Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 98

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Ш.Оюунгэрэл даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр баг, ... тоотод оршин суух, Б.Мын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр баг, Я гэх газар нутаглах, Д.Хт холбогдох

 

“Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би  гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахгүй, нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна, хариуцагчтай эвлэрэхгүй. Би гэрлэлтээ цуцлуулж хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авахаар анхан шатны шийдвэр гаргуулсан боловч давж заалдах шатны шүүх хурал болж том хүү Мыг аавд нь өгөхөөр шийдвэрлэсэн юм. Гэтэл Х байнга гэртээ байхгүй ажилтай гэж олон хоногоор явахдаа намайг хүүхдээ ав гээд байдаг болсон. Одоо энэ хүүхдийг харах хүнгүй болсон тул би өөрийнхөө асрамжинд авах саналтай байна. Давж заалдах хурлаар энэ хүүг аавд нь өгсөн шийдвэрийг мөнгө төгрөгийн боломж муу байсан учраас гомдол гаргаж чадаагүй өнгөрсөн юм. Тиймээс хүүгээ өөрийнхөө асрамжинд байлгаж, тэтгэлэг гаргуулна гэв.

 

Хариуцагч Д.Х шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний хүүг дүү, аав хоёр  маань хардаг байсан. Дүү маань нөхөртэй болсон, аав маань хүүхэд харах чадваргүй тул хүү Мыг ээжийнх нь асрамжинд байлгаж, хүүхдүүддээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрнө гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. 

Нэхэмжлэгч Б.М “хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Хт холбогдуулан гаргажээ. 

 

Зохигчид 2019.03.18-ны өдөр Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдийг эх Мөнзулын асрамжинд байлгаж эцэг Д.Хаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлүүлсэн боловч 2019.04.12-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.04.12-ны өдрийн магадлалаар хүү Мыг эцэг Д.Хын асрамжинд байлгахаар өөрчлөн шийдвэрлэсэн магадлал нь хүчин төгөлдөр байна. 

 

Гэвч зохигчдын хүү Х.Мын эцэг Х нь гэрээсээ алс ажилтай олон хоногоор явдаг, өвөө нь хүүхэд харах чадваргүй, эгч нь хүнтэй сууж явсан зэрэг нөхцөл байдлаас болоод хүүхэд эзэнгүйдэж өөрийн ээжтэйгээ амьдарч байгаа ба эцэг нь хүүгээ ээжтэй нь байлгах санал гаргаж байгаа эх нь хүүгээ асрамжиндаа байлгахаар тохиролцсон тул хүүхдийн асрамжийн асуудлыг зохигчдын тохиролцооны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Иймд Хын Мыг эх Б.Мын асрамжинд байлгаж, эцэг Д.Хаас тэтгэлэг гаргуулах зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгч Б.Мын  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Хаас асрамж тогтоох нэхэмжлэлийн шаардлагаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд, хүүхдийн тэтгэлэг тогтоох нэхэмжлэлийн шаардлагаас 31.564 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011.11.21-нд төрсөн  хүү Х.Мыг эх Б.Мын асрамжинд байлгасугай. 

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан Б.Мыг 11 нас хүртэл сар бүр тухай бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл,  суралцаж байгаа бол 18 настай болтол сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Д.Хаар тэжээн тэтгүүлсүгэй. 

 

3.  Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6-д зааснаар Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр тогтоосон сар бүр төлвөл зохих тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Мын  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Хаас асрамж тогтоох нэхэмжлэлийн шаардлагаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд, хүүхдийн тэтгэлэг тогтоох нэхэмжлэлийн шаардлагаас 31.564 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт  Сүхбаатар  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ