| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 132/2016/0094/Э |
| Дугаар | 00101 |
| Огноо | 2016-11-30 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 00101
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж
нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч Н.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаа, насанд хүрээгүй шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох 201606000088 дугаартай, 132/2016/0094/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Насанд хүрээгүй шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, ам бүл 6, аав, ээж, ах, эгч нарын хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн Б хэсэг, 5-08 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******ийн ******* /РД:Г*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Насанд хүрээгүй шүүгдэгч Г.******* нь 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт оршин суух Н.*******ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж хөөрөг, мөнгөн аяга, гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлс хулгайлж 1448000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Насанд хүрээгүй шүүгдэгч Г.*******гийн өгсөн: Энэ гэмт хэрэг болсон гэх 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би эмнэлэгт хэвтэж байсан. Эмнэлэгт 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 3 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд хэвтсэн. Би эмнэлгээс гарсныхаа дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хохирогч *******ийн гэрт очсон. Тухайн үед манай ах ь Билгүүнээ гэдэг хүүхдийг дуудуулахаар явуулсан юм. Би хохирогч *******ийн гэрийн гадаа очсон бөгөөд Билгүүн гэдэг хүүхдийг дуудсан боловч байхгүй байсан. Манай ах ь Билгүүнээ гэдэг хүүхдийг дуудаад гарч ирэхгүй бол хохирогч *******ийн гэр рүү нь ороод дуудаарай гэж хэлсэн. Намайг хохирогч *******ийн гэрийн хашааны гадаа байхад ******* ах ирсэн бөгөөд намайг Тахарын албан дээр авч ирсэн. Тахарын албанаас нэг ахыг дуудсан. Тэр Тахарын албаны ах намайг хулгай хийсэн хүүхэд мөн байна гээд миний толгой руу цохьсон. Үүний дараа намайг түр саатуулах байранд хорь гэж хэлсэн. Харин би айсандаа хохирогч *******ийн гэрээс эд зүйл хулгайлсан гээд хэлчихсэн юм. Би хохирогч *******ийн гэрээс хөөрөг, мөнгөн аяга, мөнгө төгрөг авсан гэж хэлсэн. Намайг сүүлд цагдаа дуудаад прокурор руу шилжүүлсэн гэх мэдүүлэг,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаагийн өгсөн: Би хүүхдээ энэ гэмт хэргийг үйлдсэн гэж бодохгүй байна. Учир нь манай хүүхэд гэмт хэрэг үйлдэх хүн биш. Гэмт хэрэг хийсэн бол надад хэлэх байсан. Учир нь хүү маань надад юу ч нуухгүй ярьдаг. Хэрэг болсон гэх 2016 оны 3 дугаар сарыни 17-ны өдөр ******* эмнэлэгт хэвтэж байсан ба 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр эмнэлгээс гарсан. Энэ талаар эмнэлгийн магадлагаа байгаа. Үүнийг шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгч байна. Миний хүү энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байна гэх мэдүүлэг,
Хохирогч Н.*******ийн өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өөрөөр хэлбэл хэрэг болсон өдөр би жижүүрт гарч байсан. Гэрт хулгай орсон талаар эхнэр маань хэлсэн. Тухайн үедээ цагдаад дуудлага өгч гэрт маань үзлэг хийсэн боловч хулгай хийсэн хүн нь олдоогүй. 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр мөн жижүүрт гарч байтал манай ах ******* танай гэр дээр энэ хүү гарчихсан байхаар нь аваад ирлээ гээд *******г авч ирсэн. Тухайн үед би Булган аймаг дахь Тахарын хэсэгт ажилладаг байсан. Би *******д хандан ахдаа үнэнээ хэлчих гэхэд Гантулга гэж залуу намайг хулгай хий, хэдэн адуу байгаа туугаад ир гэж хэлсэн юм гэж надад хэлэхээр нь шууд цагдаад мэдэгдсэн. Тухайн үед би шүүгдэгчийг зодож цохисон зүйл байхгүй. 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр бол манайхаас 80000 төгрөг, халтар манан хөөрөг, дунд гарын мөнгөн аяга, жижиг гарын мөнгөн аяга, гар утас зэрэг зүйлс алдагдсан. Эдгээр эд зүйл гэрийн хойморт, тахилын ширээн дээр байсан. Мөнгөний хувьд хадганд боолттой, огт хэрэглэдэггүй, тахилын мөнгө, ширээний доор далд байсан гэх мэдүүлэг,
201606000088 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Н.*******ийн өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр манай гэрт хулгай орж хөөрөг, мөнгөн аяга, гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлс алга болсон байсан. Би тэр өдөр жижүүртэй, ажиллаж байсан. Миний төрсөн ах ******* уг асуудлын талаар сайн мэдэж байгаа. Надад манай эхнэр хулгай орсон талаар хэлсэн. Би хулгайд алдагдсан хөөргөө 2011 онд Нарантуул захаас 1800000 төгрөгөөс ярьж 1500000 төгрөгөөр худалдан авч байсан тул 1800000 төгрөгөөр, дунд гарын мөнгөн аягаа 180000 төгрөгөөр, жижиг гарын мөнгөн аягаа 120000 төгрөгөөр, гар утсаа 100000 төгрөгөөр тус тус үнэлнэ... гэх мэдүүлэг /хх 12-13 тал/,
Гэрч Н.*******ийн өгсөн: ...Би өөрийн төрсөн дүү *******ийн гэрт 2016 оны 3 дугаар сарын 17-ны орой байж байгаад 20 цагийн үед гэррүүгээ харьчихаад буцаад 23 цагийн үед ирэхэд гэрийнх нь хаалга цоожгүй байсан. Хүн ирчихсэн юм байх гээд ороход шүүгээнүүд нь онгорхой байсан. Эхнэрийг нь ирчихсэн юмуу гээд утас руу нь залгахад ажил дээрээ байна, мөнгөн аяга байна уу үзээдхээч гэсэн. Үзэхэд мөнгөн аяга нь байхгүй байсан тул цагдаад дуудлага өгсөн. Түүний дараа 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр би айлд очих гээд хойд хорооны шороон замаар машинтай явж байхад дүү *******ийн гэр дээр хүн гарчихсан харагдахаар нь очиж үзмээр санагдаад хашааны гадаа зогсоход ******* гэх хүний бага хүү ******* гэдэг хүүхэд гэр дээр нь, гэрийн тоононы арамыг нь авчихсан байсан. Чи яахаараа айлын гэр дээр гардаг юм бэ? гэхэд би зүгээр тоглож байсан гэж хэлэхээр нь шууд цагдаад авчирсан... гэх мэдүүлэг /хх 14 тал/
Гэрч Д.*******ы өгсөн: Манайх Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 5д-3-8 тоотод байдаг. 2016 оны 3 дугаар сарын 17-ны орой 23 цагийн үед миний нөхөр Н.*******ийн ах Н.******* утсаар залгаад “чи гэртээ ирсэн юм уу?, гэр чинь онгорхой байна” гэхээр нь “үгүй, би ажил дээрээ байна” гэсэн. ...Би гэрт байсан юмнуудаа бүртгэж үзэхэд дунд гарын мөнгөн аяга, архи хийдэг жижиг мөнгөн аяга, хүрэн өнгийн халтар манан хөөрөг, 2 сим ордог цагаан өнгийн андройд үйлдлийн системтэй, мэдрэгчтэй гар утас, бас хадганд ороолттой 80 мянган төгрөг алга болсон байсан... гэх мэдүүлэг /хх-15/,
Гэрч Ж.*******ийн өгсөн: ...Гантулга 2016 оны 2 дугаар сарын сүүлээр манайд очсон. Манай хамаатны эгч ******* таньдаг хүний хүүхэд гээд утсаар ярьж тохироод манайх мал маллуулахаар аваачсан. Манайд хонинд явж, илүү гэрт амьдарч байгаад 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Булган явлаа, маргааш халамжийн мөнгө бууна гэж байна гэж хэлээд явсан. 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэдгийг яагаад санаж байна гэхээр замын зардал хэрэгтэй байна гээд надаас 20000 төгрөг аваад явсан. 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр бол манайд байсан… гэх мэдүүлэг /хх 16, 107-108 тал/
Гэрч Р.*******ын өгсөн: ...Гантулга гэх хүний ээж халамжийн дэвтэрээ тавьж нилээд хэдэн сар зээл авч байсан болохоор таньдаг болсон. Манай хүүгийн эхнэрийн дүү Хутаг-Өндөр сумын Хантай багт туслах малчин хэрэгтэй байна гэж надад хэлэхээр нь би т хэлэхэд манай хүү байгаа шдээ гээд би утасных нь дугаарыг өгөөд өөрсдөө утсаар ярьж тохироод явцгаасан байсан. Гантулгыг 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр яг хаана байсныг нь мэдэхгүй ямар ч байсан 3 дугаар сарын 16-ны өдөр халамжийн мөнгө буугаад ээс асуусан чинь Гантулга Хутаг-Өндөрөөс нөгөө айлаасаа ирээгүй байна, ирж гарын үсэг зурахгүй болохоор надад мөнгийг нь өгөхгүй байна гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх 18 тал/,
Гэрч Х.ийн өгсөн: ...Миний хүү Гантулга 2016 оны 2 дугаар сарын сүүлээр Хутаг-Өндөр сумын Хантай гэх газарт айлд мал маллах гээд явсан. Булган сумын хуучин Хөдөө аж ахуйн газарт байдаг ломбарданд ажилладаг Мөнхөө эгч мал маллах хүн байна уу? гэж асууж байсан болохоор нь би хүүгээ тийшээ явуулсан. Тэндээ малчин хийж байгаад 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ирсэн. Би ирсэн өдрийг нь яаж санаж байна гэхээр ирсэн өдрийх нь маргааш халамжийн төвөөс Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүст 1200000 төгрөг өгсөн ба түүнийг нь хамт очиж авсан юм... гэх мэдүүлэг /хх 20 тал/,
Гэрч Б.ийн өгсөн: ...Гантулга 2 дугаар сарын сүүлээр хөдөө яваад 3 дугаар сарын 20-ны үеэр ирсэн. 2016 оны 5 дугаар сард Баярмагнайгийн гэрт Соронзон, эхнэр , ээж Отгоо, Гантулга, ах Даваадорж нарын хамт 2 шил архи уусан. Намайг ороход тэд нар ууж байсан. Тэрнээс хойш ороогүй. Би тэр ******* гэх хүүхдийг танихгүй урд айлын хүүхэд гээд орж гараад байсан. Гантулга тэр хүүхэдтэй хамт гарч яваагүй. Гантулга, , бид 3 тэднийхээс 17 цагийн үед гараад хүрэн байр ороод зах дээр ирэхэд цагдаа нар бариад эрүүлжүүлэхэд хийсэн. Шөнө ын бие өвдөөд гэррүүгээ гарсан. Бид 2 хоносон... гэх мэдүүлэг /хх-60 тал/,
Гэрч У.гийн өгсөн: ...Би Булган аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн хийдэг. Гантулга гэх хүн Булган сумын иргэн бөгөөд "Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурал"-аар орж дэмжигдээд над дээр ирээд олголт нь хийгдсэн байна. Гантулга нь Нийгмийн хамгаалалын тухай хуулийн 13.5.3-т зааснаар хорих ангиас суллагдсан өөрийн орон гэргүй учраас 1 удаа олгогдох 1200000 төгрөгний тусламж олгогдсон. "Төрийн банк"-наас ирүүлсэн хаалтын файл дээр Г.Гантулга нь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр уг мөнгийг авсан талаар мэдээлэл ирүүлсэн байна. Мөнгийг өөрт нь иргэний үнэмлэх, бичиг баримтыг нь үндэслэж олгодог... гэх мэдүүлэг /хх 63 тал/,
Гэрч Б.ний өгсөн: ...Би 2016 оны 3 дугаар сарын 08-наас 09-ний үед Улаанбаатар хот руу явсан. Явахаасаа өмнө Гантулгын дүүтэй уулзахад Гантулга ах ээжтэй хамт хөдөө явчихсан ирэх болоогүй байхаа гэж байсан. Би хотоос 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ирж, маргааш нь найзындаа ороход Гантулга байж байсан хөдөөнөөс ирээд хэд хонож байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх тал/,
Гэрч Д.гийн өгсөн: ... Би хуучин Хөдөө аж ахуйн байранд 2011 оноос хойш "Эрдэнэсийн сан" гэх нэртэй ломбард ажиллуулж байгаа юм. Манай ломбард угаасаа хөөрөг авдаггүй. Манай байранд ахиад 2 ломбард байдаг ба тэд нар ч ялгаагүй хөөрөг болон цахилгаан бараа мөнгөн эдлэл зэргийг авдаггүй зөвхөн алт, монетон эдлэл авдаг. Манай ломбарданд нийт 2 удаа л хүн хөөрөг тавих гэж орж ирж байсан ба хоёюулаа настай хөгшин хүмүүс байсан... гэх мэдүүлэг /хх 65 тал/,
Гэрч А.ын өгсөн: ...Цагаан сарын дараа бараг 2 сарын сүүлээр Гантулга манайд ирсэн. Тэгээд манай хонинд явж илүү гэрт амьдарч байгаад 2016 оны 3 дугаар сарын 20-нд билүү 21-ний өдөр Булган явах хэрэгтэй байна халамжийн мөнгөө авна гээд би мотоцикльтойгоо гол гаргаж өгөөд явсан. Би яагаад санаж байна гэхээр замын зардал хэрэгтэй байна гээд 20000 төгрөг аваад явсан юм. 2016 оны 3 дугаар сарын 17-нд бол манай гэрт байсан. Цэргийн баярын маргааш нь эхнэр бид 2 төв яваад Гантулга малаа хараад үлдсэн юм... гэх мэдүүлэг /хх 66 тал/,
Гэрч Г.ийн өгсөн: ...Би урьд өгсөн мэдүүлэгтээ сар өдрийг нь андуурсан байсан. 2016 оны 5 дугаар сард болсон үйлд явдал байсан. Би 2016 оны 3 дугаар сард Гантулгатай Булган суманд таараагүй гэх мэдүүлэг /хх 88 тал/,
Гэрч Б.ы өгсөн: "...Би Булган аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрны эмч ажилтай. Гантулга, , гэх хүмүүс 2016 оны 3 дугаар сард эрүүлжүүлэгдсэн асуудал байхгүй. Харин 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр бусдын амгалан тайван байдал алдагдуулсан гэх зөрчилтэйгөөр эрүүлжүүлэгдсэн юм. Тухайн өдөр гэх хүний биеийн байдал муудаж 103 дуудаж үзүүлээд ар гэрт нь хүлээлгэж өгсөн. Тухайн өдөр манайд гэрээгээр ажиллаж байсан Энхчимэг эмч ажил үүрэг гүйцэтгэж байсан... гэх мэдүүлэг /хх 89 тал/,
Гэрч Э.ын өгсөн: ...Би Гантулга, , нарыг зүс мэднэ, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр би гэрээсээ гараад дэлгүүр орчихоод явж байтал Билгүүн таараад хамт гэрлүүгээ явж байхад , , Гантулга нар бид хоёрыг хараад Билгүүнийг дуудсан. Тэр үед Билгүүн надад хандаж сонсоогүй юм шиг чигээрээ яваад байгаарай гэж хэлээд хүрэн байр луу оронгуутаа зугтаачихсан. Тэгэхэд Гантулга гүйж ирээд Билгүүн хаашаа явчихсан юм бэ? гэж асуухаар нь гүйгээд явчихсан гэхэд чи намайг таних уу? гэхээр нь би чамайг яаж таньдаг юм бэ? гээд маргалдаад би гэртээ орсон. Гэртээ ороод байж байхад Гантулга, , нар гэрт орж ирээд Билгүүн танай гэр лүү орсон гээд дахин дахин орилж сүүлдээ над руу дайраад байхаар нь эхнэр цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар тэр гурвыг аваад явсан... /хх-н 90-р хуудас/
Гэрч Г.гийн өгсөн: ..., хоёрыг танина Гантулгыг бол танихгүй. 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нөхөртэйгөө хамт хүрэн байранд хадмындаа байж байхад тэр 3 архи уучихсан согтуу ирээд Билгүүн танай гэрт байна уу гэж асуухад нь байхгүй гэж хэлэхэд манай гэрт орж үзчихээд буцаж гарч яваад дахин орж ирээд орилоод байсан. Сүүлдээ манай нөхөр лүү дайраад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд би тэр гурван залуугийн явсан зүгийг зааж өгөөд явуулсан... /хх 91 тал/,
Гэрч Б.ийн өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Гантулга, Баасанжав нарыг хамт архи уусан талаар мэдэхгүй. Тухайн үед би өөрийн нөхөр болон хүүхдүүдийнхээ хамтаар Улаанбаатар хот 11 дүгээр хороололд 1 байранд 6 дугаар орцонд жижүүрээр ажиллаж байсан... гэх мэдүүлэг /хх 93 тал/,
Гэрч Т.ын өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би Булган аймагт байгаагүй. 2016 оны 4 дүгээр сарын 26, 27-ны үед эхнэр, хүүхдээ эмнэлэгт эргэж ирчихээд тэр өдөрөө буцаад Төв аймгийн Заамар сум руу явсан. Дараа нь 5 дугаар сарын 01-ний өдөр Булган аймагт ирээд 5 дугаар сарын 02-ны өдөр хадмынхаа гэрт Бааска, Гантулга, хадам ээж Баасанжав, хадам аав Баярмагнай нартай хамт архи ууж байгаад Гантулга, Бааска нартай хамт гэрээс гарсан. Гантулга урьд нь Билгүүнд цохиулсан гээд бид 3 ын гэр лүү ороход Гантулга ын эхнэр той хэрүүл хийчихээд гараад явсан. Тэгээд бид нар захын хажууд явж байхад 2 цагдаа ирээд Гантулгатай уулзаж байгаад бид нарыг эрүүлжүүлэхэд хийсэн... гэх мэдүүлэг /хх 94 тал/,
Гэрч Б.ийн өгсөн: ...Болдоо гэдэг айлд Гантулгын хамт 2016 оны 2 дугаар сарын 26-наас 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл мал маллахаар явсан. Тэгээд бид 2 тэндээ мал маллаж байгаад Гантулга 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрөөс хорих ял эдлээд суллагдсан хүмүүст гэр орон авахад дэмжлэг үзүүлж 1000000 төгрөг өгөхөөр болж байна гээд түүнийгээ авахаар Булган аймгийн төв рүү яваад би араас нь 4 дүгээр сарын 01-ний өдөр явсан. Гантулга бид 2 ахиад Болдоо гэх айлд очоогүй... гэх мэдүүлэг /хх 105 тал/,
Гэрч В.ын өгсөн ...Гантулгыг би танина. Манай малыг хөлсөөр харж өгч байсан. тэр хоёр манайд 2016 оны 2 дугаар сарын 21-нд ирсэн ба Гантулга нь 3 дугаар сарын 20-ны өдөр аймгийн төв рүү яваад нь үлдсэн. Эхнэр бид 2 Гантулгыг Доржоо гэх найзынхаа урд талын зам дээрээс Мөнхөө гэх хүний машинд суулгаж явуулсан. Би 3 дугаар сарын 20-ны өдөр гэж яаж санаж байна вэ гэхээр эхнэр бид 2 цэргийн баярыг Доржоо гэх найзындаа тэмдэглээд маргааш нь гэртээ ирсэн. Тэгээд маргааш нь Гантулга аймгийн төв рүү явсан..." /хх-н 109-110-рхуудас/
Гэрч Т.ийн өгсөн: ...Хавар манай найз ын малыг Гантулга маллаж байсан. 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр , ******* хоёр Гантулгыг аймгийн төв рүү машинд суулгах гэж байна гэж ирээд Мөнхөөгийн машинд суулгаад явуулсан. Би яагаад он сарыг сайн санаж байна гэхээр цэргийн баяраар манай найзууд манайд хоноод маргааш нь буюу 3 дугаар сарын 19-ний өдөр гэр гэрлүүгээ явцгаасан юм. Тэгээд тэрний маргааш нь тэр гурав ирсэн юм... гэх мэдүүлэг /хх 111 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2 тал/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх 3 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-6 тал/, шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол болон эд зүйлсийн үнэлгээ /хх 23-29 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 113-117 тал/, насанд хүрээгүй этгээдийн насыг тоолсон тэмдэглэл /хх 118 тал/, насанд хүрээгүй шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 34-39 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42 тал/, болон хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх 40,44-45 тал / зэргийг шинжлэн судлав.
Насанд хүрээгүй шүүгдэгч Г.******* нь шунахайн сэдэлтээр 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт оршин суух Н.*******ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж хөөрөг, мөнгөн аяга, гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлс хулгайлж 1448000 төгрөгний хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн цаг хугацаа, орон зайд эд зүйл алдагдсан болон хэргийн нөхцөл байдлын талаарх хохирогч Н.*******, гэрч Н.*******, Д. ******* нарын өгсөн мэдүүлгүүд, насанд хүрээгүй этгээдийн насыг тоолсон тэмдэглэл, насанд хүрээгүй шүүгдэгч Г.*******гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн хэргийн газрын үзлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа нь зохих журмын дагуу явагдаж, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан нотолгооны ач холбогдолтой, тухайн хэрэгт хамаарал бүхий байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзэв.
Насанд хүрээгүй шүүгдэгч Г.*******гийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өмгөөлөгч П.Ган-Очир, хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаа нарыг байлцуулан сэжигтнээр байцаагдаж өгсөн “2016 оны 3 дугаар сарын 17-ны орой гадуур тоглож яваад ангийнхаа хүүхдээс мөнгө зээлчихсэн тэрийгээ нэхсэн болохоор би гэрийнх нь тооно онгорхой байхаар нь тооноор орж баганаар дамжиж гэрт орсон юм. Ороод бурхантай шүүгээн дээр байсан хөөрөг, жижиг мөнгөн аяга, бас хадган дунд байсан бэлэн мөнгө 40 гаран мянган төгрөгийг аваад буцаад баганаар нь дамжиж гарсан. Гараад хүн орсон болгохоор цоожийг нь гаднаас нь цохиж эвдчихээд явсан. ...Хөөргийг нь ХАА-н нэрийг нь мэдэхгүй ломбарданд 50000 төгрөгөөр тавьсан. ...Намайг хулгай хийхийг хэн нэгэн шаардаагүй, би зүгээр өөрөө хулгай хийсэн гэж хэлэхээс айгаад Гантулга ахыг урьд нь хулгайн хэргээр шоронд орж байсан болохоор нь тэгээд хэлчихсэн юм” гэх /хх-35/, яллагдагчаар байцаагдаж өгсөн “өмнөх мэдүүлэгтээ бүх зүйлийг ярьсан, ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна” гэх /хх-38/, ...Тухайн үед би “намайг хулгай хийсэн гээд шоронд оруулчих байх, тэгээд Гантулга ахыг намайг айлгаж байгаад хулгай хийлгэсэн гэхээр энэ хэргээс мултарчих байх гэж бодоод Гантулга ах намайг айлгаж байгаад хулгай хийлгэсэн гэж хэлсэн юм” гэх /хх-119/ мэдүүлгүүдийн эх сурвалж нь хохирогч Н.*******, гэрч Н.*******, Д.******* нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл зэргээр нотлогдож байх ба хэрэг учрал болсон цаг хугацаанд Г.Гантулга нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай гэх газарт айлд мал маллаж байгаад 2016 оны 3 дугаар сарын 20-ны үед ирсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна.
Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Г.*******г 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт оршин суух Н.*******ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлж 1448000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.*******т 1448000 төгрөгийн хохирол учирсан байх ба насанд хүрээгүй этгээдийн бусдад учруулсан хохирлыг хуулийн дагуу түүний хууль ёсны төлөөлөгч буюу иргэний харицагчаар татагдсан Г.Цэцэгмаагаас гаргуулах нь зүйтэй байна.
Насанд хүрээгүй шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болно.
Шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, Хүүхдийн болон Цагдаагийн байгууллагын хамтран гаргасан хүсэлт зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэж, хорих ял оногдуулсан Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, Г.*******г хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч болон Булган аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт хариуцуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299, 377 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ийн *******г хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Г.*******г эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д заасныг баримтлан Г.*******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Д.Цэцэгмаагаас 1448000 /нэг сая дөрвөн зуун дөчин найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.*******т олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч Г.*******д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, хорих ял оногдуулсан Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, Г.*******г хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч болон Булган аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт хариуцуулсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгч Г.*******д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД