| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0149/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/144 |
| Огноо | 2023-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/144
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч А.Д,
шүүгдэгч Х.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.т ургийн овгийн Х-ы Д-ад холбогдох 2213002930168 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 59 минутад хүлээн авч, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт амьдардаг, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, тус аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд биеийн тамирын багш ажилтай, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж.т овгийн Х-ы Д-, регистрийн дугаар БЖ95.............,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Д- нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18-19 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Б-ы эзэмшлийн биллиард тоглоомын газар дотор хохирогч Ж.Ө-ы нүүрэн тус газарт гараараа цохиж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Х.Д- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1000.000 төгрөг төлж өгсөн. Хохирогчийн цаашид гарах хохирлыг хуулийн дагуу төлж өгнө ” гэв.
2. 2213002930168 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн Ж.Ө-аас 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 22 цаг 07 минутад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 07 дахь тал),
2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 08-13 дахь тал),
2.3. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 38 дахь тал),
2.4. Хохирогч Ж.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Миний бие 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн үед Дэлүүн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг А.Б- гэх хүний биллиард тоглоомын газарт зогсож байхад Х.Д- гэх залуу орж ирээд ширээн дээр байсан мөнгийг гартаа атгаж аваад тухайн газарт сууж байсан хүмүүст томрох, агсам тавих маягтай байхаар нь би босоод Х.Д-ад хандаад “чи хүмүүсийн мөнгийг нь өг” гэж хэлээд суран бүсээ тайлж авсан байсан. Тэгэхэд Х.Д- намайг барьж аваад цохиж зодсон юм..., ...Миний санаж байгаагаар Х.Д- ширээн дээр байсан мөнгийг гараараа атгаж авсныг нь тод санаж байна. Дараа нь би түүнд хандаад “чи хүмүүсийн мөнгийг нь өг” гэж хэлж байсан юм. Үүний дараагаар зодоон яг яаж эхэлснийг нь үнэнээ хэлэхэд сайн санахгүй байгаа. Ямар ч байсан нэг мэдэхэд биллиард тоглоомын газар дотор Х.Д- намайг цус нөж болгоод цохиж зодож байсан. Улмаар нэг мэдэхэд гудамжинд нэг контейнерын үүдэнд хэвтэж байхад А.Р ирж намайг сэрээж гэрт маань хүргэсэн юм. Тухайн хүмүүс яагаад зугтаж гарсныг нь мэдэхгүй байна, би эмнэлгээс гарсны дараа Дэлүүн суманд очиж зарим нэг хүмүүстэй уулзаад асууж тодруулахад тэд нар та бүсээ тайлж аваад Х.Д- руу эргүүлээд эхлэхэд айгаад зугтаагаад гарсан гэж ярьж байсан. Харин зарим хүмүүс зодоон гарч эхлэхээр нь зодооныг харж байсан учраас өөрсдөө асуудалд орно гэж бодоод зугтааж явцгаасан гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44, 48-49 дэх тал),
2.5. Гэрч А.Р-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэр лүүгээ явж байхад Х- гэх залуу намайг дуудаад “таны баз Ж.Ө- гудамжинд хэвтэж байна, та очиж авч явах уу гэхээр нь би Х-аас Ж.Ө-ы хаана хэвтэж байгааг нь асуухад А.Б-ы биллиард тоглоомын газраас ертөнцийн зүгээр урд зүгт 10-20 метрийн зайтай газарт гудамжинд нэг контейнерын үүдэнд хэвтэж байсан. Тэгээд би Ж.Ө-ыг согтуу хэвтэж байгаа юм байх гэж бодоод дөхөж очоод сэрээтэл нүүр хэсэг нь тэр чигтээ цус болчихсон байдалтай хэвтэж байсан. Тэгээд би түүнээс юу болсон бэ, яагаад гудамжинд хэвтэж байна гэхэд “би хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би түүнийг мотоциклд сундлуулж аваад цагдаа дээр ирэхэд цагдаа нар байхгүй байсан тул Ж.Ө-ыг гэрт нь хүргэж өгөөд яваад өгсөн..., ...Тухайн үед Ж.Ө- хэлэхдээ Д- зодчихлоо гэж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал),
2.6. Гэрч А.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тус өдрийн 18-19 цагийн орчимд миний биллиард тоглоомын газарт олон хүмүүс биллиард, хөзөр тоглоод байж байхад Ж.Ө- гэх залуу согтуу орж ирээд тухайн хүмүүсийн хажууд нь сууж байсан. Тэгээд би биллиардын үүдэнд гадаа гарч байхад надаас зөрөөд Х.Д- гэх залуу миний биллиард тоглоомын газар луу орсон. Тэгээд би гадаа хэсэг зогсож байгаад буцаад ороход Ж.Ө- дээлийнхээ суран бүсийн тайлж аваад Х.Д- руу ухас хийж дайрч суран бүсээ эргүүлээд ийшээ тийшээ саваад эхлэхэд тэнд байсан залуучууд бүгд зугтаагаад гадаа гарсан. Энэ үед Х.Д- ч гэсэн Ж.Ө-ыг барьж авсан ба тэр хоёр нэг нэгийгээ заамдаад барьж аваад нэг нэгэнтэйгээ харилцан зодолдоод эхлэхэд би ганцаараа хоёр залууг арай гэж салгаж аваад Ж.Ө-ыг биллиард тоглоомын газраас гаргасан. Тэгэхэд Ж.Ө-ы нүүр хэсэг нь нил цус болж, хоёр нүд нь хавдчихсан байсан. Тэгээд Ж.Ө- өөрөө гудамжаар явж байгаад гудамжинд байсан нэг контейнерын үүдэнд очоод газарт суучихсан. Энэ хооронд би Х.Д-ад “чи одоо харь, дахиж битгий зодолд” гээд цаашаа түлхээд хөөж явуулаад байж байхад А.Р хүрч ирээд Ж.Ө-ы мотоциклыг нь унаад өөрийг нь сундлуулаад аваад явсан. ...Тухайн үед Х.Д- ч гэсэн халамцуу согтуу, амнаас нь архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Эхлээд Ж.Ө- нь Х.Д-ын шанаа тус газарт нь суран бүсийн гогцоо хэсгээр нь нэг удаа цохиод авсан. Тэгэхэд Х.Д- ухас хийж Ж.Ө-ыг заамдаж барьж авсан ба тэр хоёр нэг нэгийгээ харилцан гараараа цохиж зодоод л байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал),
2.7. Гэрч И.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гаднаас Х.Д- гэх залуу орж ирээд зогсож байгаад Н.Н- гэх залуугийн ширээн дээр байсан мөнгийг нь гартаа бариад авсан. Тэгэхэд Н.Н- Х.Д-ад хандаад чи миний мөнгийг өгчих гэж ярьж байсан ба Х.Д- болохоор мөнгийг чинь өгнө гээд зогсож байсан. Энэ үед Ж.Ө- гэнэт босоод дээлийнхээ суран бүсийг тайлж аваад Х.Д- руу ухас хийж дайраад Х.Д-ыг суран бүсээрээ нэг удаа цохиод авсан. Тэгэхэд Х.Д- ч гэсэн Ж.Ө-ыг барьж аваад тэр хоёр хоорондоо ноцолдоод эхлэхэд хүмүүс бүгдээрээ зугтаад гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал),
2.8. Гэрч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 10-ны орой 18 цагийн орчимд байсан байх би цаг хугацааг нь тодорхой санахгүй байна. Би Дэлүүн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр байрлах А.Б- гэх хүний биллиард тоглоомын газарт хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд тухайн тоглоомд би хожсон тул хүмүүсээс мөнгөө аваад ширээний дээр өөрийнхөө урд талд ширээний буланд мөнгөө ил тавиад сууж байхад Х.Д- гэх залуу орж ирж зогсож байгаад тоглоом болгоод миний мөнгийг гартаа бариад авсан. Тэгэхэд би Х.Д-ад хөөш мөнгө аваад ир гэж хэлээд мөнгөө аваад буцаад суух гэж байхад тухайн газарт ойрхон сууж байсан Ж.Ө- гэх хүн босоод дээлийнхээ суран бүсээ тайлж байгаа харагдсан. Тэгээд би суухын хооронд Ж.Ө- нь тухайн суран бүсээрээ Х.Д-ыг нэг удаа цохиод авахад Х.Д- ч гэсэн ухас хийж Ж.Ө-ыг барьж аваад ноцолдоод нэг нэгийгээ харилцан цохиж зодолдоод эхлэхэд хүмүүс бүгд зугтаагаад гадаа гарсан. Энэ үед би ч гэсэн зугтаагаад гараад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал),
2.9. Гэрч Ж.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Тус өдрийн 18 цагийн орчимд миний бие Дэлүүн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр байрлах А.Б- гэх хүний биллиард тоглоомын газарт Н- гэх залуутай уулзахаар очоод хөзөр тоглож байгаа хүмүүсийг сонирхоод зогсож байхад гаднаас Х.Д- гэх залуу орж ирээд хөзөр тоглож байгаа хүмүүсийг ширээн дээр ил байсан мөнгийг нь барьж аваад тоглоод байгаа харагдсан. Тэгээд байж байтал тухайн биллиардын дотор сууж байсан Ж.Ө- босож ирээд суран бүсээрээ Х.Д-ын толгой тус газарт нь нэг удаа цохиод авах шиг болсон. Тэгэхэд Х.Д- ухас хийж ирээд Ж.Ө-ыг тэвэрч барьж аваад зодолдоод эхлэхэд нь тэнд байсан хүмүүс бүгд зугтаагаад гараад явсан..., ...Тухайн үед Ж.Ө-, Х.Д- хоёр хоёулаа согтуу байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал),
2.10. Гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд байсан байх би А.Б- гэх хүний биллиард тоглоомын газарт хүмүүстэй хөзөр тоглоод сууж байхад гаднаас Х.Д- орж ирээд зогсож байгаад бид нартай хамт хөзөр тоглоод сууж байсан Н.Н- гэх залуугийн ширээн дээр ил байсан мөнгийг нь гартаа атгаж аваад хойшоо ухраад зогссон. Тэгэхэд Н.Н- босоод Х.Д-аас мөнгөө нэхэж аваад буцаад суух гэж байхад бид нартай хамт сууж байсан Ж.Ө- гэнэт босоод дээлийнхээ суран бүсээ тайлж аваад Х.Д- руу бүсээ эргүүлж дайрч ирээд Х.Д-ын шанаа тус газарт нь суран бүсийн гогцоо хэсгээр нь нэг удаа цохиод авсан. Тэгэхэд Х.Д- ч гэсэн Ж.Ө- руу дайраад эхэлсэн... ...Ж.Ө-ы гэрт нь А.Б-тай хамт очиход нүүр хэсэг нь нил цус болоод хоёр нүд нь хавдсан байхыг харсан. Мөн тухайн үед Х.Д-ын нэг талын шанаа тус газар нь бага зэрэг шалбарч цус гарсан байдалтай харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал),
2.11. Гэрч М.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ж.Ө- гэнэт босоод өөрийн суран бүсээ тайлаад бүсээ эргүүлээд Х.Д- руу далайлгаж эхлэхэд нь би болон бусад хүмүүс түүний бүснээс нь айгаад биллиард тоглоомын газраас зугтаж гарцгаасан. Тэгээд тус биллиардаас гарсан хүмүүс бүгд сүм /мешит/-ийн тийшээ яваад өгсөн. Би ч гэсэн тэр хүмүүстэй хамт очоод хэсэг зогсож байгаад буцаад явахаар болоод А.Б-ы биллиард тоглоомын хажуугаар өнгөрөөд явж байтал Ж.Ө- нь гудамжинд байсан нэг контейнерын хаалганы урд талын цементэд сууж байсан. Би түүний дэргэд дөхөж ирэхэд Ж.Ө-ы нүүр хэсгээс нь цус гарсан байдалтай сууж байсан... ...Тухайн үед Ж.Ө-, Х.Д- хоёр хоёулаа нэлээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал),
2.12. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Х-ын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан 765 дугаартай “... 1.Ж.Ө-ы биед баруун ба зүүн нүдний гэмтэл, баруун нүдний ухархайн дотор хана самалдаг яс руу цөмөрч хугарсан, нүдний арын болон урд зайд хий хурсан, баруун нүдний салст болон зовхины урагдал, баруун ба зүүн нүдний дээд ба зовхины хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, хамрын ясны хугаралттай, хамрын нурууны мурийлттай, хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, баруун хацарт, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хавантай, баруун дээд хөмсөгний дээд ирмэгт шалбарсан, зүүн хөмсөгний гадна ирмэгт шалбарсан, баруун чихний дээд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр 1-7 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 87-89 дахь тал),
2.13. Хохирогч Ж.Ө-ы өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 16-34 дэх тал),
2.14. Яллагдагч Х.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Ж.Ө-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 133-134 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.15. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
- Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “...Тус сумын багийн иргэн Хусан овогтой Досболат нь БЖ95............. тоот регистрийн дугаартай. Тус багийн байнгын оршин суугч мөн ба даруу төлөв зантай, олны дунд нэр хүндтэй, иргэн болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 143 дахь тал),
- Шүүгдэгч Х.Д-ын иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 147, 149 дэх тал),
- Шүүгдэгч Х.Д-ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 145-146 дахь тал),
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 137 дахь тал),
- Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 138-140 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
3. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
4.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн иргэн Ж.Ө-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 07 дахь тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 08-13 дахь тал), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 38 дахь тал), хохирогч Ж.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44, 48-49 дэх тал), гэрч А.Р, А.Б-, И.Н-, Н.Н-, Ж.Т-, А.М-, М.Х- нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 56, 59, 62, 65, 67, 70, 73 дахь тал), шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан 765 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 87-89 дахь тал), хохирогч Ж.Ө-ы өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 16-34 дэх тал), яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Х.Д- нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18-19 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Б-ы эзэмшлийн биллиард тоглоомын газар дотор “бүсээр цохилоо” гэх шалтгаанаар хохирогч Ж.Ө-ы нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд нь баруун ба зүүн нүдний гэмтэл, баруун нүдний ухархайн дотор хана самалдаг яс руу цөмөрч хугарсан, нүдний арын болон урд зайд хий хурсан, баруун нүдний салст болон зовхины урагдал, баруун ба зүүн нүдний дээд ба зовхины хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, хамрын ясны хугаралттай, хамрын нурууны мурийлттай, хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, баруун хацарт, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хавантай, баруун дээд хөмсөгний дээд ирмэгт шалбарсан, зүүн хөмсөгний гадна ирмэгт шалбарсан, баруун чихний дээд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.
5.1.Шүүгдэгч Х.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
5.2 Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч Х.Д- нь хохирогч Ж.Ө-ыг бүсэлж явсан бүсээрээ цохисон гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
5.3. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч Ж.Ө-ы биед нь үүссэн гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 87-89 дэх тал),
5.4. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Д- нь хохирогч Ж.Ө-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон, шүүгдэгчийн гараараа хохирогчийн нүүр хэсэгт цохисон идэвхтэй үйлдэл болон хохирогчийн биед үүссэн гэмтэл буюу эрүүл мэндэд нь учирсан хохирол хооронд шалтгаан холбоотой, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
5.6. Иймд шүүгдэгч Х.Д-ыг хохирогч Ж.Ө-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
5.7. Шүүгдэгч, хохирогч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, өөрийнхөө үйлдлийг ухамсарладаггүй зан байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд шууд нөлөөлжээ.
6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
6.2. Хохирогч Ж.Ө-д учирсан хор уршиг буюу эмчилгээний зардалд 1000000 төгрөгийг шүүгдэгч нь төлсөн нь “...эмчилгээний зардалд нийт 1 сая төгрөг гарсныг Х.Д- миний ХААН банкны 5180680048 данс руу 11 сарын 21-нд, 11 сарын 30-нд нийт 1 сая төгрөгийг шилжүүлж өгсөн тул надад ямар нэгэн хүсэлт, гомдол байхгүй, миний цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжилнэ” гэх хүсэлтээр /хавтаст хэргийн 152 дахь тал/ тогтоогдож байна.
6.3. Иймээс шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал буюу хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Х.Д-ыг шүүхээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.
2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Д- нь хувийн байдлын хувьд урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, тогтмол орлоготой, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт тус аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багт оршин суудаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 138-140 дахь тал),
2.3. Шүүгдэгч Х.Д-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.4. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Х.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
2.5. Шүүгдэгч Х.Д- нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно гэсэн гэх хүсэлтийг бичгээр гаргасныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2.6. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Х.Д-ын гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
2.7. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
2.8. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч Х.Д- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.
Гурав: Бусад асуудлын талаар
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч Х.Д- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. 2213002930168 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч Ж.Ө-д 1.000.000 төгрөгийн хор уршгийг төлсөн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгөтэй суран бүс 1 ширхгийг хохирогчид буцаан олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.т ургийн овгийн Х-ы Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хусаны Досболатыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Х.Д-ад сануулсугай.
4. Шүүгдэгч Х.Д- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. 2213002930168 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, хохирогчид 1.000.000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн суран бүсийг хохирогч Ж.Ө-д буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Ө- нь гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэлээ иргэний хэргийн шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК