Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 811

 

 

 

 

                                                                                            

            2020        03          05

                                 101/ШШ2020/00811

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О

Нэхэмжлэгч: Х нарын гаргасан,

Хариуцагч: Б ХХК

 

Хариуцагч: Х ХХК

 

Гэм хорын хохиролд 67,674,972.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О, Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М, А, өмгөөлөгч Д, Г, иргэдийн төлөөлөгч О, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.                                                   

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нараас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Би, Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн бүлгийн даргаар ажиллаж байгаад 2012 оны 09 сарын 07-ны өдөр ангийн захирагч Б-ийн тушаалаар Баянзүрх дүүрэг дэх “Э" эмнэлэгийн барилга дээр 11 ахлагч нарын хамт ажил үүргээ гүйцэтгэж байсан юм. Гэтэл 10 цагийн үед хажуу талын буюу хариуцагч Б ХХК-ийнбарьж байсан барилгын 12 давхраас тулгуур /сапу/ төмөр унаж, миний дух, нүүрний хэсгийг оносноос тархи болон нүүр хацрын яс нилэнхүйдээ бяцарч, хүнд гэмтэл авсан.

Дээрх гэмтлээс болж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Цэргийн эмч нарын комиссын магадлагааг үндэслэн Онцгой байдлын Ерөнхий газрын даргын тушаалаар намайг ажлаас минь чөлөөлсөн. Хариуцагч нарт холбогдох Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 322 тоот шийтгэх тогтоолын 5 дугаар хэсэгт “хохирогч нь гэм хорын хохирлын талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэснийг үндэслэн хариуцагч нараас доорх бодит гарсан зардал, хохирлыг тэнцүү хэмжээгээр гаргуулах хүсэлтэй байна. Үүнд:

  • Монгол Улсад эмчилгээ хийлгэхэд төлсөн эм тарианы зардал 2,872,492.00 төгрөг, 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны цалин-тахир дутуугийн тэтгэмжийн зөрүү 4,589,376.00 төгрөг, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар 47 настай тэтгэвэр тогтоолгох тул 2019 оны 10 дугаар сараас 12 жил буюу 144 сарын хугацааны цалин-тахир дутуугийн тэтгэмжийн зөрүү 60,079,104.00 төгрөг, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой нотариатын зардал 19,000.00 төгрөг, архиваас баримт хуулбарлахад төлсөн 115,000.00 төгрөг, нийт 67,674,972.00 төгрөг.

 

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 322 тоот шийтгэх тогтоолд дурдсан 60,429,000.00 төгрөг, Улсын Дээд Шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 598 тоот тогтоолоор олгосон 82,000,000.00 төгрөг нь миний БНХАУ болон Энэтхэг улс болон БНСУ-д эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал байсан.

Үүнээс хойш хугацаанд хариуцагч нар надад туслаагүй, өнөөдрийг хүртэл эм тарианд төлсөн төлбөрийг нэгтгэвэл 2,872,492.00 төгрөгөөс илүү гарна, харин ирээдүйд авч болох цалин хөлсийг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар хэрэв би эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөөгүй байсан бол 47 настайдаа тэтгэвэр тогтоолгох боломжтой ба 35 наснаас 12 жилийн хугацаагаар тооцож, дундаж цалин хөлсийг 946,850.00 төгрөг гэвэл одоо авч буй тэтгэвэр болох 529,634.00 төгрөгийн зөрүү нь 417,216.00 төгрөг бөгөөд үүнийг 144 сараар үржүүлвэл нийт 60,429,000.00 төгрөг болж байна.

Түүнчлэн хариуцагч нар намайг тэдгээрийн өгсөн нийт 142,429,000.00 төгрөгийг дахин нэхэмжилж байна гэж тайлбарласныг няцаахаар Эрүүгийн хэргийн архив болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх архиваас тус тус нотлох баримт бүрдүүлэхэд 115,000.00 төгрөгийг төлснөөс гадна нотариатын зардалд 19,000.00 төгрөгийг төлсөн. Би, 142,429,000.00 төгрөгийг БНХАУ болон Энэтхэг улс болон БНСУ-д эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал гэдгийг баримтаар нотолсон ба үүнийг шүүхийн шийдвэрт тодорхой дурдсан байгаа болно.

Иймд, хариуцагч нараас 67,674,972.00 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч нарын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

“Манай компанийн барилга дээрээс сапу төмөр унаж, О-г гэмтээсэн нь үнэн. Гэвч түүнийг Онцгой байдлын ерөнхий газар яагаад барилга дээр ажиллуулсан юм бэ, тэр өдөр манайх барилга дээрээсээ төмөр буулгах учраас ажилчдаа оруулж болохгүй гэж уг байгууллагад сануулсан байсан. Гэтэл ийм зүйл тохиолдсонд одоо хүртэл харамсаж явдаг. Бид нар О-г амьд үлдээх гэж их хичээж, санаа тавьж ирсэн, гэхдээ би тэр төмрийг санаатайгаар унагаагаагүй гэдгийг ойлгоорой. Өнгөрсөн хугацаанд бид хүний мөн чанарын үүднээс чадах хэмжээгээр нэхэмжлэгчийн эмчилгээний зардлыг төлж байсан, эхнэрийнхэн хамт сахиж хонож байсныг Х мэднэ, бид хоёр энэ хүний өмнөөс зөндөө явсан. Гэвч нэхэмжлэгч Онь мөнгө аваагүй мэт худлаа ярьж байна. Хариуцагч нар 30,000,000.00 төгрөгөөс өмнөх бүх эмчилгээний зардлыг төлсөн ба нэхэмжлэгчийг БНСУ-д гоо сайхны хагалгаанд орно гэхэд нь би өөрөөсөө 30,000,000.00 төгрөгийг төлсөн юм шүү.

Нэхэмжлэгчид хэцүү байгааг ойлгож байна, гэвч бид бүхэн ажлаа л хийж байгаа хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй. Хариуцагч нар нэхэмжлэгчийн эрүүл мэндэд огт анхаараагүй орхисон зүйл байхгүй, өгөх ёстой мөнгөө өгсөн. Гэхдээ ирээдүйд олох ёстой орлогын талаар нэхэмжлэх үндэслэл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б ХХК -иас нэхэмжлэгчид 38,008,000.00 төгрөг өгсөн бол БНХАУ-ын Бээжин хот руу явахад хариуцагч нар тус бүр 10,000,000.00 төгрөгийг өгснөөс гадна БНСУ руу явахад нь 82,000,000.00 төгрөгийг тус тус төлсөн.

Хэрэгт авагдсан Монгол Улсад эмчилгээ хийлгэхэд гарсан зардлын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул нэмж төлбөр төлөх үндэслэлгүй. Иргэний хуулийн 507, 509 дүгээр зүйлд зааснаар хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан байна. Хүн амын хөгжил нийгмийн хамгаалалын сайд, Эрүүл мэнд спортын яамны сайдын хамтарсан тушаалын хавсралтын 1.4.3.-т зааснаар 50-69 хүртэл хувь хөдөлмөрийн чадвар алдсан бол цаашид ажил хөдөлмөр эрхлэх боломжтой гэж заасан. Нэхэмжлэгч Онь ирээдүйд огт ажил хийхгүй тул цалингаа авна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Талуудын тайлбар, мэтгэлцээн, нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, эмчилгээний зардлыг төлж болно, харин өмнө нь шүүхийн шийдвэрт тусгаагүй мөнгийг манай компаниас төлсөн, үүнийг шударгаар хэлэх ёстой бөгөөд одоо шаардаж буй мөнгөөс хасагдах ёстой. Косметик хагалгааны зардал гэж 30,000,000.00 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт өгсөн байна. Үүнийг өмнөх эрүүгийн хэрэг дэх 36,000,000.00 төгрөгийг төлсөн баримтаас ялгах ёстой тул 2 өөр төлбөр гэж ойлгож болно.

Нэхэмжлэгчийн авч байгаа тэтгэмжийн хэмжээ цаашид нэмэгдэх, насны байдал өөрчлөгдөх, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болох зэрэг тодорхойгүй асуудлууд байна. Иймд, урьдаас зөгнөж, төсөөлж шийдвэр гаргах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Б ХХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“О-г ажлаас чөлөөлсөн өдрөөс ажилгүй болсон гэж үзвэл нэхэмжлэлийн дүн бага гарна, ажилласан хугацааны сүүлийн 3 жилээр тооцсон нь буруу. Нэхэмжлэгчийг гэмтээсэндээ харамсаж явдаг, хүний зовлонг ойлгож, чадах хэмжээндээ тусалж байгаа, цаашдаа ч туслахад татгалзах зүйлгүй. Үүнээс өмнө Онь бид нараас тэрбум гаруй төгрөг нэхэмжилж байсан. Гэвч хүн гэмтэж бас үхдэг хорвоо, нэхэмжлэгчийг хохирсон гэдгийг ойлгож байгаа ч хууль ёсны дагуу бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэх ёстой.

Хэрэв шүүх нэхэмжлэгч О-г үнэхээр хохирсон болохыг тогтоовол өгөхгүй гэхгүй. Бид тодорхой эрсдэл үүрч байж бүх төлбөрийг төлсөн. Гэвч тэр БНСУ руу явахаас өмнө нь бид нарын өгсөн мөнгийг юунд зарцуулсан болохыг тайлбарлаж хэлээгүй. Энэтхэг улс руу явсан гэснийг шалгуулахад А гэж хүн хамт яваагүй байсан. Өөрөөр хэлбэл, илүү зүйлийг үндэслэлгүй нэхэмжилж байгаад үнэхээр их харамсаж байна. БНСУ руу явсан талаарх мэдээллийг мөн адил авсан, гэтэл 30,000.00 орчим воны төлбөр гараагүй байсан, гэхдээ шүүхэд баримт өгсөн байсан тул нэхэмжилсэн төлбөрийг нь төлсөн. Нэхэмжлэгч нь миний өгсөн мөнгийг өөртөө хэрхэн зарцуулсан талаар нотлох баримттай тайлбарлах юм бол нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөд татгалзахгүй.

Манай компаниас О-г эмчлэх гэж их хөөцөлдсөн, дараа нь шаардлагатай мөнгийг өгсөн, мөнгө өгөхгүй гээгүй. Харин авахдаа хуулийн дагуу нотлох баримтыг шударгаар бүрдүүлээд авах хэрэгтэй. Бэлэн мөнгөний баримтыг юунд зарцуулсан болохыг нотлохгүйгээр бид нараас мөнгө нэхэж болох уу, байгууллага руу албан баримт явуулсныхаа төлөө мөнгө нэхэх нь зөв үү гэсэн асуултад хариулах хэрэгтэй.

Тухайлбал, түрүү булчирхайн шинжилгээний баримт хэрэгт байна, гэтэл түрүү булчирхай болон гэмтсэн нүд хоёр ямар хамааралтай юм, үүнээс гадна хэрэгт өгсөн 420,000.00 төгрөгийн баримт нь төлбөрийн баримт биш. Төлбөрийн баримт бол кассын зарлагын баримт байх ёстой, бүх зарлагын баримт дугаартай байх ёстой, гэвч хэрэгт өгсөн баримтаас харахад маш цөөхөн баримт дугаартай байна.

Шүүх яаж үнэлэхийг мэдэхгүй. Би, Улсын Дээд Шүүхийн шийдвэрийн дараа шүүхэд итгэхээ больсон, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Гэтэл Улсын Дээд шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч О-ын эхнэрийнх нь шүүх дээр ажиллаж байсан хүн нь гаргуулсан байсан. Энэтхэг хэл дээрх баримтыг энэтхэг хэлтэй шүүгч шийдсэн байж магадгүй юм. Гэхдээ яагаад өнөөдөр давхардсан баримтаар мөнгө нэхэж байгаа юм бэ, манай байгууллагад хэцүү байна. Нэхэмжлэгч О-ын хувьд би дандаа харамсдаг, чадах хэмжээгээрээ тусална гэдгийг хэлсэн.

Би, нэхэмжлэгч О-г Б-р дамжуулж гуйлгаж 3 хоногийн хугацаатай ажил хийлгэхээр авсан. Гэтэл 3 дахь өдрийн орой ажил дуусаж байхад Онь миний дүү А гэх хүнээс мөнгө нэмж аваад маргааш нь ирж ажиллахад нь осол болсон. Би, өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байгаа боловч надаас нэхэмжлэгч нь 959 гаруй төгрөгийг нэхэмжилсэн. Магадагүй уг ослыг далимдуулан мөнгө олох гэж байгаа мэт харагдаж байна. Нэхэмжлэгчээс уучлалт гуйж байна, аливаа хохирлыг шаардаж байгаа бол хуулийн дагуу нотлох баримтыг бүрдүүлэх ёстой” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ОХ нараас хариуцагч Б ХХК , Х ХХК нарт холбогдуулан гэм хорын хохиролд 67,674,972.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан.

 

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчдад холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4.-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 322 тоот шийтгэх тогтоолоор М, А нарыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахиулах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч О-ынбиед хүнд гэмтэл учруулсанд гэм буруутайд тооцсон байна /1-р х.х-ийн 3-8 хуудас/.

Тодруулбал, хариуцагч Б ХХК , Х ХХК-иудын ажилтан М, А нар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг зохих ёсоор сахиулаагүйгээс 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр барилгын сапу төмөр нэхэмжлэгч Одээр унаж, үүнээс улбаалан нэхэмжлэгчийн дух яс, хоёр нүдний ухархайн дээд ханын хугарал, зүүн нүдний харааны мэдрэлийн тасрал, хацар, хоёр нүдний ухархайн доод хана, доод эрүү ясны зөрөөтэй хугарал болон дух, нүүрний зөөлөн эд няцарсан байна.

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч компаниудын ажилтнуудын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн биед хүнд гэмтэл учирсан үйл баримт болон тус шүүхийн 322 тоот шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх талаар маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

Иймд, нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор хариуцагч Б ХХК , Х ХХК-иудын ажилтан М, А нарын үйлдлээс нэхэмжлэгч О-дгэм хор учирсан болохыг тогтоосон байх тул зохигчид энэ талаар маргах эрхгүй болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14.-т “.............бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан.

Тайлбарлавал, нэхэмжлэгч Онь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй бөгөөд тэрээр энэ тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж зааснаар М, А нарын учруулсан хохирлыг тэдгээрийн ажил олгогч буюу хариуцагч Б ХХК , Х ХХК нараас арилгахыг шаардах эрхтэй.

Харин нэхэмжлэгч Хгийн хувьд М, А нарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг зохих ёсоор сахиулаагүйгээс өөрт нь гэм хор учраагүй байх тул түүнийг эрх ашиг нь зөрчигдсөн нэхэмжлэгч гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ............” гэж зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр оролцсон хэдий ч ийнхүү түүний биед гэм хор учраагүй учраас нэхэмжлэлд дурдсан шаардлагыг хариуцагч нарт холбогдуулан гаргах эрхгүй байна /1-р х.х-ийн 185, 2-р х.х-ийн 122-124 хуудас/.

Энэ тохиолдолд, Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1.-д зааснаар зохигчдын хооронд үүрэг үүсэх үндэслэл нь энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5.-д заасан гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүйгээс үүсэх ба үүнд гэм хор учруулсан этгээд гэм буруутай байх тохиолдолд тэрээр хохирогч этгээдийн өмнө учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээх ба нэхэмжлэгч Онь хариуцагч Б ХХК , Х ХХК нарт холбогдуулан гэм хорын улмаас өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нар хариуцагчдад холбогдуулан “Монгол Улсад эмчилгээ хийлгэхэд төлсөн эм тарианы зардал 2,872,492.00 төгрөг, 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны цалин-тахир дутуугийн тэтгэмжийн зөрүү 4,589,376.00 төгрөг, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар 47 настай тэтгэвэр тогтоолгох тул 2019 оны 10 дугаар сараас 12 жил буюу 144 сарын хугацааны цалин-тахир дутуугийн тэтгэмжийн зөрүү 60,079,104.00 төгрөг, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой нотариатын зардал 19,000.00 төгрөг, архиваас баримт хуулбарлахад төлсөн 115,000.00 төгрөг, нийт 67,674,972.00 төгрөг”-ийг нэхэмжилсэн /1-р х.х-ийн 182, 183, 2-р х.х-ийн 127, 128 хуудас/.

 

Харин хариуцагч Б ХХК-ийнзүгээс нэхэмжлэгч О-д шүүхийн шийдвэрт зааснаас гадна 117,400,000.00 төгрөгийг өгсөн гэж, хариуцагч Х ХХК нь 77,000,000.00 төгрөгийг өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 322 тоот шийтгэх тогтоолд дурдсанаар хариуцагч Б ХХК  нь 36,400,000.00 төгрөг, хариуцагч Х ХХК нь 24,029,000.00 төгрөгийг тус тус нэхэмжлэгч О-дөгсөн бол Улсын Дээд Шүүхийн иргэний хэргийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 598 тоот тогтоолоор хариуцагч нараас нийт 82,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна /1-р х.х-ийн 130-134 хуудас/.

Тодруулан хэлбэл, Улсын Дээд Шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 598 тоот тогтоолд дурдсанаар хариуцагчийн нарын урьд өмнө буюу 2013 онд нэхэмжлэгчид өгсөн 60,429,000.00 төгрөг /36,400,000+24,029,000/-ийг нэхэмжлэгчийн БНХАУ болон Энэтхэг улсад эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал гэсэн бол уг 82,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгчийн БНСУ-д эмчлүүлэхэд төлөх төлбөр болон иргэн О-с авсан зээлийн хүүгийн зардал гэж дүгнэжээ.

Хэдийгээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Аээс 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 20,000,000.00 төгрөг, хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мгаас 30,000,000.00 төгрөг, мөн 196 тоот яллах дүгнэлтэд хариуцагч Б ХХК -иас 38,800,000.00 төгрөг, хариуцагч Х ХХК-иас 25,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч О-дхүлээлгэн өгсөн гэсэн боловч эдгээр төлбөрүүд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 322 тоот шийтгэх тогтоолд дурдсан 60,429,000.00 төгрөгт хамаарах ажээ /1-р х.х-ийн 193, 2-р х.х-ийн 104, 107/.

Түүнчлэн хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Баянзүрх дүүргийн шүүхийн 322 тоот шийтгэх тогтоол болон Улсын Дээд Шүүхийн 598 тоот тогтоол гарахаас өмнө нь өгсөн 24,029,000 төгрөг болон 41,000,000.00 төгрөгөөс өөр мөнгөн хөрөнгө бүхий зүйлийг өнөөдрийг хүртэлх хугацаанд нэмж өгөөгүй гэсэн бол хариуцагч Б ХХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч нь 77,400,000.00 төгрөг /36,400,000+41,000,000/-ийг оролцуулаад нийт 140 гаруй сая төгрөгийг өгсөн гэж мэтгэлцсэн.

Гэтэл шүүх хуралдаанд гэрчээр оролцсон тус компанийн ерөнхий нягтлан Т нь 77,400,000.00 төгрөгөөс гадна нэмж нэхэмжлэгчид мөнгө өгсөн гэсэн мэдүүлэг нь баримтаар нотлогдоогүй ба нэхэмжлэгчид эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол болон Улсын Дээд Шүүхийн тогтоол гарснаас хойш хугацаанд мөнгө өгч байсан тухай буюу бэлэн эсхүл бэлэн бус гүйлгээний /кассын зарлагын баримт, мөнгөн шилжүүлэг, орлог гэх мэт/ баримтыг хэрэгт өгөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.2.-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Б ХХК  нь 77,400,000.00 төгрөгийг оролцуулаад 140 гаруй сая төгрөгийг нэхэмжлэгч О-дөгсөн гэдгээ нотлоогүй, энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргасангүй.

Иймд, хариуцагч нарын нэхэмжлэгчид урьд өмнө өгсөн 142,429,000.00 төгрөг /60,429,000+82,000,000/-ийг нэхэмжлэгчийн Монгол Улсад эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардал гэж дээр дурдсан шүүхийн шийдвэр, тогтоолд дүгнээгүй тул зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар уг 142,429,000.00 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах ёстой гэж маргах эрхгүй байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.

  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн б/1292 тоот тушаалаар нэхэмжлэгч О-г Үндэсний аврах бригадын Ариутгал халдваргүйжүүлэлтийн бүлгийн даргаар ажиллаж байхад нь эрүүл мэндийн шалтгаанаар ажилдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажил, ажил тушаалаас нь чөлөөлсөн ба нэхэмжлэгч нь ахмад цолтой байхдаа ажлаас чөлөөлөгдсөн байна /1-р х.х-ийн 120, 121 хуудас/.

Мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох тухай 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0175086 тоот актаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 50 хувиар тогтоож, улмаар 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0269330 тоот актаар хөдөлмөрийн чадварын алдалтыг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл сунгасан байна /1-х.х-ийн 54, 55, 55 хуудас/.

Ингээд нэхэмжлэгч Онь 2018 оны 10 дугаар сараас эхлэн Нийгмийн даатгалын сангаас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар дундаж цалин хөлсөө 882,725.00 төгрөгөөр тогтоолгож, 529,634.00 төгрөгийн тэтгэврийг 2019 оны 01 дүгээр сар хүртэл, 2019 оны 02 дугаар сараас эхлэн 553,634.00 төгрөгийн тэтгэврийг авч байгаа ажээ /1-р х.х-ийн 57, 122 хуудас/.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөж, 2018 оны 10 дугаар сараас эхлэн хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэврийг авч эхэлжээ.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн тэтгэвэр дор дурдсан төрөлтэй байна” гээд 3.1.1-д “цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан тэтгэвэр” гэж, мөн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй” гээд 4.1.5.-д “цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д “цэргийн алба гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг хэлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Онь Онцгой байдлын ерөнхий газар ажиллаж байсны хувьд цэргийн тэтгэвэр, тэтгэмж авах албан хаагчид хамаарах бөгөөд ахмад цолтойгоор ажлаас чөлөөлөгдсөн тул энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.4.-т “Дэслэгч, ахлах дэслэгч, ахмад цолтой офицерыг “дунд офицер”, хошууч, дэд хурандаа, хурандаа цолтой офицерыг “ахлах офицер”, бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолтой офицерыг “дээд офицер гэнэ” гэж, мөн 11 дүгээр зүйлийн 11.4.-т “Офицерын албыг дунд офицер 47 нас хүртэл, ахлах офицер 52 нас хүртэл, дээд офицер 57 нас хүртэл хаана” зааснаар цаашид дунд офицероор ажилласаар байсан тохиолдолд тийнхүү 47 настайдаа тэтгэвэр тогтоолгох боломжтой байсан.

 

Гэвч Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр нэхэмжлэгч О-ынхөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 50 хувь гэж тогтоож, алдалтыг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл сунгасан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ нь ирээдүйд нэмэгдэх, аль эсхүл буурах болон алдалтын хугацааг сунгах эсэх нь тодорхой бус байхад нэхэмжлэгчийг цаашдаа 47 нас хүртэл үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэврийг авна гэж шууд дүгнэх боломжгүй байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч нь өөрийн дундаж цалин хөлсийг 946,850.00 төгрөгөөр тооцож, одоо авч буй тэтгэвэр болох 529,634.00 төгрөг хоёрын зөрүү 417,216.00 төгрөгийг 144 сараар үржүүлэн нэхэмжилсэн. Гэтэл нийгмийн даатгалын сангаас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нь тогтмол буюу 529,634.00 төгрөг байхгүй ба нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс болон тэтгэврийн хэмжээ ижил тэнцүү болсон тохиолдолд нэхэмжилж буй тэтгэмжийн зөрүү 60,079,104.00 төгрөг нь өөрчлөгдөхөөр байна.

 

Иймд, нэхэмжлэгч нарын гаргасан цалин-тэтгэмжийн зөрүү 60,079,104.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

Харин нэхэмжлэгч Онь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөө нэхэмжлэх эрхтэй тул түүний нэхэмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг сунгасан 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд цалин-тэтгэврийн зөрүүг тооцвол:

 

  • Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс 882,725.00 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд авсан тэтгэврийн хэмжээ 529,634.00 төгрөг бөгөөд 1 сарын зөрүү 353,091.00 төгрөг, үүнээс 2 сарын зөрүү нь 706,182.00 төгрөг,

 

  • Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс 882,725.00 төгрөг, 2019 оны 02 дугаар сараас эхлэн авсан тэтгэврийн хэмжээ 553,634.00 төгрөг бөгөөд 1 сарын зөрүү 329,091.00 төгрөгөөс тооцвол 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны зөрүү нь 4,474,634.00 төгрөг, нийт 5,180,816.00 төгрөг болж байна.

 

Түүнчлэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн эмчилгээний зардлын баримт болох 1 дүгээр хавтаст хэргийн 17, 18, 22, 24, 26, 28, 33, 34 /48,300 төгрөг/, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 51 дүгээр талд авагдсан нийт 2,012,600.00 төгрөгийн баримтуудыг үзвэл нэхэмжлэгчийн Монгол Улсад эмчилгээ хийлгэхтэй холбоотой буюу эм, тариа худалдан авах болон үзлэг оношилгоо хийлгэх, хэвтэн эмчлүүлэх, протез худалдан авахтай холбоотой төлсөн зардал байна.

 

Харин 1 дүгээр хавтаст хэргийн 16, 19, 20, 22 /87,500 төгрөг/, 23, 25, 29, 30, 31, 32, 34 /8,000 төгрөг/, 35 дахь талд авагдсан бусад баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй..............” гэж заасантай нийцэхгүй байгаагаас гадна Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 322 тоот шийтгэх тогтоолд дурдсан хариуцагч нараас өгсөн эмчилгээний зардлуудтай давхцаж байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн Монгол Улсад эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зарим зардлыг хариуцагч нар урьд өмнө түүнд төлсөн тул нэхэмжилсэн эмчилгээний зардлаас 859,892.00 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна /1-х.х-ийн 198-214, 220 хуудас/.      

       

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Онь нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой зардалд Эрүүгийн хэргийн төв архивт 60,000.00 төгрөг, Шүүхийн ерөнхий зөвлөлд 55,000.00 төгрөг /1-р х.хийн 192-205, 2-р х.х-ийн 1-31 хуудас/-ийг төлсөн бол нотариатын төлбөрт 19,000.00 төгрөгийг тус тус төлжээ. Гэвч эдгээр баримтаас нотариатын төлбөрийг хариуцагч нарт холбогдох тус хэрэгт нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой төлсөн гэж бүрэн ойлгогдохгүй байгаагаас гадна 55,000.00 төгрөгийн баримт нь нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангахгүй байх тул нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой нийт 134,000.00 төгрөгөөс 60,000.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй байна /1-р х.х-ийн 188, 189, 191 хуудас/.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д заасны дагуу нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг.

Энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б ХХК , Х ХХК нар нэхэмжлэгч О-ынэд хөрөнгөд бус эрүүл мэндэд гэм хор учруулсан учраас нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар буюу иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар хэрэгжүүлэх тохиолдолд уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна.

Тус хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасны дагуу гэм хор учирсан 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолоход хөөн хэлэлцэх 10 жилийн хугацаа дуусаагүй байна.

 Иймд, шүүх нэхэмжлэлээс цалин-тэтгэврийн зөрүүнд 5,180,816.00 төгрөг, Монгол Улсад эмчилгээ хийлгэхтэй холбоотой болон нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой гарсан зардалд 2,012,600.00 төгрөг болон 60,000.0 төгрөг, нийт 7,253,416.00 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгч О-долгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэл болон 60,421,556.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                          ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Б ХХК -иас 3,626,708.00 төгрөг, хариуцагч Х ХХК-иас 3,626,708.00 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Х-гийн нэхэмжлэл болон 60,421,556.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч бүрээс улсын тэмдэгтийн хураамжид 72,977.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод төлүүлсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР

 

                                        ШҮҮГЧИД                                 Д.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Н.САРАНГҮН