

Гурав: Эрх бүхий байгууллагаас ирсэн нотлох баримтын тухай: “Хас” банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан болон давж заалдах, Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс хэргийг хянаж үзэхдээ зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг судалж үзэлгүй жишээлбэл: Зээлдэгчийн эрүүл мэнд санхүүгийн болон цаг хугацааны асуудалд дүгнэлт хийж үзэлгүй зөвхөн зээлийн гэрээний нөхцөл байдалд уялдуулан хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан шүүхийн шийдвэрийг удаа дарааллан гаргаж байгаад үндэсний үйлдвэрлэгч “Г” ХХК-ийн захирал Д.Энхбаатар миний бие маш их гомдолтой байна.

Учир нь: Анх Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтэс тухайн үеийн Хөдөлмөрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн сангаас 50 сая төгрөгийн зээлийг авах ёстой байтал “Хас” банк миний авах ёстой 50 сая төгрөгийн 40 сая төгрөгийг өгөөгүй үйлдэл нь Монгол улсийн үндсэн хуулийн 14-р зүйлийн 14.2-т Хүнийг үндэс угсаа, хэл, арьс өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө мөнгө, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчин миний авах ёстой 10 сая төгрөгийг өгөөгүй билээ.

Зээлдэгч Д.Энхбаатар миний бие зүрхний шигдээс өвчний 3-р зэргийн оноштой 2016 оны 01-р сарын 02-ноос 2017 оны 12-р сарын 28-ны өдөр хүртэл удаа дарааллан Улсын 3-р эмнэлэгийн зүрхний шигдээсийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан юм. Энэ тухай миний бие Д.Энхбаатар “Хас” банкны дархан салбарт учир байдлаа ойлгуулах, мөн миний алдсан хугацааг нөхөн олгож цаашид хамтран ажиллах талаар учир зүйгээ олох гэсэн боловч миний саналыг хүлээж авахаас татгалзсан юм.

Энэ тухай миний бие Д.Энхбаатар нь өөрийн эрүүл мэндийн талаар болон алдсан хугацааны асуудлаар тохиролцон: Хөдөлмөрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн санд доорхи хүсэлтүүдийг явуулж байсан боловч “Хас” банк Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн сангийн 2017 оны 05-р сарын 09 ны өдрийн 1/322 тоот албан бичгийг хүлээж авалгүй шууд шүүхэд хандаж асуудлыг хүндрүүлж байгаад миний бие маш их гомдолтой байна.

Учир нь: Тухайн мөнгө нь “Хас” банкний мөнгө биш Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгож байгаа мөнгө учир тухай төслийн мөнгөний зарцуулалтын эрх олгох, хугацааг сунгах асуудалд эрх бүхий субъект нь Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан байх учиртай, тухайн мөнгийг цаг хугацаанд нь төлүүлэх үүрэг нь “Хас” банкинд байх ёстой гэж миний бие ойлгож байгаа учраас доорхи хүсэлтийг хүргүүлж байсан юм.

2016 оны 05-р сарын 16-ны өдөр Аж үйлдвэрийн яам жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд гаргасан тоног төхөөрөмж авах гэсэн боловч валютын зөрүү үүссэн учраас нэмэлт санхүүжилтийн дэмжлэг авах тухай хүсэлт.

2017 оны 03-р сарын 21 өдөр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж дахин 24 cap хугацааг сунгах тухай хүсэлт тавьсан байсныг тухайн сан дэмжиж байсан.

“Х банк” ХХК-ийн энэхүү хууль бус үйлдэл, үйл ажиллагаа нь хавтгайрсан шинжтэй байна. Иймээс өнөөдрийн хувьд энэхүү үйлдлийг нь таслан зогсоож, дорвитой арга хэмжээ авах цаг нэгэнт болсон. Яагаад гэвэл, гэрээнд заасан үүргээ огт биелүүлэхгүй байна. Үүргээ биелүүлдэггүй мөртлөө зээлийн хүү, алдангийг маш өндөр үнийн хэмжээгээр нэмэгдүүлэн, авч байгаа юм. Үүнийг шударга шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна. Үнэхээр нэг арчаагүй ийм байдлыг таслан зогсоох цаг нь болсон гэж үзэж байна. Ганцхан “Г” ХХК хохироод байгаа юм биш шүү дээ, маш их олон компани хохирч байгаа гэв.

Ийм учраас: “Г” ХХК нь дуусгаж амжаагүй олон ажил гүйцэтгэх гэрээ байгаа тул дээрх 10 сая төгрөгөөр хийж гүйцэтгэх бүрэн боломжтой бөгөөд банкны өр төлөх бүрэн боломжтой Х банкны Дархан салбар, “Аж үйлдвэрийн яам жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-тай байгуулсан гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг шаардаж байгаа бөгөөд манай компанид дутуу олгосон 10.000.000 төгрөгийг нөхөн олгохыг шаардаж байна.” гэв.

 

Хариуцагч “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ГХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус банкинд холбогдуулан гаргасан 10,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд дараахь хариу тайлбарыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу зээл олгосон тухайд: Нэхэмжлэлд “... Дархан-Уул аймгийн ЖДҮ-ийн төсөл сонгон шалгаруулах дэд компанийн 2013 оны 09 сарын 30-ны өдрийн шийдвэрээр “Г” ХХК-ийн “Монгол ухааны бэлэг” 50,000,000 төгрөгний төсөл сонгон шалгаруулалтаар шалгарч 2014 оны 03 сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны салбараас авахаар очтол тус тус банк нь ямарч үндэслэлгүйгээр дур мэдэн манай компанийн үндсэн зээл болох 50 000 000 төгрөгнөөс 10,000,000 төгрөгийг хасан 40,000,000 болгон олгосон юм” гэж дурдсан нь үндэслэлгүй юм.

Тодруулбал, ХасБанкны Дархан салбар 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч ГХХК-д 40,000,000 төгрөгийн зээлийг жилийн 7.00 хувийн хүүтэй 60 сарын хугацаагаар олгох шийдвэрийг гаргаж мөн оны 3 дугаар сарын 7-ны өдөр 1070014516 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулж 3 дугаар сарын 11-ний өдөр ГХХК-ийн 5001047383 дугаартай харилцах дансанд зээлийг олгосон. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 15,100,000 төгрөг, 3 дугаар сарын 6-ны өдөр 24,900,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ГХХК-ийн зээлийн эх үүсвэрийн зориулалтаар ХасБанкны Төв албаны өглөг бүртгэх 5000000138 дугаартай дансанд шилжүүлсэн нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нотлох баримтаар гаргуулсан бүртгэлийн дансны хуулга, хариуцагч ХасБанкны 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн болон 3 дугаар сарын 6-ны өдрийн Эх үүсвэр бүртгэх баримтууд, Төв албаны өглөг бүртгэх 5000000138 дугаартай дансны хуулгуудаар тус тус нотлогддог.

2. Хамтран ажиллах гэрээний тухайд: Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 13512 дугаар захирамжаар хариуцагчаас гаргуулж хавтаст хэрэгт хавсаргасан ХасБанк ХХК-ийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан 2011/02 дугаартай Хамтран ажиллах гэрээний 5.2-т “Банк нь зөвхөн төсөл сонгон шалгаруулах дэд комиссоос санал болгосон зээлийн хүсэлтийг энэхүү гэрээний 2.4-т зааснаар зээл хүсэгчид тавих шаардлагын хүрээнд судлан үзэж, зээл олгох, эс олгох асуудлыг зээл хүсэгчийн банкинд материалаа бүрэн бүрдүүлжөгснөөс хойш ажпын 14 хоногт баггаан банкны зохих журмаар шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ хуулиар хориглоогүй барьцааны бүх төрлийг зөвшөөрнө”, 5.12-т “Дэд комиссоос санал болгосон зээл хүсэгч нь Банкинд мөрдөгддөг зээлийн журам, зааварт заасан шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд төслийг буцаана”, хариуцагчийн хүсэлтээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нотлох баримтаар гаргуулсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2010 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор арилжааны банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгох төслийг сонгон шалгаруулах дэд комиссын үйл ажиллагааны журмын 3.5-д “Дэд комиссоос дэмжигдсэн төслүүдийг шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор дамжуулан зээлдүүлэх банкинд шилжүүлэх ба 3.6-д Гэрээ байгуулсан арилжааны банкаар ажлын 14 хоногт багтаан банкинд мөрдөгдөж буй журмын дагуу судлуулан шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан байдаг бөгөөд төсөл сонгон шалгаруулах дэд комисс нь зөвхөн төслийг сонгон шалгаруулах чиг үүрэгтэй бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид зээл олгох шийдвэр гаргадаггүй буюу оролцдоггүй болно. Иймд нэхэмжлэгчийн зээлийн хэмжээг хариуцагч дур мэдэн багасгасан гэж буй нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлд дурдсан “... Дархан Уул аймгийн “Хас” банкны салбартай 2014 оны 03-р сарын 07 ны өдрөөс 2021 оны 03-р сарын 07 ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай байгуулсан 40.000.000 төгрөгний зээлийн гэрээг цуцлах 24.444.347,94 төгрөгийг “Г” ХХК-иас гаргуулах үндэслэлгүй нэхэмжлэлийг шаардаж байгаад манай компани маш их гомдолтой байна ... энэ 2018 оны эхний 5 сард зээл төлөх боломжгүй байгуу тул бидний аргагүй байдлыг харгапзан үзэж зээлийн төлөх хугацаанд түр хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг Х банкинд гаргаж хэлсээр байхад манай зээлийн гэрээг цуцалж манай компанийг хүнд байпалд оруулсанд маш их гомдолтой байна ... “Хас” банкны нэхэмжлэлэй иргэний хэргийн анхан болон давж заалдах, Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс хэргийг хянан үзэхдээ зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг судалж үзэлгүй ... хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан шүүхийн шийдвэрийг удаа дараалан гаргаж байгаад ... гомдолтой байна” гэх тайлбарууд нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 910 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 111 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00355 дугаар тогтоолоор ГХХК-иас зээлийн төлбөрт 24,444,347.94 төгрөг гаргуулж, ХасБанк ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар эцэслэн шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт хамааралтай байх тул тайлбар өгөх шаардлагагүй гэж үзэж орхисон болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.”гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгтцугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Г” ХХК хариуцагч “Х банк” ХХК-д холбогдуулан 10 000 000/арван сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Х банк” ХХК нь тус банк 50 000 000/тавин сая/ төгрөгөөс 10 000 000/арван сая/ төгрөгийг хасан 40 000 000/дөчин сая/ төгрөг болгон олгосон юм гэж дурдсан нь үндэслэлгүй юм гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр № 1070014516 Барьцаат зээлийн гэрээ байгуулан хариуцагчийн Дархан-Уул аймгийн салбар нь нэхэмжлэгчид 40 000 000/дөчин сая/ төгрөгийг, 360/гурван зуун жар/ хоногт 7/долоо/ хувийн хүүтэй, 60/жар/ сарын хугацаатай шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Төрийн сангийн Бүртгэлийн дансны хуулга, 107/269 Зээл олгох шийдвэрийн болон 5001047383 дугаар дансны хуулгаар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр улсын төсвөөс олгох хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журмын дагуу олгох хөнгөлөлттэй зээлийн Дархан-Уул аймгийн Төсөл сонгон шалгаруулах дэд комиссын 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар нэхэмжлэгчийн 50 000 000/тавин сая/ төгрөгийн “Монгол ухаан бэлэг төсөл” дэмжигдсэн болох нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн № 946 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

 

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зээлийг Сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид банкаар дамжуулж олгоно ...” гэж заасан.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор арилжааны банкаар дамжуулан хөнгөлттэй зээл олгох төслийг сонгон шалгаруулах дэд комиссын үйл ажиллагааны журмын 3-ын 3.4-т “Тухайн төслийн хамрах хүрээ ... санхүү, төлбөрийн чадварын байдлаас шалтгаалж нэг зээлдэгчид нийслэлд 100 хүртэл сая төгрөг, хөдөө орон нутагт 50 хүртэл сая төгрөгийг 3 хүртэл жилийн хугацаагаар олгохоор шийдвэрлэнэ.” гэжээ.

 

          Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Х банктай байгуулсан № 2011/02 Хамтран ажиллах гэрээний 5-ын 5.2-т “Банк нь зөвхөн төсөл сонгон шалгаруулах дэд комиссоос санал болгосон зээлийн хүсэлтийг ... банкны зохих журмаар шийдвэрлэх бөгөөд ... барьцааны бүх төрлийг зөвшөөрнө.” гэжээ.

 

          Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн № 946 дугаар албан бичигт нэхэмжлэгчийн 50 000 000/тавин сая/ төгрөгийн “Монгол ухаан бэлэг төсөл” дэмжигдсэн талаар дурдсан байх боловч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Х банкинд хөнгөлөлттэй зээл олгоход зориулж 40 000 000/дөчин сая/ төгрөгийг шижлүүлсэн болох нь Төрийн сангийн Бүртгэлийн дансны хуулга, 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн болон 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Эх үүсвэр бүртгэх баримтын хуулбар, 5000000138 дугаар дансны хуулгаар тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгчийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Монгол ухаан бэлэг төсөл”-ийн зээлийн эх үүсвэрт хариуцагчид 50 000 000/тавин сая/ төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

          Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд ... гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа ... нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд ... зээл олгоно.” гэж заасан.

         

          Зохигчид 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 40 000 000/дөчин сая/ төгрөгийг, 360/гурван зуун жар/ хоногт 7/долоо/ хувийн хүүтэй, 60/жар/ сарын хугацаатай шилжүүлэх, шилжүүлэн авах тухай № 1070014516 Барьцаат зээлийн гэрээ байгуулсан байх тул уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан гэж үзнэ.

 

          Хариуцагч нь 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн № 1070014516 Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн болох нь Төрийн сангийн Бүртгэлийн дансны хуулга, 107/269 Зээл олгох шийдвэрийн болон 5001047383 дугаар дансны хуулгаар тогтоогдож байна.

 

          Зохигчийн байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн № 1070014516 Барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчаас 10 000 000/арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х банк” ХХК-иас нийт 10 000 000/арван сая/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х банк” ХХК-иас нийт 10 000 000/арван сая/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ