Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/448

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч О.*** түүний өмгөөлөгч Б.Буянжаргал,

хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Өлзийт овогт ***ын ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2305005230679 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймаг Уянга суманд төрсөн, эрэгтэй, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехникийн коллежийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний техник технологийн ангийн *** курсын оюутан, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүрэг *** хороо *** байр *** тоотод оршин суух, Өвөрхангай аймаг Уянга сум *** баг *** оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Шар өлзийт овогт ***ын ***

 

Шүүгдэгч О.*** нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүрэг 20 хороо Ус сувгийн 1 байрны гадна “битгий манай ээжид гай болоод бай” гэж үл ялих зүйлээр шалтаглан хохирогч ***гийн нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, биед нь доод уруулын шарх, хацрын зөөлөн эдийн няцрал, хамар ясны баруун хажуу, 1.5 см орчим зайд өргөн зайд доош 0.2 см гүнтэй цөмөрсөн, зүүн хажуу хананд үл ялиг зөрүү бүхий шинэвтэр хугарлууд, таславч баруун тийш мурийлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санааатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*** мэдүүлэхдээ: “Тухайн өдөр өглөө хичээлдээ явах гээд гэртээ байж байсан. Гэтэл ээж утасдаад *** хоргоогоод явуулахгүй байна гэсэн. Өмнө нь бас ээжийг янз бүрээр зовоож байсан. Гараад очтол ээжийн үснээс нь зулгаагаад зогсож байсан. Би та одоо болиоч гээд зүүн шанаа руу нь алгадсан. Гэтэл над руу чулуу бариад дайраад ирсэн. Тэгээд тухайн үеийн уураараа *** эгчийг мангасдаад унагаасан. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** мэдүүлэхдээ: “2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр миний төрсөн өдөр байсан. *** бид хоёр найзууд байсан. Хаана амьдардаг болохыг нь мэддэг байсан юм. Тэгээд уулзаагүй удсан тул төрсөн өдрөөрөө караоке ороод ярилцаж, хөөрье гэсэн бодолтой байсан. Гэтэл төрсөн өдрөөрөө *** хүүхдээ дуудаж гаргаж ирээд намайг цохиулна гэж санаагүй. Би зүгээр уулзах санал тавьсан. Найзтайгаа ярилцах гээд очсон. Өөрөө хүүгээ дуудаж гаргаж ирээд цохиулсанд гомдолтой байна. Хамар маань хонхойсон. Тухайн үед эмч нар хонхойсныг гаргаад 3 сарын дотор хагалгаанд орох ёстой гэсэн. Гэтэл шүүх хуралдааныг хүлээгээд орж чадалгүй өнөөдрийг хүртэл байж байна. Би өрх толгойлсон эмэгтэй хүн. Өмнөх эмчилгээнд 448,000 төгрөгийг бэлнээр авсан. Цаашид хагалгаанд орох ёстой 3,899,400 төгрөг болно. Мөн 5 хоног эмнэлэгт хэвтэнэ гэсэн. Энэ хагалгааны зардлаа нэхэмжилж байна” гэв.

 

Хохирогч ***гийн “... 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр миний төрсөн өдөр болоод өглөөний 07 цаг өнгөрч байхад өөрийн найз болох Дашдондовын ***ын гэрийн гадаа очоод найзыгаа өглөө ажилдаа явахаас нь өмнө очоод зогсож байхад манай найз гараад ирэхээр нь би өөрийн найздаа хандаад өнөөдөр миний төрсөн өдөр болж байгаа юм, орой ажил чинь тарахаар хамт тэмдэглэе гэсэн санал тавьсан чинь манай найз Д.*** би орой завгүй чамтай хамт явахгүй гээд шууд уурласан. Тэгэхээр нь би тэгвэл чамайг угаасаа ажил руугаа явах гэж байгаа болохоор чинь чамайг ажил дээр чинь хүргээд өгчихье гэтэл *** шууд дургүйцээд бид хоёр маргалдсан. Тэгтэл ***ын хүү гарч ирээд та битгий гай болоод манайд дахиж битгий ир гээд хүү нь намайг яв гээд түлхээд байхаар нь би танай хүүхэдтэй би юу ярихав дээ гээд хүүг нь түлхээд хоёулаа найзууд биз дээ гэсэн чинь хүүхэд нь миний хацар луу гараараа цохисон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16 дахь тал/

“ ... миний биед дээрх гэмтлүүдийг найз ***ын хүүхэд болох *** нь учруулсан. ... Би гомдолтой байна. Эмнэлгийн төлбөрөө баримтаар нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1257 дугаартай:

“...1.2. ***гийн биед доод уруулын шарх, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

6. ***-н биед эсэргүүцсэн тэмцэлдсэн ул мөр үгүй байна.

7. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 32-33 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №131 дугаартай:

“...1. ***ий биед 2023.01.15-ны өдрийн дүрс оношлогооны шинжилгээний хариунд хамар ясны баруун хажуу, 1,5 см орчим зайд өргөн зайд доош 0,2 см гүнтэй цөмөрсөн, зүүн хажуу хананд үл ялиг зөрүү бүхий шинэвтэр хугарлууд, таславч баруун тийш мурийлттай гэсэн байх бөгөөд дээр гэмтэл 2023.01.07-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гараар цохиход үүсэх боломжтой. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 37-38 дахь тал/

 

Дүрс оношилгооны шинжилгээний хариу. /хэргийн 39 дэх тал/

 

О.***ийн яллагдагчаар өгсөн “... Тухайн өдөр би хичээлдээ явах гээд гэрээсээ гарч байхад ээж гэрийн гадна *** эгчтэй уулзаад зогсож байсан. *** эгч ер нь их сонин. Дандаа манай ээжийг дагах, гэр лүүгээ дагуулж явах гэж оролддог.  Тэгээд тэр өдөр *** эгчийн төрсөн өдөр нь байсан юм шиг байна лээ. Өглөө 08 цагийн үед манай гэрийн гадна ирээд манай ээжийг авч явж төрсөн өдрөө тэмдэглэх гэж байсан юм шиг байсан. Ээж *** эгчтэй явахгүй гээд *** эгч ээжийг авч явна гээд чирээд байсан. Тэгээд би *** эгч дээр очоод та зүгээр цаашаа яваад өг, ээж бид хоёрын амьдралд битгий гай болоод бай гэж хэлсэн.  Тэгэхэд *** эгч ээжийн нүүр лүү зүүн гараараа саваад цохих шиг болсон. Тэгэхээр нь би *** эгчийг өөрийн баруун гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа арагш мангасдаад унагасан. Тэгэхэд *** эгч газарт унаад газраас чулуу хайгаад байсан. Тэгээд *** эгч босож ирэх гэхээр нь би куртикных нь малгайнаас нь доош дараад босгохгүй гэж хэсэг ноцолдсон. Тэгээд би цагдаа дуудсан. ... Намайг *** эгчийг арагш мангасдах үед түүний хамраас цус гарсан. Би цүнхнээсээ нойтон салфетик авч өгсөн. ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бусдад учруулсан хохирлоо барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 51-52 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Хохирогч *** нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр найз Д.***той өөрийн төрсөн өдрийг хамт тэмдэглэх зорилгоор түүнтэй уулзахаар Баянгол дүүрэг 20 хороо Ус сувгийн 1 байрны гадаа очжээ.

Ингээд хохирогч *** нь Д.***той уулзаж, ярилцах явцдаа тэдгээрийн хооронд маргаан үүссэн ба уг маргааныг харсан Д.***ын хүү шүүгдэгч О.*** нь “битгий манай ээжид гай болоод бай” гэж хэлэн хохирогч ***гийн биед халдаж, доод уруулын шарх, хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарлууд, таславчийн мурийлт гэмтэл учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч О.*** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх бөгөөд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардалд 448,000 төгрөгийг хүлээн авсан талаар /хэргийн 81 дэх тал/ хүсэлт гаргаж байжээ.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр цаашид хамрын хугарлууд, мурийлт зэргийг эмчлүүлэхэд 3,899,400 төгрөгийн зардлын нэхэмжилсэн ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг тооцох боломжгүй байна.

Гэхдээ хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч О.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянжаргал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “шүүгдэгч О.***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.***ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан, мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өлзийт овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар О.***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ