| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0195/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/188 |
| Огноо | 2023-08-18 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/188
2023/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгч: Ч.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Чгийн Мд холбогдох 2312000000056 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт А аймгийн Б сумын Ц багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Чгийн М /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.М нь 2022 оны 11 дүгээр сарын 10-наас 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Бага хар чулуу гэх газраас хууль бусаар 4.3 метр урттай 126 ширхэг 7.2868 м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, ойн санд 1.439.638 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
иргэний нэхэмжлэгч Д.Эгийн мэдүүлсэн “Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн иргэн Ч.М гэх хүн Идэр-Улаан багийн багийн Бага хар чулуу гэх газраас мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,
гэрч Б.Бийн мэдүүлсэн “Тэр хашаа Эрдэнэмандал сумын хэн нэгэн хүний эзэмшлийн хашаа биш юм. Ч.М гэх хүн олон жилийн өмнө отор нүүдэл хийж ирээд барьсан хашаа байгаа юм. Би Эрдэнэмандал сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн экологийн байцаагчтай хамт Идэр-Улаан багийн нутгаар эргүүл хяналт шалгалт хийж явж байгаад шинэ шургааг модоор өвөлжөөний хашаа барьсан байсныг илрүүлсэн. Иргэн ойд галын түлээний болон хэрэглээний мод бэлтгэхдээ ойд огтлолт хийж босоо мод унагааж унагааж болохгүй, цэвэрлэгээний ажлаар гишүү, унаанги модноос мод бэлтгэнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,
гэрч Р.Бын мэдүүлсэн “Улс, аймаг, сум орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээлэл, тогтоол, шийдвэр нь сумын газрын даамал бид хоёр дээр байдаг болохоор би сайн мэднэ. Идэр-Улаан багийн Бага хар чулуу гэх газар ямар нэгэн тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй. Иргэн ойд мод бэлтгэхдээ ойд огтлолт хийж босоо мод унагаахгүй, цэвэрлэгээний ажлаар гишүү, унаанги модноос бэлтгэнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/,
гэрч САын мэдүүлсэн “Би шургааг мод бэлтгэж хашаа барьсан талаар мэднэ. Манай нөхөр Батцэнгэл сумын байгаль хамгаалагчид 100 ширхэг шургааг, 50 ширхэг дүнз мод бэлтгэх эрхийн бичиг авах саналаа иргэдийн хуралд өгсөн талаар ярьж байсныг нь би мод бэлтгэх эрхийн бичиг авсан гэж ойлгож байсан юм. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай нөхөр мод бэлтгэнэ гээд ганцаараа явж хэдэн шургааг мод бэлтгээд пад трактороор авчирч байсан. Тухайн үед манай хүүхдүүд хичээл сургуульдаа явсан нөхөр, бид хоёр Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Бага хар чулуу гэх газарт отор хийж ирсэн байсан юм. Манай нөхөр малынхаа зав чөлөөгөөр явж бага, багаар мод бэлтгэж авчирч байгаад cap гаруй болж 12 дугаар сарын дундуур хашаа барьж дууссан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-26/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 06-11, 12-15/,
2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-37/,
“Дамно” ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн АЦ-23-12 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-53/,
“Дамно” ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн АЦ-23-11 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-59/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ч.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 4.318.914 төгрөгийн хохирол учирсан болох нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /1.439.638*3= 4.318.914 /дөрвөн сая гурван зуун арван найман мянга есөн зуун арван дөрөв/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж зааснаар шүүгдэгч Ч.Маас 4.318.914 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Ч.Мын хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Мд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, шүүгдэгч Ч.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна” гэж хуульчилсан байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Мын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 3.592.566 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй Foton lovol маркийн автомашин буюу түүний үнэ болох 3.592.566 төгрөг, 1.427.016 төгрөгийн үнэлгээ бүхий 126 ширхэг 7.2868 м3 шинэс төрлийн хуурай мод зэргийг шүүгдэгч Ч.Маас гаргуулж байгаль орчинд учирсан хохирол болох 4.318.914 төгрөгийг төлүүлж, зөрүү 700.668 төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 64.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг шүүгдэгч Ч.Маас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ч.Мын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Мыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Чгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Мд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Маас 4.318.914 /дөрвөн сая гурван зуун арван найман мянга есөн зуун арван дөрөв/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Мын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 3.592.566 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй Foton lovol маркийн автомашин буюу түүний үнэ болох 3.592.566 төгрөг, 1.427.016 төгрөгийн үнэлгээ бүхий 126 ширхэг 7.2868 м3 шинэс төрлийн хуурай мод зэргийг шүүгдэгч Ч.Маас гаргуулж байгаль орчинд учирсан хохирол болох 4.318.914 төгрөгийг төлүүлж, зөрүү 700.668 төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 64.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг шүүгдэгч Ч.Маас гаргуулж улсын орлогод оруулахаар оруулсугай.
7. Шүүгдэгч Ч.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ч.Мын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ