Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/934

 

                                   

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ (томилолтоор),

шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* холбогдох эрүүгийн 2208 02130 1168 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “****” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ***** дүүргийн ****дүгээр хороо, ******* тоотод оршин суух, урьд

Дорноговь аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Дорноговь аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 4 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1. 233 дугаар зүйлийн 233.1, 234 дүгээр зүйлийн 234.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар ял өршөөгдсөн, *********,**********,**********

 

   Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн хүсэлт, улсын яллагчийн саналыг дэмжиж оролцсон болохыг дурдаж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ****** нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “******” ХХК-ийн ажилчдын байранд хохирогч ****** “цай хийж өгсөнгүй” гэх шалтгаанаар уурлан маргалдаж, толгой, нүүр хэсэгт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 9113 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 20 дахь тал), шүүгдэгч ********* яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Хохирогч ****** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ***** түүний нүүр, толгой хэсэгт гараараа удаа дараа цохисон идэвхитэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч ********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн ****** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалд хохирогчид 1,040,000 төгрөг шилжүүлсэн автаст хэргийн 116, 132 дахь тал), хохирогч нь “хохирол барагдуулсан тул гомдолгүй” гэсэн хүсэлтийг гаргасан автаст хэргийн 134 дэх тал) бөгөөд иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 221,000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.

 

Шүүхийн оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд шүүх прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний хүрээнд шийдвэр гаргахаар хуульчилсан бөгөөд прокурор энэ журмаар ялын төрлийг тохиролцохдоо гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, удаа дараа хорих ял шийтгүүлж тэнсэгдэж, хугацааны өмнө суллагдаж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан боловч гэм буруугаа ухамсарлаж, өөртөө дүгнэлт хийлгүйгээр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хууль бус үйлдэлдээ хандсан хандлага, үйлдлээ хэрэгжүүлсэн арга, сэдэлт, зорилго зэрэг бусад ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд чанд нийцүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ****** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулж, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн нөхцөл байдлыг харгалзсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хохирол, хор уршгийн зардлыг бүрэн төлж барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

   Эрүүгийн 2208 02130 1168 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********,***********,********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* 1,200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан 1,200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.НАРАНЖАРГАЛ