| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 132/2016/0095/Э |
| Дугаар | 00102 |
| Огноо | 2016-12-05 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 00102
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн Э.Цэнгүүн,
улсын яллагч Г.Эсэн,
хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир,
шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 132/2016/0095/Э индекстэй, 201606000210 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1960 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг 6-11-80 тоотод оршин суух, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.******* нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг Хуурай хөтөл гэх газарт 79-62 ОРХ улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж Ё.Хүрэлцоожийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.*******гийн өгсөн: Манай найз Хүрэлцоож намайг хамт салхинд явахыг санал болгосон юм. Үүний дагуу бид хоёр 2016 оны 08 дугаар сарын 14-ний өглөө 12 цагийн үед Булган аймгийн Сайхан сум руу явсан юм. Бид тухайн өдрийн орой Булган аймгийн Сайхан суманд очоод архи уусан. Тэгээд маргааш өглөө нь буцахдаа айраг, тарваганы мах авч явсан. Бид хоёр Булган аймгийн Сайхан сумаас 14 цагийн үед гарсан бөгөөд замдаа зогсож тамхи татсан мөн авч явсан айрагнаасаа 1, 1 аягыг уусан. Үүний дараа замд цагдааг зогсох дохио өгөхөд би айраг уусан мөн тарваганы мах авч явж байгаа учраас зогсохоор дохио өгч байгаад шууд хөдлөөд явчихсан юм. Үүний дараа би машины хөгжимд СД хийх гэж байгаад жолооны хүрдээ зүүн гар тал руу эргүүлээд осол болсон. Үүнээс хойших үйл явдлыг санахгүй байна гэх мэдүүлэг,
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******гийн өгсөн: Би өнөөдрийн шүүх хуралдаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Би амь хохирогч Хүрэлцоожийг бага байхаасаа мэднэ. Мөн түүний ар гэр болон хувийн байдлыг сайн мэднэ. Амь хохирогч Хүрэлбаатар нь спортын тамирчин хүн бөгөөд үндэсний бөхөөр аймгийн арслан цолтой мөн үүнээс гадна жудо, чөлөөт бөх зэргээр барилддаг, олон улсын хэмжээний мастер юм. Амь хохирогч Хүрэлцоож олон уралдаан тэмцээнд оролцож өндөр амжилт үзүүлж байсан. Мөн өөрийн гэр бүлдээ анхаарал халамж их тавьдаг, үүгээрээ надад их үлгэр дуурайлал болдог байсан. Би мөн шүүгдэгчийг сайн мэднэ. Шүүгдэгч амь хохирогч Хүрэлцоожийн гэрт хааяа ирчихсэн л байдаг байсан. Шүүгдэгч одоо 56 настай бөгөөд хашир зан суухаар л хүн. Машин жолоодож байгаа жолооч нь зорчигч, ачааг аюулгүй тээвэрлэх үүрэгтэй байдаг. Шүүгдэгч энэ үүргээ ухамсарлах ёстой байсан. 9 метр замын хооронд осол болсон байдаг. Хохирогч шүүх хуралдаанд оролцох, мөн гомдолгүй гэж хэлэхэд хэцүү байна гээд намайг шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан. Амь хохирогч Хүрэлцоожийн гэр бүлийнхэн шүүгдэгчийг сайн мэднэ. Шүүгдэгч амь хохирогч Хүрэлцоожийн гэр бүлийнхэнээс болон түүний ээжээс уучлалт гуйсан байсан. Хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
201606000210 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Б.*******ийн өгсөн:...2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр талийгаач маань Л.*******г гуйсаар байгаад Булган аймгийн Сайхан сум руу салхинд гарч ганц 2 тарвага чанаж идье гээд *******гийн машинтай явсан. Тухайн өдрийн 23 цагийн үед Булган аймгийн Сайхан суманд танил *******жийн гэрт байна гэж хүүхдэд дамжуулж хэлсэн байсан. Тэгээд өнөөдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр оройн 18 цагийн үед гадуур явж байхад *******гийн эхнэр Тунгалаг над руу утсаар залгаад *******гийн бие муу байна яаралтай Булган аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ир гэж байна. Би Булган аймаг руу явлаа гэж хэлсэн. Тэгээд би өөрийн дүү болох ******* руу утсаар яриад Булган аймгийн 103 тоот утас руу залгаад ахынхаа талаар асуугаадах гэж хэлсэн. Тэгээд манай дүү Булган аймгийн нэгдсэн эмнэлэгийн 103 тоот утас руу залгаж асуухад нас барсан байна гэж хэлсэн байсан. Тэгээд найз *******гийн эхнэр Тунгалаг машинтай ирээд цуг явъя гээд бид нар Булган аймагт ирсэн. Талийгаач маань өөрийн буу, дуран бууны бичиг болон ойр зуурын хувцастайгаа явсан. Өөр зүйл авч яваагүй. Машиныг ******* жолоодож явсан байх. Манай нөхөр өөрийнхөө жолооны үнэмлэхийг гэртээ орхиод явсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
Гэрч *******ийн өгсөн: ...2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байхад 18 цагийн цагийн үед бэр эгч ******* над руу залгаад Булган аймагт зам тээврийн осол болсон юм шиг байна ах чинь *******тэй хамт Сайхан сум руу явсан. Сая *******гийн охин нь ирээд учир нь ойлгогдохгүй юм яриад байна чи асуугаадах гэж хэлсэн. Тэгээд би Булган аймгийн 103 тоот утас руу залгаад *******, Хүрэлцоож гэх хүмүүс ирсэн талаар тодруулахад ******* гэх хүн ирсэн эмч нар гэмтлийг нь тогтоох гээд дээшээ аваад гарсан гээд утсаа салгасан. Удалгүй миний утас руу эмнэлэгээс залгаад таныг эрэгтэй хүн учраас хэлж байна Хүрэлцоож нас барсан гэж хэлсэн. Тэгээд би бэр эгч рүүгээ залгаад болсон явдлын талаар хэлсэн… гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/
Гэрч П.*******жийн өгсөн: ...2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр би оторт малаа аваад явж байгаад орой гэр лүү очиход Ё.Хүрэлцоож, Л.******* ах 2 ирчихсэн байж байсан. Тэгээд тэд нартай уулзаад 2 шил архи хувааж уучихаад би оройдоо мал руугаа явж, тэр 2 унтаж амарсан. Маргааш нь би мал дээрээ оторт байж байхад ******* нар хүрч ирээд хоёр ах нь одоо буцаад явлаа гэж хэлээд явцгаасан. Түүнээс хойш дахиж уулзаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/
Гэрч Х.*******ын өгсөн: ... Би Булган аймгийн цагдаагийн газрын Замын тасагт цагдаа зохицуулагч ажил эрхэлдэг. 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр томилгоот эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 16 цагийн үед 94333102 тоот утаснаас жижүүрийн цагдаа Ганчөдөр 79-62 гэсэн улсын дугаартай приүс маркийн автомашин Төлүүгийн даваанаас Булган сумын чиглэлд машин шахаж хурдтай яваад байна гэсэн мэдээлэл ирсэн ба би Хужиртолгой буюу баруун талын зам дээр зогсож байхад уг цагаан приүс автомашин удалгүй орж ирсэн. Тэгээд би шүгэлдээд, модоор дохиж зогсоох гэхэд уг автомашин зогсох дохио өгч байснаа миний хажуугаар гараад явсан. Ингэж явахдаа огцом хурд авч зугтсан. Тэгээд би 94333102 тоот утсанд мэдэгдсэн ба удалгүй замд осол болсон байна гэхээр нь шууд яваад очиход миний хажуугаар өнгөрч явсан приүс маркийн автомашин 4 дугуй нь дээшээ хараад унасан байсан. Намайг уг осол болсон газар очиход цагдаа Өнөрбат надтай зэрэг очсон ба нэг танихгүй жолооч Өнөрбат бид нийлж байгаад уг тээврийн хэрэгсэлийн жолооч талд сууж байсан хүнийг гаргаж замын хажуу талд хэвтүүлсэн. Зорчигч талд байсан хүнийг гаргах гээд дийлээгүй... гэх мэдүүлэг /хх-н 29 тал/
Гэрч П.гийн өгсөн: .... 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр аав найз Хүрэлцоожийн хамт Булган аймгийн Сайхан сум руу миний нэр дээр байдаг 79-62 ОРХ улсын дугаартай приүс-20 маркийн автомашинтай явсан. 08 дугаар сарын 15-ны өдрийн үдээс хойш Булган аймгийн эмнэлэгээс ******* гэх хүн зам тээврийн осолд ороод хүргэгдэн ирсэн байна, хурдан ир гэж хэлсэн. Тэгээд би Булган аймгийн эмнэлэг дээр ирсэн. Ирхэд аав эмчлүүлж байсан. Уг тээврийн хэрэгсэл нь миний нэр байдаг боловч манай аавын машин байгаа юм. Анх энэ машиныг худалдаж авахад нь аав бичиг баримт байхгүй байсан учраас өөрийнхөө нэр дээр авсан юм... гэх мэдүүлэг /хх-н 30-31 тал/
Булган аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээч Б.Өнөрбатын 2016 оны оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 47 тоот
1. Жолооч Л.******* нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох 6 сараар хасуулсан байна. /эрх сэргээгдээгүй/
2. Жолооч Л.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.
3. Жолооч Л.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтын Замын хөдөлгөний дүрмийн 2.7.а "Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Тайлбар: Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэх шалгаж тогтоох журмын 2.5-д шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 пормиль /%/ эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль /%/ илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ гэсэн заалтанд хамаарагдаж байна..." гэх дүгнэлт /хх-н 33-34 тал/
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Нансалмаагийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 294 тоот
1. *******гийн биед баруун 3,4-р хавирганы хугарал, цээжний хөндийд
шингэн. агаар хуримтлагдах. Аарцаг ясны төвийн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь ШЭГЗТЖ-ийн 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэг мөн 3.6.1-т зааснаар хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-н 38-39 тал/
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 56 тоот
1.Талийгаачид хавсарсан гэмтэл, хүзүүний нэг ба хоёрдугаар нугаламуудын салж, мултарч нугасыг гэмтээсэн хугарал, их тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн гуяны дунд чөмөгний ясны далд хугарал, дотор эрхтнүүдийн доргилт, зүүн нүдний гадна буланд нүүрний зүүн тал ба хуйхны дотор талд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн хуйх. дух. хамар, нүүрний зүүн тал, дээд доод уруул, эрүү, зүүн чихний дэлбээ, хүзүү, цээж, зүүн мөр, нуруу, зүүн гуя, баруун гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун хөлийн шагайн үений дотор талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд шууд үхлийн шалтгаан болжээ.
4. Талийгаач нь дээрх гэмтлүүд авах үедээ ямар ч байрлалд байсан байж болно.
5. Талийгаачид зүрхний булчингийн зузаарал, гол судасны хатуурал архаг хууч өвчин тогтоогдлоо. Энэ өвчин нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй.
6. Талийгаачийн үхлийн шалтгаан нь гэмтэл, хүзүүний нэг ба хоёрдугаар нугаламуудын салж, мултарч нугасыг гэмтээсэн хугарал, их тархи ба бага тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн гуяны дунд чөмөгний ясны далд хугарал, дотор эрхтнүүдийн доргилт болно.
7. Талийгаачийн цусанд 2.3 промиль процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй.
8. Талийгаач нь В/3/-р бүлгийн цустай байна... гэх дүгнэлт /хх-н 43-45 тал/
Булган аймгийн Автотээврийн төвийн хяналтын инженер Ч.Болдбаатарын тээврийн хэрэгсэлийн техникийн
1. Уг тээврийн хэрэгсэл нь 2016 оны 03 дугаар 21-ний өдөр Орхон аймгийн Автотээврийн төвд техникийн хяналтын үзлэгт хамрагдан тэнцсэн байна.
2. Уг тээврийн хэрэгсэлд бүхээг буюу арал 100 хувь эвдэрч гэмтсэн, урд талын купер болон капот нь хөргөлтийн системээ дотогшоо чихэгдэн орж хөдөлгүүртээ хүрсэн, зүүн талын хойд дугуй хагарсан, зүүн талын хойд дугуйн тэнхлэгтэйгээ холбогдсон татуурга тахийж мултарсан ба эдгээр эвдрэл нь ослоос болж үүссэн байна.
3. Тоёота Приүс DАА-NHW20 маркийн тээврийн хэрэгсэлийн жолооны хүрд бүрэн бүтэн байсан боловч уг тээврийн хэрэгсэлийн хөдөлгүүр ажиллахгүй учир тормозны системийг шалган үзэх боломжгүй байна... гэх дүгнэлт /хх-н 52 тал/
О.Нансалмаагийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 110 тоот
1. Шинжилгээнд ирүүлсэн Л.******* гэх цусанд 0.6% промилль спиртийн агууламж илэрсэн байна. Цусанд илэрсэн 0.6% промилль спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-н 58-59 тал/
Яллагдагч Л.*******гийн өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн үед найз Хүрэлцоожийн хамт Булган аймгийн Сайхан сум руу салхинд гарахаар явсан. Хуурай дүү *******жийн гэрт очоод Хүрэлцоож, Баяраа бид 4 хоёр шил архи хувааж уусан. Тэнд очоод бид 2 дөрвөн тарвага агнасан уг тарвагнуудыг Хүрэлцоож өөрийнхөө буугаар агнасан бас нэг танихгүй айлаас хонь, 20 литр айраг авсан. 08 дугаар сарын 15-ны өдөр Сайхан сумаас гэрлүүгээ буцах замдаа бид 2 авсан айрагнаасаа уугаад гэрийн зүг буцаж явсан. Булган орох гээд гүүрний наана явж байхад замын цагдаа зогсоох гээд шүгэлдэхээр нь би айраг уучихсан байсан учраас айгаад шууд явчихсан. Тэгээд Булган аймгийн төв өнгөрөөд Булган гэх самбарын наана явж байгаад машиныхаа сд-г сольж тавих гэж байгаад рулээ зүүн тал руу нь дараад буцаж дарсан тэгээд машин зүүн талын далан руу орчихсон тэгээд цааш нь юу болсныг санахгүй байна. Тээврийн хэрэгсэлийг би жолоодож байсан. Машинд бид хоёроос өөр хүн байгаагүй. Би осол гарах үед архи уугаагүй харин айраг уусан байсан. Уг осол гарах үед тухайн зам дээр өөр машин байгаагүй... гэх мэдүүлэг /хх-н 27, 28, 67-68, 69-70 тал/,
эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-139 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 14, 16 тал/, бүтээгдэхүүнийг хураах, устгах тухай акт /хх 15 тал/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 46-48 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын тухай баримт /хх 71-83 тал/, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /хх 84-93 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Л.******* нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг Хуурай хөтөл гэх газарт 79-62 ОРХ улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" Замын хөдөлгөний дүрмийн 2.7.а "Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчин осол гаргаж хамт зорчиж явсан Ё.Хүрэлцоожийн амь насыг хохироосон үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэрэг учирлын газар болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, осол гарсан газар хийсэн хэмжилтийн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчоор тогтоогдсон Б.*******, гэрч Х.*******, Ё.*******, П. нарын өгсөн мэдүүлгүүд, зам тээврийн осол гарсан шалтгааныг тогтоосон Булган аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 47 тоот дүгнэлт, амь хохирогч Ё.Хүрэлцоожийн үхлийн шалтгааныг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 56 тоот дүгнэлт, шүүгдэгч Л.*******гийн цусан дахь спиртийн агууламж, согтолтын зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 110 тоот дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн, шинжээчийн дүгнэлтүүдийг эрх бүхий шинжээчид гаргасан, шинжээчийн дүгнэлтийн үндэслэл ойлгомжтой, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн үндэслэл бүхий байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтын Замын хөдөлгөний дүрмийн 2.7.а "Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам, тээврийн осол гаргаж, хүний амь хохироосон үйлдэл нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байна.
Иймд шүүгдэгч Л.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирч, хүнд хор уршиг учирсан байх боловч шүүгдэгч Л.******* нь оршуулгын зан үйлтэй холбоотой зардал 5 000 000 төгрөг төлсөн. Хохирогч Б.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй байна.
Иймд шүүгдэгч Л.*******д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан материаллаг хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг Прүис-20 маркийн автомашины эзэмшигч П.д буцааж олгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх материаллаг хохиролгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******гийн *******г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Л.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч Л.*******д оногдуулсан 3 /гурван/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг Прүис-20 маркийн автомашины эзэмшигч П.д олгож, шүүгдэгч Л.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан 3 /гурван/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилээр тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Л.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял болон үндсэн ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ.