Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/410

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч Ж.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас *** овогт ***ын ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2305011740758 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 54 настай, бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *** дүүрэг *** хороо *** хороолол *** байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***ын ***.

 

Шүүгдэгч Ж.*** нь согтуурсан үедээ 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 28 дугаар хороо 303 дугаар байрны автомашины зогсоол дээр ууж байсан архи хаялаа, гар луу цохилоо гэсэн шалтгаанаар Ц.***ын нүүрэн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Ц.***ын “... 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүүхдээ сургуульд нь хүргэж хичээлд нь 1 цаг суучхаад ажил руу явсан. Ажлаасаа тараад гэр лүүгээ 21 цагийн үед ирэхэд манай хүүхдүүд байсан. Аав нь хаашаа явсан талаар асуухад найзуудтайгаа гадаа автомашинд ууж байгаа гэж хэлсэн. Өдөр том хүү автомашин угаасан болохоор миний дургүй хүрээд гараад байрны зогсоол дээр байх автомашин дээр очиход манай нөхөр руль дээр нь суучихсан ар талын суудал дээр ***, *** нар суучихсан дундаа архи тавьчихсан архидаж байсан. Дургүй хүрээд автомашинд байсан архийг нь авч хаяад ард сууж байсан согтуу хоёрыг гар гэж хөөсөн.

Тэгтэл *** машинаас бууж ирээд чи муу яасан даварчихсан юм бэ гээд үснээс зулгаагаад нүүр лүү гараараа 2-3 удаа цохиж хөл рүү өшиглөж толгой дээрээс гараараа цохиод байсан. Тухайн үед *** ***ыг салгах гэсэн боловч дийлээгүй. Харин нөхөр машинаас буугаад зугтаагаад алга болсон. Өмнө нь *** манай автомашинд архидаж байхаар нь би гар утсыг нь авч явахад миний хойноос гар утас өгөөч гэж орилж, ална гээд хөөж гүйгээд дэлгүүр ороход араас орж ирээд зодох гэж дайрч байсан. Манай нөхөр архины хамааралтай болчихсон.

... Миний толгой өвдөөд, хамар хөхөрсөн. Өвдөж байна. Мөн зүүн хөлний шилбэ хэсгийн урд тал өвдсөн байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дахь тал/

 

Гэрч Д.***-ы “... Би сандраад автомашинаас буугаад Цээгий, *** ах хоёрын хажууд нь тэр хоёрыг болиулах гээд зогсож байсан. Би уг үйл явдал болох үед архи хэтрүүлж уугаад тасарчихсан бйасан тул Цээгий, *** ах хоёр бие биенийхээ биед халдсан эсэх талаар мэдэхгүй, санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дахь тал/

 

Гэрч ***ын “... манай эхнэр *** нь автомашины хажууд ирчихсэн байсан. Би жолооч талын суудалд суучихсан, Цоодол ах жолоочийн хажуу талын зорчигчийн суудал дээр суучихсан, миний яг ар талын суудал дээр *** сууж байсан. ***ын хажууд *** уусан байдалтай байсан. Эхнэр Цоодол ахын сууж байсан талаар ирэхэд би эхлээд автомашин дотроос гараад зугтсан. Зугтах үедээ би арагшаа хараагүй тэр чигтээ гүйсээр байгаад гэртээ ороод ирсэн.

... Би гэртээ орж ирээд байж байтал манай хүү Нямдагва надад хандаж ээж хэрэлдээд байна, цагдаа дуудчихсан гэж байна гэж хэлэхэд нь би цагдаа ирвэл намайг эрүүлжүүлэх рүү аваад явчихна гэж бодоод өөрийн төрсөн аав болох Пүрэвдоржийнх рүү явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19 дэх тал/

 

Гэрч ***ын “... *** эхнэрийгээ хараад автомашин дотроос гараад гүйхээр нь би бас уг автомашин дотроос гараад гүйсэн. Уг автомашины арын суудалд ***, *** хоёр үлдсэн. Дараа нь тэр хэдийг яасныг нь мэдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3570 дугаартай:

“1. Ц.***ын биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, дух, хамар, баруун хацар, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 28-29 дэх тал/

 

Ж.***ын яллагдагчаар өгсөн “ ... Би өөрийн зүгээс бол ***ын нүүр лүү хүчтэй түлхсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. ***д учирсан бодит хохирол төлбөрийг бол төлж барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 38 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Ж.*** нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 28 дугаар хороо 303 дугаар байрны автомашины зогсоол дээр автомашин дотор Д.***, ***, *** нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ.

Тухайн үед Д.***, *** нар нь ***ын эхнэр хохирогч Ц.*** ирмэгц гарч зугтсан ба хохирогч Ц.*** автомашинд архи уулаа гэсэн шалтгаанаар шүүгдэгч Ж.***тай маргаан үүсгэжээ.

Ингээд шүүгдэгч Ж.*** нь Ц.***ын нүүрэн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж түүний биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, дух, хамар, баруун хацар, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ж.***ын хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсаны улмаас хохирогч Ц.***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх бөгөөд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ж.***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Ц.***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3570 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.*** нь хохирогч Ц.***д 500,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлж барагдуулсан талаарх дансны хуулга /хэргийн 67 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.***ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ж.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.***ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.***ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.*** торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ж.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ