Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 221/ШШ2022/0005

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Оюумаа, Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Гомдол гаргагч: Н.Б /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9-р дүгээр хороо, Шар-Хад 65-929 тоот, РД:ЙР75032811 /

 

Хариуцагч: Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо

Гуравдагч этгээд: өмгөөлөгч Б.Д

 

Гомдлын шаардлага: “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, өмгөөлөгч Б.Дид хариуцлага хүлээлгэхийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд даалгах”

 

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, иргэдийн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантогтох нар оролцов.

 

Хэргийн индекс: 221/2022/0001/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Гомдол гаргагч Н.Б нь “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, өмгөөлөгч Б.Д-д хариуцлага хүлээлгэхийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд даалгах”-аар маргасан байна.

         

          2. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Өмгөөлөгч Б.Д-ийг Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй болохыг тогтоож, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн Г.Э 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №28 дугаартай захирамжийг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн байна.

    

3. Гомдол гаргагч Н.Б нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гомдол гаргасан.

4. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлээ: “...Миний бие Н.Б нь “Өөриймсөг” ХХК-ийн захирлаар ажилладаг, дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, 2016 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гарсан приус 20 маркийн 06-32 УБЦ улсын дугаартай автомашины эд зүйл алдагдсан гэх 201625031690 тоот эрүүгийн хэрэгт хилс хэрэгт холбогдож ял эдэлсэн. Энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийн туслахын зуучилж өгсөн Б.Д өмгөөлөгчөөр оролцсон. Б.Д нь Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн “Үнэмлэхүй эрх” хуулийн фирмийн өмгөөлөгчөөр ажилладаг бөгөөд анх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахдаа “Би өмнө нь хулгайн гэмт хэрэгт олон удаа өмгөөлөгчөөр оролцож байсан, би ийм хурууны хээтэй холбоотой хэргийг зохицуулж байсан” гэж амлалт өгсөн боловч бодит үйл явдал дээр эсрэгээрээ зүйл болсон. Миний хувьд гэм буруугүй тул хийгээгүй хэргийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн байр суурьтай байхад өмгөөлөгч Б.Д нь “Би чамайг шоронд явуулж чадахгүй, чи гэм буруугаа хүлээчихвэл торгох ялаар солиулаад өгье” гэж прокурортой үгсэн тохиролцож миний хууль ёсны ашиг сонирхол, хүсэлт зоригийн эсрэг байр суурь илэрхийлж байсан. Мөн шүүх хурлын дараа 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хохирлыг нь төлж тэнсэн ял авахыг шаардаж “Би чамайг өмгөөлөхөөс татгалзаж байна, өөр өмгөөлөгч ав, олон шүүх хуралд оролцлоо, хөлсөө нэм” гэж дарамт үзүүлж байсан.

4.2. Өмгөөлөгч Б.Д-ийн дээрх үйлдлүүд нь Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад хориглосон, хууль бус үйлдэл гэж заасан тул Өмгөөллийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч хууль болон өмгөөлөгч Б.Дийн ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор 2021 оны 04 дүгээр сард Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргасан.

4.3. Миний бие 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй бөгөөд энэ нь шүүх хуралдааны бичлэгээр нотлогдоно гэж тайлбарласаар байхад Өмгөөллийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэгт заасан маргаан хянан шийдвэрлэх чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх үүргээ зөрчиж Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчийн хууль бус үйлдэлд хариуцлага тооцохгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан нь миний хууль ёсны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Миний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь Б.Д өмгөөлөгчийн хууль бус, ёс зүйгүй, хариуцлагагүй үйлдлээс болж би ял эдэлж, эдийн болон сэтгэл санаа, цаг хугацааны маш их хэмжээний хохирол амссан. Б.Д өмгөөлөгчид холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэж буруутайг нь тогтоолгосны үндсэн дээр хохирлоо шаардаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлттэй байна.

          4.4. Иймд Монголын өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, өмгөөлөгч Б.Дид хариуцлага хүлээлгэхээс татгалзсан Монголын өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаартай тогтоол нь хууль бус болохыг тогтоолгож, өмгөөлөгч Б.Д-д хариуцлага хүлээлгэхийг Монголын өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх Мэргэжлийн  хариуцлагын хороонд даалгаж өгнө үү” гэж тодорхойлжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н хариу тайлбартаа: “...Иргэн Н.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Мэргэжлийн хариуцлагын хороонд өмгөөлөгч Б.Дид холбогдуулан гомдлыг гаргасан байдаг.

5.2. Уг гомдлын дагуу маргаан хянан шийдвэрлэх журмын хүрээнд хянан шалгах ажиллагааг явуулж тус хорооны гишүүн Г.Эрдэнэбилэгээс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр №28 дугаартай захирамжаар маргаан үүсгэхээс татгалзан шийдвэрлэсэн.

5.3. Хорооны гишүүний гаргасан “Маргаан үүсгэхээс татгалзах тухай” захирамжид Н.Б нь гардан авсан өдрөө гомдлыг гаргасан бөгөөд гомдолд холбогдох маргаан хянан шийдвэрлэх хуралдаан 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр болж дугаар 25 тогтоолоор татгалзах захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

5.4. Маргаан хянан шийдвэрлэх хуралдааны тогтоол нь маргаан материалд цугларсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд хийгдсэн маргааны материалд нотлох баримтаар авагдсан баримтууд болох Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 451 дугаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай тэмдэглэл, 2016 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 08 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай шүүх хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 261 дүгээр магадлал, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоол, хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 65 дугаартай магадлал, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 424 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 229 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж дүгнэсэн.

5.5. Үүнээс гадна анхан шатны шүүхээс Н.Бийн үйлдлийг нотлогдсон гэж үзэж торгох ялаар шийтгэсэн байх боловч торгох ялаа хугацаанд нь төлж барагдуулаагүйгээс хорих ялаар сольж ялыг биечлэн эдлүүлсэн нь өмгөөлөгчийн үйлдэл, үйл ажиллагаанд огт холбогдолгүй байна гэж үзэн Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №28 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

5.6. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын тэгш эрхийн оролцоог хангаж гомдол гаргагчийн өөрийг нь оролцуулан тайлбарыг авч шуудангаар, тэгш эрхийн зарчимд нийцүүлэн Маргаан хянан шийдвэрлэх зарчмын хүрээнд шийдвэрлэсэн болно.

5.7. Иймд иргэн Н.Бийн гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 25 дугаартай тогтоолыг хэрэгсэхгүй болгох тухай гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хариу тайлбартаа: “...Гуравдагч этгээд Б.Д нь эрүүгийн 201625031690 тоот хэрэгт шалгагдаж байсан Н.Бтай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулан, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан ажиллаж Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, мөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаан, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаан, Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрүүдийн шүүх хуралдаанд биечлэн оролцож, мөрдөн шалгах ажиллагаанд нэмэлт ажиллагаа хийлгэх зэрэг үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн, Монгол Улсын Үндсэн хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм зэргийг баримтлан мэргэжлийн үүрэгтээ үнэнч байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэн ажилласан талаар тайлбарласан.

6.2. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...би өмнө нь хулгайн гэмт хэрэгт олон удаа өмгөөлөгчөөр оролцож байсан, би ийм хурууны хээтэй холбоотой хэргийг зохицуулж байсан гэж амлалт өгсөн... би чамайг өмгөөлөхөөс татгалзаж байна, өөр өмгөөлөгч ав, олон шүүх хуралд оролцлоо, хөлсөө нэм... давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй байхад оролцсон мэтээр нэрийг оруулсан байсан...Б.Д өмгөөлөгчийн хууль бус ёс зүйгүй хариуцлагагүй үйлдэл болж би ял эдэлж...” гэж дурджээ.

6.3. Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ, Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг заавал биелүүлэхийг хуульчлан тогтоосон бөгөөд нэхэмжлэлд дурдсанчлан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага ногдуулах нь зөвхөн шүүхэд хадгалагдах тул нэхэмжлэгчийн торгох ял ногдуулж, түүнийг хорих ялаар сольж, эрх нь зөрчигдсөн гэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл эрүүгийн шүүх хуралдаанаас шүүгдэгчийн хувийн байдал, хэрэг үйлдсэн арга хэлбэр, зүйлчлэлд тохирсон ял шийтгэлийг зөвхөн шүүх ногдуулах бөгөөд шийтгэх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлага болон ногдуулсан үүргийг биелүүлээгүй тохиолдолд хорих ял шийтгэлээр сольдог хууль зүйн ойлголттой.

6.4. Тухайлбал нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан асуудлаар өмгөөлөгчийн хувьд хуульд зааснаар шийдвэр гаргах боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөл, хууль зүйн техник, арга барилыг ашиглан үйлчлүүлэгчийн эрхийг ямагт эрхэмлэж, шаардлагатай хүсэлт, гомдол, шүүх хуралдаанд оролцож, санал дүгнэлтийг гаргаж байсан нь дээр дурдсан баримтаар тогтоогдож байна.

6.5. Хэргийн оролцогч нар 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээний харилцаатай байсан болох нь холбогдох нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл зэргээр тогтоогдох бөгөөд тухайн цаг хугацаанд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмээр ёс зүйн асуудлыг зохицуулжээ. Тухайлбал Өмгөөллийн тухай хууль 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр батлагдаж, хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйл, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийн 4 дүгээр бүлэгт заасан аль хэсгийг зөрчсөн талаар нэхэмжлэлд дурдаагүй, аль зөрчлийг гаргасан талаар ойлгомжгүй байна.

6.6. Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан яхан шийдвэрлэх журмын 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ журмын дагуу маргааныг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа зөрчил гарсан өдрөөс хойш гурван жил байна” гэж зохицуулсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанд оролцсоноор өмгөөлөл, хууль зүйн туслалцааны харилцаа дуусгавар болж, нэхэмжлэгч 2021 оны 04 дүгээр сард энэ талаарх гомдлыг хариуцагчид мэдэгдсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон.

6.7. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9598 дугаар захирамжаар харьяаллын бус гэж хүлээн авахаас татгалзсан” гэж тайлбарласан бөгөөд Өмгөөллийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, 54 дүгээр зүйлийн 54.3.3, 112 дугаар зүйлийн 112.1.4-т зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд шууд харьяалалуулсан маргааныг өөр шүүхэд хандсан нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлснийг зөвтгөх боломжгүй тул тус хуулийн 54 дүгээр зүйлд заасан хүлээн авахаас татгалзах нөхцөл байдал үүсчээ.

6.8. Нэхэмжлэгч нь шүүхэд хариуцагчийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болгох, хууль бус болохыг тогтоолгох гэсэн шаардлага гаргасан бөгөөд нэг актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн уулийн 106 дугаар зүйлийн хоёр өөр үндэслэлээр хүчингүй, хууль бус болохыг тогтоолгох боломжгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах, нотлох баримт цуглуулах, үнэлэх хууль зүйн ач холбогдолтой юм” гэжээ.

7. Иргэдийн төлөөлөгч Н.Тэгшжаргал: Анхан шатны шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна” гэж дүгнэлт гаргав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Н.Б-н гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, өмгөөлөгч Б.Дид хариуцлага хүлээлгэхийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд даалгах” шаардлага бүхий гомдлыг хянаад, уг 25 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар тус хороонд буцааж шийдвэрлэлээ.

 

2. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар тогтоолоор маргаан үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, гомдолд дурдсан асуудалтай холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй атлаа “Өмгөөлөгч Б.Д-г Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй болохыг тогтоож, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаартай “Маргаан үүсгэхээс татгалзах тухай” захирамжийг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн нь Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны журмын 88 дугаар зүйлийн 88.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх”, 88.3-д заасан “Шийдвэрийн үндэслэл нь дэлгэрэнгүй, тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх” шаардлагуудад нийцээгүй байна.

 

3. Уг журмын 47 дугаар зүйлийн 47.1-д “гомдолд дурдсан үйл баримт зөрчилд хамаарахааргүй бол хянан шалгагч маргаан үүсгэхээс татгалзах тухай санал гишүүнд хүргүүлэх”-ээр зааснаас үзвэл хянан шалгагчийн маргаан үүсгэхээс татгалзсан саналыг хүлээн авсан гишүүний захирамжийг хэвээр үлдээхэд гомдолд дурдсан асуудал нь “зөрчилд хамаарах эсэх”-ийг тогтоосны үндсэн дээр дүгнэлт өгөх шаардлагатай.

 

4. Н.Б нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан гомдолдоо “... өмгөөлөгч Б.Д ... эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцохдоо ... нотлогдоогүй хэрэгт шийтгүүлсэн. ... прокурор 6 сарын баривчлах ял төлөвлөсөн.  Эсрэгээрээ зүйл болж би 409 хоног хорих ял шийтгүүлсэн ... Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны дараа 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хохирлыг нь төлж тэнсэх ял авахыг шаардаж, би чамайг өмгөөлөхөөс татгалзаж байна. Өөр өмгөөлөгч ав, мөнгөө нэм олон шүүх хуралд оролцлоо гэж дарамт үзүүлж байсан,... шүүх хурлаас гарах шийдвэрийг урьдчилан хэлж хэвээрээ гарна гэх мэт сэтгэл санаагаар унагаж байсан... ...2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр болсон давж заалдах шатны шүүх хурлын гомдлыг өөрөө бич гэж хэлсний дагуу би хүнээр бичүүлсэн ... тухайн хуралд би оролцоогүй, очиход тарчихсан гарч ирсэн. Дээд шүүхийн хурлын товыг надад хэлээгүй. Б.Д өмгөөлөгчид маш их гомдолтой байна.” гэх зэргээр дурдсаныг “зөрчилд хамаарахгүй” гэж шууд үзэх боломжгүй.

 

5. Учир нь гомдолд дурдсан асуудал нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах”,  14.1.2-т “үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах;” 14.1.7.өмгөөллийн үйл ажиллагааны зорилгод хүрэх арга хэлбэрийн талаар үйлчлүүлэгчтэй зөвлөлдөх” гэх зэрэг 14 дүгээр зүйлд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэхтэй холбоотой байж болохоор байна.

 

6. Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар захирамж, Хорооны 25 дугаар тогтоолд гомдолд дурдсан өмгөөлөгчийн ёс зүйг зөрчсөн гэж үзсэнтэй холбоотой асуудал нь яагаад “зөрчилд хамаарахгүй” гэж үзсэн талаар дүгнэлгүй, “торгуулийг хугацаанд нь бүрэн төлөөгүйгээс торгох ялыг хорих ялаар сольж ялыг биечлэн эдэлсэн явдал нь өмгөөлөгчийн үйлдэл, үйл ажиллагаатай холбогдолгүй байна” гэж дүгнэн, өмгөөлөгч Б.Дийг Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

 

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны үед Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны видео бичлэгийг нотлох баримтаар шинжлэн судлах явцад гомдол гаргагч Н.Б нь “энэ бичлэг дээр гарч байгаа хүн би биш, би шүүх хуралдаанд оролцоогүй, миний оронд өөр хүн шүүх хуралдаанд оруулсан байна” гэх тайлбар гаргасан ба Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан гомдолдоо “...уг хуралд би өөрийн биеэр оролцох хүсэлт бичгээр өгсөөр байхад надад хэлж мэдэгдэлгүй, өмгөөлөгч өөрөө оролцсон байсан...” гэх асуудал болон гомдолд дурдсан өмгөөлөгчийн ёс зүйг зөрчсөн гэх гомдолтой холбоотой хянан шалгах ажиллагааг дахин явуулж, зохих журмын дагуу шийдвэрлэх шаардлагатай.

8. Дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулаагүй, маргаан үүсгэх эсэхийг Хороо шийдвэрлээгүй байхад тус шүүхээс өмгөөлөгчид хариуцлага тооцох үндэслэлгүй тул тогтоолыг хүчингүй болгож, энэ талаарх гомдлыг дахин шалгуулахаар буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар мөн хороонд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА