| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2019/00903/И |
| Дугаар | 75 |
| Огноо | 2020-01-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.А-д холбогдох
1.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оны 10 сарын 19-нд Honda porter маркийн ачааны авто машинаа номерийн баталгаатайгаар худалдан өгсөн юм. Уг машинаа 1.500.000 төгрөгөөр үнэлсэн. Ц.А- нь уг машины мөнгөнөөс 500.000 төгрөгийг өгсөн ба одоо 1.000.000 төгрөг дутуу байна. Өгнө гээд удаа дараа нэхсэн боловч өгөхгүй байх тул миний 1.000.000 төгрөгийг Ц.А-ээс гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.А- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.А- миний бие Х.Н-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэргүйд өгөх 1.000.000 төгрөгийг 2020 оны 05 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч Ц.А-т холбогдуулан худалдан худалдан авах гэрээний үүргийн төлбөр 1.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч Ц.А-т Япон улсад үйлдвэрлэсэн 67-14 АРА улсын дугаартай, Honda porter маркийн цэнхэр өнгийн суудалын зориулалттай тээврийн хэрэгслийг 1.500.000 төгрөгөөр худалдсан болох нь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдож байна.
Хариуцагч нь автомашины үнэ 1.500.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч 1.000.000 төгрөгийг төлөөгүй байгаатай маргаагүй, уг мөнгийг 2020 оны 05 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэсэн байх тул нэхэмжлэгч Х.Нн хариуцагч Ц.А-ээс 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэчимэг болон хариуцагч Ц.А- нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.А-ээс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Н-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Н-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А-ээс улсын тэмдэгтийн хураамж 28.550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Нэргүйд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН