Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/03

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

157ыӨЫАЫЫЫЫ Хэргийн индекс: 157/2023/0007/Э

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

            Улсын яллагч Т.Баярмаа

            Шүүгдэгч Ч.Ш нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т  овогт Ч.Ш-д холбогдох эрүүгийн 2240000000082 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянаад    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн далд уурхайн ... ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т  овогт Ч.Ш-. /РД:.../

 

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ч.Ш нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн оройн 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 01 дүгээр баг Нийтийн байрны коридорт Э.Э, Ө.Н нартай маргалдаж, зодолдож байхдаа тэднийг салгах гэж очсон Л.Ө-ын хамар руу нэг удаа цохисны улмаас хамар ясны далд хугарал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Л.Ө-ын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цагийн үед гэртээ байж байхад үүдэнд хүмүүс маргалдаж байгаа чимээ гарсан. Тэгээд үүдээр шагайхад манай хүү Э.Э, Эснээ хоёр зогсож байсан. Манай хүү та орж бай гэхээр нь буцаад гэртээ орсон. Тэгтэл төд удалгүй зодолдох чимээ гарахад манай хүү Э.Э-ыг Эснээ түүний хүү Ч.Ш нар хоорондоо зодолдож байсан. Тэгтэл манай хүү Ө.Н гарч ирээд салгаж Эснээг аваад үүд рүү явсан. Тэр хооронд Ч.Ш- баруун гараараа түүний хамар руу нэг удаа цохьсон. Тэгтэл миний хамраас цус гоожсон. Тэгээд цагдаа дуудсан. Миний хамар руу Ч.Ш цохихыг Б.А дүүгийн охины хүү Х хоёр харсан. Манай хүү Э.Э-ыг Ч.Ш түүний Эснээ /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ 2 доороо хийж байгаад үстэж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/

 

-Хохирогч Л.Ө-ын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны оройн 22 цагийн үед гэртээ байхад үүдэнд хүмүүс маргалдаж байгаа чимээ гарахаар нь үүдээр гараад хартал миний хүү Ө.Э, Эснээ хоёр зогсож байсан. Миний хүү Ө.Э намайг хараад гэртээ ор гэхээр нь би гэртээ буцаад орсон. Тэгтэл ахиад төд удалгүй зодолдох чимээ гарахаар нь ахиад гэрээсээ гараад хартал Э.Э, Эснээ, Ш- нар хоорондоо зодолдож байсан. Тэд нар зодолдож байх үед миний хүү Ө.Н гарч ирээд салгаж Эснээг аваад үүд рүү аваад явсан. Би тэр үед хараад зогсож байтал Ч.Ш баруун гараараа миний хамар луу нэг удаа цохисон. Намайг цохичихоод Ш гараад явсан. Тэрнээ дараа миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Ч.Ш намайг цохисны улмаас миний хамар хугарсан, миний биед өөр халдсан хүн байхгүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/

 

 

 -Гэрч Б.А-ын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны орой цагийг нь санахгүй байна, Ө эгчийнд байсан. Үүдэнд нь хүмүүс ноцолдож зодолдоод байсан. Би тэгээд Ө эгч бид 2 хаалгаар гараад харахад Э, Эснээ, Эснээгийн хүү нар хоорондоо ноцолдож байсан. Ө- эгч салгах гэж очоод дийлээгүй байсан. Тэгж байтал Ш- гэдэг залуу нь баруун гарын тохойгоороо Ө- эгчийн нүүр хавьд нь цохиход хамраас нь цус гоожсон, тэгээд Ө эгч гэртээ орсон. Э-ын охин уйлаад цагдаа дуудья гээд байхаар нь би цагдаа дуудах гээд гарч яваад цагдаа дээр ирээд 21-р байрны орцонд хүмүүс зодолдоод байна гэж дуудлага өгөхөд хоёр цагдаа очсон. Ш, Э  2 Э-ыг яг цохиж байхыг бол хараагүй, хоорондоо ноцолдоод зууралдаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

 

 

-Хэнтий аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №770 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  

1.Л.Ө-ын биед хамар ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/

 

-Хэнтий аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №775 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  

 

1.Ч.Ш-ийн биед уруулын дээд хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.  

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/

 

-Иргэний согтуурлыг Драгер багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 64-65 дугаар хуудас/

 

-Яаралтай тусламжийн хуудас, зураг, эмчийн тодорхойлолт /хх-ийн 22-25, 35-36 дугаар хуудас/

 

-Монголросцветмет ТӨҮГ-ын Бор-Өндөр Уулын баяжуулах үйдвэрийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1385 дугаар Ч.Ш-ийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 92 дугаар хуудас/

 

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн засаг дарга И.Энхтуяагийн тодорхойлолт /хх-ийн 93 дугаар хуудас/

 

-... регистрийн дугаартай Т  овогт Ч.Ш-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Төрийн банк, Хас банкны тодорхойлолт /хх-ийн 95, 97-98 дугаар хуудас/

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 дүгээр хуудас/

 

-ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 103-104 дүгээр хуудас/

 

            -Яллагдагч Ч.Ш-ийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 22 цаг 30 минутын үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг нийтийн байранд найз охин У.О-ын хамт орцоороо орж ирсэн. Найз охинтойгоо хамт орцоор орж ирээд хоёр давхарт орох гэж байхад гурван давхарт миний аав Ж.Эы дуу гарахаар нь би найз охиноо хоёр давхарт үлдээчихээд би ганцаараа гурван давхарт гарсан. Би гурван давхарт гарах үед коридорт аав Ж.Эыг Э гэдэг ах заамдаад бандиар нь дуудчихаад байж байсан, аав өөдөөс нь ахын дүү хэрэггүй ш дээ, хэрэг нь шийдэгдчихсэн зүйл ш дээ гэж хэлээд зогсож байсан. Би очоод Э ахыг болилдоо гээд салгасан чинь намайг чи муу банди яадаг болчихсон юм гэсэн. Тэгээд байж байх үед Ө- эгч гэрээсээ гарч ирсэн чинь та буцаад орооч дээ пяздаа гээд Э орилсон. Ө- эгч буцаад орсон. Тэгээд Эаас салаад зогсож байсан. Н гэрээсээ эхнэртэйгээ хамт гарч ирээд намайг чи муу бацаан хэзээ ийм болчихсон юм гээд миний нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэр үед Ө- эгч гэрээсээ гараад ирчихсэн байсан. Би нүүрнийхээ урд гараа бариад нүүрээ хамгаалж байсан. Тэр үед Э миний араас боогоод татсан чинь аав Ж.Э араас ирээд Эыг арагш нь татсан. Би тэгээд Этай хамт газар унасан. Газар унасан хойно Э араас цамцаар боочихоод тавихгүй байхаар нь цамцаа татсан цамц урагдаад салсан. Тэгж намайг араас боогоод байх үед Н миний толгой руу цохиод байсан. Би тэгэхээр нь босоод гараа савсан чинь хажууд зогсож байсан Л.Ө- эгчийн нүүр лүү цохисон. Тэгээд би аавыг аваад цагдаа руу шууд ирж дуудлага өгсөн. Би цагдаа дээр очиод дуудлага өгөөд цагдаа нартай хамт буцаад очсон чинь Ө- эгчийн хамарнаас цус гарчихсан байсан. Би буцаад ороод ирсэн Ө- эгч надруу заагаад чи намайг цохисон гээд байсан. Тэгээд цагдаа нар хэрүүл хийхгүй гээд бид нарыг дагуулаад цагдаа дээр авч ирж үлээлгэсэн. Цагдаа дээрээс гараад эмнэлэг ороод салцгаасан. Намайг Э боосон, цохисон. Н нар цохисон. Өөр хүн намайг цохиогүй. Шинжээчийн дүгнэлтээр уруулын дээд хэсгийн зулгаралт гэсэн гэмтэл гарсан. Манай аав Ж.Э, Э нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байхгүй байсан. Л.Ө-ын гэрээс шагаар архи аваад явж байсан гэсэн. Тэгээд коридорт нь Э-тай таарсан байсан. Аав авсан архиа баруун талынхаа ханцуйнд хийчихсэн байсан. Аав цагдаа дээр ирж драгер үлээчихээд явсан болохоор архиа яасан гэдгийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 дугаар хуудас/

 

            -Шүүгдэгч Ч.Ш-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Шүүгдэгч Ч.Ш- нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн оройн 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 01 дүгээр баг Нийтийн байрны коридорт Э.Э, Ө.Н нартай маргалдаж, зодолдож байхдаа тэднийг салгах гэж очсон Л.Ө-ын хамар руу нэг удаа цохисны улмаас хамар ясны далд хугарал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хохирогч Л.Ө-, гэрч Б.А нарын мэдүүлэг, яллагдагч Ч.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №770 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруутай үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Ш-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ. 

 

            Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №770 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Ө-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Ш- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тус тус тогтоогдож байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. .

 

Хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгч Ч.Ш-ийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Ш- нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх шүүгдэгч гэмт хэрэг шууд санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

 

Иймд шүүгдэгч Ч.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

 

 

 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ө-ын биед хөнгөн хохирол /хөнгөн гэмтэл/ учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч Л.Ө- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад: “Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цагийн үед гэртээ байж байхад үүдэнд хүмүүс маргалдаж байгаа чимээ гарсан. Тэгээд үүдээр шагайхад манай хүү Э.Э, Эснээ хоёр зогсож байсан. Манай хүү та орж бай гэхээр нь буцаад гэртээ орсон. Тэгтэл төд удалгүй зодолдох чимээ гарахад манай хүү Э.Эыг Эснээ түүний хүү Ч.Ш нар хоорондоо зодолдож байсан. Тэгтэл манай хүү Ө.Н гарч ирээд салгаж Эснээг аваад үүдрүү явсан тэр хооронд Ч.Ш- баруун гараараа түүний хамар руу нэг удаа цохьсон. Тэгтэл миний хамраас цус гоожсон. Тэгээд цагдаа дуудсан. Миний хамар руу Ч.Ш цохихыг Б.А дүүгийн охины хүү Х хоёр харсан. Манай хүү Э.Э-ыг Ч.Ш түүний Эснээ /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ 2 доороо хийж байгаад үстэж зодсон. Хохиролд 500.000 төгрөг төлсөн” гэх  мэдүүлгийг өгсөн байна.

 

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Ч.Ш- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Ш нь хохирогч Л.Ө-т 500.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна гэж үзлээ. /хх-ийн 103-104 дүгээр хуудас/

 

Хохирогч Л.Ө нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Ш нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ч.Ш-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Ч.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ч.Ш-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д  заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нь Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Ч.Ш-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Ш- өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 99 дүгээр хуудас/

            Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Ш-д эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ч.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан байна.

           

            Иймд шүүгдэгч Ч.Ш-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгийн торгох  ял оногдуулж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Ш-ийн сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 600000 (зургаан зуун мянга)  төгрөгний торгох ялыг 3 (гурав)  сарын хугацаанд сар бүр 200000 (хоёр зуун мянга)  төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр төлөхөөр тогтоох нь  зүйтэй байна.

              Шүүгдэгч Ч.Ш- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Ч.Ш-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Ч.Ш-ийг 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ч.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 (зургаан зуун мянга)  төгрөгний торгох ялыг 3 (гурав)  сарын хугацаанд сар бүр 200000 (хоёр зуун мянга)  төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр төлөхөөр тогтоосугай.

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ш- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч Ч.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ