Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0636

 

АН-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээд С.Б, өмгөөлөгч М.А

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай “МАН-аас нэр дэвшигчдийг бүртгэх тухай” тогтоолын Баянхангай сум /10 дугаар тойрог/-т нэр дэвшигч С.Б-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дугаар хуралдааны 13 дугаар тогтоолын С.Б-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын С.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Тогтоолуудыг илт хууль бусад тооцох тухай” 18 тоот тогтоолын 1 дүгээр зүйлийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дүгээр хуралдаанаас баталсан “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн чөлөөлөх тухай” 13 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцсугай” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 69 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т, Б.О, өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батцэцэг, Б.Б, Т.М

Гуравдагч этгээд С.Б, өмгөөлөгч М.А, А.М, Г.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа

Хэргийн индекс: 123/2024/0067/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч АН-аас Төв аймгийн Сонгуулийн хороо, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай “МАН-аас нэр дэвшигчдийг бүртгэх тухай” тогтоолын Баянхангай сум /10 дугаар тойрог/-т нэр дэвшигч С.Б-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дугаар хуралдааны 13 дугаар тогтоолын С.Б-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын С.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 69 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.3, 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.3, 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч АН-аас Төв аймгийн Сонгуулийн хороо, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн МАН-аас нэр дэвшигчдийг бүртгэх тухай 21 дугаартай тогтоолын Баянхангай сум /10 дугаар тойрог/-т нэр дэвшигч С.Б-д холбогдох хэсгийг, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаар хуралдааны 13 дугаар тогтоолын С.Б-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, Төв аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолын С.Б-д холбогдох хэсэг буюу тогтоолын хавсралтын 11 дэх хэсгийг хүчингүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд С.Б-аас Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Тогтоолуудыг илт хууль бусад тооцох тухай” 18 тоот тогтоолын 1 дүгээр зүйлийн “Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр хуралдаанаас баталсан “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн чөлөөлөх тухай” 13 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцсугай” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “... 3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “... Нэхэмжлэгч гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус захиргааны актын улмаас хуулиар олгогдсон үндсэн эрх нь зөрчигдсөн хэмээн үзэж, эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хувь хүн, хуулийн этгээдийг хэлдэг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл нь иргэн, хуулийн этгээдээс шүүхэд тавьж буй шаардлага, шүүхэд хандах үндсэн эрхээ эдэлж, төрийн байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилго бүхий хууль ёсны шаардлагыг хэлдэг төдийгүй тухайн хууль бус захиргааны акт гэж үзэж буй шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд нэхэмжлэгч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх. Гэтэл маргаж буй захиргааны акт болох Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай МАН-аас нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолын улмаас нэхэмжлэгч болох АН-ын (аймгийн АН биш, төв АН) ямар субьектив эрх зөрчигдсөн нь тодорхойгүй түүнчлэн тус тогтоолын Багахангай сумын 10 дугаар тойрог С.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргэх эсэх нь ч тодорхойгүй, үүнд анхан шатны шүүх хуульд үндэслэсэн дүгнэлт хийгээгүй.

            Өөрөөр хэлбэл маргаж буй захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх, шүүхээр хэрхэн хамгаалагдах, түүний ямар эрх зүйн байдал дээрдэх, уг актыг илт хууль бус болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа эсэхийг анхан шатны шүүх тодруулаагүй, энэ талаар шүүхийн шийдвэрт нэг ч удаа дурдахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байдаг.

            Үүнээс үүдэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол эргэж сэргэх хууль зүйн үр дагавар үүсэх эсэх нь эргэлзээтэй буюу Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай МАН-аас нэр дэвшигчийг бүртгэх тухай тогтоолын Багахангай сумын 10 дугаар тойрогт нэр дэвшсэн С.Б-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоосноор АН ямар эрх, ашиг нь сэргэх, ямар давуу байдлыг бий болгох эсэх нь тодорхойгүй.

            Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зөрчигдөөгүй эрхийг сэргээсэн учир хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрч байна. Үр дагавар үүсэхгүй байна гэдэг нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй хэрэг юм. Түүнчлэн нэхэмжлэгчид маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхолтой байх ёстой. Гэвч нэхэмжлэлийн шаардлагад ийм ашиг сонирхол байгаа нь тодорхойгүй байдаг. Хэрэвзээ нэхэмжлэгч болох АН нийтийн эрх ашгийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзвэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д зааснаар “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд байх ёстой. Мөн АН нь Улс төрийн намын тухай хуульд зааснаар “… иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг, улсын хэмжээний бодлого дэвшүүлэн сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн нэгдэл байх бөгөөд тус хуулийн 4.2-т зааснаар иргэдийн улс төрийн хүсэл зориг, олон нийтийн үзэл бодлыг илэрхийлэх, төр, иргэдийн хооронд байнгын, тогтвортой холбоо харилцаа үүсгэх, иргэдийн улс төрийн боловсрол, идэвхтэй оролцоог хөхүүлэн дэмжих, төрийн улс төрийн алба хаах хариуцлагатай иргэнийг бэлтгэх, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөгөөнд оролцох, сонгуульд нэр дэвшүүлэн шударгаар өрсөлдөх чиг үүрэгтэй байх тул АН нь хуулиар нийтийн эрх ашгийг төлөөлөх, чиг үүрэг хүлээх эрх бүхий этгээд биш юм. Иймд шүүх нэхэмжлэгч болох АН-ыг маргаж буй захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй этгээд мөн эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

            3.2. Шийдвэрийн 1.7-д анхан шатны шүүх “... гуравдагч этгээд С.Б-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд сонгуульд нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлагаас гадна тусгай шаардлага тавигдах бөгөөд, энэ зүйлийн 28.4 дэх хэсэгт “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн жилийнх 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэсэн заалтад холбогдуулж, мөн зүйлийн 28.4.3 дахь хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн ... гишүүн” байхыг хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна.

            Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс гарах болон томилох асуудал нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэхээр зохицуулагдсан бөгөөд хэрэвзээ дүрмээрээ нарийвчлан тогтоосон бол дүрмээрээ шийдвэрлэдэг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар гуравдагч этгээд болох С.Б нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “Э” ОНӨААТҮГ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү ... гэх хүсэлтийг гаргасан болох нь тогтоогддог. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бичиг хэрэг хүлээн авсан тухай баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар захиргааны шийдвэрийг “...хуульд заасны дагуу бий болох үйл явдлаар тодорхойлж болно...” гэж заасан. Өөрөөр хэлбэл С.Б нь ТУЗ-ийн гишүүнээс гарах тухай хүсэлт гаргасан тухайн өдрөөс хойших хугацаагаар захиргааны шийдвэрийг гаргаж болно гэсэн үг юм.

            Энэ нь С.Б нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ТУЗ-ийн ямар нэг бүрэн эрх эдлээгүй, албан тушаалын чиг үүрэгтэй холбогдуулан үйл ажиллагаа эрхлээгүй тул эрхлээгүй тул эрх зүйн факт болсон зүйл болох ТУЗ-ын гишүүнээс гарах өргөдөл гаргасан өдрөөс эхлэн түүний төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрх дуусгавар болсон гэж үзнэ. Иймд хэдийгээр гуравдагч этгээдийг албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гарсан боловч түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан өдрөөр буюу 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс түүний ажил тасалбар болж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Тухайлбал, ажлаас чөлөөлөх тухай шийдвэр хожуу гарсан ч бодит факт болсон үр дүн нь хуулийн шаардлагад зааснаар 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хийгдсэн байх тул материаллаг эрх зүйн шаардлага хангагдсан ямар нэг хууль зөрчөөгүй гэж үзэх боломжтой.

            Түүнчлэн С.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд хуульд заасан хугацаанаас өмнө хүсэлтээ гаргасан, өөрийн зүгээс шаардлагатай зохих үүргээ биелүүлсэн гэдгээ хангалттай нотолсон. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тодорхой хугацаатай, төлөвлөгөөтэй байдлаар үйл ажиллагаа явуулдаг. Тухайн төлөвлөгөөг жилийн эхэнд гаргаж, баталдаг журамтай. Иргэдээс гаргасан өргөдөл, хүсэлтийг хуульд заасан хугацаанд хүлээн авч, шийдвэрлэх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн байгууллагын үүрэг. Түүнчлэн хуульд заасны дагуу, иргэнээс гаргасан хүсэлтийн талаар хожим гарсан шийдвэрийн үр дүн нь тухайн өргөдөл, хүсэлт гаргасан өдрөөс хойш хүчин төгөлдөр тооцогдох зарчимтай. Энэ нь иргэний хууль ёсны эрхийг хамгаалах, төрийн байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх чухал суурь зарчим юм.

            С.Б нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш “Т” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон “Э” орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр бүртгэлтэй байсан боловч тухайн хугацаанд эдгээр байгууллагын үйл ажиллагааг эрхлээгүй, ямар нэгэн цалин хөлс аваагүй. Тиймээс төрийн байгууллагын үйл ажиллагааны алдаа, дутагдал нь гуравдагч этгээд болох С.Б-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хэрхэвч болохгүй юм.

            3.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д “Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй” гэж заасан байдаг. Гэвч Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой алдаа гаргасан байна. Тухалбал хүчингүйд тооцуулахаар маргадаг захиргааны акт нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гарсан байдаг бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд 7 хоногийн дотор гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар заасан байтал 9 дэх хоног дээрээ нэхэмжлэл гаргасан тогтоогддог. Хэрвээ гомдол гаргах хугацаа өнгөрсөн бол шүүх нэхэмжлэлийг хүлээж авах ёсгүй юм.

            Бие даасан шаардлагыг хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Бие даасан шаардлага гаргасан хууль зүйн үндэслэлүүдээ бүрэн дэмжиж байгаа тул хангаж шийдвэрлэх боломжтой юм.

            Иймд тухайн шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын ноцтой алдаа гаргасан, нотлох баримтыг дутуу үнэлж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 69 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Анх АН-аас “Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай МАН-аас нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолын Баянхангай сумын 10 дугаар тойрог С.Б, Зуунмод сумын Н багийн 25 дугаар тойрог Г.С нар болон Зуунмод сум Номт баг 21 дүгээр тойрог Б.Т, Ч.С нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай “МАН-аас нэр дэвшигчдийг бүртгэх тухай” тогтоолын Баянхангай сум /10 дугаар тойрог/-т нэр дэвшигч С.Б-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дүгээр хуралдааны 13 дугаар тогтоолын С.Б-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын С.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлон маргажээ.

2.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор иргэн С.Б-г тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар иргэн С.Б-г тус албан тушаалаас чөлөөлөөгүй тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28.4.3-т зааснаар нэр дэвшигч нь ... төрийн болон орон нутгийн өмчит, хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн ... гишүүн бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ... эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэснийг зөрчсөн нь нэр дэвшигчийн шаардлага хангахгүй, ... МАН-аас бүртгүүлэхдээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31.2.3-т зааснаар иргэн С.Б-г “Э” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбарыг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх бөгөөд ирүүлээгүй бол тус хуулийн 32.1.4-т болон 32.1.2-т тус тус зааснаар иргэн С.Б-г нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлтэй байсан, ... хуульд заасан шаардлагыг хангаагүй нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаагүй, сонгуульд оролцуулж өрсөлдүүлснээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7.4.1-т, 7.4.3-т заасан хуульд заасан шаардлагыг хангаагүй нэр дэвшигчийг бүртгэж, сонгуульд оролцуулж өрсөлдүүлснээр тус шаардлагыг хангасан нэр дэвшигчийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5.2.18-д заасан сонгогдох эрхийг, тус хуулийн 6.1-т, 6.2-т, 6.4-т заасан иргэний нэр дэвшүүлэх эрхийг дээр зааснаар хууль зөрчиж бүртгүүлсэн нэр дэвшигчийг сонгуульд оролцуулж, үр дүнд нь Төв аймгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр иргэн С.Б-г сонгогдсонд тооцсон тухай тус аймгийн сонгуулийн хорооны тогтоол хууль бус...” гэж тайлбарлан маргасан бол гуравдагч этгээдээс “... Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний сонгох сонгогдох эрхээ эдэлж 07 дугаар сарын 25-ны өдөр хүсэлтээ өгсөн, 08 дугаар сарын 01-ний өдөр багтааж хүсэлтээ өгөхөд чөлөөлөх эсэх асуудал нь бол аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 41 хүний хурлаар хэлэлцэх асуудал. Хурал 09 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж, 07 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож, Э болон Төв чандмань компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс хүмүүсийг чөлөөлсөн тогтоол гарсан. Тухайн үеийн Сонгуулийн хороо 09 дүгээр сарын 26-аас өмнө сонгуульд дэвшиж байгаа хүн болгон холбогдох сонгуулийн тухай хуульд заасан бүрдүүлэх материалаа хангуулаад өгөх ёстой. Өгөх ёстой сүүлийн хугацаа 09 дүгээр сарын 26-ны өдөр байсан. Тэрнээс өмнө нэг удаа миний бүрдүүлсэн материалыг түдгэлзүүлсэн. Та шаардлага хангахгүй байна буюу төлөөлөн удирдах зөвлөлд байдаг юм байна гэж түүний дагуу түдгэлзүүлсэн. 21 дүгээр тогтоолыг өгч, сонгуульдаа бүртгүүлж сонгуульд оролцоод явсан байдаг. “Э” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс гараагүй байна гэж байна. Гэхдээ энэ компани бол цаасан дээр байдаг компани...” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

2.3. Анхан шатны шүүхийн хувьд маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан “... нэр дэвшигч С.Б нь “Э” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Э” орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанид тус тус төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Э орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан боловч орон нутгийн өмчийн оролцоотой “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаагүй, гишүүнчлэл нь хүчин төгөлдөр байхад сонгуульд хууль зөрчин оролцсон, ... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ... чөлөөлөгдсөн байна” гэж заасан хуулийн үзэл баримтлал нь сонгуульд нэр дэвшигч нь тухайн сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ээс хойш төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, хуулийн этгээдийн удирдах албан тушаалыг хашиж байгаа нь өрсөлдөгч нэр дэвшигчийн сонгуульд шударгаар өрсөлдөхөд нөлөөлөх, тэгш бус, давуу байдал бий болох үр дагавартай байх шалтгаантаар хуульчилсан зохицуулалт тул хуулийн зарчмыг зөрчсөн...” талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

2.4. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн нь ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх шаардлагатай. Гэтэл гуравдагч этгээд С.Б нь дээрх хуульд заасан хугацаанаас өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй буюу анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс авсан лавлагаагаар С.Б нь “Э” ОНӨААТҮГ болон “Э” ХХК-ийн эрх барих этгээд хэвээр болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, С.Б нь нэр дэвшигчид тавих хуульд заасан шаардлагыг хангахгүйгээр сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөн сонгогдсон болох нь хангалттай тогтоогдож байхаас гадна хариуцагч Төв аймгийн Сонгуулийн хороо нь хууль зөрчиж шаардлага хангаагүй нэр дэвшигчийг бүртгэсэн, төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон, үүнийгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрсөн байна.

2.5. Хэдийгээр гуравдагч этгээд нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Э” ОНӨААТҮГ-ын гишүүнээс чөлөөлүүлэхээр хүсэлт гаргаж, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоолоор С.Б-г “Э” ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний үүрэгт ажлаас 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн тогтоол гаргасан байх боловч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолоор уг хууль бус актаа илт хууль бусад тооцжээ. Гуравдагч этгээдээс дээрх тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

2.6. Гуравдагч этгээдээс “... хуульд заасан хугацаанаас өмнө хүсэлтээ гаргасан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдээс гаргасан өргөдөл, хүсэлтийг хуульд заасан хугацаанд хүлээн авч, шийдвэрлэх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн байгууллагын үүрэг, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш “Э” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон “Э” орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр бүртгэлтэй байсан боловч тухайн хугацаанд эдгээр байгууллагын үйл ажиллагааг эрхлээгүй, ямар нэгэн цалин хөлс аваагүй. Тиймээс төрийн байгууллагын үйл ажиллагааны алдаа, дутагдал нь гуравдагч этгээд болох С.Б-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хэрхэвч болохгүй” гэх зэргээр тайлбарлах боловч аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж буй этгээдийн хувьд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө боломжит хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, улмаар чөлөөлөгдсөний дараа сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх нь хуульд нийцнэ. Өөрөөр хэлбэл, С.Б-аас 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлтийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэхдээ 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн нь хууль бус бөгөөд уг хууль бус шийдвэрээ илт хууль бусад тооцсон хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Учир нь хууль ёсны эрх хуулиар хамгаалагдах учиртай.

2.7. Нөгөөтээгүүр гуравдагч этгээдээс маргаан бүхий Төв аймгийн Сонгуулийн хорооны тогтоол 2024 оны 09 дүгээр сарын 16-ны гарсан, гэтэл нэхэмжлэгч 2024 оны 09 дүгээр 25 өдөр нэхэмжлэл гаргасан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д “Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй” гэж заасныг зөрчсөн гэж тайлбарлах боловч хавтаст хэрэгт авагдсан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 529 дүгээр захирамжаас үзэхэд нэхэмжлэгч нь анх 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө уг маргаан бүхий асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, үүнд нь шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон, цаашлаад Төв аймгийн АН-ын дарга Л.Т-т АН-ыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийг АН-ын даргаас олгоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үйл баримтууд тогтоогдож байна.

2.8. Улмаар нэхэмжлэгчээс 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд ингэхдээ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид дурдсан үндэслэлийг арилгаж, тодруулбал АН-ын даргаас Төв аймгийн АН-ын дарга Л.Т, Төв аймгийн АН-ын дэд дарга Б.О болон Г.Г нарт тус намыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийг олгосон итгэмжлэлийг хавсарган нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг сонгуулийн хорооны шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.9. Түүнчлэн гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нараас анхан шатны шүүх Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Сонгуулийн гомдол, маргааныг хянан шийдвэрлэж байгаа эрх бүхий этгээд тухайн гомдол, маргааны онцлог байдлыг харгалзан энэ хуульд өөрөөр заагаагүй бол тухайн сонгуулийн жилд багтаан шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж тайлбарлах боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй, мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д заасныг зөрчиж нэр дэвшиж, сонгогдсон гуравдагч этгээдийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Тодруулбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж нэрээ дэвшүүлсэн бусад нэр дэвшигч болон сонгуульд оролцож байгаа намуудын хувьд тэгш өрсөлдөх эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д заасан хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих зарчимд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 69 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд С.Б, түүний өмгөөлөгч М.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                        М.ЦЭЦЭГМАА

 

 

ШҮҮГЧ                                                                        Г.БИЛГҮҮН