| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2023/0075/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/79 |
| Огноо | 2023-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Д.З
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд нь ял шийтгэлгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь А ХХК-д зээлийн мэргэжилтэн ажилтай, Г ******* Б-ийн М /РД:/ -д холбогдох эрүүгийн 232000079.... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг У амралтын газарт иргэн Д.М.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр, толгойн тус газарт гараараа цохиж хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.М-д Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “М-ын эхнэр нь манай эхнэртэй найзууд юмаа. Тэгээд манай эхнэрийг М-ын эхнэр нь 17:00 цагийн орчим дуудсан. Тэгээд би гэртээ үлдэх гээд явж байсан чинь гудамжинд М-тай таараад тэгээд намайг суучих, хамт явъя гээд У-ын амралтын газар очсон. Тэгээд очоод ууж идээд хөзөр тоглоод байж байгаад би М-тай гадаа юм ярьж зогсож байгаад чи тэрийг таних уу, энийг таних уу? гэж маргалдаж байгаад М миний нүүр хэсэгт нэг удаа цохиж унагаад толгой дээр хэд хэдэн удаа цохисон. Би босч ирээд бид хоёр эвлэрчихсэн байж байгаад байшин руу орсон. Тэгээд байшинд ороод байж байтал дахин маргалдаад намайг унагааж байгаад хэд хэдэн удаа цохисон. Тэгээд цагдаа ирсэн. Дээрх гэмтлүүдийг М миний нүүр хэсэгт гараараа олон удаа цохиж үүсгэсэн. Бид хоёр их согтуу байсан учир сайн санахгүй байна. Ямар ч байсан чи тэрийг таних уу, энийг таних гээд хүмүүс ярьж байгаад гэнэт маргалдсан санагдаж байна. Бид хоёр яг ижилхэн хэмжээгээр 0,75 литрийн 3 шил архийг 6 уулаа хувааж уусан байсан. Бид хоёр нилээн согтуу байсан. Би 2023 оны 03 сард хөлөө хугалчихсан юмаа. Тэгээд тэр асуудлаар болж эмчилгээ хийлгэсэн. Би М-д зодуулсан талаараа ямар нэгэн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлээгүй. Би М-тай гэр бүлийн найзууд учраас эвлэрсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Гэрч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр И , М гэх хоёр найзтайгаа Ч дуудахаар нь У-ын амралтын газар 18 цагийн орчим очсон. Тэгээд бид нар архи ууж байгаад нэг мэдсэн Ч-ын нөхөр М нь М-тай байшингийн гадна талд муудалцаад байсан. Тэгээд би салгачихаад байшинд ороод хэсэг байж байгаад М , М нар дахин маргалдаад толгой хэсэг рүү нь тухайн гэрт байсан сав суулгаар цохиод байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. М гэх хүн М-ыг тухайн байшинд байсан сав суулгаар толгой хэсэг рүү нь цохиод байсан. М харин М-ыг цохисон зүйл байхгүй. Ямар шалтгаанаар хоорондоо зодолдох болсон талаар би сайн мэдэхгүй байна. Гадаа юм ярьж зогсож байгаад гэнэт зодолдоод эхэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “1. Д.М-ын биед хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун бугалга, баруун хөмсөгний сүүл хэсэгт, нурууны баруун талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Д.М-ын биед үүссэн гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүдийн зүүн хацар, баруун бугалга, баруун хөмсөгний сүүл хэсэгт, нурууны баруун талд зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд "Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/114 тоот дүгнэлт /хх-ийн 30/ нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон байх тул дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд Д.М-д эмнэлгээс үзүүлсэн тусламж үйлчилгээний зардалд 45,000 төгрөг гарсныг тэрээр 2023 оны 08 сарын 15-ны өдөр төлж барагдуулсан нь хх-ийн 64-р хуудсанд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г ******* Б-ийн М /РД: / -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г ******* Б-ийн М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.М нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц