| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2025/0354/З |
| Дугаар | 221/МА2025/0639 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2025/0639
Ё.Бын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч татварын улсын байцаагч М.Б
Гомдол гаргагч: Ё.Б
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Б
Гомдлын шаардлага: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Бгийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0043280 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 158/ШШ2025/0495 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Гомдол гаргагч Ё.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Э, Ч.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа
Хэргийн индекс: 128/2025/0354/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Ё.Б нь “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Бгийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0043280 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 158/ШШ2025/0495 дугаар шийдвэрээр: Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасныг тус тус үндэслэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Сонгуульд оролцож буй нэр дэвшигчийн хувьд сонгуулийн зардлын гагцхүү нэг л данс нээлгэж, тухайн дансыг эрх бүхий байгууллагад мэдэгдэн урьдчилж бүртгүүлэх бөгөөд мөн тухайн бүртгүүлсэн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах гэсэн өөр төрлийн үүрэг болгосон зүйлчлэлийг хуульд ялгамжтай, тодорхой заасан.
Сонгуулийн зардлын данс нээлгэж бүртгүүлэх, уг дансанд зөвшөөрөгдсөн хэмжээний мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх, зориулалтын дагуу зарцуулах нь нэр дэвшигчид санхүүгийн хувьд харьцангуй нэгш байдалтай сонгуульд өрсөлдөх, хууль бус санхүүжилтийг хязгаарлах, сонгуулийн явцад хууль бус сурталчилгаа болон үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгө зарцуулахаас урьдчилан сэргийлэх, цаашилбал Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3-д заасан “шударга ёсныг сахих” зарчмыг хангах цогц эрх зүйн харилцаа юм.
Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан.
Нэгэнт хууль тогтоогч Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21-д хоёр үйлдэл эс үйлдэхүйг таслалаар зааглан өөр өөр төрлийн эхлэл, төгсгөлтэй бие даасан зөрчил болохыг тодорхойлсон энэ тохиолдолд, аль нэг шинж нь хангагдаагүй бол зөрчилд тооцохгүй гэж тайлбарлах боломжгүй бөгөөд шүүгч шийдвэртээ сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна.
Мөн сонгуулийн зардлын данс нээж, дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлээгүй үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар зүйлчлэх үндэслэлтэй бөгөөд нэр дэвшигч нь хуль хүн, хуулийн этгээдээс мөнгөн хандив авахгүйгээр зөвхөн өөрийн хөрөнгийг сонгуулийн зардалд ашиглах тохиодолд ч сонгуулийн зардлын данс нээж, дансны дугаар, банкны нэрийг Үндэсний аудитын газарт бүртгүүлэх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй нь шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Иймд хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас холбогдогч хуулийн этгээдэд оногдуулсан торгох шийтгэл нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн ... хуулийн этгээдэд оногдуулах байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх”, 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан зарчмуудад нийцсэн байна гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Бгийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0043280 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.Б нь Удирдах албан тушаалтны 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” тогтоолоор шилжиж ирсэн гомдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
2.1. Улмаар Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Ё.Быг сонгуулийн зардлын данс нээгээгүй, сонгуулийн зардлын дансны дугаар, банкны дансны нэрийн мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад мэдээлж, бүртгүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэж, маргаан бүхий 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0043280 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгосноор энэхүү маргаан үүсжээ.
3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Сонгууль оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.3-т Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”, Зөрчлийн тухай хуулийн 17.1-д “Сонгуулийн хуулийг зөрчих” гээд 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно” гэж, мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар батлагдсан “Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 3.4-д “нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж, сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр хүргэнэ” гэж тус тус заасан.
3.1. Дээрх хууль болон журмын заалтуудаас үзвэл нэр дэвшигч нь эрх бүхий байгууллагаас түүнийг сонгуульд оролцуулахаар бүртгэх шийдвэр гарснаас хойш сонгуулийн зардлын данс нээлгэж, санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн зардлын дансны дугаар болон банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэх үүрэг хүлээх бөгөөд сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан байна.
3.2. Хариуцагчаас “... Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт зааснаар сонгуульд нэр дэвшигч нам, эвсэл сонгуулийн дансыг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө бүртгүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэр дэвшигч сонгуулийн зардлын тус бүрийн нэг төгрөгийн данстай байх ёстой. Энэ нь Сонгуулийн тухай хууль болон Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ” гэж, нэхэмжлэгчээс “... Сонгуулийн ерөнхий хорооноос 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгийг Бүгд найрамдах намд хаяглаад зардлын эх үүсвэрийг зөвхөн намын өөрийн хөрөнгөөс бүрдүүлж байгаа тохиолдолд нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой гэсэн тул данс нээгээгүй...” гэж тус тус маргаж байх бөгөөд энэхүү маргааны тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэглэгдэхээр байна.
4. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 3/118 тоот албан бичгээр “... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т тус тус зааснаар сонгуулийн зардал нь хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн хөрөнгөөс бүрдэх бөгөөд мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 35 дугаар зүйлийн 35.1-д тус тус зааснаар нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нам, эвслийн болон нэр дэвшигчдийнхээ сонгуулийн сурталчилгааг эрхлэн явуулах боломжтой. Хэрэв нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай зардлыг дээр дурдсан зардлын эх үүсвэрээс зөвхөн намын өөрийн хөрөнгөөс бүрдүүлж байгаа тохиолдолд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой юм ...” гэсэн тодруулга хариуг Бүгд найрамдах намын даргад хүргүүлсэн, Бүгд найрамдах намын дарга Б.Ж 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 24/06-01 дугаар захирамжаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээхгүй, сонгуульд зардал гаргахгүй доорх нэр дэвшигчдийн нэрсийг хавсралтаар баталсугай ... сонгуулийн зохион байгуулалттай холбоотой нийтлэг зардлыг намын нэгдсэн данснаас зарцуулж, тайлагнахаар тогтсугай” гэсэн байх ба уг нэрсийн жагсаалтад нэр дэвшигч Ё.Бын нэр багтжээ.
4.1. Хэдийгээр нэхэмжлэгч Ё.Бын хувьд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчил үйлдсэн нь тогтоогдсон, улмаар хариуцагчаас шийтгэл ногдуулсныг буруутгахгүй боловч нэхэмжлэгчээс үл хамаарах дээрх нөхцөл байдал нь зөрчил гарахад хүргэсэн байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
4.2. Учир нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих” гэж, 7.1.6-д “ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулах болон сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах” гэж тус тус зааснаар сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хэрэгжилтийг нэгтгэн зохион байгуулах, сонгуулийн хууль тогтоомжийг тайлбарлан таниулах чиг үүрэг бүхий Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигч тус бүр зардлын данс нээхгүй байх боломжтой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
4.3. Тиймээс нэр дэвшигч дээрх нөхцөл байдлын улмаас сонгуулийн зардлын данс нээлгээгүй нь зөрчилд тооцогдохгүй байх хууль ёсны итгэлийг бий болгосон гэж үзэж энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 158/ШШ2025/0495 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш тав хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ