Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 148

 

 

 

 

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2020/00148

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М-ын гаргасан,

 

Хариуцагч: О-т холбогдох,

 

1,029,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Би, өөрийн өмчлөлийн ........ тоот хаягт орших 2 өрөө орон сууцыг хариуцагч О-т хөлслүүлсэн.

 

Бид, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1 жилийн хугацаатай хөлслөхөөр тохирсон ба тус орон сууцыг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ашиглалтад оруулсан, шинэ байр байсныг хамгийн анх хариуцагч О-т хөлслүүлсэн юм. Миний бие, түүнд байрыг хөлслүүлэхээсээ өмнө үзүүлж, тавилгатай, шинэ буюу ямар нэгэн доголдолгүй байрыг хүлээлгэн өгч, сарын хөлсийг 300,000.00 төгрөг гэж тохиролцсон учраас бүтэн жилийн хөлс болох 3,600,000.00 төгрөгийг хүлээж авсан.

 

Гэвч тухайн гэрээний хугацаа дууссаны дараа би байрныхаа түлхүүрийг өөр хүн /*******/-ээс авсан ба хариуцагч нь надад орон сууцыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Намайг 2019 оны 09 дүгээр сард байранд очиход их хэмжээний ус алдуулж, гал тогоо, коридорын паркет, ханын замаск хууларч, тагтны хаалга, гал тогооны крант эвдэрсэн байсны зэрэгцээ гадна бүргэд хаалгыг эвдэж, 00 өрөөний лампир тааз нураасан байсан.

 

Гэрээний нэмэлт нөхцөлд орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр, бохир, усны болон СӨХ-ны төлбөрийг хөлслөгч тал төлөхөөр тохирсон боловч нэг ч төлбөрийг төлөөгүй байсан. Ингээд би, өөрөөсөө 394,000.00 төгрөгийг орон сууцны ашиглалтын зардалд төлж, эвдэрсэн эд зүйлийг засварлахад нийт 635,000.00 төгрөгийн зардал гаргасан. Иймд, хариуцагч О-с 1,029,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Маас хариуцагч О-т холбогдуулан 1,029,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийн дагуу шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч О-т нэхэмжлэлийн хувийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гардуулж, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор хариу тайлбар өгөхийг мэдэгджээ.

 

Тус хэргийг хянан хэлэлцэхээр товлосон 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчид шүүх хурлын тов хүрээгүй гэсэн үндэслэлээр хойшлуулж, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр товлож, энэ талаар хариуцагчид мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.

 

Учир нь, хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа өөрийн оршин суугаа хаягийг “*******,*******,*******,*******,*******” гэж тодруулсаныг үндэслэн шүүхээс тухайн хаягаар түүнд шүүх хурлын товыг хүргүүлсэн хэдий ч хүлээн аваагүй байна. Тодруулбал, харъяа дүүргийн*******ны засаг даргын тодорхойлолтоор хариуцагч О-г уг хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаг гэсэн боловч мэдэгдэх хуудсыг гардаж аваагүй ажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8.-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6.-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно” гэж заасан.

Нэгэнт шүүхээс хариуцагчид шүүх хуралдааныг товыг баталгаат шуудангаар хүргүүлж, энэ талаар утсаар мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэнгүй.

 

Нөгөө талаар тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж, мөн 72.3.-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3.-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

 

Гэвч хариуцагч Онь ийнхүү нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор хариу тайлбар, татгалзлаа өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч М ....... талбайтай орон сууцыг хөлслөхөөр тохиролцсон байна /х.х-ийн 3, 5 хуудас/.

 

Талуудын байгуулсан гэрээний зүйл болох ******* тоот улсын бүртгэлийн дугаартай дээр дурдсан ******* м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч М өмчилдөг ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна. Учир нь, орон сууц хөлслөх гэрээгээр хөлслөгч нь ахуйн хэрэгцээгээ хангах зорилгоор эд хөрөнгийг эзэмшиж, ашигладаг бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Уг орон сууц хөлслөх гэрээний 1 дүгээр зүйлийн 1, 5.-д тус тус зааснаар хөлслөгч буюу хариуцагч тал орон сууцыг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд хөлслөх, сарын хөлсөнд 300,000.00 төгрөгийг төлөхөөс гадна гэрээний 4 дүгээр зүйлийн 1.-д заасны дагуу орон сууцны сар бүрийн ашиглалтын зардлыг төлөхөөр тохиролцсон байна.

 

Түүнчлэн тус гэрээний 3 дугаар зүйлийн 1.-д зааснаар хөлслөгч буюу хариуцагч нь орон сууцыг зориулалтын дагуу ашиглах, хэрэв эвдэж, гэмтээсэн тохиолдолд зардлыг хариуцахаар тохирчээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан орон сууцны хөлс төлөхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй, харин тус орон сууцны ашиглалтын зардалд 394,000.00 төгрөг, засвар үйлчилгээ хийлгэхэд 635,000.00 төгрөгийг тус тус төлсөн гэж маргасныг хариуцагчаас хариу тайлбар, татгалзлаар няцаагаагүй. 

 

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан байх тул хариуцагч О-г энэхүү нэхэмжлэлд дурьдсан үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.-д “Хөлслөгч нь дараах үүрэг хүлээнэ” гээд 289.1.1.-д “хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах” гэж, мөн 289.1.4.-т “хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх” гэж, түүнчлэн 289.1.5.-д “гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх” гэж тус тус зааснаар эдгээр үүргээ зөрчөөгүй буюу орон сууцыг ердийн зориулалтын дагуу ашиглан хүлээлгэн өгсөн гэж маргаагүй болно.

 

Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч М нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр цэвэр, бохир усны 2019 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08 дугаар сарын төлбөрт нийт 63,910.00 төгрөг, цахилгааны төлбөрт 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 166,000.00 төгрөг, мөн 275 ширхэг паркет болон хаалганы бариул, тагтны хаалганы түгжээ, галын өрөөний усны хаалтыг тус тус худалдан авахад 635,000.00 төгрөг, нийт 864,910.00 төгрөгийг төлсөн байна.

 

Харин хэрэгт авагдсан 64,000.00 төгрөг болон 44,000.00 төгрөгийг юунд төлсөн болох нь тодорхойгүй, үлдэх 56,090.00 төгрөгийг орон сууцны ашиглалтын зардалд төлсөн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна.

  

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас нийт 864,910.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 164,090.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д заасныг үндэслэн хариуцагч О-с 864,910.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 164,090.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 25,308.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР