Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2019/00750/И |
Дугаар | 102 |
Огноо | 2020-01-28 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Б-д холбогдох
11.480.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А барьцаалан зээлүүлэх газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 11 сарын 30-ны өдөр А.Б нь А барьцаалан зээлүүлэх үйлчилгээ үзүүлдэг Т.З надаас 10.000.000 төгрөгийг зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлж барагдуулсангүй. Иймд А.Баас үндсэн зээл 10.000.000 төгрөг, 12 сарын хүү 3.600.000 төгрөг. Үүнээс А.Б нь хүүний мөнгө 450.000 төгрөг төлснийг хасаад 3.150.000 төгрөг, нийлээд 13.150.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.Б нь Т.З-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би З-ээс 2018 оны 11 сарын 20-ны өдөр бэлнээр 10,000,000 төгрөг хүлээж аваагүй. Өмнө нь манай ээж Ч нь З-гээс мөнгө зээлж авсан байсныг миний авсан мөнгөтэй нийлүүлж надаар 10.000.000 төгрөг бэлэн авсан гэж гарын үсэг зуруулсан. Түүнээс би нэг дор 10.000.000 төгрөг аваагүй. Гэхдээ мөнгө өгөх нь үнэн учраас З эгчтэй төлөх хугацаа, хэмжээгээ тохирч болох байх гэж бодож байна. Тохирохгүй тохиолдолд гэрч асуулгах, нотлох баримт бүрдүүлж өгөх болно гэжээ.
Нэхэмжлэгч Абарьцаалан зээлдэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Т.Зминий бие нь 2017 оны 12-р сарын 31-ны өдөр А.Бд 7000000 төгрөг зээлсэн. Тухайн үед А.Бы эх Ч Хасу худалдааны төвд миний түрээсэлдэг байсан ажлын байран дээр ирээд бидний ажил үйлс одоо гайгүй болж байгаа. Эгч нь өмнө зээлсэн мөнгөө удаахгүй өгнө санаа зоволтгүй. Баяраа ааруулаа хийж байгаа ааруулаа огт зараагүй цагаан сарын өмнө хот орж зарж мөнгө болгоно. Нэмж аарц авах гэж байгаа. Ааруулаа зарчихаад өгье Баяраад мөнгө өгөөд тус олооч хүүтэй мөнгө зээлээч гэсэн. А.Бы өмнөөс би гэрээг нь хийе чи надад өгчих гэсэн. Тэгэхээр нь авах гэж байгаа хүн нь өөрөө гэрээгээ байгуулаад авна биз гэсэн. Тэгээд А.Б нь удалгүй өөрөө ирээд гэрээ байгуулаад бэлэн байсан 4970000 төгрөгөө бэлнээр нь өгөөд үлдэгдэл 2030000 төгрөгийг А.Бы 5135310446 тоот Хаан банкны дансруу шилжүүлсэн. Тухайн үед Ч.Ч манай хүү Б мөнгө зээлэх гэсэн юм гэж орж ирээд миний зүгээс мөнгө зээлэх гэж байгаа хүн нь өөрөө ирж гэрээгээ байгуул юуны үндсэн дээр тухайн гэрээг А.Б өөрийн биеэр ирж гэрээтэй танилцаж, хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан төдийгүй өөрийн дансаар болон шинээр мөнгөө авч явсан. Ч.Ч нь надаас өмнө нь мөнгө зээлсэн байсан ба тухайн зээлсэн мөнгөө одоо болтол төлөөгүй байгаа. Өмнөх мөнгөө өгөөгүй хүнд дахин зээл олгодоггүй. Ч.Чыг надтай ярьж өөрөө мөнгө зээлсэн гээд байгааг ойлгохгүй байна. Хэрэв Ч.Ч мөнгө зээлсэн бол Чд л мөнгийг нь өгч гэрээ байгуулагдах ёстой. Тэгээд 2018 оны 11 сард хүүний мөнгө, үндсэн мөнгөө төл гэхэд Б нь өөрөө гэрээгээ шинэчилж байгуулаад 10000000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Тухайн үед өмнөх гэрээгээ дуусгавар болго, өмнөх 7 саяаа хүү болох 10 саятайгаа авчраад буцаагаад зээлж ав гэхэд гуйсаар байгаад дараагийн 10 сая төгрөгийн гэрээг байгуулсан. Тухайн 10000000 төгрөгийг төлөх боломжгүй гээд байгаа бол 2017 оны 12 сарын 31-ний өдөр байгуулсан гэрээний дагуу үндсэн мөнгө 7000000 төгрөг, түүнд заасны дагуу 2 сарын хүү 980000 төгрөг, алданги 3500000 төгрөг, нийт 11480000 төгрөг төлөхийг шаардаж байна. Энэ мөнгийг А. Баас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 сарын 31-ны өдөр Б.Бд 7.000.000 төгрөгийг зээлүүлсэн. Гэрээнд заасны дагуу 2 сарын хүү 980000 т төгрөгийн хүүгийн төлбөрийг төлөөгүй. Тэгээд хугацаандаа хүүгээ төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор гэрээнд тусгагдсан байгаа. Үүний дагуу алданги тооцоод 3.500.000 төгрөгийг үүнээс 5770500 төгрөгийг авсанд тооцоод нийт 10.922.500 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. 2 сарын хугацаатай мөнгө зээлсэн. Мөн хугацаа сунгасан эсэх талаар маргахгүй байна. Гэрээнд заасан хугацаагаар хүүгээ нэхэмжилж байгаа. А барьцаалан зээлүүлэх компани өмнө н.З-тэй ломбардны үйл ажиллагаа явуулж байсан. 2017 онд Алтан элс компани эрх нь нээгдээд холбооны газар өрөө түрээслээд үйл ажиллагаагаа эрхэлдэг байсан. Тэгээд 2017 оны 12 сард Б.Б гэдэг хүнд мөнгө зээлүүлсэн. Мөнгө зээлэхэд Абарьцаалдан зээлдүүлэх үйлчилгээ нэртэй байсан учраас компанийхаа нэрээр зээлүүлж гэрээ байгуулсан. Тэгээд иргэний хуулинд заасны дагуу хүү, алданги бодсон. Үүнээс 5770500 төгрөгийг хасч 10.922.500 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Хариуцагчийн гаргаж өгсөн дансны хуулга Б.Бы 7.000.000 төгрөгтэй хамааралгүй, энэ талаар Б.Б өөрөө тайлбар гаргасан бөгөөд үгүйсгэсэн зүйл байхгүй байгаа харин нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримт гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б 7.000.000 төгрөгийг зээлэхэд Абарьцаалан зээлүүлэх компани байгуулагдсан эсэх талаар нотлох баримт шинжлэн судлахдаа тодруулаад харъё гэж бодож байна. Абарьцаалдан зээлдүүлэх компаниас зээлдүүлсэн бол хүү, алданги нэхэмжлэх эрхтэй болно. Харин Т.З-гээс зээлүүлсэн бол хүү, алданги тооцох эсэх талаар тодруулах хэрэгтэй. 577500 төгрөгийг мөн хүүд тооцуулсан 4500000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцуулах саналтай байна. 5770500 төгрөг төлсөн хугацааг харахад үндсэн зээлээс хасагдахаар байна. Тэгээд 450000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хүүгийн төлбөр тооцсоноо илэрхийлсэн учраас төлсөн хүү мөн гэж үзэж байна. Б.Бы зээлсэн мөнгийг тооцоод үзэхээр 24050000 төгрөг байгаа. Үүн дээр 350000 төгрөг, 450000 төгрөгийг нэмэхээр нийтдээ 30327000 төгрөг болж байна. Үүнийг Б.Б төлсөн. Эхний зээлийн гэрээ байгуулахдаа А компаниас өгсөн байсан. 2017 оны 12 дугаар сарын 31-ний гэрээнд Т.З гэж гэрээ байгуулсан. Үүнээс харахад Т.З гээс авсан харагдаж байгаа. Тэгсэн хэрнээ А компани гэдгийг зээлийн гэрээн байгуулахдаа өөр балаар бичсэн нь эргэлзээтэй байна. Тиймээс тухайн үед Т.З-ээс авсан гэж үзэхээр байна. Бичвэр нь эргэлзээ төрүүлж байгаа учраас хувь иргэн болон Т.З-ээс авсан мөнгө гэж шийдэх боломжтой. Хэрэв хувь хүнээс авсан бол хүү, алдангийн төлбөр тооцох талаар эргэлзээтэй болно. Тиймэээс 7.000.000 төгрөгнөөс хасч үлдсэн мөнгийг гаргуулах саналтай байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А барьцаалан зээлүүлэх газар нь хариуцагч А.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 13.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 7000000 төгрөг, хүү 980000 төгрөг, алданги 3500000 төгрөг, нийт 11.480.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч А.Б зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч талуудын шүүх хуралдааны шатанд гаргаж буй тайлбараар хариуцагч А.Б 7 сая төгрөгийг зээлж авсан тухайд болон зээлийн гэрээний хугацаа сунгаагүй, зээлийн эргэн төлөлтөнд 577500 төгрөг төлсөн үйл баримтыг маргахгүй зөвшөөрч байна.
Хариуцагч А.Б нэхэмжлэгч А барьцаалан зээлдүүлэх газраас 2017 оны 12 сарын 31-ний өдөр 7 сая төгрөгийг 2 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй зээлж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ / хх-51х/ болон А барьцаалан зээлдэх газрын захирал Т.З-йн данс руу мөнгө шилжүүлсэн хариуцагч А.Б ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх-52-53х/ , Абарьцаалан зээлдүүлэх газрын захирал Т.З-гийн Төрийн банкны зээлийн дансны хуулга / хх 87-88х/, мөн Т.З-йн Хаан банкны депозит дансны хуулга / хх-92х/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч тал шүүх хуралдааны шатанд Т.З-ээс зээл авсан, А барьцаалан зээлдэх газраас зээл аваагүй, 2017 оны 12 сарын 31-нд байгуулсан зээлийн гэрээнд / хх-51х/ А ломбард гэсэн бичвэрийг өөр өнгөөр бичсэн гэсэн тайлбар гаргасан боловч уг гэрээг нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримтаар бүрдүүлсэн, хуурамч гэж тогтоосон баримт байхгүй хариуцагч тал энэ тухай баримт болон хүсэлт гаргаагүй болно.
Нэхэмжлэгч, хариуцагч талуудын 2017 оны 12 сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ / хх-51х/ Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. Нэхэмжлэгч нь хуулийн дээрх заалт болон гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээл болон 2 сарын хүү нэхэмжлэх эрхтэй. Мөн нэхэмжлэгч тал гэрээний 2.3-т алданги хүлээхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т нийцсэн, Иргэний хуулийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги нэхэмжлэх эрхтэй байна.
Шүүх хуралдааны шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн Хаан банкны депозит дансны хуулгаас / хх-92х/ үзэхэд хариуцагч А.Бы Хаан банкин дахь данснаас 2018 оны 11 сарын 29-нд 190000 төгрөг, 2018 оны 11 сарын 30-нд 920000 төгрөг, 2018 оны 12 сарын 27-нд 500000 төгрөг, 2018 оны 12 сарын 28-нд 350000 төгрөг, 2018 оны 12 сарын 31-нд 450000 төгрөг, нийт 2450000 төгрөг нэхэмжлэгч А барьцаалан зээлдүүлэх газрын эзэн Т.З-гийн данс руу Б-аас, Б аас гэх гүйлгээний утгаар шилжүүлжээ. Нэхэмжлэгч тал эдгээр гүйлгээ нь хариуцагчийн эх Ч өмнө нь Т.З-гээс зээлсэн мөнгийг Бы данснаас шилжүүлсэн, Б, А хоёрын хоорондох зээлийн гэрээний төлбөрт хамаарахгүй гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч талын шүүх хуралдааны шатанд өгсөн дансны хуулгаас / хх-88-92х/ 2018 оны 11 сарын 29-нөөс өмнө Зандансүрэнгийн данс руу мөнгө шилжүүлж байсан гүйлгээний утгыг Ч-аас гэж шилжүүлж байсан / хх 89-91х/ болон хариуцагч Т.Б өмнө нь Т.З-гээс зээл авч төлж байсан талаар баримтгүй зэргээр А.Бы данснаас Б-гаас, Баас гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн нийт 2450000 төгрөгийн гүйлгээ / хх-92х/ нь нэхэмжлэгч Абарьцаалан зээлдүүлэх газартай байгуулсан зээлийн гэрээний төлбөрийн үүргийг хариуцагч Т.Б гүйцэтгэж шилжүүлсэн байна гэж дүгнэлээ.
Хариуцагч талаас 577500 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн болохыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үндсэн зээл 7 сая төгрөг, 2 сарын хүү 980000 төгрөг, алданги 3500000 төгрөг, нийт 11480000 төгрөг нэхэмжилсэнээс 577500 төгрөгийг хүүнээс хасаж нийт 10922500 төгрөг нэхэмжилж буйгаа шүүх хуралдааны шатанд тодруулсан болно. Хариуцагч А.Б зээлийн гэрээний төлбөрт нийт 2450000 төгрөг төлсөн болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нийт 10922500 төгрөгөөс хариуцагч А.Бы төлсөн болох нь нотлогдож байгаа 2450000 төгрөгийг хасаж 8475500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Абарьцаалан зээлдэх газарт олгож үлдэх 2447000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Абарьцаалан зээлүүлэх газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.700 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Баас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 150.558 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А барьцаалан зээлүүлэх газарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.6 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 222 дугаар зүйлийн 222.6-д заасныг баримтлан хариуцагч А.Б аас 8.475.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А барьцаалан зээлдүүлэх газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.447.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А барьцаалан зээлүүлэх газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.700 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б аас улсын тэмдэгтийн хураамж 150.558 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Абарьцаалан зээлүүлэх газарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН