Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/455

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч ***,

хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Дөш овогт ***ад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2308003340179 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймаг төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 1, Дорнод аймаг **** сум *** дугаар баг *** оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** байр *** тоотод түр оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсаныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 20219 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ДШМ/653 дугаартай магадлалаар 6 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилсөн,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/480 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ДШМ/887 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх эхсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг дүйцүүлэн сольж 3 жил 11 сар 01 хоногийн зорчих эрхийг ялаар тогтоож шийдвэрлэсэн, Дөш овогт ***

 

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Tse уушийн газарт иргэн ***ын зүүж байсан монетон бөгж, ээмгийг авах зорилгоор бие засах өрөө рүү чирж оруулан, хүч хэрэглэж 992,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн дээрх дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа иргэн ***ын ширээн дээр үлдээсэн Samsung A 52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэси шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан иргэн ***ы Samsung galaxy A 30 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 330,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Тээшин уушийн газарт үйлчлүүлж байсан иргэн ***ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хянах чадваргүй байдлыг далимдуулан монетон ээмэг, бөгж, гинж, Samsung A 52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,428,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нийслэл уушийн газарт иргэн ***ийн эзэмшлийн I phone 14 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,087,500 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Мөнххаан зочид буудлаас иргэн ***ы Samsung A 31, LG 8 загварын гар утаснууд болон монетон бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 793,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Чоно уушийн газарт үйлчлүүлж байсан иргэн ***гийн цүнхнээс I phone 13 pro загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,850,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн ***гийн “наад бөгжийг чинь үзье, тайлаад өгчих, би бөө, үзэж хардаг хүн” гэж итгэл төрүүлэн хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 290,000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Олон зочид буудлын өрөөнөөс иргэн ***гийн эзэмшлийн Samsung A 31 загварын гар утас, монетон бөгж 2 ширхэг, мөн ***гийн Худалдаа хөгжлийн банкны виза картыг ашиглан АТМ-ээс 60,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,170,000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Жаргал зочид буудлын 303 тоот өрөөнөөс иргэн ***гийн Samsung A 52 загварын гар утас, алтан бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,366,200 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 40 байр 235 тоотод оршин суух иргэн ***ийн эзэмшлийн Samsung A 52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 749,600 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гоулд зочид буудлын 200 тоот өрөөнд хамт амарч байсан ***гийн I phone XS загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900,000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Од караокед зүс таних ***ийн эзэмшлийн Samsung A 21 загварын гар утсыг “гар утсыг чинь цэнэглээд өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө Ийгл зочид буудлын 308 тоот өрөөнд хамт амарч байсан ***ын Xiaomi redmi note 7 загварын гар утас, бэлэн 60,000 төгрөг болон ***ы Samsung A 51 загварын гар утас, 1,6 граммын жинтэй алтан ээмэг, 6 граммын жинтэй монетон бөгж, бэлэн 95,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,157,000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах L караокед хамт үйлчлүүлж байсан хохирогч ***ийн Samsung A 52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 854,100 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Chinese ресторанд ***гийн эзэмшлийн гар утсыг “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлэн хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 1,519,905 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Цамба уушийн газарт иргэн ***ын Redmi note 8 pro загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 505 караокед үйлчлүүлж байхдаа иргэн ***ийн цэнэглээд орхисон Realmi загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,439,200 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Оршил төвийн В1 давхрын караоке дотроос иргэн ***ийн Samsung A 52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар авч 989,910 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Батхаан караокед иргэн ***, *** нарын Samsung A 52 загварын гар утас, I phone 12 pro max загварын гар утас, бэлэн 20,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,270,000 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Харз зочид буудалд иргэн ***гийн Samsung A 71 загварын эзэмшлийн гар утас, монетон бөгж, өрөөсөн монетон ээмэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,570,000 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Pyramid шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан иргэн ***ын эзэмшлийн I phone 13 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

21. 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 03 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо 716 байрны орцонд ***гийн эзэмшлийн Samsung galaxy A 52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

22. 2023 оны 01 дүгээр сарын 18-наас 19-ний өдөр шилжих шөнийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж байсан иргэн ***гийн эзэмшлийн Samsung M 12 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 290,000 төгрөгийн хохирол учруулсан,

23. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эко Ази сургуулиас иргэн ***ийн эзэмшлийн I phone 14 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,574,250 төгрөгийн хохирол учруулсан,

24. 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Алтан цайз төвийн 2 давхрын караокед ***ы эзэмшлийн I phone 12 pro max загварын гар утсыг “гар утсаар яриад өгнө” гэж хэлэн хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 2,750,000 төгрөгийн хохирол учруулсан,

25. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Tse уушийн газарт хамт үйлчлүүлж байсан иргэн ***г хуурч түүний Хаан банкны 5278104586 дугаарын данснаас Хаан банкны 5387375435 дугаарын данс руу 580,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

26. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Royal lounge уушийн газарт иргэн ***гийн эзэмшлийн Samsung A 33 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 895,600 төгрөгийн хохирол учруулсан,

27. 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Россия ресторан дотор иргэн ***ийн эзэмшлийн Samsung S 22 ultra загварын гар утсыг “бусадтай харилцчихаад өгье” гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 2,510,000 төгрөгийн хохирол учруулсан,

28. 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Crystal уушийн газарт үйлчлүүлж байсан ***ийн эзэмшлийн I phone 12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

29. 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Roma рестораны үүдэнд иргэн ***ийн эзэмшлийн I phone 12 pro max загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хэлэн хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 2,150,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй. Бусдын бие махбодод хүч хэрэглэсэн гэсэн зүйл ангиасаа бусдыг нь хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Мөнхзултай ширээнд зэрэгцэн сууж байхдаа бөгжийг нь авсан. Тухайн үед тэр эмэгтэй өөрийн биеэ хянах чадваргүй байсан. Намайг бөгжийг нь авч байхад эсэргүүцсэн зүйл байхгүй. Удалгүй ариун цэврийн өрөө орсон. Над руу толгойгоо наахад би чихэнд нь байсан ээмгийг нь аваад, хохирогчийг угаалтуур түгшүүлж орхиод, ариун цэврийн өрөөнөөс ганцаараа гарч ирээд ширээн дээр байсан утсыг аваад гарсан. Хүч хэрэглэсэн бол тэнд зөндөө хүн орж гарч байсан болохоор хүмүүс мэдэх байсан. Би гар хөлийг нь барьж, хүч хэрэглэж аваагүй. Хохирогчийг өөрийгөө хянах чадваргүй байхад нь авсан. Уг эмэгтэй яаж дээрэмдүүлснээ ч мэдүүлэгтээ хэлээгүй байсан. Зүйл ангийг минь үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** мэдүүлэхдээ: “Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны орой найзтайгаа шөнийн цэнгээний газарт сууж байхад энэ залуу орж ирсэн. Тэгээд манай ширээн дээр ирээд өдөж хоргоогоод хамт караоке оръё гээд байсан. Би орохгүй эгчийнхээ сургууль руу явна гэхэд миний араас дагаж явсаар байгаад эгч дээр маань ирсэн. Намайг дэлгүүр ороод ирэх хооронд миний гар утсыг авсан байсан. Би 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гар утсаа 4,800,000 төгрөгөөр худалдаж авсан. Хохирол төлбөрт 4,800,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /2 дахь хавтаст хэргийн 170-173 дахь тал/

 

Мөрдөгчийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолууд. /1 дэх хавтаст хэргийн 9 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 131 дэх тал, 4 дэх хавтаст хэргийн 32 дахь тал, 5 дахь хавтаст хэргийн 159 дэх тал, 6 дахь хавтаст хэргийн 9, 76 дахь тал//

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “... хяналтын камерт тухайн бор өнгийн цамцтай эрэгтэй хүн тухайн хар өнгийн цамцтай эмэгтэй хүнийг авч яваад дараагийн бичлэгт тухайн сууж байсан ширээн дээр ирж куртикээ өмсөөд гарахдаа ширээн дээр байсан гар утсыг авч гарч явж буй хэсгийг харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 11-13 дахь тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “... Хяналтын камерын бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд хохирогч *** нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн биеэ авч явах чадваргүй байдалтай байх ба 21 цаг 09 минут 22 секундэд хохирогчийн баруун гарын ядам хуруунд байх бөгжийг ногоон өнгийн бомбер өмсөж, дотор талдаа улаан өнгийн малгайтай цамц өмссөн, богино хар өнгийн үстэй эрэгтэй авч байгаа байдлаар камерын бичлэгт бичигдсэн байв.

Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 21 цаг 10 минут 20 дахь секундэд хохирогчтой цуг явсан этгээд хохирогчийн зүүн гарт байх бөгж авч байгаа байдлаар хяналтын камерын бичлэгт бичигдсэн байв.

Бичлэгийн 21 цаг 14 минутад 39 секундэд хохирогчийн хүзүүнд байх гинжийг авч байгааг хяналтын камерын бичлэгээр харуулав.

... Бичлэгийн 21 цаг 22 минут 03 секундэд хохирогчийн баруун талаас гар утас авч байгаа байдлаар хяналтын камерын бичлэгт бичигдсэн байв” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 187-193 дахь тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...Бичлэгийг үргэлжлүүлэн тоглуулахад дээгүүрээ хар хөх өнгийн куртик өмссөн эрэгтэй хүн баруун талын гартаа цүнх бариад цаашаа алхах үед хар өнгийн урт куртик өмссөн эмэгтэй хүн дагаад явж байгаа камерын бичлэг бичигдсэн байна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /2 дахь хавтаст хэргийн 132-133 дахь тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...Од караокены хойд талд байрлах аж ахуйн нэгжийн гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд бичлэг дээр 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хяналтын камерын цагаар 14 цаг 57 минут 17 секундэд сэжиглэж буй залуу хохирогчийн гар утсыг бариад гүйж байх үеийг харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /3 дахь хавтаст хэргийн 94-96 дахь тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...Тус бичлэгт 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21 цаг 35 минутад хохирогч талбай дээр гарч дуу дуулж бүжиглэх бөгөөд хажууд нь хар өнгийн бариу цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, 30 орчим насны эрэгтэй хүн хамт дуулж бүжиглэж байгаад ширээн дээр тавьсан байх гар утсыг аваад гарч буй бичлэг байв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /3 дахь хавтаст хэргийн 228-229 дэх тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “... сэжигтэй этгээд нь хохирогчтой хамт ширээнд сууж гар утсыг аваад утсаар яриад бие засах өрөөнд ороод буцаж гарч ирэхдээ хохирогчийг гараар дохин 18 цаг 02 минут 30 секундын үед ресторанаас гараад урагшаа чиглэлд яриад алхаж байгаа нь хяналтын камерын дүрс бичлэгт үлдсэн байв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /4 дэх хавтаст хэргийн 30-31 дэх тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...*** нь цаанаасаа 2 дахь ширээн дээр очиж суугаад баруун гараараа ширээн дээрээс эд зүйл аваад баруун халаасандаа хийж байгаа хэсгийг дараах байдлаар тайлбартайгаар харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /4 дэх хавтаст хэргийн 51-53 дахь тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...иргэн ***г дээрэмдсэн гэх үл таних эрэгтэй Баянгол дүүргийн 2 дугаар хороо 71б байрны орц руу дагаад орж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байгааг харуулав.

 ... Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд үл таних эрэгтэй хохирогч ***гийн гартаа барьсан гар утсыг булааж байгаа нь камерын бичлэгт бичигдсэн байна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /5 дахь хавтаст хэргийн 153-157 дахь тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “... хохирогч *** нь хар өнгийн малгайтай, саарал өнгийн үстэй гадуур хувцастай, хар өнгийн гуталтай хаалгаар орж ирж байгаа дүрс бичлэг байв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /6 дахь хавтаст хэргийн 10-11 дэх тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...Бичлэгийн 04 секундэд текэн дээр хар өнгийн богино куртиктэй, дотуур нь цэнхэр өнгийн малгайтай цамцтай, саарал өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн пүүзтэй, эрэгтэй хүн өөрийн өмсөж яваа жинсэн өмдний баруун талын халаасанд барьж байгаа утсаа хийгээд удалгүй караокены угтагчаас шар айраг авч байснаар бичлэг дуусч байна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /6 дахь хавтаст хэргийн 74-75 дахь тал/

 

Дүрс зурагт үзлэг хийсэн тухай “... Тухайн үзлэг хийх гэрэл зурагт улаан өнгийн цамцтай, цамцан дээрээ бор өнгийн бамбаруушны наалт маягийн дүрслэлтэй, бараан өнгийн үстэй, хөх өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн гуталтай этгээд байна. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /6 дахь хавтаст хэргийн 199-201 дэх тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Үзлэгийг үргэлжлүүлэн үзэхэд бичлэгийн 03 секундэд 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн үүд хэсгээр орж харагдаж байна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /6 дахь хавтаст хэргийн 249-250 дахь тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... Зурган дээр байгаа 03 дугаартай эрэгтэй хүний царайны төрх биеийн хэлбэр, нүдний онигор хэлбэр харц, хамар амны байдал болон нүүрний төрх эрүүний хэлбэр зэрэг нь бид нартай хамт сууж байгаад миний гар утсыг аваад явсан эрэгтэй мөн байна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 134-140 дахь тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... хохирогч ***т харуулан хамт Тээшин караокед сууж байсан гэх хүнийг ямар шинж тэмдгээр зааж чадах эсэхийг асуухад царайны ерөнхий төрх, онигор нүдний хэлбэр, нүдний харц, хамар амны байдал болон нүүрний төрх нь орж байна гэж хэлэн 01 дугаартай зурган зээр байгаа ***ыг мөн байна гэж зааж байв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 194-201 дэх тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...№2 дугаартай зургийг зааж тухайн өдөр надтай нэг ширээнд хамт өөдөөс харж суугаад согтууруулах ундаа хэрэглэсэн залуу мөн байна. Би яг өөдөөс нь харж суусан болохоор царайг нь сайн харсан. Давхраагүй нүдтэй байсан. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 236-241 дэх тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнххаан нэртэй буудалд хамт орж гар утас, эд зүйлсийг нь авсан гэх хүн ямар хүн байсан эсэхийг тань зааж чадах эсэхийг асуухад царайны ерөнхий төрх, хэлбэр, нүдний харц зэргээрээ 2 дугаартай эрэгтэйг заах ба зурагнуудын байрын солин 2 дугаартай *** гэгчийн зургийг 4 дугаар дээр байрлуулан хохирогч ***д үзүүлэхэд миний эд зүйлийг хулгайлсан хүн 4 дугаартай зурган дээр байгаа эрэгтэй мөн байна гэж заав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /2 дахь хавтаст хэргийн 30-33 дахь тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Үүнээс 2 гэх зураг дээр байгаа *** нь надтай хамт Mr Ling нэртэй карокед хамт сууж, өөрийгөө *** гэж танилцуулсан залуу мөн байна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /2 дахь хавтаст хэргийн 70-72 дахь тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Бямбацэрэнд 4 хүний фото зургийг үзүүлж зураг дээрх хүмүүс дунд таны эд зүйлсийг авч явсан гэх этгээд байвал заана уу гэхэд 2 дугаартай ***ын зургийг заав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /2 дахь хавтаст хэргийн 125-130 дахь тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... хохирогч *** хариулсан нь миний гар утсыг авсан гэх эрэгтэй 3 дугаартай эрэгтэй мөн байна гэж Наранцэцэг овогтой ***ыг зааж энэ эрэгтэй яг мөн байна. Бусад хүмүүсийг нь урьд нь харж байгаагүй юм байна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /3 дахь хавтаст хэргийн 39-48 дахь тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... хохирогч *** хариулсан нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр надтай хамт Од караокед ороод миний гар утсыг залилсан гэх хүн 5 дугаартай эрэгтэй мөн байна гэж Наранцэцэг овогтой ***ыг зааж энэ залуу яг мөн байна. Бусад хүмүүсийг нь урьд нь харж байгаагүй юм байна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /3 дахь хавтаст хэргийн 85-93 дахь тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... хохирогч *** хариулсан нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ийгл нэртэй зочид буудалд дагуулж орж миний болон манай найз Отгонжаргалын эд зүйлийг хулгайлсан эрэгтэй хүн мөн байна. Бусад хүмүүсийг нь би урьд өмнө нь харж байгаагүй юм байна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /3 дахь хавтаст хэргийн 123-126 дахь тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Тухайн үед уг залуу нэрээ *** гэж хэлж байсан ба шар үстэй, залуу байсан ба царайг нь одоо харвал танина. 160-165 см өндөртэй, туранхай биетэй, шар царайтай. Өмсөж явсан хувцас нь саарал өнгийн богино куртик, хар өнгийн урт хүзүүний ороолттой явж байсан. Одоо биеийн ерөнхий төрхөөр нь харвал танина.

Дээрх зургуудаас 3 гэж дугаарласан зураг мөн байна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /5 дахь хавтаст хэргийн 63-65 дахь тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Pyramid уушийн газарт байхад танилцсан үл таних залуу гар утас аваад зугтсан гэх хүн 1 дугаартай хүн мөн байна гэж Наранцэцэг овогтой ***ыг шууд зааж энэ хүн яг мөн байна. Бусад хүмүүсийг нь урьд нь харж байгаагүй юм байна . ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /5 дахь хавтаст хэргийн 100-107 дахь тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо 71б байрны орцонд үл таних эрэгтэй гар утас булааж зугтаасан гэх хүн 1 дугаартай хүн мөн байна гэж Наранцэцэг овогтой ***ыг шууд зааж энэ хүн яг мөн байна. Бусад хүмүүсийг нь урьд нь харж байгаагүй юм байна . ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /5 дахь хавтаст хэргийн 160-167 дахь тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...хохирогч *** 2 дугаар дээр байгаа хүнийг зааж байв. 2 дугаартай хүн нь шар үстэй, намхан, ноосон бор шаргал өнгийн цамцтай байсан. ...” гэснэ тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /6 дахь хавтаст хэргийн 247-248 дахь тал/

 

Хохирогч ***ын “2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бие өөрийн найз ***гийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Tse уушийн газарт орж үйлчлүүлсэн. Шөнийн 23 цагийн орчимд бид хоёрыг сууж байхад нэг залуу ирээд “би Онцгой байдалд ажилладаг, гурвуулаа эндээс гараад караоке оръё” гэж хэлэхээр нь миний бие татгалзаад явуулсан. Тэгээд ахиад хэдэн минутын дараа нөгөө залуу ахиж хүрч ирж суугаад явахгүй байсан. Тэгээд манай дүү утсаар яриад гарах хооронд миний гарыг оролдоод бөгж авах гээд байхаар нь би гараа татаж аваад алгадтал намайг ариун цэврийн өрөө рүү хүчээр авч явсан. Тэгээд миний баруун гарын чигчий хуруунд байсан монетон бөгж болон хоёр талын чихэнд байсан монетон ээмгийг хүчээр аваад явчихсан. Би ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд сууж байсан ширээн дээрээ очтол тухайн ширээн дээр байсан миний Samsung A 52 загварын гар утсыг бас аваад гарчихсан байсан болохоор миний бие цагдаагийн байгууллагад хандсан.

... Би тухайн эд зүйлсээ 2,000,000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх хавтас/

 

Хохирогч ***ы “...Би 2022 оны 10 дугаар сарын 26-наас 27-ны өдөр шилжих шөнө найз болох Даагий, Анхжаргал нарын хамт хорооллын эцсийн Тэси караокед орохоор болоод гадна талд нь зогсож байтал нэг танихгүй залуу утсаараа ганц яриулаач гэж хэлээд миний утсаар хүнтэй ярьсан. Тэгээд бид нартай юм ярьж байгаад Тэси караокед 00 цагийн үед хамт орсон.

Тэгээд тухайн газартаа бид нартай хамт Сэнгүр шар айраг аваад сууцгаасан. Бид нар бие засах өрөө ороод ирэх хооронд хамт сууж байсан залуу яваад өгсөн байсан. Би явсных нь дараа цүнхэндээ хийсэн гар утсаа хартал байхгүй байсан. Намайг гар утсаа цүнхэндээ хийх үед тухайн залуу бид нартай хамт шар айраг уугаад сууж байсан.

Онигор нүдтэй, шар өнгийн царайтай 160-165 см өндөртэй улаан өнгийн малгайтай цамц доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн залуу байсан. Одоо тухайн залуугаа харвал танина.

Миний алдсан гар утас Samsung A 30 загварын цэнхэр өнгийн гар утас байсан ба гадна талдаа ямар нэгэн сэв зураасгүй цэвэрхэн барьж байсан гар утас байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 128-129 дэх тал/

 

Хохирогч ***ийн “... Тэгээд бид нар хаана суух талаар яриад шатаар бууж байтал тухайн залуу та нар уушийн газарт орж суух гэж байгаа юм уу, хамт суух уу гээд өөрийгөө Онцгой байдлын 10 дугаар ангид ажилладаг гэж танилцуулсан. Тэгээд хамт суухаар болоод Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын голын зам дагуу Тээшин уушийн газарт уух зүйл аваад сууцгаасан. Тэнд ороод удаагүй Наранцэцэг эгч ажилтай гээд яваад өгсөн. Араас нь Однар эгч ойрхон айлын байрны найранд орчхоод ирье гээд явсан. Би тухайн үед нэлээн муудсан байсан. ***тай хамт сууж байгаад би тасраад унаад өгсөн байсан. Нэг сэрсэн чинь уушийн газрын угтагч намайг тооцоогоо хийгээрэй гээд дуудаж байсан. Би тооцоогоо хийх гээд цүнхнээсээ гар утсаа хайгаад олоогүй. Хуруугаа харсан чинь хуруунд байсан бөгж, хүзүүнд байсан гинж, ээмэг зэрэг зүйл байхгүй байсан. Сууж байсан уушийн газрынхаа хяналтын камерыг шалгах үед надтай хамт сууж байсан *** гэх залуу миний гар утас болон ээмэг, гинж, зүүлт, бөгж зэрэг зүйлсийг авч байсан.

... Одоо хараад танина. Надтай танилцах үед богино шар өнгийн үстэй байсан. Өмсөн байсан куртик дээд хэсгээрээ шар өнгөтэй, доод хэсгээрээ хар өнгийн куртик өмссөн байсан. Дотор талдаа улаан өнгийн малгайтай цамц өмссөн байсан. Онигор нүдтэй шар царайтай 160-165 см өндөртэй залуу байсан” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 182-184 дэх тал/

 

Хохирогч ***ийн “...Тухайн уушийн газарт ***, *** бид гурав сууж байхад гаднаас үл таних 30 орчим насны эрэгтэй ирээд манай ширээнд суусан. Тэгээд нөгөө хүн архи авсан. Хамт суугаад уусныг би санаж байна. Тэгээд бид хэд суугаад ууж байгаад би босоод бие засах газар орсон. Гараад ирсэн чинь нөгөө үл таних залуу байхгүй манай хоёр найз тасарчихсан ширээн дээр унтаж байсан.

... Ямар ч байсан 30 орчим насны 170 см өндөртэй шар царайтай залуу байсан. Нэр бусад зүйлсийг нь бол мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 246-247 дахь тал/

 

Хохирогч ***ы “...Караокед дуулаад сууж байтал үл таних залуу бид хоёр дээр ирж ширээнд сууж танилцаад хамт суусан. Тэндээсээ гарч бид гурав ***ын гэрт нь очин тэндээ архи ууж хоносон. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өглөө нь сэрээд би уг залуутай ***ын гэрээс гарч Төмөр замын тэнд Мөнххаан гэдэг нэртэй буудалд хамт 2 шил Соёрхол нэртэй архи хувааж уугаад унтаад өгсөн. Намайг өдөр 16 цагт сэрэхэд нөгөө залуу явсан байсан ба миний Samsung A 31, LG 8 загварын гар утаснууд болон монетон ээмэг, бөгж, Хаан банкны карт маань алдагдсан байсан.

Тухайн залуу нь надтай Баярбат гэх нэрээр танилцсан ба Онцгой байдалд ажилладаг гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Тухайн залуу нь 160 см орчим өндөртэй, шар царайтай, үсээ лакдаж янзалсан, онигордуу нүдтэй залуу байсан. ...” гэсэн мэдүүлэг. / 2 дахь хавтаст хэргийн 38-39 дэх тал/

 

Хохирогч ***гийн “...Тэнд сууж байх үед өөрийгөө *** гэж танилцуулсан залуу ирээд хамт суусан. Найзыгаа хүлээгээд ирэхгүй байгаа учир бид нар хамт суусан. Бид нар тэндээ сууж байгаад тэндээсээ гараад Mr Ling доор байрлах караокед орж суусан. Тэндээ сууж байгаад *** гэх залуу намайг надтай хамт гаръя салхилъя гээд бид хоёр хамт гарах үед тухайн залуу намайг хаяад яваад өгсөн. Би тоохгүйгээр буцаж орох үед цүнхэнд байсан I phone 13 pro загварын гар утас байхгүй болсон байсан.

... Миний гар утас нь I phone 13 pro загварын ногоон өнгөтэй, ногоон өнгийн гэртэй, ар талын камер нь 2 шигтгээтэй хамгаалалттай. Одоо 3,000,000 төгрөгөөр үнэлж байна. Монетон бөгж нь 2 грамм орчим жинтэй, дундаа шигтгээтэй байсан. 300,000 төгрөг орчмоор үнэлж байна ....” гэсэн мэдүүлэг. / 2 дахь хавтаст хэргийн 77-78 дахь тал/

“... би *** гэж танилцуулсан залуутай хамт гадагш гарч байх үед караокены үүд хэсэгт ирээд байж байгаарай гэж хэлээд буцаад дуулж байсан өрөө рүү ороод удалгүй гарч ирсэн. Гадагш гараад жоохон юм ярьж зогсож байгаад гэнэт алга болчихсон. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас сайн анзаарч хараагүй. Нэг мэдэхэд л алга болчихсон байсан. Өрөөндөө ороод цүнхээ шалгатал миний гар утас алдагдсан байсан. Тэр хавиар хайгаад залгах үед дуудаад авахгүй байсан. Өрөөнд байсан Мөнхтуяа түрүүн *** орж ирээд чиний цүнхээс гар утсыг чинь авсан гэж хэлсэн. Тийм л зүйл болсон.

Тухайн караокед сууж байх үед миний хуруунд байсан бөгжийг сонирхоод наад бөгжийг чинь үзье, тайлаад өгчих, би бөө, үзэж хардаг хүн гэхээр нь бөгжөө тайлаад өгсөн. Тухайн үедээ би бөгжөө өгснөө мартаад эргүүлж авахаа мартсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 79-80 дахь тал/

 

Хохирогч ***гийн “...Би тэр бааранд бүжиглэж байхад нэг 30-40 орчим насны залуу ирээд намайг хоргоогоод танилцах уу гээд байсан. Тэр үед би уул нь үгүй, одоо гэр лүүгээ явлаа гэж хэлсэн чинь тэр үл таних залуу байгаа газар чинь хүргэж өгнө гэхээр нь үгүй гэж хэлсэн. Тухайн үед яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна, шөнийн цэнгээний газар хаах болоод би шөнийн цэнгээний газраас гарахад тэр залуу намайг дагаад яваад таныг хүргэж өгнө эсхүл хоёулаа нэг газар орж юм ярьж сууя гэж хэлээд байхаар нь зөвшөөрсөн.

Тэгээд үл таних залуу бид хоёр такси бариад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олон зочид буудлын нэг өрөөнд орсон. Тэр газраа зааж өгч чадна. Тэр үед нөгөө үл таних залуу ундааны саванд архи хийсэн байсан ба намайг жоохон уучих гэхээр нь би бага зэрэг уучхаад тухайн өрөө халуун байсан учир нойр хүрээд орон дээр унтсан. Тэгээд өнөөдөр өглөө буюу 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би 07 цаг өнгөрч байх үед сэрсэн чинь нөгөө залуу байхгүй миний Samsung A 31 загварын гар утас, 3.4 грамм монетон бөгж, 1.6 грамм монетон бөгж, Худалдаа хөгжлийн банкны виза карт байхгүй болсон байсан. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 140-141 дэх тал/

 

Хохирогч ***гийн “...би найз *** болон нөгөө танилцсан залуу Мандахнар бид гурав үлдсэн. Тэгээд бид гурав архи ууцгаасан. Тэгсэн тэр залуу миний бөгжийг өгч бай гээд миний гараас сугалаад авахаар нь би бөгжөө авъя гэсэн чинь байж бай, миний гарт байж байг гээд өгөөгүй. Тэгээд би унтаад өгсөн. Тэгсэн тэр залуу өглөө явахдаа ширээний цаад талын тавиур дээр байсан гар утсыг аваад явсан байна.

Samsung A 52 маркийн гар утас байсан. Миний төрсөн өдрөөр манай охин авч өгсөн. Хэдээр авсныг мэдэхгүй байна. Бөгжийг 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Зоос гоёл дэлгүүрээс 1,200,000 төгрөгөөр авч байсан. Хэдэн граммтайг нь мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 177-178 дахь тал/

“Би өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрийн алдсан цайвар цэнхэр өнгийн Samsung A 52 загварын гар утсаа бүрэн бүтэн хүлээн авлаа. Одоо миний алдсан алтан бөгж олдоогүй байна. Цаашид миний эд зүйлийг хулгайлсан тэр эрэгтэйгээс алтан бөгжөө авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 180-181 дэх тал/

 

Хохирогч ***ийн “...Би 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цайз захын орчим байрлах караокед ажлын Аяанаа, Мөнхцэцэг, Мөнхцэцэгийн нөхөр бид дөрөв хамт орж нэг цаг дуу дуулж, нэг шил 0,75 литрийн Соёрхол архи уугаад тэндээсээ гарах гэж байтал нэг үл таних 170 см орчим өндөр, шардуу царайтай 30 орчим насны залуу ирээд танилцаж нэг газар жаахан сууя гэхээр нь танилцаж би өөрийн нөхөр Баянмөнхийг дуудан бид гурав манай гэр болох Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн 40 гудамж 235 тоотод шөнийн 00 цагийн орчим очиж 2 шил 0,75 литрийн Хараа архи ууж байгаад манай нөхөр бид хоёр тасраад унтаад өгсөн байсан.

Ингээд өглөө нь 08 цагийн орчим сэртэл миний 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Начин-Заан ломбардаас 1,099,000 төгрөгөөр худалдан авч байсан цэнхэр өнгийн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас алга болчихсон байсан учир цагдаагийн байгууллагад хандсан юм. Харин тухайн Samsung S 3 маркийн гар утас гэрт байсныг цагдаагийн байгууллага дээр очиж өргөдөл өгснийхөө дараа мэдсэн юм. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 234-235 дахь тал/

 

Хохирогч ***гийн “...2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед би Гоулд зочид буудалд амарч байхад 9965 сүүлийн орныг нь мэдэхгүй байна утасны дугаартай үл таних эрэгтэй хүн залгаад хаана байна, өчигдөр танилцсан залуу байна, уулзах уу гэж асуусан. Тэгээд би байгаа газраа хэлсэн. Тэгээд үл таних залуу би одоо яваад очъё гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд тэр үл таних залуу Гоулд зочид буудалд 19 цагийн үед гаднаас орж ирсэн. Тэгээд тэр бид хоёр танилцаад ойр зуурын юм ярьж суусан. Тэгээд тухайн залуу буцаж гараад 2,5 литрийн Сэнгүр том пиво хоёр ширхгийг барьж буцаж орж ирсэн. Тэгээд тэрийгээ бид хоёр хувааж уугаад би ойролцоогоор 23 цагийн үед унтаад өгсөн.

Үүний дараа 2022 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө 03 цаг өнгөрч байхад сэрээд харахад нөгөө хамт байсан үл таних залуу байхгүй байсан. Тэгээд би босоод орон дээр цэнэглээд орхисон байсан гар утсаа хайтал миний гар утас байхгүй болсон байсан. Тэгээд би тухайн Гоулд зочид буудлын хамгаалагчаас асуухад тэр үл таних залуу ганцаараа гараад явсан гэж хэлсэн. Тэгээд би өглөө ажил цуглаж эхлэхэд Цагдаагийн байгууллагад хандсан. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 37-38 дахь тал/

 

Хохирогч У.Буянхишигийн “...Тэр үед гаднаас нэлээн олон жилийн өмнө хорооллын эцэст нийтийн караокед хальт танилцаж байсан нэр усыг нь мэдэхгүй зүс таних залуу орж ирээд шинэ оны мэнд гээд Жавзаа бид хоёртой хамт суусан. 20-30 минут хамт юм ярьж сууж байгаад энд ойрхон манай найзын караокенд орох уу, тэнд найзыгаа хүлээчихгүй юу гэсэн. Бид гурав хамт хоолны газраас гараад Модны хоёрт байрлах Од нэртэй караокед ороод текний урд талын өрөөнд орсон. Өөрийгөө Ганаа гэж танилцуулсан залуу өрөөнд ороод захиалга өгчхөөд утасны цэнэглэгч байна уу асуугаад ирье гээд гарсан. Буцаж орж ирээд энд залгуур алга, утсаа өгчих би гараад дэлгүүрээс залгуур аваад ирье гэхэд нь би утсаа өгөөд явуулсан.

Жавзаатай хамт 10-20 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь залгаад хааччихав гэхэд дэлгүүрээс залгуур аваад зам гарч байна гэсэн. Тэгээд ирэхгүй байхаар нь дахиад залгатал утас маань холбогдох боломжгүй болсон байсан.

... Би Samsung A 21 S загварын цагаан өнгийн гар утсыг 2021 оны 4 дүгээр сард Сайн электроникс дэлгүүрээс лизингээр 680,000 төгрөгөөр авсан. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 74-75 дахь тал/

 

Хохирогч ***ы “... 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрийн найз Лхагва, Отгонжаргалын хамт Гандангийн уулзвар дээр байрлах Тэнгис караокед орой 19 цагийн үед орсон.

... Тэгээд хэсэг байж байгаад 2 давхраас доош буутал нэг үл таних эрэгтэй бид хоёр дээр ирээд танилцъя, манай ширээн дээр суучих гэсэн. Тэгэхээр нь Отгонжаргал бид хоёр тухайн эрэгтэйтэй танилцаж тухайн эрэгтэйгийн ширээн дээр очиж суутал дахиад нэг үл таних эрэгтэй хүн сууж байсан. Тэгээд бид нар танилцаад гэхдээ одоо нэрийг нь сайн санахгүй байна. Тэгээд анх бид хоёртой танилцдаг залуу нь бид хоёрыг та хоёр юу уух вэ гэж асуухаар нь бид хоёр виски ууя гэж хэлэхэд тэр залуу авч ирээд бид нар хамт ууцгаасан. Би нэлээн ухаан санаа балартаж нэг мэдэхэд тэр үл таних залуу Отгонжаргал бид гурав буудал руу орж байсан. Тэгээд буудлын өрөөнд ороод орон дээр хэвтсэн чинь тэр залуу эгчээ та хажуу булан хэвтчих бид хоёр энэ талдаа унтчихъя гэж хэлэхээр нь би чи ямар мундаг залуу вэ гэж хэлээд унтаад өгсөн. Унтахын өмнө нөхөр залгаад байсан учраас би гар утсаа унтраагаад унтсан. Тэгээд өглөө сэрэхэд Отгонжаргал нь дээгүүрээ хувцастай доогуураа нүцгэн байсан. Тэгсэн монетон бөгж, түрийвчинд байсан бэлнээр 95,000 төгрөг, бор өнгийн жижиг түрийвч байхгүй болсон байсан. Мөн Отгонжаргалын гар утас, түрийвчинд байсан мөнгө байхгүй болсон байсан.

Samsung A 51 загварын хар өнгөтэй улаан өнгийн хамгаалалтын гэртэй, 1,6 грамм орчим алтан ээмэг, 6 грамм монетон бөгж болон бор өнгийн түрийвч зэргийг алдсан. Надад одоо ямар нэгэн гомдолд санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 132-133 дахь тал/

 

Хохирогч ***ын “... Тухайн хүнийг өмнө огт харж байгаагүй. Сэлэнгэсайхан бид хоёр тэр залуутай 2022 оны 02 дугаар сарын 15-ны орой Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гандангаас Модны хоёр руу уруудахад байдаг Тэнгис нэртэй караокед танилцсан.

Би тухайн этгээдийг олж тогтоон өгч, миний хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 144-145 дахь тал/

 

Хохирогч Д.Түмэндэмбэрэлийн “...2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн хойд талын автобусны буудал дээр найзыгаа хүлээгээд байж байтал манай найз чи нэг газар ороод байж байхгүй юу гэж хэлэхээр нь ертөнцийн зүгээр баруун тийш алхаж байтал танихгүй 30 орчим насны эрэгтэй хүн ирээд та караоке орох гэж байгаа юм уу гэж асуусан. Бодвол намайг утсаар яриад явж байхыг сонссон юм шиг байна лээ. Тэгэхээр нь би тэр хүнд би чамайг танихгүй ш дээ гэтэл за би таныг яавал гэж дээ гэж хэлээд надтай юм яриад бид хоёр GL караоке ороод тэр залуутай нэг ширээнд хамт суусан. Тэгтэл тэр залуу юм захиалчихъя гээд шууд юм захиалсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэтэл манай найз хүүхэн бас ирэх гэж байгаа юм иртэл нь хамт сууж байя гэж хэлсэн.

Тэгээд сууж байгаад дуу захиалаад дуу дуулахаар нь босоод ширээний хажууд зогсоод дуулж байтал тэр залуу босоод явж байгаа харагдсан. Миний гар утас ширээн дээр байсан. Тэгээд дуугаа дуулж дуусаад ширээ рүү хартал миний гар утас байхгүй болчихсон байсан. Samsung A 52 загварын гар утас байсан.

... Одоо харвал танина. Шар өнгийн куртиктэй 30 орчим насны залуу байсан. Онцлог содон шинж тэмдэг байсан эсэхийг тодорхой санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 207-208 дахь тал/

 

Хохирогч ***гийн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн урд талын аркны орчим явж байтал үл таних 20 орчим насны 158-160 см орчим өндөртэй хөх өнгийн куртиктэй, дотуураа малгайтай цамцтай, саарал өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн халтар болсон пүүзтэй эрэгтэй урдаас ирээд сайн уу эгчээ танилцъя хамт суугаад нэг пиво ууя гэсэн.

Тэгэхээр нь зөвшөөрөөд хамтдаа замын эсрэг талын Chinese нэртэй ресторан ороод хамт суусан. Тэгээд хүний 2 шил пиво уугаад байж байтал та утсаа өгөөч 99113342 гээд дугаар луу залгаад яриадхая гэсэн. Тэгэхээр нь гар утсаа өгтөл байна уу гээд ярьж байгаад гараад зугтаагаад яваад өгсөн. Тэгээд би араас нь хараад өнгөрсөн. Тухайн залуу өөрийгөө Онцгой байдалд ажилладаг гэж хэлж байсан нэрээ Ганаа гэдэг гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 250, 4 дэх хавтаст хэргийн 1 дэх тал/

 

Хохирогч ***ын “...Би 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамба уушийн газарт 16 цагийн үед орж үйлчлүүлсэн. Тухайн үед 22-25 орчим насны эрэгтэй хүн намайг сууж байхад ирээд янз бүрийн зүйл яриад байсан. Тэгтэл би өөрийн Redmi note 8 pro загварын гар утсаа ширээн дээр орхиод бие засах өрөө орчхоод иртэл тухайн залуу миний гар утсыг аваад явсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 62 дахь тал/

 

Хохирогч ***ийн “...Тэгээд тухайн үл таних залуу нь нэг шил пиво захиалаад ууж байх үедээ бид нартай яриа өдөж танилцсан. Улмаар тухайн залуу нь бид нарыг дайлах санал гаргаж өөрийгөө Олон улсын хэмжээний мастер *** гэж танилцуулаад Аварга спорт хороонд харьяалагддаг, жудо бөхийн тамирчин гэж танилцуулсан. Тэгээд тухайн үл таних залуу нь бид нарын сууж байсан ширээнд суух хүсэлт тавьж бид нар зөвшөөрч тухайн үл таних залууг хоолоор дайлсан. Тэгтэл тус үл таних залуу нь бид нарт тухайн газраас гарч караоке орох санал тавьсан. Тэгээд бид нар тус газраас гарахаар болсон. Тэгтэл нөгөө залуу нь анх орж ирэхдээ захиалсан өөрөө авсан нэг шилтэй шар айрагныхаа тооцоог өөрөө картаар хийж байсан. Тэгээд бид нар тухайн газраас гарч замын эсрэг талын буюу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 505 нэртэй караокед үйлчлүүлсэн.

...Улмаар бид нар тус караокед ороод уух зүйл захиалаад дуулж байхад хамт явж байсан Оюунбилэг нь согтоод унтаад өгсөн ба Мөнхсайхан бид хоёр бие засах өрөө орсон байхад нөгөө үл таних танилцсан залуу караокед үлдсэн. Тэгээд буцаад ороод ирэхэд миний эзэмшлийн Realmi загвыг гар утас бид нарын үйлчлүүлж байсан өрөөний хананд цэнэглэж байсан гар утас байхгүй, цэнэглэгч нь газар унасан, мөн Оюунбилэгийн Samsung A 52 загварын гар утас бас алга болсон байсан. Мөн нөгөө залуу хувцсаа аваад гараад явсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 142-143 дахь тал/

 

Хохирогч ***ийн “...Тасрахаасаа өмнө би гар утсаа оролдож байгаад ширээн дээр тавьсан байсан юм. Ах, эгч хоёр бие засах өрөө рүү орсон байсан. Харин би тасарсан байсан хооронд нөгөө үл таних залуу миний гар утсыг аваад явсан байсан. Намайг тасрахаас өмнө тэр залуу надад facebook хаягаа өгөөд байсан. Nami Mandakh гэсэн нэртэй фэйсбүүк хаяг байсан.

Миний алдсан гар утас Samsung A 52 загварын гар утас байсан. Би гар утсаа 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сайн комьпютер дэлгүүрээс лизингээр 1,300,000 төгрөгөөр авч байсан. Миний алдсан гар утас цэнхэр өнгөтэй, 128 gb багтаамжтай, гадуураа ямар нэгэн гэргүй гар утас байсан. ...” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 182 дахь тал/

 

Хохирогч ***гийн “...Би 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Баянцээлийн Tse уушийн газарт танил дүү болох ***ийн хамтаар сууж байгаад Tse уушийн газрын доор байрлах Батхаан нэртэй шөнийн цэнгээний газар орох гээд алхаж байхад үл таних 30 орчим насны нэг эрэгтэй замд таараад хамт сууж болох уу, би хөдөө байдаг юмаа, маргааш хөдөө буцаж явах юмаа, та хоёртой цуг сууж болох уу гэхээр нь бид хоёр зөвшөөрсөн. Ингээд бид нар Батхаан нэртэй шөнийн цэнгээний газарт ороод ширээнд суугаад Адилбишийн хамтаар ариун цэврийн өрөө орох гээд сандал дээр гар утас, цүнх, эд зүйлээ нөгөө залуугийн хажууд үлдээгээд ариун цэврийн өрөө ороод гараад ирэх үед нөгөө хамт сууя гэсэн залуу байхгүй болсон байсан. Ингээд Адилбиш бид хоёр цүнхээ шалгатал миний цүнхнээс I phone 12 pro max загварын гар утас, бэлэн 20,000 төгрөг, Адилбишийн цүнхнээс Samsung A 52 загварын гар утас зэрэг эд зүйлс алга болсон байсан. Ингээд Адилбиш бид хоёр шөнийн цэнгээний газрын хүмүүст хэлээд цагдаад дуудлага өгөөд хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд хамт орж ирсэн хүн гар утас хулгайлаад аваад гарсан байсан.

... Дуудлагаар ирсэн цагдаа нар нөгөө нөхрийг барьж аваад биед нь үзлэг хийхэд миний гар утсыг нөгөө залуугийн энгэрийн халааснаас гаргаж ирсэн. Одоо миний гар утас надад байна. Харин мөнгө нь байхгүй болсон байна. ...” гэсэн мэдүүлэг. /5 дахь хавтаст хэргийн 7 дахь тал/

 

Хохирогч ***ийн “...Ингээд Дэлгэрмаа бид хоёр цүнхээ шалгатал миний цүнхнээс Samsung A 52 загварын гар утас, Дэлгэрмаагийн цүнхнээс I phone 12 pro max загварын гар утас 20,000 төгрөг зэрэг эд зүйлс алга болсон байсан. Ингээд Дэлгэрмаа бид хоёр шөнийн цэнгээний газрын хүмүүст хэлээд цагдаад дуудлага өгөөд хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд хамт орсон хүн гар утас хулгайлаад аваад гарсан байсан. Ингээд дуудлагын цагдаа нар иртэл Дэлгэрмаа миний гар утас байршил тогтоогчтой, би хүүхэд рүүгээ утасдаад миний гар утас хаана байршил нь зааж байгааг асууя гээд хүүхэд рүүгээ залгаад байршил тогтоогчоор өөрийнхөө гар утсыг хайсан бөгөөд Дэлгэрмаагийн хүү цагдаатай утсаар холбогдож гар утас зааж байгаа байршлыг зааж өгөөд цагдаа нар байгаа газраас нь барьж авсан.

 Дуудлагаар ирсэн цагдаа нар нөгөө нөхрийг барьж аваад биед нь үзлэг хийхэд миний гар утас нөгөө залуугийн энгэрийн халааснаас гаргаж ирсэн. Одоо миний гар утас надад байна. ...” гэсэн мэдүүлэг. /5 дахь хавтаст хэргийн 10 дахь тал/

 

Хохирогч ***гийн “...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өндөр настны автобусны буудал дээр байрлах Элсэн цаг нэртэй караокед ганцаараа орсон ба ороод 3 шил пиво уугаад тооцоогоо хийгээд тэндээсээ гараад хаашаа явснаа мэдэхгүй байна.

... Тэгээд сууж байхад эрэгтэй хүн орж ирээд тэр эрэгтэй хүнтэй цэг үргэжлүүлээд цуг суусан. Би тэрийгээ санахгүй байна. Караокены зөөгч тэгэж надад хэлсэн. Тэгээд 12 дугаар сарын 23-ны өдрийн өглөө Тосон нэртэй зочид буудалд нөгөө цуг явж байсан залуутай сэрсэн. Тэгээд нөгөө залуугаас тооцоогоо яаж хийсэн бэ гэсэн чинь бэлнээр хийсэн гэж хэлсэн. Тэгээд нэрээ хэлэхдээ *** гэж надад хэлсэн.

... Тэгээд тэндээ архиа задлаад нэг л удаа уугаад тэр буудлаас гараад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харз зочид буудалд 09-10 цагийн үед орсон. Орохдоо нөгөө залуу тооцоог нь бэлнээр хийсэн. Харз буудалд ороод авсан архиа хувааж уугаад цаашаа юу болсон талаар санахгүй байна. Тэгээд үдээс хойш 14-15 цагийн үед сэрэхэд уг залуу байхгүй байсан. Тэгээд миний эд зүйл болох Samsung A 71 загварын гар утас, 2 ширхэг монетон бөгж, өрөөсөн монетон ээмэг зэрэг эд зүйлийг аваад явсан байхаар нь буудлын хүнээс асуухад нөгөө залууг хариулт 5000 төгрөгөө аваад хоолонд гараад ирье гэж хэлээд гарсан гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /5 дахь хавтаст хэргийн 70 дахь тал/

 

Хохирогч ***ын “...2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цагийн үед би ажлынхаа гурван багш нартай Pyramid уушийн газарт суугаад юм захиалчихсан сууж байсан. Тэгэхэд зөөгч нь ирээд бид дөрөвт 4 ширхэг ундаа өгсөн. Би хариуд нь бид нар ийм юм захиалаагүй шүү гэхэд зөөгч залуу энэ залуу өгч байгаа гээд хажуу ширээнд сууж байсан залуу руу заасан. Манай нэг багш тухайн залуу руу хандан чи яагаад ундаа өгч байгаа юм бэ гэхэд тухайн залуу зүгээрээ гэж хэлээд би ганцаараа байж байгаа юмаа, манай найз Нисэхээс ирнэ гэж хэлээд амжихааргүй болсон юм шиг байнаа, би 20-30 минут хүлээгээд сууж байна гэхэд нь манай нэг багш тэгвэл миний дүү хөөрхөн улаан хацартай юмаа, хөдөөнөөс орж ирээд удаагүй байгаа юм шиг байнаа, наашаа суучих гэж хэлсэн. Нөгөө залуу өөрийгөө би Онцгой байдлын 10 дугаар гал сөнөөх ангид ажилладаг гэж өөрийгөө хэлсэн. Бид нар 30-40 минут хамт юм ярьж суусан. Бид нар ярьж байгаад бөөндөө хамт хажууд байсан караоке оръё гэж ярилаад караоке орсон. Караоке ороод нэг ширхэг 0,75 литрийн архи, 5 лаазтай кола аваад суусан. Бид нартай танилцдаг залуу 2 цагийнх нь мөнгийг би хийчихлээ гэж хэлсэн. 1 цаг гаран болоод манай ажлын хоёр багш нэлээн согтоод би нөхрүүдийг нь дуудаад өгөөд явуулсан.

Үүнээс хойш 20-30 минутын дараа манай нэг үлдсэн эгч бас согтоод өгөхөөр нь би дуудлагын жолооч дуудаад гадаа ирчихээр нь би ч бас харих санаатай хамт багштайгаа хамт гараад багш эгчийгээ суулгаж өгөөд явуулсан. Би уушийн газар танилцсан залуудаа одоо би харилаа гэж хэлэхэд уушийн газарт танилцсан залуу үгүй ээ эндээ захиалсан юмаа ууж дуусгаад явна гэж хэлээд намайг явуулахгүй байсан.

... English уушийн газарт ороод нөгөөх залуу хоёр шар айраг захиалсан. Би уухгүй гэхэд зүгээрээ гэж хэлээд байсан. Тэр залуу намайг явуулахгүй гээд уурлаад байхаар нь би охин руугаа залгаад уушийн газарт танилцсан залуугийн хажууд ханиа одоо гараад ирэх үү, би гэрийн хажууханд байна, чамайг гарч ирэхэд яг таарах байх гэж хэлээд утсаа тасалтал нөгөөх залуу уурлаад миний цүнхийг хажуунаас булааж аваад намайг явуулахгүй гээд мөн намайг хамт буудал орох уу гэж асуугаад байсан.

Би тэр үед хамт байсан уушийн газарт байсан эгчийнхээ нөхөр лүү залгаад мөнгө байвал явуулаач нөгөө уушийн газарт танилцсан залууд чинь өгөх гээд хэлсэн. Энэ үед уушийн газарт танилцсан залуу миний гар утсыг булаагаад English уушийн газрын B1 давхар луу зугтаасан. Би ардаас нь гүйхэд уушийн газраас гарч гүйгээд намайг яг гарах үед таксинд суугаад явсан.

... I phone 13 pro max загварын цэнхэр өнгөтэй гар утас байсан. ...” гэсэн мэдүүлэг. /5 дахь хавтаст хэргийн 114-116 дахь тал/

 

Хохирогч ***гийн “... Би 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдөр шилжих шөнө Модны хоёрт үйл ажиллагаа явуулах Алмаз нэртэй шөнийн цэнгээний газраас гараад такси бариад Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монос эмийн сангийн замын эсрэг талд буугаад гэр рүүгээ алхаж байхад араас нэг хүн дагаад яваад байсан. Би айсандаа хурдан хурдан алхаад явахад тэр эрэгтэй араас ирээд та гар утсаараа нэг яриулаач гэж гуйхаар нь миний гар утас цэнэггүй болсон гэж хэлээд гэрийн орц руугаа ороход араас дагаж орж ирж дахин гар утсаараа нэг яриулаач гэж гуйхад нь би миний гар утасны цэнэг дууссан гэж хэлээд гар утсаа харуулаад тэр эрэгтэйг би орцноосоо гарахад гартаа барьсан байсан Samsung A 53 загварын гар утсыг булааж аваад зугтаасан. Би араас нь хартал булан тойроод алга болсон.

... Миний гарт байсан гар утсыг булааж авахдаа намайг зодож цохисон асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг. /5 дахь хавтаст хэргийн 150 дахь тал/

 

Хохирогч ***гийн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн орой 23 цагийн үед хамт ажилладаг эгч Оюунтунгалаг, Батцэнгэл, Хэрлэнтуяа нарын хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Эргэн дурсахуй бааранд орж суусан.

... Тэгээд тэндээсээ шөнийн 04 цагийн үед гарахаар болж гадаа гараад такси барих гээд зогсож байхад Батцэнгэл эгчийн хамаатан гэж өөрийгөө танилцуулсан 30 гаран насны бор шаргал цамцтай, шаргал цайвар куртиктэй, шаргал өнгийн үстэй, цайвар царайтай залуу бид гурвын барьсан таксинд орж ирээд хойд суудал дээр суусан. Би таксины жолоочид Хангай хотхон явна гэж хэлсэн. Такси хөдлөөд явж байгаад би тэр залуутай маргалдсан. Чи юун залуу вэ, одоо буу Батцэнгэл эгч чамайг танихгүй гэж хэлээд байна ш дээ гээд машинаа зогсооход Гранд плаза төвөөс хойшоо явдаг зам дээр зогссон байсан. Би түрүүлж буугаад тэр залуугийн суусан байсан хаалгыг онгойлгоод буу гэж хэлээд цамцнаас нь таттал тэр залуу гарч ирэнгүүтээ миний гартаа барьсан байсан гар утсыг булааж аваад замын урд тал руу зугтаасан. Оюунтунгалаг эгч тэр залуугийн араас хөөсөн. Би Батцэнгэл, Хэрлэнтуяа эгчийн хамт жолоочид саяны залуу миний гар утсыг булааж аваад зугтчихлаа гэж хэлэн машинтай араас нь хөөсөн. Төмөр зам орж үзээд Эргэн дурсахуй орж үзээд явж байхдаа Оюунтунгалаг эгчийн утас руу залгахад холбогдохгүй байсан. Тэгээд хэсэг хайж байгаад гэр рүүгээ явсан. Маргааш нь өглөө 06 цагт манай гэрт Оюунтунгалаг эгч ирээд нөгөө өчигдрийн чиний утсыг булаадаг залууг цагдаа нартай нийлж бариад цагдаад өгсөн гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /5 дахь хавтаст хэргийн 212-213 дахь тал/

 

Хохирогч ***ийн “...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчим би 13 дугаар хорооллын нэг ойролцоо шөнийн цэнгээний газарт 2 шар айраг уусан. Би шар айргаа уугаад сууж байсан чинь 30 гаруй насны залуу ирээд яриа өдөөд хамт караоке оръё гэж хэлсэн. Би хамт караоке ороогүй. Эгчийнхээ сургууль дээр нөгөө залуутай очоод гараад хамт дэлгүүр орох гэсэн чинь тэр үл таних залуу миний гар утсыг аваад явчихсан байсан. Би тухайн үед 3-4 лааз шар айраг уучихсан байсан. Тэр залууг авсан байх гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 15-16 дахь тал/

 

Хохирогч ***ы “... 2022 оны 01 дүгээрс арын 19-ний өдөр 20 цагийн орчимд найз Эрхэмцэцэгийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан цайзын 2 давхрын нийтийн караокед орсон. Тэгтэл удалгүй манай ширээн дээр нэг эрэгтэйг шахаж суулгасан. Нөгөө эрэгтэй нь намайг гар утсаа өгч байгаагч найзыгаа тосож авах гэсэн юм гээд 99115474 дугаар руу залгаж ярьсан. Ингээд буцаж оорж ирээд миний гар утсыг өгөөд нөгөө залуу дуулж байгаад дахиад нэг удаа залгуулаач гээд гар утас гуйхаар нь би өгсөн. Ингээд миний гар утсыг аваад гараад явчихсан ба би араас нь гарахад байхгүй болчихсон байсан. Би тэгэхээр нь өөрийнхөө 88112153 дугаар руу залгахад миний гар утсыг авсан залуу аваад одоо орлоо гэсэн. Дахин залгахад холбогдох боломжгүй болохоор нь цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандаж байна.

Цагаан өнгийн хуванцар гэртэй, цэнхэр өнгийн хүрээтэй 256gb багтаамжтай I phone 12 pro max загварын гар утас байсан. ...” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 56-58 дахь тал/

 

Хохирогч ***гийн “...2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр шилжих шөнө 00 цагийн орчим караокеноос гарч надтай танилцсан *** гэх залуутай хамт ойролцоо байсан Наран нэртэй зочид буудалд орж хоносон.Тухайн буудлын тооцоог нь *** гэх залуу өөрөө хийсэн. 1 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө 12 цагийн орчим *** бид хоёр буудаас гарч Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хаан банк руу орж би өөрийн хүүхдийн хадгаламжийг барьцаалан 800,000 төгрөгийн зээл авсан. Тухайн зээлний мөнгө нь миний Хаан банкны 5278104586 тоот данс руу орохыг *** гэх хүн нь харсан. Тэгээд би өөрийн 5278104586 тоот данснаас ***ын ашиглаж байсан Хаан банкны 5381375435 тоот данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд ойролцоо байх Tse уушийн газар руу *** бид хоёр орж 0,75 литрийн савлагаатай хар Чингис нэртэй архинаас нэг шилийг, 0,5 литрийн савалгаатай Сэнгүр шар айрагаас хүн хүний хоёр, хоёр шилийг хэрэглэсэн. Тухайн үед би уусан архиндаа согтоод тасарсан байсан. Орой 19 цагийн үед би Tse уушийн газарт ганцаараа сэрсэн. Сэрээд гэр лүүгээ хариад маргааш нь дансаа шалгатал 5278104586 тоот данснаас 580,000 төгрөг шилжсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 111 дэх тал/

 

Хохирогч ***гийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 14 цаг 40 минутын үед 13 дугаар хороолол Зүүн 4 замын ойролцоо байрлалтай Royal lounge хоолны газар хоолонд орох гээд сууж байхад нэг үл таних хүн над дээр ирээд бусад ширээ хүнтэй байна, ажлаасаа тараад явж байгаа юмаа, цуг сууж болох уу гэх үед нь тэгээ болно гэж хэлээд цуг суусан. Тэгээд тэр хүнтэй танилцахад өөрийгөө *** гэж танилцуулсан. Бас 1980 онд төрсөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар ажилладаг гэж хэлсэн. Нармадах надтай яриа өдөж шар айраг уух уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, чамд тэгэж хань болох хүн бишээ гэхэд тэр өөртөө нэг шар айраг, надад нэг smoothie авч өгсөн. Тэгээд бид хоёр хэсэг юм ярьж сууж байгаад би гар утсаа ширээн дээр үлдээгээд бие засах өрөө рүү ороод гарч ирэхэд миний гар утас ширээн дээр байхгүй, надтай цуг сууж байсан *** гэх хүн хувцсаа аваад гараад явсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 145-146 дахь тал/

 

Хохирогч ***ийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 21 цагийн орчимд өөрийн найз Болормаагийн хамтаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Tse нэртэй зоогийн газарт сууж байхад үл таних эрэгтэй бид хоёр дээр ирсэн. Тэр эрэгтэй бид хоёртой танилцаад хамт сууж байсан ба бид хоёрыг тус газраас гарах гэтэл хамт караоке оръё гэсэн. Тэгэхээр нь бид хоёр харих гэж байгаа талаар тэр эрэгтэй хамт сууя гэхээр нь Россия нэртэй ресторанд орж үйлчлүүлсэн. Ингээд тухайн залуутай хамт тус газар сууж байтал бид хоёртой танилцсан эрэгтэй намайг гар утсаа өгч байгаач, манай найз ирж байна гэнэ, миний гар утасны цэнэг дуусчихлаа яриад буцаагаад өгье гэсэн. Тэгэхээр нь би гар утсаа тэр залууд өгтөл тэр залуу миний гар утсыг аваад зугтсан.

... Би гар утсаа 2022 оны 9 дүгээр сард МQ нэртэй газраас 2,450,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ногоон өнгөтэй Samsung S 22 ultra загварын гар утас байсан. ...” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 185-186 дахь тал/

 

Хохирогч ***ийн “... Би өнөөдөр 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн орой 21 цагийн орчим хамт ажилладаг Амаржаргал, найз *** нарын хамт Баянзүрх дүүргийн Crystal lounge-д орж үйлчлүүлсэн. Миний гар утасны цэнэг дуусчихаар нь гар утсаа цэнэглүүлэхээр тэр шөнийн цэнгээний газрын текэн дээр очиж бармен залууд гар утсаа цэнэглэгчтэйгээ хамт өгөөд би өөрөө ирж утсаа авна, өөр хүнд өгч болохгүй шүү гэж хэлээд утсаа цэнэглүүлчхээд хэсэг хугацааны дараа бие засах өрөө орчихоод 10 минут болоод бармен залуугаас гар утсаа авах гэсэн чинь нөгөө бармен залуу хамт явж байсан эрэгтэй чинь найзынхаа гар утсыг авъя гэж хэлээд аваад явчихсан гэж хэлсэн. Би тэр залуугаас яагаад миний гар утсыг өөр хүнд өгч явуулсан талаар асуусан чинь танай найз таньтай хамт явж байсан болохоор өгчихсөн гэж хэлсэн.

... I phone 12 энгийн загварын, номин ногоон өнгийн, өнгөгүй гэртэй, 64 gb багтаамжтай, хайрцаг сав бүх зүйл нь гэрт байгаа. 2020 оны 3 дугаар сард I phone центрээс 3,000,000 төгрөгөөр лизингээр худалдаж авч байсан. Гар утасны гэрт нь миний цалингийн Хас банкны карт байсан. ...” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 221-222 дахь тал/

“... Би туслах багш Амаржаргалтай уулзаж хоол идэж нэг шар айраг уугаад сууж байсан чинь бид хоёртой *** ирээд танилцсан. Тэгээд хамтдаа хоол идсэн. Тэгээд гар утас аваад явсан. Би ***ыг харвал танина. ...” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 224 дэх тал/

 

Хохирогч Ц. Эрдэнэцэцэгийн “... Би 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Лондон нэртэй уушийн газар *** гэдэг хүнтэй танилцаж байсан. Тухайн үед *** нь өөрийн Онцгой байдлын гал унтраах 10 дугаар төвд ажилладаг, Дундговь аймгийнх, ээжтэйгээ хамт Нисэх орчим амьдардаг гэж танилцуулсан. Тэр өдрөө ***тай юм яриад ууж суусан. Тэгээд гар утасны дугаараа солилцоод салаад явцгаасан.

... Ингээд 2022 оны 11 дүгээр саарын 03-ны өдөр 14 цагийн үед нэг дугаараас залгахаар нь автал дээр танилцсан *** байна, Улсын их дэлгүүрт явж байна, хамт хоол идэх үү гэхээр нь би зөвшөөрөөд Улсын их дэлгүүрийн хойд талд уулзацгаасан. Тэгээд бид хоёр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Roma нэртэй ресторанд орж хоол идсэн. Энэ үедээ бид хоёр ойр зуурын зүйл ярьсан. Хоолоо идэж дуусаад 17 цагийн үед тус ресторанаас гарахаар болоод бид хоёр ширээн дээрээс босоход *** миний гар утсыг гартаа барьж байсан. *** тооцоогоо хийнэ гээд үлдээд би үүднийх нь хаалган дээр зогсож байсан. Тэгэхэд *** гарч ирээд тамхи татаадахъя гээд шатаар буугаад зогсож байтал тус рестораны ажилтан гарч ирээд тооцоогоо хийгээгүй гэхээр нь би *** руу заагаад энэ хүн тооцоогоо хийх ёстой шүү гэсэн. Тэгээд рестораны ажилтан *** хоёр буцаад ресторан руу орсон. Удалгүй *** нь ресторанаас гарч ирээд хойд зүгт Бөмбөгөр худалдааны төв чиглэлд шууд л гүйгээд яваад өгсөн.

... Миний гар утас I phone 12 pro max загварын алтан шар өнгөтэй imei код нь 357061229510301 дугаартай гар утас юм. 2021 оны 6 дугаар сард Тedy төвөөс цоо шинээр нь 3,600,000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” гэсэн мэдүүлэг. /7 дахь хавтаст хэргийн 22 дахь тал/

“... *** бид хоёр ресторан дотор байхдаа миний гар утаснаас хамт зураг үзэж байсан. Тэгээд дараа нь *** өөрөө миний гар утсыг барьчихсан зураг үзэж байсан. Тэгээд ресторанаас гарах болоход рестораны гадаа зайдуухан зогсож байгаад миний гар утсаар хүнтэй яриадхая гэж хэлсэн. Тэр үед нь би гар утас аваад явчих вий дээ гэж бодож байтал буцаад хүрээд ирсэн. Тэгээд мөнгөө төлөөгүй гээд рестораны хүн гараад ирсэн чинь *** шууд л гүйгээд явчихсан. Би ***ад гар утсаа хариуцуулж хямгадаж байгаач гэж хэлж өгөөгүй. Сүүлд миний гар утсаар хүнтэй ярих гээд миний гар утсыг авсан байсан.

Хэрэг болсон өдрөөс хойш ***тай дахиж уулзаагүй. Хохирол мөнгөө огт барагдуулж аваагүй. ...” гэсэн мэдүүлэг. / 7дахь хавтаст хэргийн 26 дахь тал/

 

Иргэний нэхэмжлэгч ***ын “... 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Хосбаяр гэх хүнээс 550,000 төгрөгөөр худалдаж авсан.

.... Би гомдолтой байна. Надад гар утас зарсан 5020755677 тоот Хаан банкны данстай 88117881 дугаартай хүнээс гар утас худалдаж авсан 550,000 төгрөгийг нэхэмжилж гаргуулж авмаар байна ...” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 189 дэх тал/

 

Гэрч ***гийн “... Сууж байхад ***, *** гэх залуу хоёр тамхиллаа гэж гарсан. Удалгүй *** гэх залуу орж ирээд ***гийн цүнхнээс гар утсыг нь аваад гарахаар нь *** захисан гэж бодоод тоогоогүй. Удалгүй *** гаднаас ганцаараа орж ирээд цүнхээ ухаад миний гар утас байхгүй байна гэж хайгаад гар утас руу нь залгах үед дуудаад авахгүй байсан бөгөөд ***д түрүүний *** орж ирээд таны цүнхнээс аваадгарсан, би таныг аваад ир гэж хэлсэн байх гэж бодоод тоогоогүй гэж хэлсэн. *** гэх залуу дахиж харагдаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 83-84 дэх тал/

 

Гэрч ***ийн “...Тухайн залуу ***г аваад гарсан байсан бөгөөд удалгүй *** ганцаараа орж ирээд цүнхээ ухаад гар утас байхгүй байна гээд тэр хавиар нэлээн хайгаад байсан. Сүүлд гар утсаа цүнхэн дотроо байсан гээд хайгаад тэр үедээ олдоогүй. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 87-88 дахь тал/

 

Гэрч Ч.***ын “...Нөгөө залуу Одоноогийн хажууд сууж байсан. Тэгснээ тэр залуу гурвуулаа хоол идье гээд гарах гэсэн. Тэгэхээр нь би тэр залууг хөөе гадуур хувцсаа үлдээ гэсэн чинь тэр залуу гарч явснаа энд ямарч хоол байхгүй байна, гадагшаа гарч захиалъя гэсэн. Би тэгээд эргээд унтаад өгсөн. Тэгсэн Одоноо хөөе миний бөгж, гар утас байхгүй байна гэхээр нь нөгөө залуу гар утсыг чинь цэнэглээд ирье гээд аваад явсан ш дээ гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 183-184 дэх тал/

 

Гэрч ***ын “.. Өглөөний 11 цагт 303 тоот өрөөнөөс нэг эмэгтэй гарч ирээд бөгж, гар утас алга болчихож, цуг байсан залуу хаачсан юм бэ гээд асуугаад ирсэн. Тэгээд нөгөөх залууг хайж байгаад олдохгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад хандсан. ...” гэсэн мэдүүлэг. / 2 дахь хавтаст хэргийн 186-187/

 

Гэрч ***ын “...Тэгээд тухайн үл таних залууг тооцоогоо хийтэл нь хүлээлгэсэн. Тэгсэн чинь тухайн үл таних залуу гар утсаа тавьчихъя тэгээд таксины 46,700 төгрөг бэлнээр аваад өөрийн Redmi note 8 загварын гар утсыг үлдээсэн. Тэгээд бид хоёр та өглөө 09 цагаас өмнө ирж авахгүй бол яах юм бэ гэж асуутал ахын дүү нар зарж үрнэ үү өөрсдөө мэд ах нь бараг ирээд авчих байх гээд явсан. Тэгээд бид хоёр 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өглөө 10 цаг өнгөртөл хүлээсэн ба ирээгүй тул дэлгүүрийн тооцоо дутаад өрөнд орох гээд байхаар нь Хархорин худалдааны төвийн ойр орчимд байрлах гар дээрээс гар утас худалдан авдаг хүнд 95,000 төгрөгөнд зарсан. ...” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 84 дэх тал/

“Би тухайн гар утсаа худалдан борлуулсан хүнээ танихгүй. Гудамжинд явсан хүнд зарсан. Одоо дахин харвал танихгүй. Утсаа үлдээж явсан хүн надаас бэлнээр 68,000 төгрөг авч, 12,300 төгрөгийн бараа түргэн үйлчилгээний цэгээс авч нийт 80,300 төгрөг болсон. ...” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 85 дахь тал/

 

Гэрч ***гийн “... Би 2 гар утас ***аас авсан ба хүүхдэдээ авсан гар утсыг 350,000 төгрөгөнд бодоод энэ утсыг 650,000 төгрөгөнд бодоод нийлүүлээд 1,000,000 төгрөгөөр зээлээр авсан. ...” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 184 дэх тал/

 

Гэрч ***ын “...Манайд 12840, 12596, 12236 зээлийн гэрээний дугаартай 3 гар утас хугацаа хэтэрсэн байсан учир зарсан. Энэ 3 гар утсыг дандаа 2 дугаар сарын эхээр манайд ломбарданд тавьсан.

... *** цагдаад гар утсаа хураалгасан гээд надаас орж ирээд оронд нь зарж байгаа утаснаас мөнгөндөө бодоод 2 ширхэг гар утас авч явсан. Ямар гар утас байсан гэдгийг санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 191 дэх тал/

 

Гэрч *** “...*** буугаад манай таксинд суусан танихгүй залууг буу гээд татаад буулгах үед тэр залуу ***г түлхээд гартаа барьчихсан байсан гар утсыг нь булаагаад зугтаачихсан. Тэгэхээр нь би буугаад тэр залуугийн араас гүйж байтал зам дээр машинтай явж байсан гурван залуу зогсоод зугтааж байсан залууг барьж аваад цагдаа дуудаж өгсөн.

... Манай найз ***гийн гар утсыг булааж зугтаасан залуу миний болон манай найзуудын биед халдаж зодсон асуудал гаргаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /5 дахь хавтаст хэргийн 216-217 дахь тал/

 

Гэрч ***ийн “... Тэгсэн чинь Эргэн дурсахуй шөнийн цэнгээний газрын тэндээс миний огт танихгүй нэг залуу гарч ирээд сайн байна уу, таньдаг эгч явж байна гээд миний цүнхийг авч үүрсэн. Би уурлаад цүнхээ булааж аваад таксинд суусан.Тэр залуу бид нарын барьсан таксинд орж ирээд суугаад гарахгүй байсан. Тэгсэн чинь *** уурлаад юун танихгүй хүн бэ, буу гээд маргалдсан. ...” гэсэн мэдүүлэг. /5 дахь хавтаст хэргийн 224-225 дахь тал/

“... Би буруу хэлсэн байна лээ. Булааж аваад зугтсан гэж хэлэх гээд шидсэн гэж хэлсэн байсан. Тэр залуу тэгээд байран дундуур гүйгээд явчих шиг болсон. ...” гэсэн мэдүүлэг. /5 дахь хавтаст хэргийн 227 дахь тал/

 

Гэрч ***ийн “... Тэгээд намайг Манлай гэдэг, би Онцгой байдлын газарт ажилладаг гэж хэлээд гар бариад манай нэг найз ирж байгаа юм би утсаар чинь яриад өгье гэж хэлээд Амарсайханы гар утсыг аваад утсаар яриад гараад явсан. Тэгээд буцаж орж ирээгүй алга болсон. ...” гэсэн мэдүүлэг. / 6 дахь хавтаст хэргийн 61-62 дахь тал/

 

Гэрч ***ийн “...Өнөөдөр 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20 цаг 22 минутад гаднаас нэг эрэгтэй, хоёр эмэгтэй манай уушийн газраар орж үйлчлүүлсэн. Тэр хүмүүс 6 Сэнгүр бас хоол захиалаад суусан. Дараа нь захиалгаа нэмээд 3 кола ундаа Evok нэртэй 0,75 литрийн архи худалдан авсан. Сүүлд нь ундаа дахин нэмж авсан. 22 цагийн орчим нэг эмэгтэй нь текэн дээр ирээд утсаа цэнэглүүлчихье, би өөрөө авна шүү гээд I phone загварын гар утас, цэнэглэгчтэйгээ хамт өгөхөөр нь би текний ард цэнэглэсэн. Би тэр гар утсыг нь аваад текний ард цэнэглэгчид нь хийгээд цэнэглээд байж байсан чинь нөгөө эмэгтэйтэй хамт явж байсан эрэгтэй нь гадуур хувцсаа өмсөж ирээд тэр цэнэглэж байгаа утсыг нь аваад өгчих, эзэн нь бие засах өрөөнд байгаа гэхээр нь би гар утсыг авч өгөхдөө өөр хүнд өгч болохгүй гэсэн ш дээ гээд нөгөө эрэгтэйд нь хэлсэн чинь зүгээрээ зүгээр гээд нөгөө эрэгтэй гар утсыг нь аваад гарсан. Манай бие засах өрөө хаалгаар гараад баруун талд байдаг болохоор нь нөгөө эмэгтэйтэйгээ хамт гарч байгаан байх л гэж бодсон. Тэгсэн удаагүй нөгөө утасны эзэн эмэгтэй зөрж орж ирээд гар утсаа авчихъя гэхээр нь тантай хамт явж байсан эрэгтэй найз чинь аваад гарсан ш дээ гэж хэлтэл юу яриад байгаан гээд уурлаад цагдаад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 226-227 дахь тал/

 

Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга. /1 дэх хавтаст хэргийн 159 дэх тал/

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /6 дахь хавтаст хэргийн 107 дахь тал, 116-117 дахь тал/

 

Тэнцвэр эстимэйт ХХК-ны Хөрөнгийн үнэлгээний тайлан. /1 дэх хавтаст хэргийн 27-28 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 146-148 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 69-70 дахь тал/

 

Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн ТХҮ-723-5646, ТХҮ-723-5645, ТХҮ-923/5580 дугаартай дүгнэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 149-152, 208-211, 3 дахь хавтаст хэргийн 157-159, 166-169 дэх тал, 5 дахь хавтаст хэргийн 183-186 дахь тал, 229-232 дахь тал, 6 дахь хавтаст хэргийн 231-234 дэх тал/

 

Дамно ХХК-ны шинжээчийн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 249-250 дахь тал/

 

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний №БГ2-22-359, №БГ2-23-201, №БГ2-22-1973, №CБ2-22-162, №БЗД3-22-111, №БГ1-22-73, СБ2-22-266, №СБ1-22-237, №БЗД2-22-484, №БЗД2-22-1559, №БЗД2-23-079, №БЗД2-22-2149 №БЗД2-22-2164, №ЧД1-23-15 дугаартай тайлангууд. /2 дахь хавтаст хэргийн 48-49, 95-96, 98-99, 192-193, 241-242 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 49-50, 213-214 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 7-8, 202-203 дахь тал, 5 дахь хавтаст хэргийн 14-17 дахь тал, 6 дахь хавтаст хэргийн 26-27, 150-151, 189-190 дахь тал, 7 дахь хавтаст хэргийн 27-28 дахь тал/

 

Кости эстимэйт ХХК-ны Хөрөнгийн үнэлгээний тайлан. /3 дахь хавтаст хэргийн 101-103 дахь тал, 5 дахь хавтаст хэргийн 125-127 дахь тал/

 

Мастер Үнэлгээ ХХК-ны Хөрөнгийн үнийн тодорхойлолт. /5 дахь хавтаст хэргийн 72-73 дахь тал/

 

***ын яллагдагчаар өгсөн “...Тэгтэл Мөнхзул гэх эмэгтэй ууж байсан шилтэй вискинээс надад хундаглаж өгөхөөр нь би уусан. Тэгээд байж байтал нөгөө хоёр эмэгтэй хоорондоо караоке орж суух талаар яриа өрнүүлэхээр нь би тэгье гээд хэлтэл уг хоёр эмэгтэй чи тэгвэл бид хоёрыг тооцоог төлчих гэхээр нь би надад тийм боломж байхгүй гэж хэлээд буцаад суудалдаа очоод суусан.

... Нэлээд хугацааны дараа уг хоёр эмэгтэй хамт ариун цэврийн өрөө ороод нэлээд удсан. Тэгээд хүрч ирээд ширээн дээр суугаад вискинээс хэд хэд хундаглаж ууцгаасан. Тэр үед хажуугийн ширээний хоёр эмэгтэй Мөнхзултай хамт байсан эмэгтэйг дагуулаад тамхи татна гээд гарсан. Тэгээд би Мөнхзултай хамт ширээн дээр сууж байтал Мөнхзул миний гарыг илээд байхаар нь би гарыг нь барьтал ширээн дээр өөрийнхөө гарыг дэрлээд хэвтчихсэн. Тэгээд би гарыг нь илж байтал аль гарынх нь билээ нэг хуруунд нь зүүлттэй бөгж байхаар нь хэлэлгүй мулталж аваад халаасандаа хийчихсэн. Хэсэг хэвтэж байгаад Мөнхзул сэрээд ариун цэврийн өрөө ормоор байна гэж хэлэхээр нь би түшээд ариун цэврийн өрөөнд оруулаад хана налаад зогсож байхаар нь би түшээд ариун цэврийн өрөөнд оруулаад хана налаад зогсож байхаар нь чихэнд нь байсан монетон ээмгийг тайлж аваад Мөнхзулыг ариун цэврийн өрөөнөөс хувцсыг өмсөөд гарах гэтэл ширээн дээр гар утас байхаар нь аваад уг уушийн газраас явсан.

...Би гар утсыг авч явж байгаад халааснаасаа алдчихсан. Ямар өнгийн ямар гар утас байсан талаар одоо хэлж мэдэхгүй байна. Мөн ээмэг болон бөгжийг нь 25 дугаар эмийн сангийн ойролцоо маргааш өдөр нь явж байгаад хувь хүнд 400,000 төгрөгөөр зарчихсан. Тухайн хүнийг одоо танихгүй. Авсан мөнгөөрөө ганцаараа ууж идээд дуусгачихсан.

Би хохирлоо барагдуулсан зүйл огт байхгүй. Уг үйл явдал камерын бичлэгэнд тусгагдсан байгаа. Би дээрх гэмт хэргийг үйлдсэндээ харамсаж байна. Дээрэмдэх гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 52-54 дэх тал/

“... Би тухайн эмэгтэйн биед байсан эд зүйлс авсан үйлдэлдээ ухамсарлаж байна. Миний буруу надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 229 дэх тал

“...Би ***гийн гар утсыг ярьчихаад өгье гээд аваад гарсан. Гэхдээ гар утсыг нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 19 дэх тал/

“... 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн орой 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамба гэдэг уушийн газар руу ганц нэг пиво уухаар ганцаараа орсон юм. Тухайн уушийн газарт ороод пиво захиалаад уугаад сууж байтал хажуу талын ширээн дээр танихгүй нэг эмэгтэй мөн ганцаараа пиво уугаад сууж байсан. Ингээд би тухайн эмэгтэйд 1 шил пиво авч өгөөд уг эмэгтэйтэй нэг ширээнд хамт юм ярьж сууж байгаад би явлаа гэж хэлээд гараад явсан. Би гадаа гарсан чинь шээс хүрээд байхаар нь би бие засах санаатай буцаад уушийн газар руу ортол нөгөө эмэгтэй ширээн дээрээ гар утсаа үлдээгээд бие засах өрөө рүү орсон байхаар нь би гар утсыг нь аваад уушийн газраас шууд гараад явчихсан юм. Уушийн газраас гар утсыг нь авч гараад 10 дугаар хорооллын автобусны буудал дээр байрлах түргэн үйлчилгээний цэг ороод худалдагч эрэгтэйд тухайн гар утсыг 100,000 төгрөгөнд барьцаанд авчих гэж гуйсан чинь үгүй гээд байсан. Тэгээд 75,000 төгрөгөөр гуйж байгаад барьцаанд тавиад мөнгөөр нь ойр зуур өөртөө зарцуулаад дууссан юм. ...” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 78-79 дэх тал/

“Тухайн үеийн үйл явдлыг саналаа. Би Tse уушийн газраас дээш байх Россия нэртэй ресторанд тухайн гар утсыг алдсан гэх эмэгтэй бид хоёр бас нэг найз нь хамт байсан. Би тухайн гар утсыг авсан нь бол үнэн. Би ярьчихаад өгье гээд гараад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 210 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хууль бусаар өөрийн болгох, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах шөнийн цэнгээний газар, караоке, уушийн газраар үйлчлүүлж өөрийгөө бусдад Баярбат, ***, Мандахнар, Ганаа, Манлай гэдэг нэрээр танилцуулан хамт үйлчлүүлдэг байжээ.

Ийнхүү бусадтай танилцаад Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах шөнийн цэнгээний болон уушийн газар, караоке, орцонд, зочид буудлуудад хохирогч нарын эд хөрөнгөө хадгалах хамгаалахад хайхрамжгүй хандсан, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас сонор сэрэмжээ алдсан байгааг далимдуулан гар утас, бөгж, ээмэг, гинж, банкны виза карт, түрийвч, бэлэн мөнгө зэргийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр болон илээр авсан, түүнчлэн эд хөрөнгөө өгөхгүй байгаа хохирогчийн эсэргүүцлийг няцаах зорилгоор хүч хэрэглэж авсан, мөн эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд худал хэлэн авсны улмаас нэр бүхий 30 хохирогчид 47,406,265 төгрөгийн хохирол учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ***ад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Харин шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэргийг үйлдээгүй гэж маргаж байгаа боловч уг гэмт хэргийг няцаасан, үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***аас 1,592,000 төгрөг гаргуулж ***д, 330,000 төгрөг гаргуулж ***д, 2,428,000 төгрөг гаргуулж ***т, 3,087,500 төгрөг гаргуулж ***д, 793,000 төгрөг гаргуулж Б.***ад, 3,140,000 төгрөг гаргуулж ***д, 1,170,000 төгрөг гаргуулж ***д, 567,000 төгрөг гаргуулж ***д, 900,000 төгрөг гаргуулж ***д 350,000 төгрөг гаргуулж ***т, 380,000 төгрөг гаргуулж ***д, 1,767,000 төгрөг гаргуулж ***д, 854,100 төгрөг гаргуулж Д.Түмэндэмбэрэлд, 450,000 төгрөг гаргуулж ***д, 1,570,000 төгрөг гаргуулж ***д, 3,100,000 төгрөг гаргуулж ***ад, 1,100,000 төгрөг гаргуулж ***д, 290,000 төгрөг гаргуулж ***д, 4,574,250 төгрөг гаргуулж ***т, 2,750,000 төгрөг гаргуулж ***д, 580,000 төгрөг гаргуулж ***д, 895,600 төгрөг гаргуулж ***д, 2,510,000 төгрөг гаргуулж ***д, 1,300,000 төгрөг гаргуулж ***т, 2,150,000 төгрөг гаргуулж ***т нарт олгохоор шийдвэрлэлээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ хохирогч ***, ***, ***, ***, ***, ***, *** нарт биет байдлаар хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, тэдгээрийн мэдүүлгээр /2 дахь хавтаст хэргийн 206, 247 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 247 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 152, 199 дэх тал, 5 дахь хавтаст хэргийн 7,10 дахь тал/ тогтоогдсон тул хасаж тооцов.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоох дүгнэлтийг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор ургийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

 Мөн шүүгдэгч ***ын урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/480 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 01 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг 9 жил 11 сар 1 хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 162 хоногийг, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл баривчлагдсан, цагдан хоригдсон 138 хоногийг нийт 300 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дөш овогт ***ыг үргэлжилсэн үйлдээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

үргэжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ***ад энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/480 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 11 сар 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, ялыг нэмж нэгтгэн 9 жил 11 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

         

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар ***ад оногдуулсан 9 жил 11 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ын баривчлагдсан, цагдан хоригдсон 300 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар ***ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ***аас 1,592,000 төгрөг гаргуулж ***д, 330,000 төгрөг гаргуулж ***д, 2,428,000 төгрөг гаргуулж ***т, 3,087,500 төгрөг гаргуулж ***д, 793,000 төгрөг гаргуулж Б.***ад, 3,140,000 төгрөг гаргуулж ***д, 1,170,000 төгрөг гаргуулж ***д, 567,000 төгрөг гаргуулж ***д, 900,000 төгрөг гаргуулж ***д 350,000 төгрөг гаргуулж ***т, 380,000 төгрөг гаргуулж ***д, 1,767,000 төгрөг гаргуулж ***д, 854,100 төгрөг гаргуулж Д.Түмэндэмбэрэлд, 450,000 төгрөг гаргуулж ***д, 1,570,000 төгрөг гаргуулж ***д, 3,100,000 төгрөг гаргуулж ***ад, 1,100,000 төгрөг гаргуулж ***д, 290,000 төгрөг гаргуулж ***д, 4,574,250 төгрөг гаргуулж ***т, 2,750,000 төгрөг гаргуулж ***д, 580,000 төгрөг гаргуулж ***д, 895,600 төгрөг гаргуулж ***д, 2,510,000 төгрөг гаргуулж ***д, 1,300,000 төгрөг гаргуулж ***т, 2.150.000 төгрөг гаргуулж ***т нарт олгосугай.

 

9. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ