Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 40

 

“ЦБОН” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00083/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 284 дугаар шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч “ЦБОН” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Л.Д-т холбогдох

          “Үйл ажиллагааны зардал 6.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 

          Хариуцагч Л.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунцэцэг, өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “ЦБОН” ХХК-аас:

Нэхэмжлэгч “ЦБОН” ХХК нь Л.Д-тэй Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх 94 га газрын зөвшөөрөл авах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үйл ажиллагааны зардал 6.000.000 төгрөг Л.Д-т шилжүүлсэн. Лицензийн үнэ гэж 2 удаа 250.000 төгрөг буюу нийт 500.000 төгрөг шилжүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч үр дүн гараагүй тул 6.500.000 төгрөгийг Л.Д-ээс гаргуулж өгнө үү гэж нэхэмжилжээ.

Хариуцагч Л.Д-ээс:

Ч.Оюунцэцэг надад хандаж манай “ЦБОН” ХХК-д газар хэрэгтэй байна чи газрын лиценз хөөцөлдөж авах талаар туршлагатай хүн болохоор манай компанид Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх 94 га газрын лиценз хөөцөлдөж гаргаж өгөөч гэж удаа дараа гуйгаад байсан тул миний бие энэ хүмүүст тус болох зорилгоор ашигт малтмалын хайгуулын лиценз хөөцөлдөж гаргуулж өгөхөөр тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээнд заасан ёсоор энэ ажлыг хөөцөлдөхөд гарах зардалд тооцож 6.000.000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар авсан. Харин 500.000 төгрөгийг “ЦБОН” ХХК өөрсдөө төрийн санд тушаасан. Ашигт малтмалын хайгуулын лиценз гаргах ажил нь олон шат дамжлагатай урт хугацаа шаардсан ажил байдаг бөгөөд зөвхөн кадастрын зураг гаргуулахын тулд тусгай зөвшөөрөлтэй компаниар газрын солбицол тогтоох, уулын ажлын урьдчилсан төлөвлөгөө, төсөл гаргуулах, нарийвчилсан кадастрын зураг гаргуулах ажлын хөлсөнд 3.500.000 төгрөг төлсөн. Мөн Газрын албанаас давхцал байгаа эсэхийг шүүлгэх, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж зөвшөөрсөн тохиолдолд Геологи уул уурхайн яамны хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл авах зэрэг шат дараалсан ажлуудыг хийхэд үлдэх 2.500.000 төгрөгийг зарцуулсан. Миний бие “ЦБОН” ХХК-аас авсан 6.000.000 төгрөгөөс өөрийн хэрэгцээнд нэг ч төгрөг зарцуулаагүй бөгөөд зөвхөн ашигт малтмалын хайгуулын лиценз гаргуулах ажилд мөнгийг зарцуулсан. Миний бие дээр дурдсан ажлуудыг бүгдийг нь хийж гүйцэтгээд лиценз бичигдэх шатандаа явж байхад 2017 оны дундуур Засгийн газрын тогтоол гарч ашигт малтмалын лиценз гаргах ажлыг орон даяар түдгэлзүүлсэн юм. “ЦБОН” ХХК-ны хүмүүс энэ байдлыг мэдсээр байж ажил дуусгавар болоогүй байхад надаас өөрсдийнх нь ажлыг хийхэд зарцуулсан мөнгийг нэхэмжилж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулаагүй болохоор ашигт малтмалын хайгуулын лицензийг ямар ч байсан гаргуулж өгнө тэгэхдээ энэ ажлыг хөөцөлдөхөд өөрийн зүгээс олон өдрийн ажлаа алдаж хүч хөдөлмөрөө зарцуулсны хөлсийг энэ компаниас авч байж лицензийг өгөх болно. Ажил гүйцэтгэхэд хөөцөлдөж бүрдүүлсэн бичиг баримт, зардлын баримтыг гаргаж өгнө гэж тайлбар гаргажээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 284 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Д-ээс 6.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЦБОН” ХХК-д олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ЦБОН” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Д-ээс 118.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хариуцагч Л.Д-ээс 6.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд ингэж шийдэхдээ хавтаст хэргийн 12 дахь талд нотлох баримтаар авагдсан “Төрийн сангийн 190000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250.000 төгрөг’’-ийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцоогүйд гомдолтой байна. Энэ баримт нь “ЦБОН” ХХК-аас Л.Д-т өгсөн гэх 6.500.000 төгрөгт орж тооцогдсон бөгөөд уг баримт нь 250.000 төгрөгийг Л.Д- аваагүй төрийн сангийн дансанд тушаасан болохыг нотолж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж Л.Д-ээс гаргуулсан 6.500.000 төгрөгөөс төрийн сангийн дансанд тушаасан 250.000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “ЦБОН” ХХК, хариуцагч Л.Д-т холбогдуулан үйл ажиллагааны зардал 6.500.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч Л.Д- ашигт малтмалын хайгуулын лиценз гаргах ажил нь олон шат дамжлагатай урт хугацаа шаардсан ажил байдаг бөгөөд зөвхөн кадастрын зураг гаргуулах ажлын хөлсөнд 3.500.000 төгрөг, мөн Газрын албанаас давхцал байгаа эсэхийг шүүлгэх, Геологи уул уурхайн яамны хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл авах зэрэг шат дараалсан ажлуудыг хийхэд үлдэх 2.500.000 төгрөгийг зарцуулсан, 500.000 төгрөгийг “ЦБОН” ХХК өөрсдөө төрийн санд тушаасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч Л.Д-ээс 6.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЦБОН” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч тал гомдолдоо Л.Д-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн 6.500.000 төгрөгөөс нэхэмжлэгчийн төрийн сангийн дансанд тушаасан 250.000 төгрөгийг хасаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166  дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр  бүхэлд нь  хянаж дүгнэлт хийлээ.

“ЦБОН” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Л.Д-ээс 6.500.000 төгрөг гаргуулах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэн Ч.Оюунцэцэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26  дугаар зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах, болон ...бусад эрх, үүргүүдийг эдлүүлэхээр итгэмжлэл олгосон баримт хэрэгт авагджээ. /хх-3/

Гэтэл иргэн Ч.Оюунцэцэг дээрх итгэмжлэлийг олгоогүй байхад буюу 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “ЦБОН” ХХК-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан /хх-1/ байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тохиолдолд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гаргах бөгөөд захирамждаа шүүх тухайн нэхэмжлэлийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгөх ёстой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зохицуулжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн давж заалдсан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 8500 төгрөгийг түүнд шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 284 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар хариуцагч Л.Д-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.500 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргаж, түүнд олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ                

                           ШҮҮГЧИД                                                                        С.ЭНХЖАРГАЛ                                 

                                                                                                                    С.ОЮУНЦЭЦЭГ