Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/918

 

 

                                                                                                            

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

            улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч М.Билгүтэй, Т.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************* холбогдох эрүүгийн 2208 00000 1955 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “********” ХХК-д кузов засварчин ажилтай, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ********* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, **********,***********,*********

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2208 00000 1955 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-7 дахь тал), хохирогч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал), гэрч ********* мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 20-21 дэх тал), шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс татгалзах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 58 дахь тал),

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэйгээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), гомдол мэдээллийг шалгах хугацаа сунгах тухай (хавтаст хэргийн 2 дахь тал), мөрдөгч ******* илтгэх хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-7 дахь тал), хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 8-9 дэх тал), хохирогч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал), гэрч Т******* мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), мөрдөгч ****** шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 19 дэх тал), мөрдөгч ******* эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал (хавтаст хэргийн 24 дэх тал), шүүгдэгч ****** яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дэх тал), хохирогч С******** “гомдол, саналгүй” тухай хүсэлт (хавтаст хэргийн 57 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Золбаяр, шүүгдэгч ******* нар нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч ******* Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зарим нотлох баримтуудыг “нотлох баримтаар тооцуулахгүй” байх хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1697 дугаартай шүүгчийн захирамж гарган хүсэлтийг хангахаас татгалзаж, үндэслэлийг дэлгэрэнгүй заасан тул шийтгэх тогтоолд энэ талаар дахин тусгаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд ноцтой зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******** гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ***** нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Нарийн ам гэх газраас хохирогч ***** эзэмшлийн 40-50 тооны үхрээс улаан хүрэн, саарал зүсмийн 2 тооны шүдлэн үхрийг зарж, борлуулах зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар салган тууж өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлж, хашаандаа оруулан хашиж бусдад 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь хохирогч ***** “...2022 оны 10 дугаар сарын 19-ний өглөө үхрээ Нарийн ам руу бэлчээрт гаргаад орой 18 цагийн үед хөндлөнгийн 1 дүгээр гудамжинд байдаг гүний худаг дээр үхрээ услаад тэнд үлдээгээд явсан. Манай үхрүүд усаа уугаад гэрийнхээ үүдэнд өөрсдөө ирдэг юм. Тэгээд үхрээ тоолоход шүдлэн үхэр 2 дутаад байсан. Орой болсон байсан болохоор сайн хайж чадаагүй гэрийнхээ ойр орчмоор хайж байгаад унтсан. Тэгээд маргааш нь үргэлжлүүлээд үхрээ хайж байгаад Партизаны цагдаад хэлсэн. Тэгтэл удалгүй цагдаа нар руу залгаад танай үхэр айлын хашаанаас олдлоо гээд манай гэрт авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

гэрч ****** “...****** надад хэлэхдээ ажлынхаа хөлсөндөө хоёр үхэр авсан гэж хэлсэн. Тэгээд цагдаа сэргийлэх гээд яваад байхаар нь ямар учиртай яагаад цагдаагаар яваад байгаа юм бэ гээд асуухад үнэнээ хэлсэн ба танихгүй хүний хоёр үхрийг авчихсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2174 дугаартай “...алдагдсан гэх 2 тооны шүдлэн үхрийг нийт 2.400.000 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 20-21 дэх тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

яллагдагч ****** “...Би 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нарийн аманд бэлчээр дээрээ явж байсан 40-50 орчим үхрээс хоёр үхрийг салгаж тууж яваад гэрийнхээ хашаанд оруулж хонуулсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эмч Заяат дээр очоод малын бичиг авах гээд очсон боловч гэртээ байгаагүй. Тэгээд тус хоёр үхрийг зарах гээд өөрийн **** гэсэн фэйсбүүк хаягаасаа үхэр зарна гээд хүмүүс рүү чат бичихэд авах хүн олдоогүй. Тэгээд гэртээ байж байсан чинь цагдаа хүрч ирээд юун үхэр юм бэ хаанаас авсан гээд асуухаар нь мөнгө олох зорилгоор бэлчээр дээрээс туугаад хашаандаа авчирч тавьсан юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог.

 

Шүүгдэгч ***** бусдын эзэмшлийн сүрэг үхрээс 2 тооны шүдлэн үхрийг салган тууж, өөрийн эзэмшлийн хашаанд авчран хашиж, маргааш нь зарж борлуулах оролдлого хийж, мал эмнэлгийн бичиг авах, худалдан борлуулахаар бусад руу чат бичсэн идэвхтэй үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн обьектив талын шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Харин энэ гэмт хэргийн субьектив тал нь зөвхөн шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрдэг бөгөөд шүүгдэгчийн бусдын малыг өөрийн эзэмшилд шилжүүлэх, захиран зарцуулах идэвхтэй үйлдлүүдийг ухамсартайгаар хийсэн, түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...зарж борлуулах зорилго байсан, малын эмч ***** дээр малын бичиг авахаар очиход байхгүй байсан, үхрийг зарах гээд өөрийн ****** гэсэн фэйсбүүк хаягнаасаа үхэр зарна гээд хүмүүс рүү чат бичихэд авах хүн олдоогүй...” гэсэн нь **** өөрийн хууль бус үйлдлээ ухамсарлан мэдсэн атлаа хохирол, хор уршгийг хүсэж, үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшлийн 2 тооны шүдлэн үхрийг сүргээс нь салгаж өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөн бөгөөд гэмт хэрэг төгссөний дараа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсний дагуу үхрийг зарж борлуулаагүй байхад нь олж илрүүлж, хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Хууль тогтоогчоос олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж Эрүүгийн хуульд аутентик тайлбар хийсэн тул ******* 2 тооны шүдлэн үхэр авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч ******** холбогдох гэмт хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэж, түүнийг олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар алдагдсан 2 тооны шүдлэн үхрийн зүс зөрүүтэй талаар мэтгэлцдэг боловч үхрийн насны талаар маргаагүй, шүдлэн насны хоёр үхрийг “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 2,400,000 төгрөгөөр үнэлснийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.

Хохирогч ****** нь 2 тооны шүдлэн үхрээ биет байдлаар нь хүлээж авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал), “...цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 57 дахь тал) баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “...3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...хөнгөрүүлж ял оногдуулахад татгалзах зүйлгүй...”, шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хүнд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг, түүний хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дэх тал) баримтаар тогтоогдсон тул түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдэж, хохиролгүй болсон байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********,********,********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ******* 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ********** оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.НАРАНЖАРГАЛ