| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 105/2019/1286/Э |
| Дугаар | 125 |
| Огноо | 2020-01-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 125
Э.Ө-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг,
нарийн бичгийн дарга А.Гантуяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/1873 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ө-н гаргасан давж заалдах гомдлоор Э.Ө-т холбогдох эрүүгийн 1806 01572 1578 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Э-н Ө, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ............. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............../,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;
Э.Ө нь 2018 оны 1 дүгээр сард ............. тоот нийтийн байранд иргэн С.Б-н “Самсунг галакси Жи-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Ө-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Э-н Ө-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан, Э.Ө-т Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялаас цагдан хорьсон 42 хоногийг дүйцүүлэн хасч тогтоосон 64 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 хоногийн хугацаагаар хорих ялд тооцож, уг ялыг энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 8 хоногийн хугацаагаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Ө-т оногдуулсан 1 жил 8 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Ө-г урьд нь цагдан хоригдсон 149 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ө-с 486.000 төгрөг гаргуулж хохирогч С.Б-д олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2018 оны 1 сард “Смайл” зоогийн газарт ороод нэг охинтой танилцаад (нэрийг нь санахгүй байна) бид 2 хамтдаа сууж байтал хоёр залуу ирээд танилцаад 4-үүлээ хамт суусан. ... Нэг залуу нь 4-үүлээ хамт тэдний түрээслэж байгаа байр луу явах санал тавьсан. Тэр хоёр залуутай хамт байранд нь очсоны дараа нөгөө хамт ирсэн охин “бие засаад ирье” гээд гараад буцаж ирээгүй. ... Энэ үеэр хоёр залуугийн нэг нь надад архи аягалж өгсөн, хоёр залуу архиар шахаж байсан. Нөгөө эмэгтэй эргэж орж ирээгүй, хоёр залуутай ганцаараа үлдсэн тул айдас төрж, би тэр өрөөнөөс гарахын түүс болсон. Ингээд нэг залууд нь “утсаа өгч байгаач би ярих гэсэн юм” гэж хэлсэн. Тэр залуу надад утсаа өгөхөөр нь би ороолтоо үлдээгээд гарсан. Утсаар ярьж дуусаад эргэж орохоор өрөөний үүдэнд иртэл нөгөө хоёр залуу халамцуу чанга дуугаар ярьж байсан тул би айгаад хамт ирсэн эмэгтэй яагаад намайг энэ хоёр залуутай энд үлдээгээд явсан юм бол гэж бодоод айгаад эргэж ороогүй яваад өгсөн. Өөрийн эд зүйлийг авч чадалгүй шууд явсан. 2018 оны 2 дугаар сард надад утсаа өгсөн залуутай таарахад тэрээр надаас утсаа нэхсэн. Би түүнд ажил хийж байгаад утасны үнийг нь цувуулаад өгье гэж хэлсэн. Мөрдөн байцаагчид хохирлыг төлнө гэдгээ хэлсэн байсан. Үүний дараагаар миний ой 5 сартай хүү минь удаан хугацаагаар хүндээр өвдөж хүүгээ сахиж ажил хийх боломж гараагүй бөгөөд хүүгээ алдсан тул сэтгэл санааны маш хүнд байдалд амьд явахад ч хэцүү байсан. ... Миний бие хохирогчийн хохирлыг барагдуулж чадаагүйдээ гэмшиж байна. Миний төрсөн эгч хохирол өр төлбөрийг барагдуулахаар надад туслахаар ажил хийж байгаа тул миний бие хохирогчийг хохиролгүй болгоно гэдгээ илэрхийлж байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж, ялаас хөнгөлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Ө-н өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс Э.Ө-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс Э.Ө-г 1 жил 8 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Шүүгдэгч Э.Ө нь хохирогч С.Б-н хохирол 486.000 төгрөгийг ажил хөдөлмөр эрхлээд төлнө гэдгээ хэлдэг. Иймээс түүний хувийн байдал, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хохирогч С.Б-с “... Намайг унтаж байгаад сэрэхэд утас байхгүй байсан. Би ямар нэгэн байдлаар зөвшөөрөл өгөөгүй” гэж мэдүүлдэг. Э.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч тухайн үед өөрөө надад зөвшөөрөл өгсөн” гэж мэдүүлж байгаа боловч энэ байдал нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Э.Ө нь 2018 оны 1 дүгээр сард ............... тоот нийтийн байранд иргэн С.Б-н “Самсунг галакси Жи-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч С.Б-н “... Нэг хүүхнийг дагуулаад манай найз бид гурав манай найзын түрээсэлдэг нийтийн байранд очсон. ... манай найз унтаад би хойшоо хэвтээд нөгөө хүүхэнтэй юм ярьж байгаад үүрэглээд 10 минут орчим болоод сэртэл нөгөө хүүхэн байхгүй байсан. Би өөрийн “Самсунг жи-7” загварын гар утсаа үзтэл алга болсон байсан. ...” /хх 21-23/,
гэрч М.У-н “... Баарнаас гараад тэр хүүхэн үлдээд манай гэр лүү явсан бөгөөд би гэртээ ороод унтаад өгсөн. Харин манай найз нөгөө хүүхэнтэй хамт үлдсэн тал шил архи хувааж уугаад үлдсэн. Тэгээд үүрээр 5 цагийн үед намайг манай найз сэрээгээд “миний утас алга байна, нөгөө хүүхэн аваад явсан юм шиг байна” гэж хэлсэн. ...” /хх 27-28/ гэх мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ийн “Самсунг Жи-7” загварын гар утсыг 486.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 31/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ө-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ө-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Мөн шүүгдэгч Э.Ө-т тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаас биелүүлээгүй үлдсэн 64 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож, 8 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 8 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ө-т оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгчийн гаргасан “...хорих ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн шүүгдэгч Э.Ө нь “гар утсыг хохирогчийн зөвшөөрлөөр авсан” тухай давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна.
Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн этгээд тухайн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлдөө нууц аргаар авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс уг гэмт хэргийг төгссөнд тооцдог учиртай.
Хэрэгт авагдсан хохирогч С.Б-н “... би хойшоо хэвтээд нөгөө хүүхэнтэй юм ярьж байгаад үүрэглээд 10 минут орчим болоод сэртэл нөгөө хүүхэн байхгүй байсан. Би өөрийн “Самсунг жи-7” загварын гар утсаа үзтэл алга болсон байсан. ...” /хх 21-23/ гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Э.Ө нь хохирогчийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан нь тогтоогдож байх ба түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ө-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ө-н 9-10 насны хоёр хүүхдийн талаарх асуудлыг тодруулалгүй орхигдуулсан боловч тэрээр хүүхдүүдээ биечлэн асран хамгаалдаггүй, тэдгээр хүүхдүүдийг хүүхдийн төрсөн эцэг болон Э.Ө-н эх нь асран хамгаалдаг тухай давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлснээс гадна тэрээр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ энэ тухайгаа мэдүүлж байжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ... хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.” гэж, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.” гэж тус тус заасныг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ цаашид анхаарч, шийдвэртээ тусгаж байвал зохино.
Анхан шатны шүүх Э.Ө-т холбогдох хэргийн шүүх хуралдааныг хаалттай явуулах шийдвэр гаргаагүй атлаа шийтгэх тогтоолдоо “хаалттай” явуулсан мэтээр дурдаж техникийн шинжтэй алдаа гаргасныг тэмдэглэж байна.