Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/447

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч Б.*** түүний өмгөөлөгч Б.Уртнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон ***ийн ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2305000000794 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймаг Баянгол суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, *** ХХК-ны захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүрэг *** хороо Өнөр хороолол *** байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ***ийн ***.

 

Шүүгдэгч Б.*** нь 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүрэг 29 хороо Өнөр хороолол *** байр *** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Н.***тай хардалтын улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гартаа барьж байсан шилэн аягаар цохиж, биед нь хамар ясны хугарал, хамар, баруун хацарт зүсэгдсэн шарх, нүүр, баруун сарвуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Н.***гийн “... Ууж дуусгаад манай нөхөр нэлээн хүн амьтанд өртэй болохоор би ярилцаж энэ асуудлаас яаж гарах вэ гэж ярилцаж эхэлсэн. Манай нөхөр удахгүй мөнгө орж ирэх ёстой тэрийгээ хөөцөлдөж байна, Сэлэнгэ аймгийн Цагаан нуураас 9,000,000 төгрөг авах ёстой гэж ярьсан. Тэгэхээр нь би өөдөөс нь чи яагаад бид гэж ярихгүй дандаа ганц тоон дээр яриад байгаа юм гээд хэлтэл маргалдаж эхэлсэн.

Манай нөхөр урьд өмнө 2 сард 10 хоног, 3 сард 14 хоног алга болж байсан. Тухайн үед би хорооны цагдаа нарт мэдэгдээд оршин суугаа газраасаа алга болсон хүнээр хүртэл зарлуулж байсан. Хамгийн сүүлд 3 дугаар сарын 29-ний өдөр гэртээ ирээд түүнээс хойш гэртээ байж байгаад Өвөрхангай аймаг руу яваад 4 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ ирээд түүнээс хойш гэртээ юу ч хийхгүй зөвхөн гар утсаараа Pubg гэдэг тоглоомыг өдөр шөнөгүй тоглосон.

Мөн маргалдахдаа би чи яагаад надтай огт юм ярихгүй, гар утсаараа Pubg гэдэг тоглоомыг тоглоод байгаа юм гээд би мөн өөр хүнтэй араар явалдаж байхыг мэдээд мөн тэрийг нь хэлтэл бантаад надтай маргалдаад сүүлдээ байдал хурцдаад миний нүүрэн тус газар руу гараараа хамар луу нэлээн хэдэн удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гараад тогтоогүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дахь тал/

... 2004 онд миний баруун талын эрүүний углуурган дээр яс ургасан. Улмаар уг ургасан ясыг мэс заслын аргаар авхуулж, эрүүний яс, сэртэнгийг хадуулж байсан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан эрүү ясны баруун сэртэнгийн хуучин хугарал гэх зүйл бол ***тай хамааралгүй асуудал. Харин хамар ясны гэмтэл нь *** миний биед халдсны улмаас гэмтэл учирсан.

*** миний биед халдаж гэмтэл учруулсан гэх үйл явдал болсон өдрөөс 7 хоногийн өмнө *** бид хоёр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цамбын автобусны буудал дээр муудалцсан. Тэгэх үедээ *** миний толгой руу нэг удаа цохисон. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй. Муудалцах болсон шалтгаан нь *** бид хоёрын хоорондын харилцааны үл ойлголцлоос болсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11 дэх тал/

“... Би одоо бодоход тухайн үед ***тай зууралдаж байгаад гар утсаа шалан дээр унагаасан байх гэж бодоод байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дахь тал/

 

Гэрч ***ийн “... Нөхөр бид хоёр хаалгаа онгойлгоход *** зогсож байсан бөгөөд *** цустайгаа хутгалдчихсан байсан. Нөхөр бид хоёр ***гийн гэр буюу дээд 12 давхарт гэрт нь ороход *** гэртээ буйдан дээр юу ч болоогүй юм шиг сууж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4735 дугаартай:

“...1. Н.***гийн биед зүүн талын нүдний ухархайн дотор хана, эрүү ясны баруун сэртэнгийн хуучин хугарал, хамар ясны хугарал, хамар, баруун хацарт зүсэгдсэн шарх, нүүр, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Зүүн нүдний ухархайн дотор хана, эрүү ясны баруун сэртэнгийн хугарал нь хуучин буюу үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Хамар ясны хугарал, хамар, баруун хацарт зүсэгдсэн шарх, нүүр, баруун сарвуунд цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Хамар ясны хугарал, хамар баруун хацарт зүсэгдсэн шарх, нүүр, баруун сарвуунд цус хуралт гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн талын нүдний ухархайн дотор ханын хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүү ясны баруун сэртэнгийн хуучин хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 21-22 дахь тал/

 

Б.***ын яллагдагчаар өгсөн “... 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдөр шилжих шөнө эхнэр ***тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдсан. Улмаар эхнэр *** нь миний толгой руу 2 удаа цохисон. Тэгэхээр нь би гартаа стакантай аягаар ***гийн нүүр лүү цохисон.

... ***гийн биед гэмтэл учруулсан үйлдлээ би хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирол төлбөрийн төлж барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Б.*** нь өөрийн эхнэр болох хохирогч Н.***тай 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ний өдөр шилжих шөнө гэртээ буюу Баянгол дүүрэг 29 хороо Өнөр хороолол 45 байр 161 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ.

Тухайн үед гэр бүлээс гадуурх харилцаа болон хувийн таарамжгүй харилцааны улмаас тэдгээрийн хооронд маргаан үүссэн ба шүүгдэгч Б.*** нь хохирогч Н.***гийн нүүрэн тус газарт гартаа барьж байсан шилэн аягаар цохиж, биед нь хамар ясны хугарал, хамар, баруун хацарт зүсэгдсэн шарх, нүүр, баруун сарвуунд цус хуралт гэмтэл учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.*** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсаны улмаас хохирогч Н.***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх бөгөөд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэжгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Н.***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4735 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хэрэгт хохирогч Н.*** нь хамар ясны хугарал, хамар, баруун хацарт зүсэгдсэн шарх, нүүр, баруун сарвуунд цус хуралт гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарах эмчилгээний зардалд 4,000,000 төгрөгийг нэхэмжилсэн /хэргийн 34 дэх тал/ баримт авагджээ.

Улмаар шүүхэд хэрэг хянагдах явцад хохирогч Н.*** “... эмчилгээний зардал болох 4,000,000 төгрөгийн 5 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 5 сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөгийг бүрэн авч дууссан тул гомдол саналгүй. ...” гэсэн хүсэлтийг ирүүлсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нэхэмжлэл бүрэн хангагдсан гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Б.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Уртнасангаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор ургийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.***ыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.***ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.*** торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ