Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2025/0663

 

                                                                                                   

 

 

 

 

 

 

                                            

                                    “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 124/ШШ2025/0031 дүгээр шийдвэрийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

Хэргийн индекс: 124/2025/0015/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 124/ШШ2025/0031 дүгээр шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/52 дугаартай “Электрон тамхи худалдан борлуулахыг хориглох тухай” захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. “... Нэхэмжлэгчийн талаас нэхэмжлэлдээ Өрсөлдөөний тухай хуулийг шууд зөрчих үр дагавар үүсгэсэн гэх үндэслэлийг тайлбарт өгсөн. Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2 дахь заалтыг үндэслэл болгон шийдвэрлэсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд нутаг дэвсгэрийн хэмжээнд Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан төрийн чиг үүргийг хэрэгжүүлж нутаг дэвсгэрийн хэмжээнд гарал үүсэл, орц найрлага тодорхойгүй бүтээгдэхүүн, түүний дагалдах хэрэгслийг зарахыг хориглосон захирамж гаргасан нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнээ нэг зах зээлээс нөгөөд борлуулахыг хориглосон гэх үндэслэлтэй нийцэхгүй байна. 

2.2. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6-т эрүүл мэндээ хамгаалуулах эрх олгогдсон байдаг. Электрон тамхи гэж нэрлэгдээд байгаа тус бүтээгдэхүүний хүний эрүүл мэндэд үзүүлэх хоруу чанарын тухай ДЭМБ-аас тогтоосон бөгөөд бусад улс орнуудад анхааруулга, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Нутаг дэвсгэрийн хэмжээнд Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д “эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр нийтийг хамарсан арга хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг татан оролцуулах, урамшуулах;” эрхийн дагуу тус шийдвэрийг Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу эрхээ хамгаалуулахаар хүсэлт өгсөн төлөөллийн эрх ашгийг хангах, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахын тулд тус шийдвэрийг гаргасан. Тус компанийн худалдаалж буй бүтээгдэхүүн эрүүл аюулгүйн шаардлага хангасан эсэх, хүний биед хор нөлөө үүсгэхгүй эсэх, худалдан борлуулахыг хориглосон барааны жагсаалтад орц найрлага орсон эсэх тухай мэдээллийг нягталж, тогтоогоогүй хэр нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хангаж хариуцагч болон олон нийт, хүүхдийн Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх ашгийг хангаагүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

2.3. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

            2. Нэхэмжлэгч “Э” ХХК “Увс аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/52 дугаар “Электрон тамхи худалдан борлуулахыг хориглох тухай” захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Маргаан бүхий А/52 дугаар захирамжийг “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.7, 74 дүгээр зүйлийн 74.1, 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39.1.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Боловсролын сайдын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/140 дугаар тушаалыг тус тус үндэслэн,

 Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид болон аймгийн хүүхдийн зөвлөлөөс ирүүлсэн электрон тамхины хэрэглээг бууруулах, хяналтгүйгээр худалдан борлуулдаг байдлыг таслан зогсоох талаарх хүсэлтийн дагуу тамхины хэрэглээг бууруулах, хүүхэд залуучуудын эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, эрүүл мэндийг дэмжих зорилгоор, аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох хүртэл хугацаанд түр хориглох”-оор гаргасан байна.

4. Анхан шатны шүүх “... Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний акт байх бөгөөд мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т зааснаар хүчин төгөлдөр болоогүй, эрх зүйн үйлчлэлгүй байна. Захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагыг Захиргааны ерөнхий хуульд тодорхой заасан байхад хариуцагч талаас Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох хүртэл түр хугацаанд хязгаарласан тул улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүргүүлээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. ...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

5. “Э” ХХК-аас Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдуулан “Төв аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаартай “Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай” захирамжийн 1 дүгээр заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн албан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг, мөн аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0037 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн “Төв аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаар захирамжийн 1 дүгээр заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож ... шийдвэрлэсэн,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2025/0402 дугаар магадлалаар маргаан бүхий захирамжийг “нэгэнт захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй актыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ” гэж дүгнээд, хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээснийг, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 429 дүгээр тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

6. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана.” гэж  зааснаар “Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай” аймгийн Засаг даргын захирамжийг хэм хэмжээний акт мөн гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх бөгөөд уг акттай ижил агуулгаар гарсан маргаан бүхий А/52 дугаар захирамж нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүтгэлд бүртгүүлээгүй.. “гэх агуулгыг үгүйсгэж маргаагүй, харин “... шүүх тус компанийн худалдаалж буй бүтээгдэхүүн эрүүл аюулгүйн шаардлага хангасан эсэх, хүний биед хор нөлөө үүсгэхгүй эсэх, худалдан борлуулахыг хориглосон барааны жагсаалтад орц, найрлага орсон эсэх тухайн мэдээллийг нягталж, тогтоогоогүй хэр нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хангаж хариуцагч болон олон нийт, хүүхдийн Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх ашгийг хангаагүй шийдвэр гаргасанд гомдолтой байна...” гэснийг хангах үндэслэлгүй.

Учир нь тухайн асуудлыг нягталж тогтоох үүрэг нь шүүхийн үүрэг бус, харин хариуцагч  нь уг захирамжаа гаргахаас өмнө нягтлан тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар бүлэгт заасан журмын дагуу улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхдээ хүргүүлэх үүрэгтэй бөгөөд энэ талаарх тайлбар, баримтаа өөрөө гаргах эрх нь нээлттэй байхад эрхээ хэрэгжүүлээгүй байна.

8. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 124/ШШ2025/0031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ШҮҮГЧ                                                     Т.ЭНХМАА

 

             ШҮҮГЧ                                                     Н.ХОНИНХҮҮ

 

             ШҮҮГЧ                                                     С.МӨНХЖАРГАЛ