Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/01

 

 

2023       01        23                                             2023/ШЦТ/01

           

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

157ыӨЫ                                 Хэргийн индекс:157/2023/0002/Э

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

            Улсын яллагч Т.Баярмаа

            Шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б  овогт Ц.Т-т холбогдох эрүүгийн 2240000000079 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, .... оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан Б овогт Ц.Т-. (РД:...)

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б  овогт Ц.Т нь Хэнтий аймгийн Бор-Өндөр ....тоотод оршин суух өөрийн гэртээ 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 05 цаг орчимд “эхнэр М.Б-гийн манай нөхөр Т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна” гэсэн дуудлагын дагуу ирсэн цагдаагийн дэслэгч А.Ж-ийн эхнэрийн тань дуудлагаар явж байна, хаалгаа нээж эхнэр, хүүхдээ гэртээ оруулах талаар хууль ёсны шаардлага тавьсныг эсэргүүцэн, хаалга онгойлгож яах гэж байгаа пиздаанууд вэ, би цагдаа дээр очдог хүн биш гэж хэл амаар доромжилж, улмаар цонхны раммны баруун ирмэгээс барьж байсан гарыг нь цонхоор хавчиж, хүчтэй савсны улмаас түүнд баруун гарын 2-5-р хуруунууд, алга хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ. 

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Ц.Т “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэх мэдүүлгийг өгсөн. 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2240000000079 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Б  овогт Ц.Т нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын....тоотод оршин суух өөрийн гэртээ 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 05 цаг орчимд “эхнэр М.Б-гийн манай нөхөр Т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна” гэсэн дуудлагын дагуу ирсэн цагдаагийн дэслэгч А.Ж-ийн эхнэрийн тань дуудлагаар явж байна, хаалгаа нээж эхнэр, хүүхдээ гэртээ оруулах талаар хууль ёсны шаардлага тавьсныг эсэргүүцэн, хаалга онгойлгож яах гэж байгаа пиздаанууд вэ, би цагдаа дээр очдог хүн биш гэж хэл амаар доромжилж, улмаар цонхны раммны баруун ирмэгээс барьж байсан гарыг нь цонхоор хавчиж, хүчтэй савсны улмаас түүнд баруун гарын 2-5-р хуруунууд, алга хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн үйл баримт нь:

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/

-Хохирогч А.Ж-ийн  2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагийн хэсгийн эрүүгийн мөрдөгчөөр ажилладаг. Би цагдаагийн хэлтсийн даргын баталсан томилгооны дагуу 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 07 цаг 30 минутаас 20-ны өдрийн 07 цаг 30 минут хүртэлх хугацаанд ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 10 дугаар сарын 20-ны 05 цагийн үед цагдаагийн жижүүр дээр Б- гэдэг эмэгтэй өөрийн биеэр ирж манай нөхөр Ц.Т- унтуулахгүй зодоод байна гэж мэдэгдсэн. Би тухайн гомдлыг хүлээн аваад жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.О, Б нарын хамт Бор-Өндөр сумын 2 дугаар баг Нийтийн байрны 14-11 тоотод 05 цаг 10 минутын үед очсон. Тэнд очих үед Ц.Т- нь гэрээ дотроос нь цоожлоод хүүхдийн хамт унтаж байсан. Тэгсэн Ц.Т-ын эхнэр Б- нь би гэртээ орж унтаж амармаар байна, өөр таних айл байхгүй, гэртээ орохоор Ц.Т зодоод байна, энэ хүнийгээ та нар аваад яваач гэж хэлсэн. Тэгээд би Э.О-ийн хамт хаалгыг нь тогшоод Ц.Т-ыг дуудаад эхнэр чинь дуудлага өгсөн, гарч ирээд уулзчих гэж хэлсэн, хаалгаа тайлахгүй дотроосоо уулзахгүй, наад балай авгайгаа өөрийг нь аваад яв гэж хэлсэн. Тэгээд зогсож байсан чинь Б- цонхон дээрээ очоод цонхоо тогшсон Ц.Т онгойлгоод яах гээд байгаа пизданууд вэ, наад эргүү гичийгээ өөрийг нь аваад яв, би цагдаа дээр очдог хүн бишээ гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би эхнэрийн чинь дуудлагаар явж байна, миний хууль ёсны шаардлагыг биелүүлээд гарч ирээд уулз, эхнэрийгээ гэртээ оруул гэж хэлсэн. Би ингэж хэлж байх үедээ цонхных нь рамных нь ирмэгнээс баруун гараараа бариад ярьж байсан. Тэгсэн гэнэт Ц.Т цонхоо саваад миний рамнаас барьж байсан гарыг хавчсан. Тэгж хавчихаар нь гараа авах гэсэн чинь цонхны түгжээний төмөрт баруун гарны дунд шигдэж ороод авч болохгүй байсан. Тэгж гараа авч чадахгүй байх үед Ц.Т нь ахиад 4-5 удаа цонхоо хүчтэй савж хаагаад миний гарыг хавчсан. Цонхоо савахаа болихоор нь гараа салгаад авсан чинь цонхоо хаагаад цаашаа яваад өгсөн. Тэгээд цонх, хаалгаа тайлахгүй байхаар нь өглөө уулзъя гэж бодоод эхнэр, охин хоёрыг нь дагуулаад цагдаагийн хэлтэс рүү явсан. Би өөрөө эмнэлэг орж үзүүлсэн. Эмнэлэг дээр үзүүлэх үед их хэмжээний цус алдалттай, хаван ихтэй байсан учир маргааш нарийн үзье гэж хэлсэн. Дараа нь үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Баруун гарын дунд, долоовор, ядам хуруунуудын гадна хэсэг, дунд хурууны дотор хэсэгт зулгарсан. Өөр гэмтэл шарх учраагүй. Айхтар согтоогүй, зүгээр ярьж байсан. Би тэрийг мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллага явахгүй гээд байсан. Тухайн үед хангалттай харахаар байсан. Хараагүй цонхоо савлаа гэхэд дахин 4-5 удаа савах шаардлага байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/

-Хохирогч А.Ж-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Надад өмнөх мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би тухайн үед Ц.Т-ын байсан байшинд орох үйлдэл хийгээгүй, цонхны ирмэг дээрээс бариад шаардлага тавьж байх үед цонхоо саваад миний гарыг гэмтээсэн. Нэг удаа саваад зогсоогүй, миний гар шигдчихээд авч болохгүй байх үед ахиад цонхоо саваад байсан. Надад Ц.Т-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолтой байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд эхнэр хүүхдээ хөөж гаргачихаад цагдаагийн алба хаагч миний биед халдсанд гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/

-Гэрч Э.О-ийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “Би 2022 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 07 цагаас 10 дугаар сарын 20-ны 07 цаг хүртэл 24 цагаар А.Ж-ийн хамтаар үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд 10 дугаар сарын 20-ны үүрээр буюу 04 цагийн үед байх нэг эмэгтэй хүүхдээ дагуулаад цагдаагийн хэлтсийн жижүүр дээр ирсэн. Ирэхээр нь юу болсон талаар тодруулахад манай нөхөр намайг гэрээсээ хөөгөөд хүүхэдтэй маань гаргаад хаалгаа түгжчихлээ гээд ирэхээр нь би ерөнхий жижүүр А.Ж мөн жижүүр дээр ирсэн эмэгтэйг хүүхэдтэй нь дагуулаад тус сумын 1 дүгээр багт байрлах Нийтийн байр луу хамт очсон. Очоод гэрийнх нь хаалгыг тогшсон чинь хаалгаа нээхгүй хариу өгөхгүй байхаар нь цонхон дээр нь очоод тогшсон чинь хөшигөө нээгээд цонхныхоо жижиг порчикыг нээгээд нөхөр нь гэх нэг ах яах гээд байгаан гээд байсан. Тэгтэл манай ерөнхий жижүүр А.Ж таниас юу болсон талаар тодруулъя та хаалгаа нээлдээ эхнэр хүүхэд чинь гадаа даараад байна шүү дээ гэхэд тоохгүй цаашаа явах гэхээр нь Ж цонхны жижиг порчикны онгорхой хэсгээс бариад та хурдан хаалгаа нээлдээ гэж хэлэхэд эргэж хараад жижиг порчикоо шууд савчихсан. Тэгээд Ж гараа аваад эхнэрийг нь дагуулаад бид хэд цагдаагийн хэлтэс рүү хамт ирээд эхнэр хүүхдийг нь цагдаагийн хэлтсийн өөрсдийн амардаг өрөөндөө сандал суулгаад унтуулаад өглөө явуулсан. Ж болохоор эмнэлэгт үзүүлэхээр явсан. Ж-ийн гарыг хэдэн удаа цонхны хаалт хэсгээрээ цохьсоныг сайн мэдэхгүй байна. Нэг удаа л лав цохьсон байх. Т хэр зэргийн согтолттой байсныг бол сайн мэдэхгүй байна. Гэрээсээ гарч ирээгүй болохоор эхнэр нь бол согтуу зодоод байна гэж байсан. Тэгээд унтуулж амраахгүй байна гээд байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/

 

-Гэрч М.Б-гийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байр 14-06 тоотод байх гэртээ Цэвэлмаа, Нармандах, Батжавхлан нартай сууж байх үед гаднаас миний нөхөр Ц.Т согтуу орж ирээд агсан тавиад байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан. Цагдаа нарыг авч явах үед нь ахиад агсан тавиад байдаг болохоор нь цагдаа нарт битгий буцааж явуулаарай гэж хэлсэн. Тэгсэн цагдаа нар эрүүлжүүлэх, саатуулах байр байхгүй учраас явуулахаас өөр аргагүй, гэртээ битгий буцаж ирээрэй гээд явуулна гэж хэлсэн. Тэрнээс хойш би хоёр хүүхэдтэйгээ хамт гэртээ унтаж байх үед Ц.Т 02 цаг 30 минутын үед цонхоор ороод ирсэн. Гэрт цонхоор орж ирчихээд надад агсан тавиад, өшиглөхөөр нь би гадуур хувцсаа шүүрч аваад нүцгэн гарсан. Би гэрээс гарсан охин Т.Саран сэрчихээд араас гараад ирсэн. Тэгэхээр нь би охиноо дагуулаад шууд цагдаа дээр ирсэн. Цагдаа дээр ирээд манай нөхөр ахиад зодоод байна, гэр оронд орохоор зодоод байна, өөр очих газар байхгүй гэж хэлсэн. Тэгээд хоёр цагдаатай хамт гэрлүүгээ цуг очсон. Гэрийн гадаа очоод цагдаа нар хаалга тогшоод хаалгаа тайл гэсэн. Ц.Т- хаалга тайлахгүй яв гээд байсан. Би цонхон дээр очоод тогшсон цонхоо нээгээд оруулахгүй, зайл гээд байсан. Тэгсэн цуг явж байсан цагдаа ирээд цонхны раман дээрээс барьсан чинь Ц.Т цонхоо нааш нь саваад гарыг нь 2-3 удаа савчихсан. Тэгээд хаалгаа онгойлгуулж чадахгүй болохоор нь буцаад цагдаа руу явсан. Ц.Т нилээн их согтолттой байсан. Ядаргаатай байдаг, согтуу хүн ямар байдаг гэдгийг үзүүлдэг. Анх удаа баривчилгаанд явж байгаа. Тэр үедээ цус гарчихсан, гар нь шалбарчихсан харагдаж байсан. Дараа нь харахад боочихсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №725 дугаартай:

1. А.Ж-ийн биед баруун гарын 2-5-р хуруунууд, алга хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/

-Хэв журмын ажил хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч М.Оюун-Эрдэнийн  “Эргүүл жижүүрийн томилгоо” /хх-ийн 44 дүгээр хуудас/

-Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулууны №0135 дугаартай Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийг 2022 онд “Цагдаагийн ажил, эрх зүй” мэргэжлээр төгссөн, цагдаагийн дэслэгч цолтой А.Ж-ийг Цагдаагийн Ерөнхий Газрын дарга дотоод цэргийн командлагчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/824 дугаар ажилд томилсон тушаалаар Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагийн хэсгийн эрүүгийн мөрдөгч албан тушаалд томилсон байна. Томилсон байгууллага /албан тушаал/-д 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр очсон байхыг анхаарна уу” гэх тушаалын хуулбар /хх-ийн 45 дугаар хуудас/  

-А-0014531 дугаартай Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч Алтанхуяг овогтой Ж-ийн үнэмлэх /хх-ийн 46 дугаар хуудас/

-Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн дотоод журам /хх-ийн 47-67 дугаар хуудас/

 

            -Шүүгдэгч Ц.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү”  гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

 

            Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

            Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Ц.Т- нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар мэдүүлэг өгсөн байна.

                                                   Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт 

Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Т.Баярмаа:Шүүгдэгч Б  овогт Ц.Т- нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ... тоотод оршин суух өөрийн гэртээ 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 05 цаг орчимд “эхнэр М.Б-гийн манай нөхөр Т- гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна” гэсэн дуудлагын дагуу ирсэн цагдаагийн дэслэгч А.Ж-ийн эхнэрийн тань дуудлагаар явж байна, хаалгаа нээж эхнэр, хүүхдээ гэртээ оруулах талаар хууль ёсны шаардлага тавьсныг эсэргүүцэн, хаалга онгойлгож яах гэж байгаа пиздаанууд вэ, би цагдаа дээр очдог хүн биш гэж хэл амаар доромжилж, улмаар цонхны раммны баруун ирмэгээс барьж байсан гарыг нь цонхоор хавчиж, хүчтэй савсны улмаас түүнд баруун гарын 2-5-р хуруунууд, алга хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Ц.Т-ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэнгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бусдад төлөх төлбөргүйд тооцож өгнө үү” гэсэн дүгнэлтийг, 

Шүүгдэгч Ц.Т нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байнагэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

Шүүх хуралдааны дүгнэлттэй танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Т нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч , гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Т-ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Хорин гуравдугаар бүлэгт заасан “Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэрэг нь хууль сахиулагч, нийтийн албан тушаалтан болон албан тушаалтны эрхийн халдашгүй байх эрхийг  хуулиар хамгаалж өгсөн ба хууль сахиулагч, нийтийн албан тушаалтан болон албан тушаалтны хуулиар тогтоосон эрх, үүргийн дагуу тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, хэрэгжүүлээгүй, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн хохирол, хор уршиг учирсан эсэхийг шаардахгүй хэлбэрийн шинжтэй нийгэмд аюултай гэмт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч, хохирогчийн мэдүүлгийн агуулга өөр хоорондоо зөрүүгүй бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон этгээд, байгаль хамгаалагчийг  ойлгоно” гэж заасан бөгөөд хохирогч А.Ж нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгчийн ажил эрхэлдэг байх тул хууль сахиулагчид хамаарч байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч нь цагдаагийн албан хаагчийн албан үүргээ биелүүлж байхдаа тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй, хууль сахиулагчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж эсэргүүцэх нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хууль сахиулагчид хүч хэрэглэн эсэргүүцсэн байна.

Хүч хэрэглэн эсэргүүцэх гэдэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх, биед нь гэмтэл учруулах, цохих зодох, заамдах, хоолой боох зэрэг аливаа хэлбэрээр биед нь халдаж байгаа үйлдэл юм.

Шүүгдэгч Ц.Т нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 01 дүгээр баг Нийтийн байрны 14-07 тоотод оршин суух өөрийн гэртээ 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 05 цагийн орчимд “эхнэр М.Б-гийн манай нөхөр Т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна” гэсэн дуудлагын дагуу очсон цагдаагийн дэслэгч А.Ж-ийн “танай эхнэрийн өгсөн дуудлагаар явж байна, хаалгаа нээж эхнэр, хүүхдээ гэртээ оруул” гэж хууль ёсны шаардлага тавьсныг эсэргүүцэн, хаалга онгойлгож яах гэж байгаа пиздаанууд вэ, би цагдаа дээр очдог хүн биш гэж хэл амаар доромжилж, улмаар цонхны рамны баруун ирмэгээс барьж байсан гарыг нь цонхоор хавчиж, хүчтэй савсны улмаас түүний баруун гарын 2-5-р хуруунууд, алга хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэнгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Цагдаагийн албаны тухай хууль болон, Эрүүгийн хуульд нийгэмд дэг журам тогтоох, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах үүрэг гүйцэтгэдэг цагдаагийн албан хаагчийн  хууль ёсны шаардлагыг эсэргүүцэхийг хориглосон ба хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг болно.

Цагдаагийн алба хаагч А.Ж, Э.О нар нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 05 цагийн орчимд цагдаагийн байгууллагад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын .... тоот орон сууцанд очиж,   зөрчлийг илрүүлэн уг зөрчлийг таслан зогсоох зорилгоор шүүгдэгч Ц.Т-ыг орон сууцны хаалгаа нээж эхнэрээ гэртээ оруул гэсэн шаардлага тавьсан нь албан үүргийн дагуу зайлшгүй хийх ёстой хууль ёсны  шаардлага байна.

Шүүгдэгч Ц.Т- нь эрүүгийн цагдаагийн хэсгийн эрүүгийн мөрдөгч А.Ж-ийн ерөнхий жижүүрийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан хууль ёсны шаардлагыг шууд санаатай үйлдлээрээ эсэргүүцсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг, цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж, түүний гарыг цонхоор хавчиж, хүчтэй савсаны улмаас түүний баруун гарын 2-5-р хураанд, алга хэсгүүдэд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Ц.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэнгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Т- нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

                                                          Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Т-ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч А.Ж-ийн баруун гарын 2-5-р хуруунууд, алга хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна.

Хохирогч А.Ж нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй, энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ц.Т-аас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн байна.  

Иймд шүүгдэгч Ц.Т энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэнгэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Ц.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ц.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.Т- урьд нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар   шийтгэгдэж байсан болох нь “эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 102, 105-112-р хуудас/

Улсын яллагч Т.Баярмаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ц.Т- нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүх шүүгдэгч Ц.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 (арван)  сарын хугацаанд сар бүр 270.000 (хоёр зуун далан мянган)  төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Ц.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна. 

           Шүүгдэгч Ц.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б вогт Ц.Т-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэнгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б  овогт Ц.Т-ыг 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т оногдуулсан 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянган)  төгрөгний торгох ялыг 10 (арван)  сарын хугацаанд сар бүр 270.000 (хоёр зуун далан мянган)  төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч Ц.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.   

  8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ