Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/460

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Б.Билгүүн,

шүүгдэгч *** түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Очирваань овогт овогт ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205013901419 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрөгч, угсрагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, ахын хамт Хан-Уул дүүрэг *** дугаар хороо Сонсголон *** гудамж *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Очирваань овогт ***

 

Шүүгдэгч *** нь ***тай бүлэглэж 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Paradox-ын автобусны орчимд хохирогч ***ийн I phone 11 загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнө 01 цагийн орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч *** нүүрэн тус газар 2-3 удаа цохиж түүний Samsung загварын гар утас, зүүн халаасанд байсан 5000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг зэргийг авч нийт 270,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хүний биед үзлэг хийсэн “... доод уруул язарч цус гарсан байдалтай, хамар, ам хэсэг цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, түүнээс доош биед ил харагдах гэмтэл шарх, сорви, шивээс байхгүй, бага зэргийн согтолттой, 2 гар цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байв. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 6 дахь тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Баянгол дүүрэг 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэр зоогийн газрын гадна талын хяналтын камерын бичлэгт хохирогч болох ***ийн араас хар өнгийн хувцастай эрэгтэй, улаан өнгийн малгайтай цамцтай хоёр эрэгтэй явж байна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 51-52 дахь тал/

 

Хохирогч *** 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 23 цаг 45 минутад Сансар хорооллын Хава нэртэй караокед ангийн хамт олонтойгоо ороод 01 цаг 30 минут караокед дуулаад тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01 цаг 40 минутад Энхцэцэг, Шаравжамц гэх найзуудын хамт гарсан. Тэгээд тэндээсээ такси бариад хорооллын Москва их дэлгүүр хүртэл таксидаад 7000 төгрөг өгсөн. Хоёр найз маань буугаад би цаашаагаа алхаад явсан. Тэгээд нэг мэдсэн чинь Мөнгөн гүүр эмнэлгийн ойролцоо ирсэн байсан. Тухайн үедээ би хэтрээд алхсан байна гэж бодоод буцаад Хорооллын эцэс рүү алхаад явсан. Тэгээд нэг шороон зам дээр явж байсан. Тэгтэл нэг үл таних эрэгтэй гарч ирээд миний уруул руу цохиод миний гар утсыг булааж аваад утсаа өг гээд авсан. Тухайн үед би Орост байдаг ахтайгаа ярьж байсан. Тэгээд нөгөө хүн намайг халаасанд байгаа мөнгөө өг гээд миний зүүн халаасанд гараа хийгээд нэгжээд 40,000 төгрөг болон миний хоёр ширхэг карт, миний гар утсыг аваад явсан. Гэнэт хажуугаас хүн гарч ирэхээр нь би зугтсан. Тэгээд амь авраарай гээд орилсон чинь зам дээр нэг ах зогсож байсан яваад очсон чинь тэр ах надад цагдаа руу залгаж өгөөд чамайг хутгалуулсан юм болов уу гэж бодсон гээд цагдаа ирэхэд тэр ах яваад өгсөн.

Би сайн харж чадаагүй. Гар утсаар яриад явж байсан чинь гэнэт гарч ирээд намайг цохиод миний гар утас мөнгийг аваад зугтаасан. Миний бодлоор 18-20 орчим насны эрэгтэй хүн байсан.

Загварыг нь сайн мэдэхгүй байна. Samsung загварын 2021 онд 250,000 төгрөгөөр худалдаж авч байсан, хар өнгийн, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас байсан.

Гар утсаа би 200,000 төгрөгөөр үнэлж байна. Нийтдээ 240,000 төгрөгийн хохирол учирсан. Хамар хэсэгт нэг удаа цохиод, уруул руу 2 удаа цохисон. Уруул өвдөж байна, хамар бас өвдөж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-13 дахь тал/

 

Хохирогч ***ийнБи 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Remix караокегийн хажуугаар өөрийн I phone 11 загварын гар утсаар найз залуутайгаа яриад явж байхад араас үл таних хоёр эрэгтэй гар утас булаагаад зугтаасан. Миний гар утсыг булаасан хоёр эрэгтэйн араас хөөгөөд гүйж байхдаа өмсөж явсан хувцсыг нь харсан. Миний араас нь хөөж байсан эрэгтэй нь цайвар өнгийн өмд, хар бараан өнгийн богино хүрэмтэй байсан.

 ... Миний явж байсан газар хяналтын камер байсан. Тэр хоёр эрэгтэй миний араас дагаад явж байгаа. Би гар утсаа Skytel гээд гар утас худалдааны төвөөс 2021 оны 12 дугаар сард 1,400,000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний гар утас үзмэн ягаан өнгийн гар утас байгаа. Би гар утсаа зах зээлийн үнээр хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна.

Миний гар утас 353998106980756 гэсэн Imei кодтой байсан. Миний гар утсыг цаашид хүн ашиглах боломжтой би өөрийн гар утасны id кодыг гаргасан байгаа. Миний гар утсыг булаахдаа намайг газар унагаагаад чирсэн. Миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй надад бэртэл гэмтэл байхгүй. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 59-61 дэх тал/

“... Надад Дагвасүрэнгийн ээж гэх эмэгтэй 89809101 гэсэн дугаараас холбогдсон ба Дагвасүрэнгийн хохирлын мөнгө гэж миний 5806120544 дугаарын дансанд 600,000 төгрөг шилжүүлсэн. Үнэлгээн заагдсан хохирлын үлдэгдэл хохирлыг Мөнгөншагай гэх хүн хийнэ гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 63 дахь тал/

 

Насанд хүрээгүй гэрч Э.Амгаланзаяагийн ... Тэгээд ажлаа хийж дуусаад шөнийн 00 цаг болж байсан байхаа. Ажлаас гарсан чинь Давка үүдэнд зогсоод явж баавгай цохих уу гэсэн. Тэгэхээр нь би үгүй гэсэн чинь юу ч гэсэн эхлээд түргэн үйлчилгээнй цэг оръё гээд Дөлгөөнөө, Давка бид гурав тамхи аваад Хорооллын эцэс рүү явж байсан. Тэгээд Давка, Дөлгөөнөө бид гурав явж байхад урдаас нэг намхан ах утсаар яриад ирж байсан. Тэгсэн чинь Давка шууд нүүр хэсэгт нь цохиод элэгдээд гарт байсан утсыг нь аваад зүүн халааснаас нь 20,000 төгрөг, хоёр карт авсан. Дөлгөөнөө бид хоёр хойно нь зогсож байсан. Тэгээд шууд бид нар зугтсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26-27 дахь тал/

 

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ТХҮ-922/3428 дугаартай “... Samsung A 7 загварын гар утас 250,000 төгрөг” дүгнэлт. /хэргийн 28-32 дахь тал/

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ТХҮ-922/3428 дугаартай “...I phone 11 загварын гар утас 1,200,000 төгрөг” дүгнэлт. /хэргийн 81-84 дэх тал/

***гийн яллагдагчаар өгсөн “... 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шилжих шөнө 00 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Remix нэртэй караокены хажуу талаар найз Мөнгөншагайтай хамт зүүн зүгээс баруун зүгт чиглээд явж байсан бөгөөд бид хоёрын урд үл таних 165 см орчим өндөртэй хар өнгийн өмдтэй, хар өнгийн цамцтай эмэгтэй хүн зүүн гартаа утсаа бариад утсаар яриад явж байсан бөгөөд Мөнгөншагай бид хоёр тэр эмэгтэйн гар утсыг шүүрээд шууд чигээрээ зүүнээс баруун чиглэлтэй гүйсэн бөгөөд Мөнгөншагай нөгөө зүгт баруунаас зүүн зүгт зугтаасан.

Тэгээд тэр гар утасны эзэн эмэгтэй шууд намайг хөөгөөд араас гүйцээгүй. Тэгээд Мөнгөншагайтай утсаар яриад Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зам дагуу уулзсан бөгөөд тухайн эмэгтэйгээс булааж зугтаасан. Ягаан өнгийн I рhone 11 загварын гар утсыг кодтой болохоор нь би ганцаараа 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед Теди-1 салбарын гадаа гар утас худалдаж авна гэсэн үл таних 30 гаран насны махлаг 160 см орчим өндөртэй бордуу царайтай эмэгтэйд 30,000 төгрөгөөр худалдсан. Би тухайн өдөр саарал өнгийн биеийн тамирын цамц, малгайтай хар өнгийн цамц, хар өнгийн гуталтай явж байсан. Мөнгөншагай улаан өнгийн цамц, хар өнгийн өмдтэй явж байсан.

Мөнгө хэрэгтэй байсан болохоор хулгай хийе гэж бодоод хорооллоор явж байсан бөгөөд Мөнгөншагай бид хоёр харилцан ярилцаж байгаад л гар утсыг нь булаахаар болсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 100 дахь тал/

 

***гийн яллагдагчаар өгсөн “... 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шилжих шөнө 00 цагийн орчим найз Дагвасүрэнгийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо U&U нэртэй roller skate-ын газарт орж гулгаж байгаад тэндээсээ гараад CU дэлгүүр орж сууж байгаад гараад тэндээсээ дээшээ өгсөөд Ахуйн үйлчилгээний автобусны буудал өнгөрч хорооллын эцэс тал руугаа буюу зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байгаад замд урд алхаж байсан 20-25 насны утсаар яриад явж байсан эмэгтэйг дагаж явсан. Тэр эмэгтэй удалгүй булан тойроод явсан бөгөөд би ардаас нь утсаар ярьж байгаа юм шиг дүр үзүүлээд явж байсан ба Дагвасүрэн гар утсыг нь авсан. Тэгээд Дагвасүрэн зүүн тал руугаа зугтаж гүйсэн. Харин би ертөнцийн зүгээр урагшаа 4 зам руу уруудсан.

Ингээд удалгүй 4 зам дээр очоод Дагвасүрэнтэй утсаар ярьсан ба Дагвасүрэн Бичил хорооллын CU дэлгүүрт байна гэж хэлсэн. Тэгээд би байгаа газар нь очсон ба тэндээ бид хоёр ярилцаад байж байгаад Дагвасүрэн нь одоо намайг утас шүүрч авах ээлж намайг шүүр гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гар утас шүүрэх гэж Өргөө кино театрын ойролцоо явж байгаад хорооллын эцэс орсон бөгөөд тэр үед би утас шүүрэхээс айгаад байсан юм. Тэгээд Дагвасүрэнд хоёулаа орц руу орж жоохон дулаацъя гэж хэлээд орцонд дулаацаж байгаад би гэр лүүгээ харилаа гэж хэлээд явсан. Дагвасүрэн нь орцонд хонолоо гээд үлдсэн бөгөөд Дагвасүрэн хүнээс шүүрч авсан гар утсаа аваад үлдсэн.

Тэгээд би маргааш өглөө нь ажилдаа яваад өдөржингөө ажил дээрээ байж байтал Дагвасүрэн над руу яриад нөгөө шүүрсэн гар утсаа зарчихлаа 30,000 төгрөг болсон гэсэн. Тэгэхээр нь би ажлын хажуу талын дэлгүүрт ороод дансыг нь Дагвасүрэн рүү явуулсан ба Дагвасүрэн нь дэлгүүрийн хүний данс руу 10,000 төгрөг шилжүүлсэн. Тэр мөнгөөр идэх юм аваад идчихсэн.

Би урьд өмнө ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Анх удаагаа л үзсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 105 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь бусадтай бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шилжих шөнө бусдын эд хөрөнгийг дээрэмдэн авах талаар харилцан тохиролцжээ.

Ингээд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Paradox-ын автобусны орчимд явган алхаж байсан хохирогч ***ийг гар утсаараа ярьж явж байгааг хармагцаа түүнийг даган явж, шүүгдэгч *** нь түүний гар утсыг булаан авч зугтжээ.

Мөн шүүгдэгч *** бусдын эд хөрөнгийг дээрэмдэн авах зорилгоор насанд хүрээгүй Э.Амгаланзаяаг дагуулан 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнө 01 цагийн орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа хохирогч Б.Дөрвөдтогтохыг гар утсаар ярьж явж байхыг мэдмэгцээ түүний хамар, уруул хэсэгт цохиж гар утсаа өг гэж хэлэн Samsung загварын гар утсыг авч, зүүн халаасанд нь гараа хийж, халаасанд нь байсан бэлэн 20,000 төгрөг авчээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1.  Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь ганцаараа болон бусадтай бүлэглэн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ***г үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсонгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирчээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Дөрвөдтогтоход Samsung A 7 загварын гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 4 дэх тал/ хэрэгт авагдсан байх тул үлдэгдэл 20,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Дөрвөдтогтоход олгохоор шийдвэрлэлээ.

Мөн хохирогч *** нь 600,000 төгрөг хүлээн авсан талаараа мэдүүлсэн /хэргийн 63 дах тал/ байх ба шүүгдэгч *** хохирогч ***т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

Харин шүүгдэгч ***гийн өмгөөлөгч О.Оюунчимэгээс “Тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий саналыг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч *** гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн 2205013901419 дугаартай хэргээс ***д холбогдох хэргийг тусгаарласан болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл баривчлагдсан, цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Очирваань овогт овогт ***г үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар ***д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***гийн баривчлагдсан цагдан хоригдсон 34 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар ***д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ***гээс 20,000 төгрөг гаргуулж Б.Дөрвөдтогтоход олгосугай.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, *** хохирогч ***т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн 2205013901419 дугаартай хэргээс ***д холбогдох хэргийг тусгаарласан болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ