Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 15

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т ХХК

Хариуцагч: М.Р

17 700 225 төгрөг 11 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч М.Р, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн банкны Өмнөговь салбарын харъяа Мандал-Овоо тооцооны төв нь Б.Б, хамтран зээлдэгч М.Р нартай 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 210500072626 тоот зээлийн гэрээ байгуулан 17 711 362 төгрөг 22 мөнгөний зээлийг жилийн 16,80 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд 4 ханатай гэр, 21 инчийн зурагт, угаалгын машин, ддиш ком, цалин зэргийг барьцаалсан. Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч Б.Б, хамтран зээлдэгч М.Р нар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан тул зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр юм. Тус зээлийг хуваарийн дагуу төлж байгаад зээлдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 27-нд нас барсан ба хамтран зээлдэгч М.Р нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “зээлийн буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1-р зүйлийг зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болох талаар удаа дараа сануулсан мэдэгдсэн болно. Зээлийн гэрээний 3.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь энэхүү гэрээний дагуу зээлдэгчийн хүлээсэн үүргийг бүрэн хүлээнэ гэсний дагуу хамтран зээлдэгч М.Р банкны зүгээс зээл төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлийн төлбөр төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 16 509 075 төгрөг 79 мөнгө, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 1 184 951 төгрөг 91 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6 197 төгрөг 41 мөнгө нийт 17 700 225 төгрөг 11 мөнгө байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа хэвээрээ. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Зээлдэгч, хамтран зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 3.2.4 дэх хэсэгт Монгол улсын Иргэний хуулинд заасан нөхцөл байдал бий болсон, зээлдэгч нас барсан, эрх зүйн чадамжгүй, болсон сураггүй алга болсонд тооцогдох зэрэг тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр зардлыг бүрэн хариуцан барагдуулах, мөн зээлийн гэрээний 3.3 дахь хэсэгт хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэсэн заалтуудын дагуу хамтран зээлдэгчээс зээл болон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг бүхэлд нь шаардаж байгаа болно гэв.

Хариуцагч М.Р шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мандал-Овоо сумын 2 дугаар багийн иргэн  Д овогт М.Р миний бие ам бүл 6 уул 1-13 насны 5 хүүхдийн хамт амьдардаг. М.Р миний бие талийгаач нөхрийн хамтаар Төрийн банкны нэхэмжлэл дэх мөнгийг нөхрийн цалингийн зээлээр авсан нь үнэн бөгөөд эргэн төлөх хуваарийн дагуу сар бүр төлж явсан юм. Гэвч миний амьдралд нөхөж баршгүй зовлон тохиолдож би төлөхөд хүнд болсон. М.Р би өөрөө цалингийн зээлтэй. сард 400 000 төгрөг төлдөг. 1-13 насны 5 хүүхэдтэй амьдарч байна. Өөрийн гэсэн орон гэр байхгүй. Сургуулийн дотуур байрны нэг өрөөнд амьдардаг. Би энэ нэхэмжлэлд дурдсан мөнгийг авсан нь үнэн боловч төлж чадахгүй нь ээ. М.Р миний бие 5 өнчин хүүхдээ хувцас хоолтой байлгаж, өвтгөж эрсдэлд оруулалгүй өдөр хоногийг өнгөрөөж байх нь өрх толгойлсон миний үүрэг боллоо. Бид олон жил Төрийн банкнаас зээл авч эргэн төлж банкийг хохиролгүй явсаар байсан. Төрийн банк бидний энэ хүнд амьдралд ганц удаа тус болж хүүхдүүдийн маань ирээдүйн амьдралд том хөрөнгө оруулалт хийж энэхүү зээлээс чөлөөлж өгөх боломж байдаг болов уу гэж хүсч байна. Сум дундын шүүхийн бүрэлдэхүүн та бүхэн бидний амьдралыг харж үзэн нэхэмжлэл дэх мөнгийг чөлөөлүүлэх хөнгөлөх шийдвэр гаргах боломж байна уу гэжээ.

Хариуцагч М.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр маань Мандал-Овоо сумын Соёлын төвд хөгжмийн багш хийдэг байсан. Би 650 000 төгрөгийн цалинтай. Би зээлд сард 420 000 төгрөг төлдөг гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан Т ХХК-ийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.Р, Б.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, М.Р, Б.Б нарын Өмнөговь аймаг Мандал-Овоо сумын Т ХХК-ийн салбарт гаргасан өргөдлийн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байгууллагын тодорхойлолт, 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1 дугаартай Б.Б нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21050072626 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, Б.Б зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Т ХХК-ийн зээлийн дансны хуулга 2 хуудас, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хүү тооцооллын хүсэлтийн хуулбар, Т ХХК-ийн депозит дансны харилцагчийн монгол хуулга 5 хуудас, 0000221465 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, Т ХХК-ийн 01 дугаартай мэдэгдлийн хуулбар, Т ХХК-ийн 02 дугаартай мэдэгдлийн хуулбар, Т ХХК-ийн 03 дугаартай мэдэгдлийн хуулбар, 9016001018 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/5998 дугаартай итгэмжлэл, Б.Ц иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэл, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн хариу тайлбар, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1-360 дугаартай Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Засаг даргын тодорхойлолт, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 332 дугаартай Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн Засаг даргын тодорхойлолт, 4616000015, 4616000003, 0134283, 0000823355, 0001123 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК нь М.Р холбогдуулан 17.700.225 төгрөг 11 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч тал “...М.Р би өөрөө цалингийн зээлтэй. сард 400 000 төгрөг төлдөг. 1-13 насны 5 хүүхэдтэй амьдарч байна. Өөрийн гэсэн орон гэр байхгүй. Сургуулийн дотуур байрны нэг өрөөнд амьдардаг. Би энэ нэхэмжлэлд дурдсан мөнгийг авсан нь үнэн боловч төлж чадахгүй нь ээ...” гэсэн тайлбарыг гаргажээ. 

2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Т ХХК болон Б.Б, М.Р нарын хооронд 210500072626 тоот барьцаат зээлийн гэрээгээр 15.011.362 төгрөг 22 мөнгөний цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2.700.000 төгрөг авч нийт 17.711.362 төгрөг 22 мөнгийг жилийн 16.80 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар зээлдүүлжээ. Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн дүнгээс 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцохоор заажээ.

210500072626 тоот нэмэлт зээлийн гэрээний хавралтад заасанэргэн төлөх хуваарьт төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 17.711.362 төгрөг 22 мөнгийг төлөх үүргийг хэсэгчилж төлөхөөр график хугацааг зааж уг гэрээнд М.Рэнчинмядаг гарын үсэг зурсан байна. Өөрөөр хэлбэл өмнөх зээлийн гэрээний үүрэг болох төлбөрийн үлдэгдлийг 210500072626 тоот гэрээний үүрэгт нэгтгэн оруулж тооцжээ.

Дээрхи цалингийн зээлийн гэрээнд Б.Б хамтран зээлдэгчээр М.Р тусгасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үндэслэлд нийцээгүй байна.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан бол түүнийг хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Т ХХК болон Б.Б нарын хооронд байгуулагдсан нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон 210500072626 тоот зээлийн гэрээнд М.Р хамтран зээлдэгч гэж зааж, Б.Б 60 сарын цалин болон 4 ханатай гэр, 21 инчийн зурагт, угаалгын машин, DDISH ком зэргийг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр заажээ.

Хэрэгт цугларсан Б.Б зээлийн хувийн хэрэгтэй холбоотой баримтуудаас үзэхэд Б.Б зээл олгохыг хүссэн хүсэлт, байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрийн дагуу дээрх зээлийг олгосон ба хамтран зээлдэгч М.Р хаана, ямар ажил эрхэлдэг, хэдий хэмжээний цалин хөлс авдаг болох нь зээлийн гэрээнд тусгагдаагүй, энэ талаарх баримт хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Түүнчлэн дээрх гэрээгээр Б.Б цалингийн зээл олгосон болох нь нэхэмжлэгч талын тайлбар, зээлийн гэрээний заалтууд, Б.Б дансны хуулга зэрэгт тусгагджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар цалин гэдэг нь хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгогддог хөдөлмөрлөсний хөлс байдаг. Хөдөлмөрлөх түүүндээ хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх юм. Түүнчлэн энэхүү эрхийн дагуу олох хөрөнгөө барьцаалж зээл авах тохиолдолд цалингийн зээл нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ. Цалингийн зээлийн гэрээний тохиролцоо нь ирээдүйд авах цалингаа барьцаалж зээл авсан Б.Б холбогдолтой ба гэрээнд хамтран зээлдэгч гэж заасан боловч өөрийн цалинг барьцаалаагүй, хөдөлмөрлөх эрхийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй М.Р  хамааруулах боломжгүй байна.

Зээлдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нас барсан байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болно гэж заажээ.

Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээ болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагдсан байх тул хамтран зээлдэгч гэж гэрээнд заасан боловч хамтран үүрэг гүйцэтгэх боломжгүй хариуцагч М.Р холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан 9016001018 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/5998 дугаартай итгэмжлэл, Б.Ц иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэл зэрэг нь хэргийн оролцогчийг тодорхойлоход ач холбогдолтой,  2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1-360 дугаартай Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Засаг даргын тодорхойлолт, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 332 дугаартай Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн Засаг даргын тодорхойлолт, 4616000015, 4616000003, 0134283, 0000823355, 0001123 дугаартай төрсний гэрчилгээнүүдийн хуулбар зэрэг нь хариуцагчийн хувийн байдалтай холбоотой.  Харин М.Р, Б.Б нарын Өмнөговь аймаг Мандал-Овоо сумын Т ХХК-ийн салбарт гаргасан өргөдлийн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байгууллагын тодорхойлолт, 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1 дугаартай Б.Б нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21050072626 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, Б.Б зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Т ХХК-ийн зээлийн дансны хуулга 2 хуудас, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хүү тооцооллын хүсэлтийн хуулбар, Т ХХК-ийн депозит дансны харилцагчийн монгол хуулга 5 хуудас, 0000221465 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, Т ХХК-ийн 01 дугаартай мэдэгдлийн хуулбар, Т ХХК-ийн 02 дугаартай мэдэгдлийн хуулбар, Т ХХК-ийн 03 дугаартай мэдэгдлийн хуулбар зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэг зааснаар хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч М.Р 17.700.225 төгрөг 11 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 452 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.УГТАХБАЯР