Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 42

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Б.Отгонсүрэн, шүүгч Б.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:               аймаг           сум, ******* баг ******* тоотод оршин суух, Н овогт П.О /регистрийн дугаар: /

Хариуцагч: М ХК

Хариуцагч: Г.О

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, гэм хорын хохиролд 9 563 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, иргэдийн төлөөлөгч П.З, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.О миний бие 2009 оноос 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Шуудан холбооны газарт шууданчаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү ажиллах хугацаандаа Монгол Улсын хэмжээд 360 суманд үлгэр дуурайлал болж ажлын туршлагыг маань бусад шууданч нарт маань сурталчилан таниулж байсан удаатай мөн би ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдолгүй, үнэнч шударгаар өөрийн ажлаа хийж ирсэн бөгөөд Өмнөговь аймгийн Шуудан холбооны газарт ажиллахаасаа өмнө Сэврэй сумынхаа холбооны газарт эрхлэгчээр ажиллаж байсан юм. Миний аав Д.Пүрэв нь Холбооны газарт 40 жил тасралтгүй ажилласан сум орон нутагтаа нэр хүндтэй хүн бөгөөд 3 үеийн холбоочид манай гэр бүлийг мэддэг, хүндэлдэг юм. Гэтэл 2014 оны 04 дүгээр сард Өмнөговь аймгийн Шуудан холбооны газраас цагдаад П.О нь бусадтай бүлэглэн 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус сумын шуудангийн үйлчилгээний зориулалттай 32.63 мкв байрыг Хадгаламж банк Төрийн банк-д шунахайн сэдэлтээр түрээсэлж, ашиг олсон гэсэн гомдол гаргасан байсан бөгөөд энэхүү худал гүтгэлгээс болж сум орон нутгийнхан минь намайг шуудан холбооноос их хэмжээний мөнгө идсэн гэнэ гэсэн ойлголттой болоод зогсохгүй миний бие ажлаасаа халагдаад дахин ажил төрөлд ч орох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Өмнөговь аймгийн Шуудан холбооны газраас намайг огт хийгээгүй зүйлийг минь хийсэн мэтээр бодит байдалд үл нийцсэн худал мэдээлэл тарааж, цагдаад гомдол гарган нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг минь гутаасан тул миний бие энэхүү зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, гэм хорын хохиролд 9 563 000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Миний бие тус байгууллагад ажиллаж байхдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 140 400 төгрөгөөр цалинждаг байсан бөгөөд ажлаас халагдсан өдрөөсөө хойш хүүхдээ төрүүлэх хүртлээ авах байсан цалин болох 4 563 000 төгрөг, тус асуудалд холбогдсонтой холбоотойгоор миний бие сэтгэл санаагаар хямарч дутуу төрсөн бөгөөд сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөг нийт 9 563 000 төгрөгийг Өмнөговь аймгийн Шуудан холбооны газраас болон тус худал ташаа мэдээлэл тараасан Г.О нараас нэхэмжилж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч П.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Би 1995 оноос хойш буюу холбоо, шуудан хоёрын нэг байгууллага байх үеэс эхлээд ажиллаж ирсэн. Аав маань дөчөөд жил ажилласан. Ингээд нийт жаран хэдэн жил энэ байгууллагад ажилласан сэтгэл минь талаар өнгөрөөд нэр төр, удам угсаагаараа дорд үзэгдсэн. Настай хүмүүс чи эцгийнхээ нэрийг бодсонгүй юу гэж хэлж байна. Үеийн холбоочин нь үнэн юм уу, худлаа юм уу гэж асууж байна. Манай сумын ард иргэд тэгж  асуухгүй шууд доромжилж, дорд үзэж байна. Энэ их хэмжээний мөнгө идсэн гэж ярьж байгаа. Тийм учраас би нэхэмжлэл гаргасан. Мөн түрээсийн мөнгийг хувьдаа завшсан, ашиг олсон, шунахайн сэдэлт гээд миний ч санаанд багтахгүй ажлыг гэнэт энэ хүмүүс зохион байгуулж намайг гүтгэсэнд би их гомдолтой байна. Одоо хүртэл миний сэтгэл санаа маш их тавгүй байдаг. Үүнийг манай сумын хүмүүс ойлгохгүй байна. Би сумандаа ажилд орох гээд анкет өгөхөөр энэ хүн чинь их мөнгө идсэн хүн гээд ярилцаад үнэхээр хэцүү байна. Тэгээд ажил олдохгүй байхаар нь банкнаас зээл аваад наймаанд гээд явсан. Худалдаа наймаа хийж байхдаа сумынхаа хүнд зээлээр өгчихдөг. Тэгээд эргээд өр зээлээ авах гэхээр чи их хэмжээний мөнгө идсэн гэсэн биз дээ, чиний мөнгийг өгөхгүй байсан яадаг юм гэдэг хандлага надад гаргадаг. Би бол банкны зээлээр наймаанд явсан. Гэтэл хүмүүс нөгөө шуудангаас идсэн мөнгөөрөө явж байна гэдэг. Тийм болохоор аргагүй эрхэнд би энэ нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагчийн зүгээс намайг тийм шалтгаанаар ажлаас халсан, гэрээ дууссан гэсэн Монгол шуудан ХК-аас албан тоот надад ирээгүй. Би одоо хүртэл гэрээ дуусаагүй гэж үзэж байна. Үндсэн ажилтнаас чөлөөлөөд түүнээс хойш гэрээт ажилтнаар ажиллаж байсан. Би өнөөдрийг хүртэл гэрээ цуцлаагүй гэж үзэж байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Манай Монгол улсын хувьд 1961 онд НҮБ-д элсэн орсон. НҮБ-ээс хүний эрхийн тэгш эрхийн талаар энгийн ойлгомжтойгоор тайлбарласан тунхаглалыг гаргасан. Энэ тунхаглалыг бүх улс орнууд дагаж мөрдөх зарчимд тулгуурлан явдаг. Энэхүү хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйлд хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааны нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй гэж заасан. Энэ үүднээс манай Монгол улсын хувьд холбогдох хууль тогтоомжууддаа мөн иргэдийнхээ нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалсан зохицуулалтуудыг оруулж өгсөн. Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т Монгол улсын иргэн шудрага ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл иргэн бүр хүний нэр төр, алдар хүндийг хүндэтгэх үүрэгтэй гэж үүрэг болгон оруулж өгсөн. Иргэний хуульд иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах үндэслэл журмын талаар мөн зохицуулсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгсэлээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасан. Энэ хуулинд заасан иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гэдгийг эрх зүйн мэдлэгийн товч толь, хууль зүйн тайлбар толь, Улсын дээд шүүхийн тогтоол, Иргэний хуулийн тайлбар зэргүүдэд тодорхой тайлбарласан. Тодруулбал Монгол улсын дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 40 дүгээр тогтоолд нэр төр гэж тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг, алдар хүнд гэдэг нь бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг ойлгоно. Иргэний хуулийн тайлбарт нэр төр гэдэг нь иргэний зан, суртахуун ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаар эерэг үнэлгээ юм. Алдар хүнд нь нэр төртэй салшгүй холбоотой ойлголт. Алдар хүнд нь тухайн иргэнд нийгэм, найз нөхөд, хамт олон, бусад харилцагч түншлэгчээс өгч байгаа үнэлгээнд үндэслэсэн тухайн иргэний өөрийнх нь хувийн үнэлэмж. Ажил хэргийн нэр хүнд гэдэг нь зах зээлийн харилцаанд оролцогч хувь хүн, хуулийн этгээдэд хамааралтай ойлголт гээд тодорхой хуульчилсан. Үүнийг гутаасан мэдээ тараасан бол гэж байгаа. Гутаасан мэдээ гэдэг нь бодит байдалд нийцээгүй, иргэн хуулийн этгээдийг хууль болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн буюу буруу, шудрага бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг тарааснаар иргэний нэр төр, алдар хүнд, иргэн, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд нөлөөлж үнэлэмжийг нь доройтуулсаныг ойлгоно. Тараасан гэдэг нь мэдээ нийтэд, хамт олон, найз нөхөд, гэр бүл, төрөл төрөгсөд, ажил хэргийн хүрээнд хэд хэдэн этгээдэд болон нэг хүнд ч хүргэгдсэн бол мэдээ тараасан гэж үзнэ. П.О хувьд сумандаа удмаараа холбоочин гэсэн нэртэй, нэр төртэй хүн байсан. Ингээд ажил үүргээ гүйцэтгэж байх явцад нь албан байгууллагаас нь байгууллагын байрыг түрээслэсэн мөнгийг хувьдаа завшсан, ашиг олсон гэсэн үндэслэлээр тухайн этгээд П.О ажлаас нь халсан байдаг. Энэ байдлаа буюу хэрхэн мэдээг тараасан гэхээр тухайн үед Төрийн банк ажиллаж байсан газар шалгалтаар ирсэн гэх 3 хүн тухайн банкаар үйлчлүүлж байсан хүмүүс болон тус банкинд ажиллаж байсан хүмүүсийн дэргэд П.О нь мөнгө идсэн завшсан байна гэдэг байдлаар иргэдэд ойлголт төрүүлээд ингээд түүний дараа П.О ажлаасаа чөлөөлөгдсөн учраас Сэврэй сумын ард иргэд П.О нь үнэхээр байгууллагаасаа мөнгө идсэн завшсан учраас ажлаас халагдсан юм байна гэсэн ойлголтод хүрсэн байдаг. Энэ нь хэрэгт гэрчээр асуугдсан Батбаатар, Чүлтэм нарын мэдүүлгээс харагддаг. Мөн Сэврэй сумын 50 иргэнээс авсан судалгаа авсан. Тухайн 50 иргэн нь бүгдээрээ П.О танина. Ажлаас халагдсан асуудлыг мэднэ. Ямар шалтгаанаар халагдсан гэж үзэж байна вэ гэхээр зөвхөн энэ мөнгө төгрөг идсэн завшсан асуудлаас болоод ажлаас халагдсан гэж үзэж байна гэсэн. Ингээд тус сумын нийт иргэдэд энэ хүний ажил хэргийн нэр хүнд болон өөрийнх нь нэр төр, алдар хүнд нь доройтсон байдал тогтоогддог. Үүнээс улбаалаад П.О зүгээс ажилд орох оролдлогуудыг хийсэн. Тэгэхээр тус сумынх нь эрх бүхий албан тушаалтнууд нь чамайг ажилд авах боломжгүй, шуудангийн үйлчилгээний газраас их хэмжээний мөнгө идсэн учраас шаардлагад нийцэхгүй байна гэсэн тайлбарыг хэлдэг. Хамгийн сүүлд нэг компанид ажилд орох хүсэлтээ өгөөд тухайн компани нь таныг 11 дүгээр сараас ажиллуулъя гэсэн тайлбарыг өгчихөөд яг ажиллах болох үед таныг ажилд авах боломжгүй боллоо гэсэн. Яагаад ажилд авах боломжгүй болсон юм бэ, энэ талаараа тайлбарлаач гэсэн чинь таны талаар судалсан, тэгэхэд та санхүүгийн хариуцлага алдаж байсан, байгууллагаасаа мөнгө завшиж байсан үйлдэл байгаа учраас таныг ажилд авах боломжгүй, манай байгууллага мөнгө санхүүтэй харьцдаг ажил байгаа гэсэн тайлбар өгсөн. Үүнтэй холбогдуулан бичгээр хариугаа ирүүлээч гэсний дагуу албан бичгийг ирүүлсэн байдаг. Үүнээс улбаалаад мөн нэг компанийн захирал Азжаргалыг гэрчээр асуулгасан байгаа. Тэгэхээр энэ хүний нэр төр, алдар хүндэд халдаснаас болоод энэ хүн цаашдаа ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, мөн сум орон нутагтаа хэрхэн өөрийнхөө нэр хүнд, үнэлэмж дордсоныг сая нэхэмжлэгч тайлбараараа хэлж байгаа учраас энэ нэр төрийг нь сэргээлгэх, үүнтэй холбогдон гарсан бодит хохирол буюу ажилгүй байсан хугацааны цалин 4 563 000 төгрөг, мөн сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ хохирол төлбөрийг хэрхэн яаж тооцсон бэ гэхээр тухайн үед ажлаас чөлөөлөхөд П.О өөрийг нь холбогдолгүй болсон шийдвэрийг нь өнгөрсөн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр прокурор дээр ирж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг гардаж аваад мэдсэн. Энэ хугацаанд прокуророос албан ёсоор танд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүү гэсэн зүйлийг хэлээгүй. П.О нь яг хэрэг шалгагдаад явж байх үед жирэмсэн болоод төрчихсөн учраас энэ асуудлыг цаашид үргэлжлүүлж хөөцөлдөж чадахгүй байсаар байгаад хүүхэд нь одоо 3 нас хүрч байгаа. Ингээд энэ асуудлаа хөөцөлдөж эхэлсэн байгаа. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулинд жирэмсний амралттай байгаа тохиолдолд цалин олгогддоггүй. Тиймээс жирэмслэх хүртэлх, хүүхдээ төрүүлэх хүртэлх хугацааны цалингаа нэхэмжилсэн. Цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тухайн үед 140 400 төгрөг байсан учраас энэ дүнгээр нэхэмжилсэн. Энэ хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тогтмол нэмэгдээд өнөөдөр 420 000 төгрөг болсон байгаа. Гэсэн хэдий ч  П.О нь тухайн үеийнхээр буюу хариуцагч нарт ашигтай байдлаар нэхэмжлэлийнхээ үнийн дүнг гаргасан байгаа. Магадгүй хэлбэлзэлээс хамаараад үнийн дүн нэмэгдсэн бол 4 563 000 төгрөгөөс хэд дахин илүү тооцогдох байсан. Сэтгэл санааны хохирлын яагаад 5 000 000 төгрөг нэхэмжилсэн бэ гэхээр П.О нь энэ хугацаанд сумандаа ямар нэр хүндтэй байсан, гадуур ажил хөөцөлдөхөд, одоо хувийн бизнес хийхэд хүртэл ард иргэд нь хэрхэн яаж хандаж байсан зэрэг нь байнга өөрт нь сэтгэл санааны дарамт болж ирдэг. Энэ асуудлуудтай холбоотойгоор дутуу төрсөн гэдэг. Энэ талаарх лавлагааг нь эмнэлгээс нь гаргуулж ирүүлсэн байгаа. Энэ их сэтгэл санааны дарамт учруулсантай нь холбогдуулж сэтгэл санааны хохирлыг 5 000 000 төгрөгөөр өөрөө үнэлж нэхэмжилсэн байгаа. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.9 дэх хэсэгт Энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана гэж заасан. 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ зааснаар эдийн бус мөнгөн арилгах үүрэг хүлээнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл сэтгэл санааны хохирол болон бодит учирсан хохирлыг хариуцан арилгах үүргийг хариуцагч нарт хуулиар олгосон. Энэ мэдээ мэдээлэл бодит байдалд нийцэж байгаа гэдгийг нотолсон баримт хэргийн хүрээнд авагдаагүй байдаг учраас худал мэдээг тараасан байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн П.О-с Өмнөговь аймгийн Шуудан үйлчилгээний газарт холбогдуулж “нэр, төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, учирсан гэм хорыг хохиролд 9 563 000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч П.О нь Өмнөговь аймгийн Шуудан  үйлчилгээний газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 29 дугаар тушаалаар журмын 8.5.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөгджээ. Энэхүү ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж дүгнээгүй, хүчингүй болгоогүй, үүнтэй холбоотой маргааныг урд өмнө нь шийдвэрлэгдээгүй атал нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөнөөс хүүхэд төрүүлэх хүртэл хугацааны цалин 4 563 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн нэхэмжлэгчийн сэтгэл санаа юунаас шалтгаалж хэрхэн хямарсан, энэхүү байдлаас болж дутуу төрсөн эсэх тодорхойгүй, сэтгэл санаа гэх хохирлыг ямар тооцоолол ашиглан тус мөнгөн дүнг нэхэмжилсэн нь ойлгомжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ер нь бол иргэн П.О би танихгүй. Шуудангийн үйлчилгээний газрын тухайн үеийн дарга П.О Сэврэй сумын мэдэээлэл холбооны сүлжээний компанийн эрхлэгчээр ажилладаг, давхар ажил хийдэг тул 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 29 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг, Монгол шуудан ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөө гэсэн тушаал байгаа. Би 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Монгол шуудан ХК-ийн Өмнөговь аймгийн салбарын даргаар томилогдож ажилласан. Намайг ажилд орсны дараа П.О ирж уулзсан, утсаар ярьсан, мессеж бичсэн. Ажилд орьё гэсэн хүсэлттэй өргөдөл өгсөн. Тэгээд би судалж үзэхэд ийм ажлаас чөлөөлсөн тушаалтай байсан. Тэгээд 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл гэрээт шууданчаар ажиллуулсан юм байна лээ. Үүнээс цааш гэрээ сунгаагүй, Монгол шуудан ХК-д ямар нэгэн харъяалалгүй болсон. Энэ ажлаас чөлөөлөгдсөн шийдвэрийг нь эрх бүхий байгууллага буруу байна, ямар нэгэн зөрчилтэйгээр энэ хүнийг ажлаас нь чөлөөлсөн байна гэсэн ямар нэгэн шийдвэр гараагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байдаг. Өнөөдрийн байдлаар үндсэндээ 5 жилийн хугацаа өнгөрсөн учраас хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу тайлбарыг өгсөн байгаа. Мөн нэхэмжлэгчийн сэтгэл санаа ийм хүчин зүйлээс болоод ийм байдалд хүрсэн гэдэг нь тодорхой биш. Шуудангийн үйлчилгээний газар аж ахуйн нэгжээс шалтгаалсан эсэх, гомдлоо 5-6 жилийн дараа гаргаж байгаа, аж ахуйн нэгж хувь хүний сэтгэл санааг хохироох боломжтой эсэх шалтгаан зэрэг нь хоорондоо уялдаа холбоогүй, ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна. Мөн ажиллаж байгаа хүнээ ажлаас нь гаргаад намайг авах ёстой гэдэг шаардлагыг надад тавьж байсан. Би Сэврэй сумын шууданчийг ямар шалтгаанаар ажлаас халах юм бэ. П.О хувьд над руу олон удаа мессеж бичсэн. Би хариу тайлбараа олон удаа амаар, бичгээр, албаны шугамаар ч хэлсэн. Тухайн үед хариуцагч Г.О ажиллаж байхад ирж надтай уулзахдаа намайг нягтлан бодогчдоо толгойгоо мэдүүлсэн гэж хэлж байсан. Мөн Сэврэй сумын Засаг дарга, иргэдийн хурлын дарга болон өөр бусад хүмүүс надтай утсаар ярьж чи одоо тэр хүнийг ажилд ав гэдэг байдлаар хэлж байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Байгууллагын анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа ажилтан заавал дээд удирдлагынхаа зөвшөөрлөөр аливаа ажил үүргийг гүйцэтгэх ёстой. Гэтэл шуудангийн үйлчилгээний байрыг өөр газарт түрээслүүлж болох уу гэсэн зөвшөөрлийг удирдлагаасаа асуугаагүй үүднээс тухайн үед удирдлагаар ажиллаж байсан Цэнджаргал даргын хувьд шалгалтаар очихдоо мэдсэн гэж ярьсан. Миний хувьд  тухайн үед ажиллаж байгаагүй учраас тэгж ойлгож байна. Гэхдээ анхан шатны нэгжид ажиллаж байгаа ажилтан удирдлагаасаа зөвшөөрөл авалгүй, өөрийнхөө эрх мэдлийг хэтрүүлэн байгууллагын өмчийг өөр байгууллагад түрээслэсэн байна. Түрээсийн мөнгө нь  өөрийнх нь байгууллага руу шилжээгүй, өөр байгууллагын данс руу шилжсэнээс энэ асуудал үүссэн байгаа. Тэгэхээр өөрийнх нь хариуцлагагүй байдлаас үүссэн асуудал гэж үзэж байна гэв.

Хариуцагч Г.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г овогтой О миний бие 2012 оны 02 сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн “Шуудан үйлчилгээ  газар”-т нягтлан бодогчоор томилогдон ажилласан. 2014 оны 02 сарын 18-ны өдөр Шуудан үйлчилгээний газрын дарга, нягтлан, нярав нарын бүрэлдэхүүнтэй Сэврэй сумын шуудангийн салбарын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр очиход тухайн үед “мэдээлэл харилцаа сүлжээ” ХХК /МХС/-ны үндсэн ажилтан Сэврэй сумын салбарын гэрээт шууданч /гэрээт шууданч болох тушаал/ -аар ажиллаж байсан П.О нь ШҮГ-ын өөрийн өмчийн 14.5 м2 талбайтай байранд шуудангийн үйлчилгээ явуулаагүй түүний оронд хадгаламж банк /Төрийн банк/ ны үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн. ШҮГ-ын удирдлага энэ зөрчлийг шалгуулахаар 2014.02.19-ны өдрийн 09 дугаартай “Гэмт үйлдэл тогтоолгох” тухай албан тоотыг тус сумын Цагдаагийн хэлтэст шалгуулахаар өгсөн болно. /09 дугаартай тоотыг хавсаргав/ 2015 оны 05 сарын 04-ны 101 дугаартай прокурорын тогтоолд: “Мэдээлэл харилцаа сүлжээ”-ХХК нь “Монгол шуудан ТӨХК”-ний эзэмшлийн 14.5 м2 талбайтай байрыг мөн “Мэдээлэл харилцаа сүлжээ” ХХК /МХС/ өрөөнүүдийг 2011.07.20-ны өдрөөс эхлэн сар бүр 350 000 төгрөгийн төлбөртэй түрээслүүлэхээр “МХСүлжээ” ХХК, Хадгаламж банк нар нь 2011.09.09-ний өдрийн 11/19 дугаартай гэрээ байгуулж сар бүрийн түрээсийн төлбөрийг Хадгаламж банк нь МХСүлжээ ХХК-ны дансанд шилжүүлж байсан нь тогтоогдсон. Мөн түүнчлэн Өмнөговь аймгийн Шуудангийн үйлчилгээний газар нь учирсан хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсан байсан. П.О гаргасан: Ташаа мэдээлэл тараасан, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээх, гэм хорын хохиролд  9 530 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие Өмнөговь аймгийн шуудан үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2014 оны 03 сарын 04-ний өдрийн №06 дугаартай газрын даргын тушаалаар томилогдсон болно. /Тушаалыг хавсаргав/ 2014 оны 02 сарын 18-нд илрүүлсэн зөрчлийг шалгуулж 2015 оны 05 сарын 04-нд шалгагдсан шийдвэр гараад дууссан байна. 4 жил 6 сар 12 хоногийн дараа бууюу 2019.11.16-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хянан хэлэлцэх хугацаа дууссан байхыг анхаарч үзнэ үү гэжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл /хх-1/, 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 101 дугаартай Өмнөговь аймгийн Прокурорын тогтоол , 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн П.О цалингийн жагсаалт /хх-5/, Монгол шуудан ХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 04/751 дугаартай өргөдлийн хариу /хх-6/, нэхэмжлэгч П.О иргэний үнэмлэхийн хуулбар /хх-7/, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн  Б/20*******тай Монгол шуудан ХК-ын гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар /хх-11-12/, хариуцагчийн төлөөлөгч Ж.С шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-21/, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 29 дугаартай Монгол шуудан ТӨХК-ийн Өмнөговь аймгийн шуудан үйлчилгээний газрын даргын тушаал /хх-22/, 2014 оны 0******* сарын 04-ний өдрийн 06 дугаартай Монгол шуудан ТӨХК-ийн Өмнөговь аймгийн шуудан үйлчилгээний газрын даргын тушаал /хх-23/, 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай Монгол шуудан ТӨХК-ийн Өмнөговь аймгийн шуудан үйлчилгээний газрын даргын тушаал /хх-24/, 2016 оны 08 сарын 11-ний өдрийн А/16 дугаартай Монгол шуудан ТӨХК-ийн Өмнөговь аймгийн шуудан үйлчилгээний газрын даргын тушаал /хх-25/, хариуцагч Г.О шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-27/, хариуцагч Г.О иргэний үнэмлэхийн хуулбар /хх-28/, 2014 оны 02 дугаар сарын 19-өдрийн 09 дугаартай Монгол шуудан ТӨХК-ийн Өмнөговь аймгийн шуудан үйлчилгээний газрын Сэврэй сумын Цагдаагийн хэсэгт гаргасан гэмт үйлдлийг тогтоолгох, хариуцлага хүргүүлэх, хохирол барагдуулах тухай гомдол /хх-29/, 2019 оны 0******* сарын 04-ний өдрийн 06 дугаартай Монгол шуудан ТӨХК-ийн Өмнөговь аймгийн шуудан үйлчилгээний газрын даргын тушаал /хх-30/, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 29 дугаартай Монгол шуудан ТӨХК-ийн Өмнөговь аймгийн шуудан үйлчилгээний газрын даргын тушаал /хх-31/, нэхэмжлэгч П.О шүүхэд гаргасан нэмэлт тайлбар /хх-32-35/, нэхэмжлэгч П.О төрсөн тухай эмнэлгийн лавлагаа /хх-36/, нэхэмжлэгч П.О, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хууль зүйн  туслалцаа үзүүлэх гэрээ /хх-37/, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/60 дугаартай нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О гэрч асуулгах тухай хүсэлт /хх-41-42/, гэрч Б.Б мэдүүлэг /хх-46/, гэрч Б.Б иргэний үнэмлэхийн хуулбар /хх-47/, гэрч Б.А мэдүүлэг /хх-48/, гэрч Б.Ч мэдүүлэг /хх-49/, гэрч Б.Ч иргэний үнэмлэхийн хуулбар /хх-50/, нэхэмжлэгч П.О 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0066842 дугаартай даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа /хх-53-54/,  нэхэмжлэгч П.О 178 дугаартай “Хүндэт медаль”-ийн  үнэмлэхийн хуулбар, 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 427 дугаартай мэдээлэл харилцаа, холбооны тэргүүний ажилтан”-ны үнэмлэхийн хуулбар, 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Өмнөговь аймгийн тэргүүний ажилтан”-ны үнэмлэхийн хуулбар /хх-55/, 2010 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн есөн алдартан “Тэргүүний ажилтан”-цол өргөмжлөл /хх-56/, 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн мэдээлэл, харилцаа, холбоо технологийн газрын жуух бичиг /хх-57/, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/14*******тай Өмнөговь аймаг дахь нефть хангамжийн өргөдлийн хариу /хх-71/, иргэдээс авсан судалгаа /хх-72-122/ зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч П.О нь Монгол шуудан ХК-ийн салбар Өмнөговь аймгийн Шуудан үйлчилгээний газар, Г.О нарт холбогдуулж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, гэм хорын хохиролд 9 563 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Монгол шуудан ХК-ийн салбар Өмнөговь аймгийн Шуудан үйлчилгээний газар, Г.О нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч П.О нь 2009-2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын шуудан үйлчилгээний газрын шууданчаар ажиллаж байгаад 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан “П.О нь бусадтай нийлж, шуудангийн салбарын байрыг шунахайн сэдэлтээр бусдад түрээслүүлэн ашиг олсон” гэх гомдолыг шалгаж, Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй. Дээрх үйл баримтаас нэхэмжлэгч нь өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч П.О нь шаардах эрхтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “ ... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно “ гэж заасан ба нэхэмжлэгчийн гаргасан “ ...намайг огт хийгээгүй зүйлийг минь хийсэн мэтээр бодит байдалд үл нийцсэн худал мэдээлэл тарааж, цагдаад гомдол гарган нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг минь гутаасан... ” гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч П.О нэр төрийг сэргээж, мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагч Монгол шуудан ХК-д даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Шуудан үйлчилгээний газрыг хариуцагчаар сонгосон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх газар нь Монгол шуудан ХК-ийн салбар болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэгт “ Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна “ гэж зааснаар Монгол шуудан ХК-д хариуцуулж шийдвэрлэв.

Гэм хорын хохирол 9.563.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин 4.563.000 төгрөг, мөн сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны үед хариуцагч Монгол шуудан ХК-иас 7.063.000 төгрөг, хариуцагч Д.О 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 “ Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч уг үйл баримтын улмаас дээрх хэмжээгээр сэтгэл санааны хохирол учирсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөгийг хариуцагч нараар төлүүлэх үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 4.563.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч Д.О нь маргаан бүхий үйл баримт болох үед Монгол шуудан ХК-ийн салбар Өмнөговь аймгийн Шуудан үйлчилгээний газарт нягтлан бодогчоор ажилладаг байсан нь зохигчдын тайлбар, хх-24,25 дугаар талд авагдсан тушаалуудын хуулбараар нотлогдож байх ба ажилтан байгууллагыг төлөөлж, нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэггүй гэж үзэж хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Б.Ч, Б.А, Б.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4******* зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй ба гэрч нарын мэдүүлэг нь нэхэмжлэгчийн нэр төр оршин суугаа сумандаа хэрхэн үнэлэгддэг талаар мэдүүлсэн, 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 101 дугаартай Өмнөговь аймгийн Прокурорын газрын тогтоол /хх-4/, Монгол шуудан ХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 04/751 дугаартай өргөдлийн хариу /хх-6/, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 29 дугаартай Монгол шуудан ТӨХК-ийн Өмнөговь аймгийн шуудан үйлчилгээний газрын даргын тушаал /хх-22/, 2014 оны 0******* сарын 04-ний өдрийн 06 дугаартай Монгол шуудан ТӨХК-ийн Өмнөговь аймгийн шуудан үйлчилгээний газрын даргын тушаал /хх-23/, 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай Монгол шуудан ТӨХК-ийн Өмнөговь аймгийн шуудан үйлчилгээний газрын даргын тушаал /хх-24/, 2016 оны 08 сарын 11-ний өдрийн А/16 дугаартай Монгол шуудан ТӨХК-ийн Өмнөговь аймгийн шуудан үйлчилгээний газрын даргын тушаал /хх-25/,  2014 оны 02 дугаар сарын 19-өдрийн 09 дугаартай Монгол шуудан ТӨХК-ийн Өмнөговь аймгийн шуудан үйлчилгээний газрын Сэврэй сумын Цагдаагийн хэсэгт гаргасан гэмт үйлдлийг тогтоолгох, хариуцлага хүргүүлэх, хохирол барагдуулах тухай гомдол /хх-29/, 2019 оны 0******* сарын 04-ний өдрийн 06 дугаартай Монгол шуудан ТӨХК-ийн Өмнөговь аймгийн шуудан үйлчилгээний газрын даргын тушаал /хх-30/, П.О төрсөн тухай эмнэлгийн лавлагаа /хх-36/, нэхэмжлэгч П.О 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0066842 дугаартай даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа /хх-53-54/,  нэхэмжлэгч П.О 178 дугаартай “Хүндэт медаль”-ийн  үнэмлэхийн хуулбар, 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 427 дугаартай мэдээлэл харилцаа, холбооны тэргүүний ажилтан”-ны үнэмлэхийн хуулбар, 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Өмнөговь аймгийн тэргүүний ажилтан”-ны үнэмлэхийн хуулбар /хх-55/, 2010 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн есөн алдартан “Тэргүүний ажилтан”-цол өргөмжлөл /хх-56/, 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн мэдээлэл, харилцаа, холбоо технологийн газрын жуух бичиг /хх-57/, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/14*******тай Өмнөговь аймаг дахь нефть хангамжийн өргөдлийн хариу /хх-71/ зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг  хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож,

2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн  Б/20*******тай Монгол шуудан ХК-ын гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/67 дугаар итгэмжлэл, 9012001026 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нь хэргийн оролцогчыг тодорхойлоход ач холбогдолтой, иргэдээс авсан судалгаа /хх-72-122/ нь тухайн сумын иргэд мөн эсэх нь тодорхойгүй, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 29 дугаартай Монгол шуудан ТӨХК-ийн Өмнөговь аймгийн шуудан үйлчилгээний газрын даргын тушаал /хх-31/ нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Хариуцагч Д.О шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх боломжгүй тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны оролцогчид шүүх хуралдаанд оролцуулах санал гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.О нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийхийг Монгол шуудан ХК-д даалгасугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Монгол шуудан ХК-аас 7 063 000 төгрөг, Д.О-с 2 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 158 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол шуудан ХК-аас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.О-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.УГТАХБАЯР

       ШҮҮГЧИД                                Б.ОТГОНСҮРЭН

                                                Д.БАТТУЛГА