| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 132/2016/0098/Э |
| Дугаар | 00103 |
| Огноо | 2016-12-07 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 00103
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж
нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,
улсын яллагч Ц.Сувдаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа, М.Найдан,
шүүгдэгч С.*******, Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн *******, *******гийн ******* нарт холбогдох 201606000150 дугаартай, 132/2016/0098/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.*******: Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 40 настай, халх, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 4, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2002 оны 04 сарын 26-ны өдрийн Булган аймаг дах Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлээр 2 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай 2002 оны хуулиар өршөөгдсөн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******ийн ******* /РД:*******/.
Шүүгдэгч Х.*******: Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 45 настай, халх, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Малчдын хороонд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 3 удаагийн ял шийтгэлтэй, 2002 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасанаар 1 жилийн хорих ялыг тэнссэн, 2004 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн, 2011 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******гийн ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.*******, С.******* нар нь бүлэглэн машин механизм ашиглаж 2016 оны 06 дугаар сарын 07-ны шөнө Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутгаас хохирогч Ц.*******ы 1 тооны бярууг хулгайлж 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч С.*******ын өгсөн: Би 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр элс ачихаар гэрээсээ гарсан юм. Замд Батдоржтой тааралдсан бөгөөд намайг морь ачиж, Орхон сумаас гаргаж өгч туслахыг гуйсан. Би морь байгаа газар очиход ******* байсан. Би Батдорж, ******* нарыг мал хулгайлсан гэдгийг мэдээгүй. Батдоржийн морийг ачсаны дараа замд ******* бяруу ачиж, Орхон сумаас гараад бууна гээд машинд суусан. ******* тухайн бярууг ачихдаа манай эгчийн бяруу гэж хэлж байсан. Бид морь болон бярууг аччихаад замд явж байхад биднийг цагдаа зогсоосон. Цагдаагийн асуултанд Батдорж, ******* нар л хариулаад байсан. Цагдаа нар машинд ачсан морь, бяруу болон биднийг шалгасан. Мөрдөн байцаалтын шатанд миний мэдүүлгийг газар дээр нь шалгасан бөгөөд намайг зохиомлоор гараараа заагаарай гэж хэлээд гэрэл зураг аваад байсан. Би цагдаа нарын хэлсэний дагуу гараараа заа гэсэн зүг рүү заасан. Мөрдөн байцаах тасгийн дарга Шинэбаяр намайг энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөр гэж айлгаж сүрдүүлсэн. Би энэ гэмт хэргийг үйлдээгүй. Энэ гэмт хэрэгт холбогдсонд надад харамсалтай байна гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Х.*******ын өгсөн: Би 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Батдоржийн хашаанд гэрээ бариад байж байсан юм. Тухайн өдөр *******, Батдорж нар ирсэн. Би Батдоржийг машинд морь ачсан гэдгийг мэдээгүй. Би Орхон сумаас гартал машинд явъя гээд хамт явсан юм. Батдорж, ******* нар шатахуун хийхээр явах хойгуур би айлын малаас бяруу авсан. Үүнийгээ Батдорж, ******* нарыг ирэхээр машинд нь ачсан. Тухайн бярууг хулгайлсан гэдгийг *******, Батдорж нар мэдээгүй. Би тэр хоёр манай эгчийн бяруу гэж хэлсэн гэх мэдүүлэг
201606000150 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Ц.*******ы өгсөн: ...2016 оны 06 сарын 08-ны өдөр хэсгийн байцаагч болон нэг цагдаа ирээд танайх бяруугаа алдсан уу гэхээр нь би одоогоос 20-иод хоногийн өмнө хүрэн улаан бяруу алдсан гэж хэлсэн. Гэтэл танай им тамгатай таараад байна. Мухар ухаа бяруу гэхээр нь би бишээ манайх эвэртэй гээд одоогоос 20- иод хоногийн өмнө алдсан бяруугаа хэлээд байсан. Тэгээд хажуу айлын хамаатны дүү Санжаажамцынх 2 хоногийн өмнө бас бяруугаа алдсан учраас заагаад явуулсан. Ингээд танайх байна, та очоод үз гээд байхаар нь хардаг хүүхдээ аваад цагдаагийн гадна байсан бярууг хартал манай бяруу мөн байсан. Бяруугаа бэлчээрээс нь алдсанаа мэдээгүй байсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
Гэрч Б.ийн өгсөн: ...Манай нөхөр С.******* нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр оройн 19 цагийн үед байх гэрээсээ өөрийн эзэмшилийн хөх өнгийн портер маркын 24-83 БУЛ улсын дугаартай машинтайгаа хүнд элс татаж өгнө гээд гарсан. Яг хаашаа юу хийхээр явсан гэдгийг би мэдэхгүй байна. Тэгээд оройхондоо ирэх байх гэж бодож байтал ирээгүй. Маргааш нь хулгайн гэмт хэрэгт холбогдсон талаар мэдсэн... гэх мэдүүлэг /хх 34 тал/
Гэрч Ш.ийн өгсөн: ..2016 оны 06 дугаар сарын 07-ны үед байх Батдорж, ******* гэдэг залуутай хашаандаа гэр бариад байж байтал 17 цагийн үед ******* морьтой ирээд байж байгаад буцаад яваад өгсөн. Тэгээд тэр орой 23 цагийн үед ******* өөрийн цэнхэр өнгийн ачааны машинтай ирэхэд манай нөхөр Батдорж, Хишиг-Өндөр явна гээд морио ачаад явсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/
Гэрч Б.ын өгсөн: .. 2016 оны 06 дугаар сарын 07-ны шөнө ахлах ахлагч Гомбын хамт 09-86 БУЛ дугаартай тээврийн хэрэгсэлтэй сумын төвийн ойр орчмоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад 2016 оны 06 дугаар сарын 08-ны 02 цагийн орчимд Дөшийн дэл гэх газарт 24-83 БУЛ улсын дугаартай хөх өнгийн бүхээгтэй портер маркийн автомашиныг зогсоож бичиг баримт шалгаж юу ачиж явж байгаа талаар асуухад мал ачиж яваа гэж хэлсэн. Тэгээд тэвшийг нь шалгахад хар хээр морь, улаан бяруу ачиж явсан малын гарал үүсэл байна уу гэхэд Батдорж гэх хүн надад гарал үүслийн гэрчилгээ байхгүй гэж байсан. Тэгээд түр саатуулан Булган аймгийн цагдаагийн газарт авчирч хүлээлгэн өгсөн… гэх мэдүүлэг /хх-ийн 64 тал/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн Орхон салбарын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ?Б/16/95 тоот портер машиныг 3 600 000 төгөргөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх 44-52 тал/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн Орхон салбарын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ?Б/16/95 тоот бяруу болон морийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх 55-58 тал/, малын үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 60 тал/, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2 тал/, эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх 10-11 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-14/ мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-17 тал/, мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-24/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 25-56 тал/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 31-33 тал/, шинжээчийн дүгнэлт /хх 42-47 тал/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэл эдэлж байсан талаархи Цагдаагийн байгууллагын лавлагаа болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-97-161 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч С.*******, Х.******* нар нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутгаас Ц.*******ы 1 тооны бярууг бэлчээрээс машин механизм ашиглан хулгайлаж 250000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгааны талаар өгсөн хохирогч Ц.*******, гэрч Ш., Б. нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт үзлэг, нэгжлэг, эд зүйл хураан авах ажиллагаа зохих журмын дагуу явагдаж хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргажээ.
Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч С.*******, Х.******* нарыг бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарын эд хөрөнгийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч С. *******ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хөх өнгийн "Портер" маркийн 23-83 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар улсын орлого болгож ,мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.*******д 250000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн байцаагчийн Мал хүлээлгэн өгсөн 2016 оны 06 дугаар сарын 8-ны өдрийн тэмдэглэлээр хохирогч Ц.*******д алдагдсан бярууг хүлээлгэн өгсөн болох нь нотлогдож байна. Мөн хохирогч Ц.******* нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаархи баримтаа шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч С. ******* болон түүний өмгөөлөгч шүүгдэгч Х.*******тай бүлэглэн машин механизм ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдээгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлзэж байх боловч хэрэгт авагдсан ... Өөрийн1 тооны бяруугаа алдаад, олж авсан талаархи хохирогч *******ы мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/, ....2016 оны 6 дугаар сарын 7-ны шөнийн 00 цагийн орчим Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Батдорж, ******* нарын хамт хуучин шатахуун түгээх станцын ойролцоогоос бэлчээр дээр байсан үхэрнээс *******ын хамтаар уяагаар 1 ооны бярууг хулгай хийгээд өөрийн эзэмшлийн 24-83 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж яваад Орхон сумын цагдаад баригдсан гэх сэжигтэн С. *******ын мэдүүлэг /хх-ийн 89-90 тал/,...Манай нөхөр С.******* нь 2016 оны 06 дугаар сарын 07- орой 19 цагийн үед байх гэрээсээ өөрийн эзэмшилийн хөх өнгийн портер маркын 24-83 БУЛ улсын дугаартай машинтайгаа хүнд элс татаж өгнө гээд гарсан. Яг хаашаа юу хийхээр явсан гэдгийг мэдэхгүй, тэр оройдоо гэртээ ирээгүй гэх гэрч Б. ийн мэдүүлэг /хх 34 тал/ ,...2016 оны 06 дугаар сарын 07-ны үед байх Д.Батдорж, Х.******* гэдэг залуутай хашаандаа гэр бариад байж байтал 17 цагийн үед С. ******* морьтой ирээд байж байгаад буцаад яваад өгсөн. Тэгээд тэр орой 23 цагийн үед ******* өөрийн цэнхэр өнгийн ачааны машинтай ирэхэд манай нөхөр Д.Батдорж, Хишиг-Өндөр сум явна гээд морио ачаад явсан.. гэх гэрч Ш.ийн мэдүүлэг /хх-ийн 40 тал/, ... 2016 оны 06 дугаар сарын 07-ны шөнө ахлах ахлагч Гомбын хамт 09-86 БУЛ дугаартай тээврийн хэрэгсэлтэй сумын төвийн ойр орчмоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад 2016 оны 06 дугаар сарын 08-ны 02 цагийн орчимд Дөшийн дэл гэх газарт 24-83 БУЛ улсын дугаартай хөх өнгийн бүхээгтэй портер маркийн автомашиныг зогсоож бичиг баримт болон юу ачиж явж байгаа талаар тэвшийг нь шалгахад хар хээр морь, улаан бяруу ачиж явсан малын гарал үүсэл байна уу гэхэд Батдорж гэх хүн надад гарал үүслийн гэрчилгээ байхгүй гэж байсан. Тэгээд түр саатуулан Булган аймгийн цагдаагийн газарт авчирч хүлээлгэн өгсөн гэх гэрч Б. ын мэдүүлэг /хх-ийн 64 тал/ зэргээс үзэхэд шүүгдэгч ******* нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд Х.*******, Д.Батдорж нартай хамт 2016 оны 6 дугаар сарын 7-ны орой 23 цагт Батдоржийн гэрээс гарч, шөнийн оо цагаас хойш бэлчээрт байсан хохирогч *******ы 1 тооны бярууг оосорлон авчирч машинд/гарал үүсэлийн бичиггүй/ ачиж явж байгаад эргүүлийн цагдаад баригдаж шалгагдаж илэрсэн байдал зэргээс үзэхэд түүний гэм буруу нотлогдож байна.
Харин шүүгдэгч С. ******* нь бага боловсролтой бичиг үсэг мэдэхгүй, уншиж чадахгүй гэж байгаа боловч ерөнхий боловсролын сургуулийн 3-р ангийг төгсөж бичиг үсэгт суралцсан, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй,тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байгаа байдал нь түүнийг бичиг үсэг мэдэхгүй, уншиж чадахгүй гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Шүүгдэгч С.******* нь 2002 оны 04 сарын 26-ны өдрийн Булган аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлээр 2 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай 2002 оны хуулиар өршөөгдсөн, шүүгдэгч Х. ******* нь 2011 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн ба 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар тус тус ялгүй болсон байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, гэм хорыг арилгасан зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэмжээг харгалзан тэдэнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч Х.*******ын цагдан хоригдсон 3 хоногтой, шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ийн *******, ******* овогт *******гийн ******* нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******ийн *******, *******гийн ******* нарын эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч С.*******, Х.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч С. *******, Х. ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч С. ******* нь цагдан хоригдсон хоноггүй, Х. *******ын цагдан хоригдсон 3 хоногтой болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч С.*******, Х.******* нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоож, түүнд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С. *******ын эзэмшлийн хөх өнгийн "Портер"маркийн 24-83 улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******, Х.******* нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтан өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ