Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/05

 

 

 

 

 

 

 

 

    2023       01         26                                                  2023/ШЦТ/05

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Т.Баярмаа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл

Шүүгдэгч О.Н, О.Д нарыг оролцуулан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт О.Н, Т  овогт О.Д нарт холбогдох 2239001920267 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны  01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт .... гэх газар оршин суух, урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай Х  овогт О.Н ,

Монгол улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ... гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ....регистрийн дугаартай Т  овогт О.Д 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Н, О.Д нар нь  бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Адарга 3 дугаар багийн нутаг “Уртын адаг гэх газраас машин механизм буюу Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Супер Даюун” маркийн мотоцикл ашиглан хохирогч Ч.О-гийн эзэмшлийн зүүн талын гуяндаа сартай дөл тамгатай хойд хөл нь бэлэвсэн хул зүсмийн азарга, зүүн талын гуяндаа сартай дөл тамгатай хүрэн зүсмийн байдас, зүүн талын гуяндаа сартай дөл тамгатай хээр зүсмийн байдас, зүүн талын гуяндаа сартай дөл тамгатай хүрэн зүсмийн даага, зүүн талын гуяндаа сартай хас тамгатай хүрэн зүсмийн даага болох 5 буюу олон тооны адууг хулгайлж нийт 5.180.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Н, О.Д нар шүүхийн хэлэлцүүлэгт: “мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

2239001920267 дугаартай эрүүгийн хэргээс

 

1.Хохирогч Ч.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багт Онон хороонд амьдардаг. Миний А данстай бод мал Биндэр сумын 4 дүгээр багийн нутаг Баруун Манхаадай гэх газар Ч гэх хүн дээр байдаг. Би мал дээрээ сардаа нэг удаа очиж тоо ширхэг болон зүсээр нь бүртгэж авдаг. Малчин Ч бид хоёр аман тохиролцоогоор миний адууг харж хариулдаг ба би хааяа нэг хэрэгцээнийх нь зүйлсийг явуулчихдаг юм. Тэгтэл 2021 оны 9 дүгээр сарын эхээр буюу 04, 05-ны үед миний адуунаас зүүн талын гуян дээрээ сартай дөл тамгатай хойд хоёр хөл нь бэлэвсэн хул зүсмийн азаргатай 4 тооны адуу маань алга болоод би ойр орчмоор нь болон байж болох газруудаар нэг cap гаран хайж сураглаад ямар нэгэн сураг гараагүй. Сүүлд бараг 2 сарын дараа Биндэр сумын малчин Намсрай гэх хүний хүү Уламбаяр ах хэлэхдээ намайг малдаа явж байхад Баян-Адарга, Биндэр сумын зааг "Баруун булаг орчимд харагдаад байдаг байсан, сүүлдээ харагдахаа байсан гэж хэлсэн. Өөр ямар нэгэн сураг ажиг гараагүй. ...Зүүн талын гуяндаа сартай дөл тамгатай хойд хөл нь бэлэвсэн хул зүсмийн азарга, зүүн талын гуяндаа сартай дөл тамгатай хүрэн зүсмийн байдас, зүүн талын гуяндаа сартай дөл тамгатай хээр зүсмийн байдас, зүүн талын гуяндаа сартай дөл тамгатай хүрэн зүсмийн даага, зүүн талын гуяндаа сартай хас тамгатай хүрэн зүсмийн даага гэх зэрэг 5 тооны адуугаа алдсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 

2.Гэрч Г.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Би Баян-Адарга сумын “Адарга” 3 дугаар багийн нутаг Уртын адаг гэх газар эхнэр хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг. 2021 оны 8 дугаар сарын сүүлээр Н ганцаараа мотоциклтой малын хашаан дээр ирээд Ондого буюу Д бид хоёр адуу ачаад аймаг явлаа гээд явж байсан. Н манайд ирээд удаагүй гэрээр ороогүй яваад өгсөн тэгээд эхнэр бид хоёр үнээгээ сааж дуусаад гэртээ ороод байж байхад оройн 20 цагийн орчимд Н ганцаараа мотоциклтой эргэж манайд ирээд Дийн машин асдаггүй, чирээд өгөөч гэхээр нь би машинтайгаа очиж Дийн машиныг чирээд асаах гэсэн боловч асаагүй. Тэгтэл Д машиныг маань гэрийн гадаа аваачаад өгөөч гэхээр нь машиныг нь чирээд аваачиж өгөх үед гадаа бараг харанхуй болж байсан. Мөн Д надад хэлэхдээ "Н бид хоёр хэдэн адуу аймгийн төв рүү оруулж мөнгө болгох гэсэн чинь машин асахаа байчихлаа, чи машинаа өгөөч" гэхээр нь би машинаа өгч явуулмааргүй байна, харин би өөрөө явж өгвөл болно гэтэл "яваад ирэх шатахууныг чинь хангалттай хийж өгнө" гэхээр нь би машинаараа явахаар болсон юм. Тэгээд би "Н, Д нараас ачих адуу чинь хаана байгаа юм бэ" гэхэд тэр хоёр танай өвөлжөөн дээр хашиж байгаад бариад уячихсан байгаа гээд Н-ынд очиж Оргодолыг аваад бид дөрөв манайд очиход хул зүсмийн азарга, мөн хүрэн даага, халтар шүдлэн байдас, нөгөө хоёрыг нь анзаараагүй бараан зүсмийн хоёр адуу байсан. Нийлээд 5 тооны адуу бариад уячихсан байсанг миний 0774 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер-2 маркийн машинд ачаад Нынд очиж Оргодолыг буулгаад Д гэрээрээ ороод хувцсаа солиод шууд аймгийн  төв гарсан, тухайн үед цаг шөнийн 22 цаг өнгөр байсан санагдаж байна. Бид гурав адуунуудаа ачаад Баян-Адарга сумын төв орох замдаа би Наас гарал үүслийн бичгээ яах юм гэхэд Н кодыг нь авчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд бид гурав Баян-Адарга сумын төвд 23 цагийн орчимд орж ирээд зогсолгүй шууд аймгийн төв гарсан. Бид гурав шөнөжин явсаар байгаад үүрээр 04 цагийн орчимд аймгийн  төвд очоод Нараагийн бойны хашаан дотор ороод машиндаа хэсэг унтсан тэгтэл ажил цугларлаа гээд бид гурвыг бойны ажилчид сэрээгээд бид гурвын ачиж  очсон адууг бойны ажилчид буулгаж Н, Д нар машинаас бууж адуунуудаа бойнд хүлээлгэн өгсөн. ... Д надаас чи дансаа өгөөч бид хоёр салж юм авах гэхээр Н-ын дансанд мөнгө байгаад байдаг, надад карт байдаггүй гэхээр нь би тухайн үед эхнэрийнхээ картыг аваад явж байсан мөн данс, код хоёр нь цаасан дээр бичээстэй миний түрийвчинд байсан болохоор эхнэрийнхээ дансыг хэлээд картыг нь хэрэглүүлчихсэн юм... Бид гурав аймгийн төвд очоод Нараагийн бойнд адуугаа буулгаж Н, Д нар бууж адуугаа зарсан хэдэн төгрөг болсныг би мэдэхгүй харин мөнгийг нь Н дансаараа авсан юм шиг байна лээ. ...Тэр хоёр надад хэний хаанаас авчирсан адуу гэдгийг хэлээгүй.  Хулгайн адуу гэдгийг би мэдээгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/

 

3.Гэрч Ө.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Би 2021 оны 8 дугаар сарын сүүлээр нөхөр Б-ы хамт малын хашаан дээр үнээгээ саах гээд байж байхад Н ганцаараа мотоциклтой манай малын хашаан дээр ирээд манай нөхөртэй уулзчихаад удаагүй эргээд явчихсан. Тухайн үед би үнээ сааж байсан учир Н, манай нөхөр хоёр юу ярьсныг нь анзаараагүй. Оройн 20 цагийн орчимд Н эргэж манайд ирээд Д-ийн машин асдаггүй чирээд асаагаад өгөөч гээд манай нөхрийг машинтай нь аваад явсан. Тэгтэл манай нөхөр удалгүй эргэж ирээд би аймаг явахаар боллоо Д, Н хоёр мал ачаад аймаг ороод өгөөч гэнээ, машинаа өгөөд явуулбал эвдчихэж магадгүй, би өөрөө явж өгөхөөс гэж хэлээд явсан. ...Тухайн үед манай нөхөр Б над руу залгаад Д Хаан банкны виза картгүй гэнээ, тэгээд надаас картаа ашиглуулаач гээд гуйгаад байна, тэгээд би өөрийн картаа олохгүй байна, чиний карт надад байна, дансанд чинь мөнгө хийгээд дэлгүүрээр явж хэрэглээний юмыг авахгүй бол Н-ын дансанд бүх мөнгө нь байгаад болохгүй байна гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. ...2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр миний хаан банкны 5068162004 тоот дансанд 1,000,000 /нэг сая/ төгрөгийг Бадам гэсэн орлого ороод тэр өдрөө эргээд цуварч гарсан байсныг сүүлд 2022 он гарснаас хойш мэдсэн. Сумын төв орж дансандаа гүйлгээ хийхдээ мэдсэн, би малын гаралтай цагаан идээгээрээ мөнгө олж тухайн дансаа ашигладаг юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/

 

4.Гэрч О.Оргодолын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Би тухайн асуудал болох үед буюу 2021 оны 5 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын эхэн хүртэл Баян-Адарга сумын малчин О  овогтой Н гэх айлд түр очиж бог малыг нь хардаг байсан юм. Тэгтэл 2021 оны 8 дугаар сарын 19-ний орой 23 цагийн орчим Н түүний хоёр найз болох Д, Б- нар бүхээгтэй хөх өнгийн Портер-2 маркийн машинтай ирээд адуу ачилцаад өгөөч гэхээр нь би хамт явж Б-ы өвөлжөөн дээрээс 5 тооны адуу ачилцаж өгсөн. Тэр гурав адуугаа аччихаад намайг гэрт буулгаж өгөөд явцгаасан. Надад хаашаа ямар адуу ачиж яваа талаараа хэлээгүй. Би өөрсдөөсөө адуу ачиж байгаа юм байх гэж бодоод олон юм асуугаагүй үлдсэн. Хул зүсмийн азаргатай бараан голдуу 5 тооны адуу байсан. Харанхуй байсан учраас тамгыг нь хараагүй. Тэр гурвыг адуу ачсанаас 3 сарын дараа манайхаар Биндэр сумын малчин О- гэх залуу хул азаргатай 5 тооны адуу харагдав уу гээд сураглаад явж байсан. Тэгээд би Н, Д, Б- нарыг хулгайн адуу ачсан юм байхдаа гэж бодож байсан. Тэгтэл нэг өдөр Н надад бид нарыг адуу ачсан талаар хүнд хэлээгүй биз ямар нэгэн хүнд хэлээд хэрэггүй шүү, хүн асууж сураглаж ирвэл чимээгүй байгаарай гэж байсан надад өөр нэмж хэлж ярих зүйлгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дүгээр хуудас/

 

5.Гэрч Б.Э-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би морь мал уях сонирхолтой бөгөөд 2021 оны зун өөрийн найз О.Дийн хөдөө гэрт нь морь уях санаатай очсон. Тэр үед 7 дугаар сард шиг санагдаж байна О.Дийн адуунд зүс бүхий 5 тооны адуу ирчихсэн хамт бэлчээд салахгүй яваад байсан. Тэр үед О.Д надад хандан “Манай адуунд энэ хэдэн адуу нийлээд яваад байгаа юм. Эзэн нь ирж адуугаа авахгүй юм” гэж хэлж байсан. Ингээд би морь малаа уяж дуусаад 2021 оны 8 дугаар сарын эхээр Улаанбаатар хот руу буцахад О.Д-ийн адуунд 5 тооны адуу байж л байсан. Миний хувьд адуу малын зүс им тамгыг нь сайн мэдэхгүй бөгөөд хул зүсмийн азаргатай л 5 адуу байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/

 

6.Гэрч О.У-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...О.Д, О.Н нар нь адуу малтай бөгөөд зундаа адуунууд нь цуг бэлчдэг юм л даа. Учир нь  нэг уснаас усаа уудаг болохоор. ...2021 оны 07 дугаар сард шиг санагдаж байна намайг адуу малдаа явдаг байхад О.Д, О.Н нарын адуунд хул азаргатай 5 тооны адуу хамт бэлчиж усандаа цуг ороод явдаг байсан. ингээд 08 дугаар сарын сүүлээр 5 тооны адуу нь харагдахаа больсон. Яг тэр энэ гэж мэдэхгүй байн. Хул азаргатай цөөхөн хэдэн тооны адуу харагдаж байсан. миний хувьд яг ямар зүс им тамгатай гэдгийг нь сайн нягталж хараагүй бөгөөд намайг адуу малдаа явж байхад дээрх 5 тооны адуу О.Д, О.Н нарын адуунд харагддаг байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/

 

7.Гэрч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2021 оны зун 07 дугаар сард шиг санаж байна О.Н, Д нарын адуунд 5 тооны хул азаргатай адуу бэлчээд  цуг байгаад байсан юм. Сүүлд тэр 5 тооны адуу нь байхгүй байсан. Тэр 5 тооны адууг л  О.Н, Д нар эзэн нь ирэхгүй болохоор нь зарж борлуулчихсан юм шиг байна лээ." гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дугаар хуудас/

 

8.Гэрч Т.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би сайн мэдээгүй ээ. О.Н-аас асуухад: Адуунд маань 5 адуу ирээд 1 гаран болоод эзэн нь ирэхгүй болохоор нь ашигласан юмаа л гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/

 

9.Шүүгдэгч О.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  өгсөн: “...2О21 оны 7 дугаар сард О.Д бид хоёрын адуунд зүс бүхий 5 тооны адуу нийлж бэлчээд хамт усандаа ороод цуг яваад 1 cap гаран болсон. Ингээд дээрх 5 тооны адууг хүн сурч ирэхгүй болохоор нь О.Д бид 2 хоорондоо ярилцаж байгаад 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр О.Д-ийн улсын дугааргүй супер Даюун маркийн улаан өнгийн мотоциклтой адуун дээрээ цуг ирээд дээрх 5 адууг ялгаж айлын өвөлжөөний хашаан дээрээ авчраад орой нь ачааны машинд ачиж Хэнтий аймгийн төвд авчирч зарж борлуулсан. О.Д бид 2 бусдын 5 тооны адууг хулгайлаагүй ээ. Харин дээрх 5 тооны адуу нь бид хоёрын адуунд нийлсэн хүн ирж адуугаа авахгүй байхаар нь л ашигласан юм л даа. Дээрх мотоцикл нь О.Д-ийнх бөгөөд одоо эвдрээд алга болсон байх. Бид хоёр хохирол мөнгөө барагдуулж хохирогчид 4 унагатай гүү, 2 шүдлэн байдас нийт 10 толгой адуу өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-85 дугаар хуудас/

 

10.Шүүгдэгч О.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар баг хөдөө хэсэгт "Уртын адаг" гэх газарт эхнэр хүүхдийнхээ хамтаар мал маллаж амьдардаг юм. Би малын "А" данстай бөгөөд дансандаа 50-с 60 гаран тооны адуутай. 2021 оны 07 дугаар сард шиг санаж байна манай адуунд 5 тооны адуу нийлж бэлчээд, усанд ороод, бэлчээрт цуг яваад 1 cap гаран болсон. Ингээд дээрх 5 тооны адууг хүн сурч ирэхгүй болохоор нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өөрийн найз О.Нтай миний эзэмшлийн супер Даюун маркийн улаан мотоциклийг унаж яваад адуун дээрээ очиж дээрх 5 адууг ялгаж хашаан дээрээ авчраад орой нь ачааны машинд ачиж Хэнтий аймгийн төвд авчирч зарж борлуулсан. Ерөнхийдөө ийм асуудал болсон. Миний хувьд бусдын 5 тооны адууг хулгайлаагүй ээ. Манай адуунд ирээд 1 cap гаран болоод хүн ирж адуугаа сураглахгүй болохоор нь л найз О.Н-тай нийлж мөнгөтэй болох зорилгоор дээрх 5 тооны адууг зарж борлуулсан. О.Нын адуу манай адуутай цуг байдаг юм. Супер Даюун маркийн улаан өнгийн мотоцикл нь миний эзэмшлийн мотоцикл бөгөөд эвдрээд бараг байхгүй болсон. Хохирогч Ч.О-гийн хохирлыг бид хоёр хохирогчид 4 унагатай гүү, 2 шүдлэн байдас нийт 10 толгой адуу өгсөн. Хохирогч Ч.О-гийн 5 тооны адуу нь Баян-Адарга сумын 3 дугаар багийн нутаг "Уртын адаг" гэх газарт манай адуутай цуг байсан адуунууд байгаа юм. Ингээд О.Н бид 2 дээрх 5 адууг адуунаасаа ялгаж мотоциклтой өвөлжөөний хашаандаа хашсан” гэх мэдүүлэг /хх-ийн 88-90 дүгээр хуудас/

Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШД-219 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-65 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 16ы өдрийн 2022/ШД-224 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-72 дугаар хуудас/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 95, 113 дугаар хуудас хуу/, хохирогч Ч.О-гийн хохирлоо бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй гэх өргөдөл /хх-н 207 дугаар хуудас хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч О.Н, О.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл “О.Н, О.Д нарын  үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр алдуул мал завших гэмт хэргийн шинжийг агуулж байна” гэж тус тус мэтгэлцэв.

 

Шүүхээс дараах үндэслэлээр шүүгдэгч О.Н, О.Д нарыг “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн нутаг Уртын адаг гэх газар бэлчээрлэх өөрийн адуун сүрэгт нийлсэн хул зүсмийн азаргатай, таван тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.

Энэ нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ч.О-гийн “...Миний А данстай бод мал Биндэр сумын 4 дүгээр багийн нутаг Баруун Манхаадай гэх газар Ч гэх хүн дээр байдаг. Би мал дээрээ сардаа нэг удаа очиж тоо ширхэг болон зүсээр нь бүртгэж авдаг. Малчин Ч бид хоёр аман тохиролцоогоор миний адууг харж хариулдаг ба би хааяа нэг хэрэгцээнийх нь зүйлсийг явуулчихдаг юм. Тэгтэл 2021 оны 9 дүгээр сарын эхээр буюу 04, 05-ны үед миний адуунаас зүүн талын гуян дээрээ сартай дөл тамгатай хойд хоёр хөл нь бэлэвсэн хул зүсмийн азаргатай 4 тооны адуу маань алга болоод би ойр орчмоор нь болон байж болох газруудаар нэг cap гаран хайж сураглаад ямар нэгэн сураг гараагүй. Сүүлд бараг 2 сарын дараа Биндэр сумын малчин Н  гэх хүний хүү У ах хэлэхдээ намайг малдаа явж байхад Баян-Адарга, Биндэр сумын зааг "Баруун булаг орчимд харагдаад байдаг байсан, сүүлдээ харагдахаа байсан гэж хэлсэн. Өөр ямар нэгэн сураг ажиг гараагүй. ...Зүүн талын гуяндаа сартай дөл тамгатай хойд хөл нь бэлэвсэн хул зүсмийн азарга, зүүн талын гуяндаа сартай дөл тамгатай хүрэн зүсмийн байдас, зүүн талын гуяндаа сартай дөл тамгатай хээр зүсмийн байдас, зүүн талын гуяндаа сартай дөл тамгатай хүрэн зүсмийн даага, зүүн талын гуяндаа сартай хас тамгатай хүрэн зүсмийн даага гэх зэрэг 5 тооны адуугаа алдсан...” гэх мэдүүлэг

Гэрч Б.Э-ын “Би морь мал уях сонирхолтой бөгөөд 2021 оны зун өөрийн найз О.Дийн хөдөө гэрт нь морь уях санаатай очсон. Тэр үед 7 дугаар сард шиг санагдаж байна О.Д-ийн адуунд зүс бүхий 5 тооны адуу ирчихсэн хамт бэлчээд салахгүй яваад байсан. Тэр үед О.Д надад хандан “Манай адуунд энэ хэдэн адуу нийлээд яваад байгаа юм. Эзэн нь ирж адуугаа авахгүй юм” гэж хэлж байсан. Ингээд би морь малаа уяж дуусаад 2021 оны 8 дугаар сарын эхээр Улаанбаатар хот руу буцахад О.Дийн адуунд 5 тооны адуу байж л байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч О.У-ын "...О.Д, О.Н нар нь адуу малтай бөгөөд зундаа адуунууд нь цуг бэлчдэг юм. Учир нь нэг уснаас усаа уудаг болохоор. ...2021 оны 07 дугаар сард шиг санагдаж байна намайг адуу малдаа явдаг байхад О.Д, О.Н нарын адуунд хул азаргатай 5 тооны адуу хамт бэлчиж усандаа цуг ороод явдаг байсан. ингээд 08 дугаар сарын сүүлээр 5 тооны адуу нь харагдахаа больсон. Яг тэр энэ гэж мэдэхгүй байн. Хул азаргатай цөөхөн хэдэн тооны адуу харагдаж байсан. Миний хувьд яг ямар зүс им тамгатай гэдгийг нь сайн нягталж хараагүй бөгөөд намайг адуу малдаа явж байхад дээрх 5 тооны адуу О.Д, О.Н нарын адуунд харагддаг байсан." гэх мэдүүлэг,

Гэрч С.Г-ын "...2021 оны зун 07 дугаар сард шиг санаж байна О.Н, Д нарын адуунд 5 тооны хул азаргатай адуу бэлчээд  цуг байгаад байсан юм. Сүүлд тэр 5 тооны адуу нь байхгүй байсан. Тэр 5 тооны адууг л  О.Н, Д нар эзэн нь ирэхгүй болохоор нь зарж борлуулчихсан юм шиг байна лээ." гэх мэдүүлэг,

Гэрч Т.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би сайн мэдээгүй ээ. О.Н-аас асуухад: Адуунд маань 5 адуу ирээд 1 гаран болоод эзэн нь ирэхгүй болохоор нь ашигласан юмаа л гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/

Шүүгдэгч О.Н-ын: “...2О21 оны 7 дугаар сард О.Д бид 2-н адуунд зүс бүхий 5 тооны адуу нийлж бэлчээд хамт усандаа ороод цуг яваад 1 cap гаран болсон. Ингээд дээрх 5 тооны адууг хүн сурч ирэхгүй болохоор нь О.Д бид 2 хоорондоо ярилцаж байгаад 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр О.Д-ийн улсын дугааргүй супер Даюун маркийн улаан өнгийн мотоциклтой адуун дээрээ цуг ирээд дээрх 5 адууг ялгаж айлын өвөлжөөний хашаан дээрээ авчраад орой нь ачааны машинд ачиж Хэнтий аймгийн Төвд авчирч зарж борлуулсан. О.Д бид 2 бусдын 5 тооны адууг хулгайлаагүй ээ. Харин дээрх 5 тооны адуу нь бид 2-н адуунд нийлсэн хүн ирж адуугаа авахгүй байхаар нь ашигласан юм...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч О.Д-ийн “Би Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар баг хөдөө хэсэгт "Уртын адаг" гэх газарт эхнэр хүүхдийнхээ хамтаар мал маллаж амьдардаг юм л даа. Би малын "А" данстай бөгөөд дансандаа 50-с 60 гаран тооны адуутай. 2021 оны 07 дугаар сард шиг санаж байна манай адуунд 5 тооны адуу нийлж бэлчээд, усанд ороод, бэлчээрт цуг яваад 1 cap гаран болсон. Ингээд дээрх 5 тооны адууг хүн сурч ирэхгүй болохоор нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өөрийн найз О.Н-тай миний эзэмшлийн супер Даюун маркийн улаан мотоциклийг унаж яваад адуун дээрээ очиж дээрх 5 адууг ялгаж хашаан дээрээ авчраад орой нь ачааны машинд ачиж Хэнтий аймгийн Төвд авчирч зарж борлуулсан. Ерөнхийдөө ийм асуудал болсон. Миний хувьд бусдын 5 тооны адууг хулгайлаагүй ээ. Манай адуунд ирээд 1 cap гаран болоод хүн ирж адуугаа сураглахгүй болохоор нь л найз О.Нтай нийлж мөнгөтэй болох зорилгоор л дээрх 5 тооны адууг зарж борлуулсан. О.Н-ын адуу манай адуутай цуг байдаг юм л даа. ...Хохирогч Ч.О-гийн 5 тооны адуу нь Баян-Адарга сумын 3 дугаар багийн нутаг "Уртын адаг" гэх газарт манай адуутай цуг байсан адуунууд байгаа юм. Ингээд О.Н бид 2 дээрх 5 адууг адуунаасаа ялгаж мотоциклтой өвөлжөөний хашаандаа хашсан” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

 Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг. Тухайлбал мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа малыг өөрийн болгож ашиг олох, шунахайн сэдэлт зорилгоор урдаас төлөвлөж тооцоолсон идэвхтэй үйлдлээр нууцаар үйлддэг бол алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжин ирсний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, өөрийн болгосон, захиран зарцуулсан байдгаар ялгагдана.

 

Прокуророос шүүгдэгч нарыг бусдын малыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч яллах дүгнэлтэд авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь бусдын малыг хулгайлах ямар идэвхтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдохгүй байна. Харин хохирогчийн адуу шүүгдэгч нарын адуунд ирж нийлсэн, тодорхой хугацаа өнгөрсний дараа шүүгдэгч нар нь дээрх адууг завшиж байгааг нотолсон баримтууд хангалттай цугларсан тул шүүгдэгч нарыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

         

          Иймд шүүгдэгч нарт Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөлөө.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.О-д 5,180,000 төгрөгийн хохирол учирсан ба дээрх хохирлыг шүүгдэгч нар нь дөрвөн толгой унагатай гүү, хоёр байдас нийт арван толгой малыг хохирогчид шилжүүлэн өгч барагдуулжээ. /1-р хх-н 207 хуу/

 

Дээрх гэмт хэрэг нь шүүгдэгч нарын хууль, эрх зүйн мэдлэг хомс байдал, хохирогчийн мал сүргээ байнгын хариулга маллагаатай байлгаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч О.Д, О.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, шүүгдэгч О.Н нь Хэнтий аймгийн  Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн бөгөөд тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Нын эдлээгүй үлдсэн ялыг 1 хоногоор  тооцож 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгээд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл “шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан О.Д-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр, О.Н-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай ” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүгдэгч О.Н, О.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч О.Н, О.Д нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бол хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх яллах, өмгөөлөх талын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д 1,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,700,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч О.Д-т 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Н-ыг тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай нэмж нэгтгэн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Үүнд:

Нэгдүгээрт О.Н-д өмнөх шийтгэх тогтоолоор ял оногдуулаагүй, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тул түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг нэмж нэгтгэх ажиллагаа нь зөвхөн үндсэн ялын хүрээнд хэрэглэгдэнэ.

Хоёрдугаарт Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Н-ыг 2021 оны 11 дүгээр сард мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнд эрүүгийн хариуцлага оногдуулжээ. Тэгвэл О.Н-ын энэхүү үйлдэл нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн буюу түүний мөнгө угаах гэмт хэрэг үйлдэхээс  өмнө үйлдэгдсэн тул түүнийг тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.  

     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч О.Н, О.Д нар нь Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч О.Д-ийн өмчлөлийн улсын дугааргүй, улаан өнгийн Супер Даюун маркийн тээврийн хэрэгслийг ашиглан адууг тууж Г.Б-ы өвөлжөөн дээр аваачсан тул дээрх тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт О.Н, Т  овогт О.Д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Т  овогт О.Д, шүүгдэгч Х  овогт О.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж  завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х  овогт О.Н-ыг 1,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөгөөр, шүүгдэгч Т  овогт О.Д-ийг 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр тус тус  торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д, О.Н нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 (зургаа) сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг энэ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч О.Д-ийн өмчлөлийн 1,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй, улаан өнгийн Супер Даюун маркийн мотоциклийг улсын орлого болгосугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл О.Н, О.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                             Р.БАТБАЯР