Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/186

 

 

 

 

 

 

                                             2023/ШЦТ/186

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Нямжав

Шүүгдэгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Бгийн Бд холбогдох 2312000000162 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөрөө рам дээр ажилладаг, ам бүл 1, А аймгийн Т сумын М багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэгдэж байгаагүй, Т овогт Бгийн Б/РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Бнь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Халзан нүүр гэх газраас зөвшөөрөлгүйгээр 13 ширхэг 1.8 метр урттай, 2.7 м3 шинэс төрлийн хуурай босоо мод бэлтгэж, 59-96 АРХ улсын дугаартай Мицубиши Кантер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 1.795.459 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

иргэний нэхэмжлэгч У.Нын мэдүүлсэн “Иргэн Б.Бхууль бусаар 2.7м3 мод бэлтгэж ойн санд 1.795.459 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд төлбөрийг барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94/,

 

гэрч Ж.Дын мэдүүлсэн “Би 2023 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Тариат сумын нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажиллаж байхдаа Халзан бүргэдээ орох замд мод тээвэрлэж явсан 59-96 АРХ улсын дугаартай цагаан өнгийн Canter маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад тус сумын иргэн Б.Бгэх хүн Тариат сумын Мөрөн багийн Халзан нүүр гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй, хууль бусаар хэрэглээний дүнз мод бэлтгэж, тээвэрлэж байсныг түр саатуулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05/,

 

гэрч А.Дгийн мэдүүлсэн “2023 онд Тариат сумын Мөрөн багийн Овоохойн судаг, Хүрэмийн халзах нуурын Дунд хамар, Доод хамар, Дэлгэр булгийн Тахир нүүр гэх газруудад талбай тусгаарлалт хийгдсэн байгаа. Иргэн ойн санд нэвтрэхээс өмнө байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авч, талбай тусгаарлалт хийсэн газраас, эрхийн бичигт заасан газраас, заасан цаг хугацаанд, ойд огтлолт хийж босоо мод унагаахгүй цэвэрлэгээний ажлаар унаанги модноос бэлтгэнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-26/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 14-16, 17-21/ ,

2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 15 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36/,

“Дамно” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн АЦ-23-87 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-73/,

“Дамно” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн АЦ-23-86 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-79/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.   

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Б.Бнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 5.386.377 төгрөгийн хохирол учирсан болох нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 15 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /1.795.459*3= 5.386.377 /таван сая гурван зуун наян зургаа мянга гурван зуун далан долоо/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж зааснаар шүүгдэгч Б.Бгөөс 5.386.377 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Бгийн хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, шүүгдэгч Б.Бнь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.

 

Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 30 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 7.171.875 төгрөгийн үнэлгээ бүхий 59-96 АРХ улсын дугаартай Мицубиши Кантер маркийн автомашин буюу түүний үнэ болох 7.171.875 төгрөгийг шүүгдэгч Б.Бгөөс гаргуулж байгаль орчинд учирсан хохирол болох 5.386.377 төгрөгийг төлүүлж, үлдсэн 1.785.498 төгрөг, 270.000 төгрөгийн үнэлгээ бүхий 13 ширхэг 2.7 м3 хуурай мод, 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б.Бгөөс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Бгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгөөс 5.386.377 /таван сая гурван зуун наян зургаа мянга гурван зуун далан долоо/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 30 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 7.171.875 төгрөгийн үнэлгээ бүхий 59-96 АРХ улсын дугаартай Мицубиши Кантер маркийн автомашин буюу түүний үнэ болох 7.171.875 төгрөгийг шүүгдэгч Б.Бгөөс гаргуулж байгаль орчинд учирсан хохирол болох 5.386.377 төгрөгийг төлүүлж, үлдсэн 1.785.498 төгрөг, 270.000 төгрөгийн үнэлгээ бүхий 13 ширхэг 2.7 м3 хуурай мод, 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б.Бгөөс гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

7. Шүүгдэгч Б.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ