Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/146

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч А.Д,

хэлмэрч, орчуулагч Б.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С,

шүүгдэгч Х.Е- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж ургийн овгийн Х-гийн Е-д холбогдох 2313001050170 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Алтай сумын Хар нуур багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж ургийн овгийн Х-гийн Е-, регистрийн дугаар ББ88...............,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Е- нь 2017 оны 6 дугаар сараас 10-ны өдөр өвчний улмаас нас барсан өөрийн охин Т.Л-г улсын бүртгэлээс хасуулж, бүртгүүлэхгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн сангаас сар бүр олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 20.000, 100,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 19 хүртэлх хугацаанд 53 сарын мөнгө болох 2.660.000 төгрөгийг болон 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэн бүрт олгосон Засгийн газраас олгосон нэг удаагийн дэмжлэг 300.000 төгрөгийг тус тус хууль бусаар авч, нийгмийн халамжийн санд 2,960,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Х.Е- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Т.Л-гийн нэр дээр олгогдож байсан мөнгийг би өөрөө шилжүүлэн авч захиран зарцуулсан. Хохирлыг төлж өгнө.” гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт 2313001050170 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах тухай илтгэх хуудас (хавтаст хэргийн 05 дахь тал),

2.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр 2014 оноос хойш ажиллаж байна. Тус аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн иргэн Т-ын Л- нь 2021 оны 11 дүгээр сар хүртэл улсаас олгосон хүүхдийн мөнгө авч байсан байна. Манайд өмнө ашиглагдаж байсан e-office.mn гэх программыг хааж шинээр е-halamj.mn программ хангамж нэвтрүүлсэн бөгөөд энэ программаас сүүлийн 3 жилийн мэдээлэл гардаг юм байна. Т.Л- яг хэдэн оноос эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж байсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүүхэд байна. Хүүхэд төрсний дараа хүсэлтээ хэзээ гаргана тэр үеэс эхэлж хүүхдийн мөнгө нь орж эхэлдэг байгаа. Т.Л- нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нас барсан байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмж нь гурван тохиолдолд зогсоно. Хүүхэд 18 нас хүрсэн, хүүхэд нас барсан, Монгол улсын харьяатаас гарсан гэх үндэслэлээр хүүхдийн мөнгөн тэтгэмж зогсдог байгаа. Харин Т.Л- нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нас барсан талаар Улсын бүртгэлийн лавлагаанд дурдагдсан байх бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан төлөвт бүртгэгдсэн байна. Т.Л- нас барсан тухайн сарын мөнгөн тэтгэмжийг аваад дараагийн сар болох 2017 оны 07 дугаар сараас эхэлж Т.Л-д олгогдох хүүхдийн мөнгөн тэтгэмж зогсох ёстой байдаг. Гэтэл Т.Л- нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмжид идэвхтэй хамрагдсан байна. Т.Л- нас барснаас хойших хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хэн нэгэн хүн авч байсан гэсэн үг. Тэгэхээр Т.Л-г 2017 оны 06 дугаар сарын 10-нд нас барснаас хойш 7 хоногийн дотор Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж нас барсны төлөвт бүртгэж нас барсны гэрчилгээ авах нь ар гэрийнхний үүрэг байгаа юм. Гэхдээ Т.Л- нас барснаас хойш Улсын бүртгэлийн газрын мэдээллийн санд нас барсан төлөвт ороогүй тохиолдолд манай нийгмийн халамжийн сангаас өгөгддөг аливаа халамжийн мөнгө зогсохгүй, хэвээр олгогддог байгаа Т.Л- нь 2017 оны 06 дугаар сард нас барсан боловч Улсын бүртгэлийн газрын мэдээллийн сангийн нас барсан бүртгэлд бүртгэгдээгүй тул 2017 оны 07 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн авч байсан байна. Т.Л- нь 2017 оны 06 дугаар сарын 10-нд нас барсан тул энэ сарын хүүхдийн мөнгийг авах эрхтэй. Ингэхэд Т.Л- нас барсны дараа түүний хүүхдийн мөнгийг 2017 оны 07 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хууль бусаар авч байсан байна. байна.

Энэ хугацаанд нийгмийн халамжийн санд 2,660.000 төгрөгийн хохирол учирсан Энэ 300.000 төгрөг бол Ковид цар тахлын үеийн Засгийн газраас иргэн бүрт үзүүлсэн дэмжлэгийн мөнгө байгаа. Энэ мөнгийг тухайн үед хүүхдүүд хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг дансаар дамжуулан авсан байгаа. Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгодог дансыг ашигласан болохоос манай халамжийн санд хамааралгүй зүйл байгаа. Манай байгууллагын дагаж мөрдөж байгаа Засгийн газрын 2017 оны 18 дугаар тогтоолын хавсралтад заасан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам"-ын 2.9 дүгээрт зааснаар “... Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага шинээр төрсөн, нас барсан, харьяатаас гарсан зэрэг 0-18 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаар, овог, нэр, оршин суугаа хаягийн мэдээллийг тухай бүрт төрийн байгууллагатай мэдээлэл солилцох системээр дамжуулан нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ...” гэж заасны дагуу иргэнийг нас барсныг Улсын бүртгэлд бүртгүүлснээр төрийн байгууллагатай мэдээлэл солилцох системээр манай байгууллагад хүргүүлснээр нас барсан иргэдийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ зогсдог байгаа. Нас барсан иргэн Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн нас барсан төлөвт бүртгүүлээгүй тохиолдолд манай халамжийн сангаас олгодог тэтгэвэр тэтгэмжийн үйлчилгээг зогсоох боломжгүй. Тухайн Монгол Улсын иргэнийг нас барсан тохиолдолд Улсын бүртгэлд бүртгүүлж нас барсны гэрчилгээ авах үүргийг ар гэрийнхэн хүлээдэг юм. Төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж нь халамжийн тэтгэмж болон нийгмийн хөгжлийн үйлчилгээнд хамаарна. Нас барсан гэх хүүхдийн нэр дээр сар бүр авч байсан гэх хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тооцож, буруутай этгээдээр төлүүлэх саналтай байна. ...Хохирол нөхөн төлж барагдуулаагүй байгаа. Яллагдагч Х.Е-ээс 2.660.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13,15 дахь тал),

2.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт халамжийн сан хариуцсан ахлах мэргэжилтнээр 2014 оноос хойш ажиллаж байна. Энэ хүүхэд нас барсны дараа улсаас олгож байсан хүүхдийн мөнгө, мөн Засгийн газраас ковид цар тахлын үед олгосон 300.000 төгрөгийн халамжийн дэмжлэг зэргийг авсан байна гэх талаар манай Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн К.С-гаас сонссон. Төрийн сангийн 100900096815 дугаартай данс нь Төв төрийн сангийн халамж, хүүхдийн мөнгө, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал, буцаан олголт зэрэг багц гүйлгээ хийхэд ашиглагдаг данс болно. 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 300.000 төгрөг “Засгийн газрын нэг удаагийн дэмжлэг” гэх утгаар орсон мөнгө нь тухайн үед Коронавирусын үед иргэн бүрт олгосон халамжийн чиглэлийн дэмжлэг байдаг. Энэ нь өөрөө халамжийн сангийн мөнгө болно. Энэ 300.000 төгрөг бол ковид цар тахлын үеийн Засгийн газраас иргэн бүрт үзүүлсэн дэмжлэгийн мөнгө байгаа. Энэ мөнгийг тухайн үед хүүхдүүд хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг дансаар дамжуулан авсан байгаа. Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгодог дансыг ашиглаж Т.Л-д олгосон байна. Энэ мөнгийг нас барсан иргэн авах ямар ч үндэслэл байхгүй. Нас барсан иргэн хүүхдийн мөнгийг ч, засгийн газраас олгож байгаа ямарваа халамж, тэтгэмжийн мөнгө авах ёсгүй байдаг. Тухайн Монгол Улсын иргэнийг нас барсан тохиолдолд Улсын бүртгэлд бүртгүүлж нас барсны гэрчилгээ авах үүргийг ар гэрийнхэн хүлээдэг юм. Намайг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03/1452 дугаартай албан бичгээр энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр томилсон тул нас барсан Т-ын Л-гийн нэр дээр 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Засгийн газрын нэг удаагийн дэмжлэг” гэх утгаар орсон 300.000 төгрөгийг буруутай этгээдээр төлүүлэх саналтай байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

2.4. Гэрч Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би Алтай сумын 1 дүгээр багийн иргэн Т.Л-г танина. Миний төрсөн ах Жагсалын Т-ын төрсөн охин байгаа юм. Т.Л-гийн ээжийг Е- гэдэг. Т.Л- нь хэдэн жилийн өмнө нас барсан юм. Яг он, сар өдрийг нь санахгүй байна. Миний бодлоор 2017 он байсан байх, зусланд гарахын өмнө байсан. Өвдөж ирээд эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан. Т.Л- нь улсаас хүүхдийн мөнгө авч байсан байж магадгүй. Нарийн зүйлийг нь би мэдэхгүй. Хэзээ Т.Л-г нас барсны бүртгэлд бүртгүүлж нас барсны гэрчилгээ авсныг бол мэдэхгүй байна”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

2.5. Гэрч М.К-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “... Би Алтай сумын 1 дүгээр багийн эмчээр 8 дахь жилдээ ажиллаж байна. Алтай сумын 1 дүгээр багийн иргэн Жагсал овогтой Т-ыг танина. Төрөл садааны болон өш хонзонгийн асуудал байхгүй. Би уг багийн эмчээр 8 жил ажилласан тул би уг багийн иргэдийг сайн танина. Алтай сумын 1 дүгээр багийн иргэн Т-ын Л- гэдэг охины талаар мэднэ. Энэ хүүхэд одоо эсэн мэнд байхгүй. 2017 оны 06 дугаар сард “уушгины хүнд хатгаа” гэсэн оношоор сумын төвийн эрүүл мэндийн төвд эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Т.Л- нас барах үед ой 2-3 сартай байсан. Т.Л- улсаас хүүхдийн мөнгө авдаг байсан. Өөр ямар нэгэн тэтгэмж халамж үйлчилгээ авдаг талаар би мэдэхгүй байна. Улсаас олгодог хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг аав, ээж хоёрын аль нэг нь авдаг байсан байх. ... Т.Л- нас барсны дараа түүнийг улсын бүртгэлд бүртгүүлж нас барсны гэрчилгээ авсан эсэхийг бол мэдэхгүй байна. Энэ үүргийг нас барсан иргэний аав, ээж, 18 насанд хүрсэн гэр бүлийн гишүүд нь хүлээдэг. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Миний хэлсэн бүгд үнэн зөв... ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

2.6. Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Би Алтай сумын Засаг даргын тамгын газарт хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 9 дэх жилдээ ажиллаж байна. Алтай сумын 1 дүгээр багийн иргэн Жагсаал овогтой Т-ыг танина. Нэг сумын иргэдийн хувьд бол танина. Төрөл садны болон өш хонзонгийн асуудал байхгүй. Т.Л- гэдэг хүүхдийн талаар мэдэхгүй, энэ хүүхдийн харж байгаагүй. 2021 оны 11 дүгээр сарын үед Т.Л-аг нас барсан гэж улсаас олгож байсан хүүхдийн мөнгийг зогсоосон байна. Т.Л- нас барсан ба одоо эсэн мэнд байхгүй болно. Гэхдээ хэзээ нас барсан талаар би мэдэхгүй байна. Нас барсан иргэнийг ар гэрийн хүмүүс нь улсын бүртгэлд бүртгүүлж, нас барсан төлөвт оруулж, нас барсны гэрчилгээ авч манай хөдөлмөр халамж үйлчилгээний газарт нас барсан талаар мэдэгдсэний дараа иргэнд улсаас олгож байсан халамж болон тэтгэмжийн үйлчилгээг зогсоодог. Надад Л-гийн аав нь Т- өөрийн биеэр 2021 оны 11 дүгээр сарын үед ирж Л- нас барсан талаар хэлж халамжийн үйлчилгээг зогсоосон болно. Л- нь 2016 оны 04 дүгээр сараас эхэлж 2021 оны 11 дүгээр сар хүртэл улсаас олгосон хүүхдийн мөнгийг авч байсан. Т.Л- нь улсаас хүүхдийн мөнгө авдаг байсан. Т.Л- нь 2016 оны 04 дүгээр сараас эхэлж 2021 оны 11 дүгээр сар хүртэл улсаас олгосон хүүхдийн мөнгөнд хамрагдаж байсан байна. Т.Л-гийн төрийн банкны 2901............ дугаартай дансаар хүүхдийн мөнгө орж байсан байна. Т.Л-гийн аав, ээж нь хоёулаа амьд байдаг. Өөр нэмж хэлэх зүйлгүй. Миний хэлсэн бүгд үнэн зөв ... ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

2.7. Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “... Би Алтай сумын 1 дүгээр багийн иргэн Т- овогтой Л-г бол танихгүй, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. Тухайн үед төрсний гэрчилгээ авсан. Т.Л- нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. Гэхдээ Т.Л-гийн ар гэрийн хүмүүс нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр №22 дугаартай нас барсны гэрчилгээ авсан. Одоо манай Улсын бүртгэлийн системд нас барсан төлөвт бүртгэлтэй байгаа. Т.Л- нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрж 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нас барсан байна. Нас барснаас хойш түүний эцэг, эх нь Т.Л-г нас барсны төлөвт бүртгүүлэлгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй явсан байна. Нас барсан хүнийг сумын Эрүүл мэндийн төвийн АМ-7 маягтын дагуу баталгаажуулдаг. Т.Л- нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нас барсан талаарх мэдээллийг мөн Эрүүл мэндийн төвийн АМ-7 маягтын дагуу л авсан. Нас барсны гэрчилгээг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Алтай сумын 1 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан Темирбек гэдэг хүн ирж авсан. Тухайн үед Алтай сумын 1 дүгээр багийн засаг даргаар Темирбек гэдэг хүн ажиллаж байсан. Хуулинд бол нас барснаас хойш 7 хоногийн дотор нас барсны гэрчилгээ авах ёстой. Энэ талаар би мэдэхгүй. Манай иргэний бүртгэлийн цахим системд нас барснаар бүртгүүлж, нас барсны гэрчилгээ авч нас барсны төлөвт орсны дараа улсаас олгодог халамж, тэтгэвэр, тэтгэмж зогсдог. Манай байгууллагын цахим системд нас барсны бүртгэлд бүртгэгдээгүй тохиолдолд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас тухайн иргэнд олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийг зогсоох ямар ч боломжгүй байдаг.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар манай иргэний бүртгэлийн газар хоорондоо цахимаар л мэдээлэл солилцдог. Төрсний дараа төрсний гэрчилгээ аваад хүүхдийн мөнгөн тусламжид хамрагдаж байсан байх. Төрсний дараа 1 жил 3 гаруй сарын дараа нас барсан байна. Гэхдээ гэрчилгээг бол 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр авсан байна. Ингэхэд Т.Л- 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нас барсан гэхэд 4 жил 5 гаруй сар хүүхдийн мөнгөн тусламж авч байсан байж магадгүй. Энэ талаарх нарийн ширийн зүйлийг бол сумын халамжийн байцаагч сайн мэдэх байх. Монгол Улсын Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар "Иргэний нас барсныг энэ хуулийн 13.2-т заасан этгээд нас барагчийн иргэний үнэмлэх болон доор дурдсан баримт бичгийн аль тохирохыг бүрдүүлж, аймаг, нийслэлд 3, сум, Дипломат төлөөлөгчийн газарт 7 хоногийн дотор бүртгүүлнэ" гэж заасан байдаг. Сумын нутаг дэвсгэрт нас барсан бол тухайн харьяа сумын улсын бүртгэлийн бүртгэгчид мэдэгдэж холбогдох материалыг бүрдүүлэн өгч улсын бүртгэгч нь цахим системд нас барсны төлөвт бүртгэж, нас барсны гэрчилгээ олгоно. Монгол Улсын Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13.2.1. нас барагчийн 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, эсхүл төрөл садангийн хүний аль нэг нь нас барагчийг нас барсны бүртгэлд бүртгүүлнэ гэж зааж өгсөн байдаг. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Алтай сумын 1 дугаар багийн иргэн Т-ын Л- нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрж төрсний гэрчилгээ авсны дараа 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нас барсан байна. Түүнийг аав, ээж нь Л-гийн нас барсан талаар холбогдох байгууллагад мэдэгдэж нас барсан төлөвт бүртгүүлээгүй байна. Т.Л- нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нас барж 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нас барсан төлөвт бүртгүүлээгүй явсан байна. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр №22 дугаартай нас барсны гэрчилгээ авсан байна. Надад өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

2.8. Талийгаач Т-ын Л-гийн төрсний бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 55-66 дахь тал),

2.9. Талийгаач Т-ын Л-гийн Төрийн банкны 2901............ дугаартай хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг байсан дансны хуулга (хавтаст хэргийн 49-50, 63-65 дахь тал),

2.10. Иргэн Х-гийн Е-ийн Төрийн банкны 2901............ тоот дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 70-74 дэх тал),

2.11. Яллагдагч Х.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Талийгаач Л-гийн хувьд манай 3 дахь хүүхэд болж 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хорвоод мэндлээд, өвчний улмаас 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. Миний зүгээс ямар ч ойлголтгүй учраас нас барсан хүний талаарх мэдээллийг холбогдох байгууллагад хандаж хасалт хийлгэх талаар мэдээгүй. Хүүхдийн мэдээллийн хасуулаагүй учраас улсаас олгосон мөнгөн тэтгэмжийг авсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.12. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34, 39 дэх тал),

- Шүүгдэгч Х.Е-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа болон шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт  (хавтаст хэргийн 40-41 дэх тал)

- Шүүгдэгч Х.Е-ийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

- Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Танай өрх Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т зааснаар “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн” буюу хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн -/14 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 409.679 босго шугамаас ДООГУУРТ багтсан байна” гэсэн тодорхойлолт  (хавтаст хэргийн 46 дахь тал),

- Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 3/115 дугаартай “Тус сумын 1 дүгээр багийн иргэн Х овогтой Е- нь 1988 онд төрсөн, 35 настай. Ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Х.Е-ийн нөхөр болох Ж.Т- 2023 оны жилийн эцсийн мал тооллогод Тэмээ-0, Адуу-6, Үхэр-18, Хонь-30, Ямаа- 60, нийт-114 толгой мал тоолуулсан байна. Х.Е- нь тус багт байнгын оршин сууж байгаа нь үнэн болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт  (хавтаст хэргийн 47 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.13. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

2.14. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах тухай илтгэх хуудас (хавтаст хэргийн 05 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.С-, Ж.О-, гэрч Ж.Д-, М.К-, С.М-а, Д.Б- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд  (хавтаст хэргийн 12-13,15, 22-23, 26, 28, 30, 32-33 дахь тал), Т.Л-гийн төрсний бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 55-66 дахь тал), Т.Л-гийн Төрийн банкны 2901............ дугаартай хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг байсан дансны хуулга (хавтаст хэргийн 49-50, 63-65 дахь тал), шүүгдэгч Х.Е-ийн Төрийн банкны 2901............ тоот дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 70-74 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

3.2. Шүүгдэгч Х.Е- нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өвчний улмаас нас барсан өөрийн охин Т.Л-гийн нас барсныг улсын бүртгэлт бүртгүүлэхгүйгээр  нийгмийн халамжийн сангаас Т.Л-д сар бүр олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 20.000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл 33 сарын хугацаанд 660.000 төгрөгийг, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100,000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сарын 19 хүртэл 20 сарын хугацаанд 2.000.000 төгрөгийг, мөн Коронавирусын халдвар COVID-2019 цар тахлын үед  буюу 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Т.Л-д олгосон Засгийн газрын нэг удаагийн дэмжлэг 300.000 төгрөгийг зэрэг нийт 2.960.000 төгрөгийг Т.Л-гийн эзэмшлийн Төрийн банкны 2901............ дугаартай хүүхдийн мөнгөн тэтгэмжийн данснаас өөрийнхөө Төрийн банкны 2901............ тоот данс руу тус тус шилжүүлэн захиран зарцуулсан, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр талийгаач Т.Л-гийн нас барсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн зэрэг үйл баримт тогтоогджээ.

         4. Эрх зүйн дүгнэлт

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд  шүүгдэгч Х.Е- нь охин Т.Л-гийн нас барсныг улсын бүртгэлд бүртгүүлж, холбогдох байгууллагад нь мэдэгдэхгүй нууж төрөөс сар бүр хүүхдэд олгогдох 2.960.000 төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

4.2. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “нийгмийн халамж” гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг” гэж зааж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийгмийн халамжийн тэтгэмжийн төрөлд багтаан хуульчилжээ.

4.3. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Иргэний нас барсныг энэ хуулийн 13.2-т заасан этгээд нас барагчийн иргэний үнэмлэх болон доор дурдсан баримт бичгийн аль тохирохыг бүрдүүлж, аймаг, нийслэлд 3, сум, дипломат төлөөлөгчийн газарт 7 хоногийн дотор бүртгүүлнэ.” гэж, мөн зүйлийн 13.2 дахь хэсэгт “дараах этгээд нас барагчийг нас барсны бүртгэлд бүртгүүлнэ: 13.2.1. нас барагчийн 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, төрөл садангийн хүний аль нэг” гэж нас барсныг бүртгүүлэх этгээдийг нэрлэн заажээ.

4.4. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын 3.8-д “Хүүхэд шинээр төрсөн, үрчлэгдсэн, нас барсан зэргээр тухайн гэр бүлд амьдарч байгаа хүүхдийн тоо өөрчлөгдсөн тохиолдолд эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь энэ тухай сонгосон банк болон тухайн орон нутгийн улсын бүртгэлийн байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтанд бичгээр мэдэгдэнэ.” 4.1-д “ нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг зогсоох шийдвэр гаргана: 4.1.2 “хүүхэд нас барсан” гэж хүүхэд нь нас барснаар тухайн хүүхдэд олгогдох хүүхдийн мөнгө тэтгэмжийг зогсоох бөгөөд ингэхдээ нас барсан талаарх мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь банк, орон нутгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнд мэдэгдэхээр  зохицуулжээ.

4.5. Дээрх хууль, тогтоомжоос үзэхэд Т.Л- нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өвчний улмаас нас барах үед түүний эцэг нь Ж.Т-, эх нь болох шүүгдэгч Х.Е- нар  хүүхэд нь нас барсныг улсын бүртгэлийн нас барсны бүртгэлд  бүртгүүлэх, хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа банк, ажилтанд мэдэгдэх байжээ.

4.6. Гэтэл шүүгдэгч Х.Е- нь хүүгийнхээ нас барсныг бүртгүүлж, мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр 53 сарын хугацаанд Т.Л-д сар бүр олгосон  20.000 төгрөг, 100.000 төгрөгийн хүүхдийн мөнгө буюу нийгмийн халамжийн тэтгэмжид хамаарах 2.660.000 төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг, мөн Коронавирусын халдвар COVID-2019 цар тахлын үед иргэн бүрт олгосон Засгийн газрын нэг удаагийн дэмжлэг 300.000 төгрөгийг тус тус хууль бусаар авч захиран зарцуулсан нь нотлогдож байх тул түүнийг охиныхоо нас барсан байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмжийг авч “хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ” авах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэлээ.

4.7. Шүүгдэгч Х.Е-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.

4.8. Шүүгдэгчийн  дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хүүгийнхээ нас барсан байдлыг нуун дарагдуулж хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.9. Иймд шүүгдэгч Х.Е-ийг бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.10. Шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, төрийн байгууллагуудын хяналт шалгалт сул зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Е- нь  бодит байдлыг нууж хууль бусаар нийгмийн халамж авсан нь нотлогдсон учраас энэхүү хугацаанд авсан 2.660.000 төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмж болон Засгийн газрын нэг удаагийн дэмжлэг 300.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд тооцож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь үндэслэлтэй байна.

5.2. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Е-ээс 2.960.000 гаргуулан Нийгмийн халамжийн санд олгож шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Х.Е-ийг шүүхээс “хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 18.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Х.Е- нь  хууль бусаар халамж авах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 2.960.000 төгрөгийн хохирлыг гаргуулан Нийгмийн халамжийн санд олгох саналтай” гэсэн агуулгатай дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьездээс “шүүгдэгч Х.Е-ийг үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.

2.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Е- нь хувийн байдлын хувьд нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, бага насны хүүхэдтэй, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүнд хамаардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, тус аймгийн Алтай сумын 1-р багт оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.  (хавтаст хэргийн 34,39,46,47 дахь тал),

2.5. Шүүгдэгчийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнд тооцоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

2.6. Шүүгдэгч Х.Е-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, анх удаа гэмт хэрэгт үйлдэн, тодорхой эрхэлсэн ажилгүй гэх хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

2.7. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е-ийг  200 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  түүнд сануулах нь зүйтэй.

2.8. Шүүгдэгч Х.Е-ийн тус аймгийн Алтай сумын 1 дүгээр багт амьдардаг гэх хувийн байдлыг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаанд оршин суугаа газрын буюу Алтай сумын төрийн байгууллагуудад олон нийтийн ажил хийхийг шүүгдэгчид даалгав.

3. Бусад асуудлын талаар:

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдэв.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн  3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус хуульчилжээ.

3.3. Шүүгдэгч нь хууль бусаар авсан хүүхдийн мөнгөн тэтгэмж, иргэн бүрт олгосон дэмжлэг мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос 2.960.000 төгрөгийг албадан гаргуулж Нийгмийн халамжийн санд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэв.

3.4. Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого нь Нийгмийн халамжийн санд учирсан хохирлоос илүү гараагүй тул улсын төсөвт шилжүүлээгүйг дурдах нь зүйтэй.

3.5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж ургийн овгийн Х-гийн Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-гийн Е-ийг 200  (хоёр зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Х.Е-д сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Е-ээс 2.960.000 (хоёр сая есөн зуун жаран мянга) төгрөг гаргуулан Нийгмийн халамжид санд олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е-ийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос 2.960.000 төгрөгийг албадан гаргуулж Нийгмийн халамжийн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулсугай.

6. Шүүгдэгч Х.Е- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх хугацаанд тус аймгийн Алтай сумын төрийн байгууллагуудад олон нийтийн ажил хийхийг шүүгдэгч Х.Е-д даалгасугай.

8. 2313001050170 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.БАХЫТБЕК