Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2019/00956/И |
Дугаар | 121 |
Огноо | 2020-01-31 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: БХБХЗГБХН-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.С-д холбогдох
1500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д, нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь ББ ЗГБХ нөхөрлөл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус нөхөрлөлөөс Ч.С нь 2016 оны 04 сарын 11-ний өдөр 1000000 төгрөгийг О-ээр зуучлуулан 1 сарын хугацаатай зээлж авч байсан. Зээлээ хугацаанд нь төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байсан. 2019 оны 04 сарын 22-ний өдөр Стай уулзаж үндсэн зээл 1000000 төгрөг, алданги 500000 төгрөг, нийт 1500000 төгрөгийг 2019 оны 07 сарын 10-ны дотор төлөхөөр гэрээ хийсэн боловч мөн төлөлгүй өдийг хүрлээ. Иймд Ч.Сгаас 1.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Ч.С нь 2016 оны 04 сарын 11-нд Ц-оос 1.000.000 төгрөг авсантай маргахгүй. Авсан зээлийнхээ хүүнд 5,6,7,8,9 саруудад би өөрөө хүүг нь өгч байсан. Түүнээс хойш 2016 оны сүүлийн 3 сарын мөнгө буюу 10,11,12 сарын мөнгийг О-г өгсөн. Нийтдээ 720000 төгрөг хүүнд төлсөн. Ц- гуай хүү авахгүйгээр хугацаагаа сунгана гэж хэзээ ч байхгүй. 2019 оны 04 сарын 22-ны өдөр бичсэн гэрээг өөрөө бичээд гарын үсэг зуруулсан. Түүн дээрээ 9 сарын 23 хүртэлх хүүг авснаа зөвшөөрсөн байна. Харин би Ц- гуайгаас үл хөдлөх хашаа байшингийн бичиг баримтыг авмаар байна. Оюунхишиг намайг 2016 он дуустал хүү өгсөнийг сайн мэднэ. Мөн Ц- гуайг хүү авахгүйгээр хугацаа сунгадаггүйг ч сайн мэднэ. Би одоо Ц- гуайд 1500000 төгрөг төлөх үндэсгүй. Харин шүүх үнэн зөв шийдээд хэдэн төгрөг гаргасныг төлнө. Шүүхээр шийдүүлнэ. Эвлэрэхгүй. Миний бие хүнд ханиад хүрсэн, хөл өвддөг учир шүүх хуралд биечлэн оролцож чадахгүй байна. Намайг оролцуулахгүй өмгөөлөгч Э-ыг оролцуулж хэргийг шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.С 2016 оны 04 сарын 11-ний өдөр Б Б барьцаалан зээлдүүлэх газраас тухайн үедээ 1.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж авсан. Үүнийг тодруулбал Ч.Сг танихгүй, дээрээс нь үл хөдлөх хөрөнгийг барьцаалж 1 сая төгрөг өгөхгүй гэж ярьсан байсан. Оюунхишиг гэдэг хүн Булганхайрханы тэнд явж байгаад таараад Оюунхишигийг хэлээд яриад өгөөч гэж гуйсан байдаг. Би энэ талаар Оюунхишигтэй ярьсан л даа. Та одоо хамтран зээлдэгч юм уу гэж асуухад Оюунхишиг С гадаа таараад намайг ороод хэлээд өгөөч, ганцхан сарын дараа өгнө гэхээр нь цуг дагуулж ороод хамтран зээлдэгчээр 1.000.000 Сд авч өгсөн асуудал байдаг. Тэгээд Ч.С энэ зээлийг 4 сарын 11-нд аваад сарын дараа ороод 90000 төгрөг өгөөд 30 хоногоор сунгасан, дараа нь 6 сарын 10-наас 30 хоног, нийт 180.000 төгрөг өгөөд хугацаагаа сунгаад хаясан байдаг. Үүнээс хойш 3 сар болоход төлөлт хийхгүй байхаар нь Ц-, Оюунхишиг рүү залгасан байдаг. Чамаас болж мөнгө өгсөн. Чи энэ С уруугаа яриад зээл хүү өгөөч гэсэн байдаг. Оюунхишиг нь 2016 оны 09 сарын 23-нд 1173000 төгрөг үлдээгээд сунгасан байна лээ. Зээлийн гэрээн дээр өөрийн аргачлалаар хүүг сунгасан байсан. Үүнийг зээлийн гэрээн дээр н.О өгсөн юм шиг харагдаж байгаа. Тэрнээс хойш 2016 оны 9 сараас хойш 3 жил 4 сар болоход огт хүү төлөөгүй. Тэгээд 2019 оны 04 сарын 22-нд Ч.Сг дуудаж уулзаад харилцан тохироод гэрээ байгуулсан. Чойжил овогтой С нь 2016 оны 04 сарын 11-нд барьцаат зээлийн гэрээгээр Б ломбарднаас 1000000 төгрөг авсан юм. Авсанаас хойш 3 удаа сунгасан. Сгийн 2 удаа сунгасан, Оюунхишигийн 1 удаа сунгасныг энд бичсэн байна билээ. 2016 оны 09 сарын 23-с өнөөдрийг хүртэл хүү зээл төлөөгүй болно гэдгийг бичсэн. 31 сар хүү зээл төлөгдөөгүй болно. Зөвхөн хүү нь 2790000 төгрөг болсон байна. Стай харилцан тохиролцсоны дагуу үндсэн зээл 1 сая төгрөг, хүү 500000 төгрөг, нийт 1500000 төгрөг 2019 оны 07 сарын 10-ны дотор төлөхөөр тохирч гэрээ байгуулав. Гэрээг зөвшөөрсөн С, гэрээг байгуулсан Ц- гэсэн энэ бичгийн гэрээ байна. Энэ гэрээнээс хойш удаа дараа шаардсан байгаа. Эвлэрүүлэн зуучлагчид хандахад Ч.С эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлэхгүй гээд материалаа аваад шүүхэд хандсан. Зээлийн гэрээн дээр хүү тэдийг өглөө, үндсэн зээлээс 500000 төгрөг хасагдая гэсэн юм байвал би 500000 төгрөг хасах байлаа. Тийм юм байхгүй байна. Ямар ч хүн тодорхой хэмжээний хүү авах ажиллагаа явуулна. 1 сая төгрөг гудамжинд явж байгаа хүнд өгчихөөд 4 жилийн дараа 1 сая төгрөгөө авья гээд зогсож байх хүн байхгүй. Хүүгийн төлбөрөөсөө татгалзаж байна. Үндсэн 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... Хариуцагч тал хэдэн төгрөг өгсөн талаар тоо нь бичгээр өгсөн 2 удаагийн тайлбарт хэлбэлзэлтэй бичиж өгсөн байна. Зээлийн гэрээ 1 хувийг өгдөг ш дээ. С би тэдийг өгсөн гээд баримтаа аваад нэхэмжлэгч дээр очиж болно. Байгаа баримтаа нэхэмжлэгч тал шүүхэд өгсөн. 500000 төгрөг, 720000 төгрөг С хүүнд өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна. 3 удаагийн сунгалтаас 353000 төгрөг өгсөн харагдаж байна. Алдангиас татгалзаж байна. Үндсэн зээлийг Сгаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа. Яагаад гэвэл нэхэмжлэх үндсэн шаардлага болгож байгаа зээлийн гэрээ хэр хуулинд нийцсэн байх, хуулийн шаардлага хангаж чадаж байна уу. Үл хөдлөх хөрөнгө газар гээд 2 эд хөрөнгө барьцаалсан, барьцаат зээлийн гэрээ байна. Энэ хүний 2 үл хөдлөх хөрөнгийг барьцаалж байгаа бол гэрээ улсын бүртгэлд бүртгэгдэх ёстой. Гэрээгээр улсын бүртгэлд бүртгэгдээгүй барьцаалсан нь гэрээгээр нотлогдож байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа тохиолдолд гэрээгээрээ хүү авах эрхээ алдана. Үндсэн мөнгөний асуудал яригдах байх. Гэрээгээр хүү алданги нэхэх эрх байхгүй болно. Яагаад гэвэл хуулинд заасан шаардлагын дагуу хийгдээгүй гэрээ учир шүүхээс хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хүсэлт гаргах шаардлагагүй, энэ гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэх хуулийн зохицуулалт байгаа. Барьцаат зээлийн гэрээнд гэрчилгээний дугаар, улсын бүртгэлийн дугаар гээд албан ёсны болгоод барьцаалаад авсан бүртгэлийн дугаар байна. 1 хүний өмч үү, 2 хүний өмч үү улсын бүртгэлд бүртгэгдээгүй болохоор харагдахгүй байна. Хоёрдугаарт энэ зээлийг дан ганц Ч.С хариуцах зээл биш байна. Зээлийн гэрээг харахад хамтран зээлдэгчээр н.О гэж байна. Сунгалтан дээр бас О байгаад байдаг. Энэ зээл юмаа гээд үзэхэд С ганцаараа хариуцлага хүлээгэд авсан зүйл харагдахгүй байна. Зээлийн гэрээг сунгах болохоор хариуцагч Ч.С, н.О ч сунгасан. Мөн зээл өгөх болохоор бас хоёулаа хамт байдаг. Ийм ойлгомжгүй зүйлүүд харагдаад байна. Өмгөөлөгчийн хувьд зээлийн гэрээ хуулийн хүчин төгөлдөр бус, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байна. Хэрэв хүчин төгөлдөр бус тооцогдсон тохиолдолд хүү, алдангийн талаар төлөгдөх ёсгүй, үндсэн 1.000.000 төгрөгөн дээр маргадаггүй. 4 сард авсан зээлийг 5-12 сарын 8 сарын хүүгийн төлбөр 720000 төгрөгийг Ц-т өгсөн. Хүү төлсөн баримт өгдөггүй байсан. 2017 оны 01 сарын 01-нээс эхлээд мөнгө төлөөгүй гэж маргадаг. Хариуцагчийг 720000 төгрөгийн хүү авсаныг нэхэмжлэгч маргаад байгаа бол н.О гэдэг хүнийг зайлшгүй хариуцагчаар татахаас өөр аргагүй нөхцөл байдалтай байна. Хариуцагч Ч.С сгийн 500000 төгрөг л өгнө гэдэг бол авсан мөнгөнөөсөө хэд дахин давсан хүү төлсөн. Одоо 500000 төгрөг өгнө л гэж маргаж байна. Тэрнээс үндсэн 1.000.000 төгрөг авсан дээр маргаан байхгүй, харин хүү 720000 төгрөг хүүнд өгсөн үүнийг хасуулна гэж маргадаг... Хариуцагчийн гаргаж байгаа тайлбарт эргэлзээд байх зүйлгүй байна. Яагаад гэвэл би 500000 төгрөг өгсөн гээд илэрхийлээд хэлээд байгаа. Н.Оюунхишиг үлдсэн төлбөрийг өгсөн гээд хэлээд байгаа бөгөөд 720000 өгсөн нь нотлогдоод байна. Сунгаж байгаа байдлаас 4-5 сарын хүүний мөнгө өгсөн нь харагдаж байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээд үндсэн төлбөрөөс маргаангүй төлсөн нотлох баримтаар нотлогдож байгаа 720000 төгрөгийг хасуулах саналтай байна. Ч.С 1.000.000 төгрөг авсан дээр маргадаггүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б Б ЗГБХ нөхөрлөл Ч.Сд холбогдуулан үндсэн зээл 1 сая төгрөг, алданги 500 мянган төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч Ч.С нэхэмжлэгч Б Б ЗГБХ нөхөрлөлөөс 2016 оны 04 сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ барьцаалж 1 сая төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 9 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохирч зээлсэн, зээлийн гэрээг 2016 оны 12 сарын 9 хүртэл хугацаанд удаа дараа сунгасан, гэрээний дагуу хүү төлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ / хх-4х/ болон нэхэмжлэгч хариуцагч талуудын тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч хариуцагч талуудын хоорондоо байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т нийцсэн байна.
Бичгээр байгуулсан зээлийн гэрээнд зээлдэгч Ч.С, хамтран зээлдэгч Н.Оюунхишиг нар гарын үсэг зурсан байх бөгөөд зээлдүүлэгчээс зээлсэн 1 сая төгрөгийг хариуцагч Ч.С авсан тухайд гэж хариуцагч маргахгүй зөвшөөрч байгаа бөгөөд хариуцагч талаас зээлийн гэрээ хуульд нийцээгүй, нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхгүй учир хүчин төгөлдөр гэрээ биш, хүү алданги төлөх ёсгүй, хүүнд төлж байсан гэх мөнгийг үндсэн зээлээс хасах ёстой гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч Б Б ЗГБХ нөхөрлөл зээл олгох үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болох нь 121001009 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж заасан. Хариуцагч Ч.С гийн зээлийн гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь өмчлөх , эзэмших эрхийг барьцаалсан гэж үзэх үндэслэл болохгүй, гэрчилгээг биет байдлаар барьцаанд авах нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг орлохгүй бөгөөд хариуцагч бичиг баримтаа шаардах буцаан шаардах эрхтэй. Мөн хэрэгт үл хөдлөх эд хөрөнгийн эрх барьцаалж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн тухай баримт авагдаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч Б Б ЗГБХ нөхөрлөл болон хариуцагч Ч.С нарын байгуулсан зээлийн гэрээ үл хөдлөх эд хөрөнгийн эрх барьцаалсан гэх үндэслэлгүй учир хүчин төгөлдөр бөгөөд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болон үүргээ биелүүлээгүйгээс хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй юм.
Иргэний хуулийн 286.2-т барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцсон тогтооно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарын бичгээр байгуулсан зээлийн гэрээгээр 9 хувийн хүү төлөхөөр тохирсон, гэрээний дагуу хүүг 2016 оны 12 сарын 07 хүртэл төлж байсан үйл баримтыг талууд маргаагүй, мөн нэхэмжлэгч нь хүү нэхэмжлээгүй. Нэхэмжлэгч тал зөвхөн Ч.Сд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч талаас зээлийн гэрээг хамтран зээлдэгч О-тэй цуг байгуулсан, Оюунхишиг хүү төлж сунгалт хийж байсан гэсэн тайлбар гаргаж байх боловч 1 сая төгрөгийг хариуцагч Ч.С авсан гэх үйл баримтыг маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Оюунхишигийг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргаагүй болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд алданги нэхэмжлэхээс татгалзсан бөгөөд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.5-д заасныг баримтлан хариуцагч Ч.Сгаас үндсэн зээл 1 сая төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б Б ЗГБХ нөхөрлөлд олгох нь зүйтэй.
Нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 28550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.5-д заасныг баримтлан хариуцагч Ч.Сгаас 1000000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б Б ЗГБХ нөхөрлөлд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б Б ЗГБХ нөхөрлөлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Сгаас улсын тэмдэгтийн хураамж 28550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б Б ЗГБХ нөхөрлөлд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН