Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/470

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч П.Отгонбаатар,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Тайж овогт ***од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2305007200867 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, *** ХХК-ны хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүрэг *** хороо амины орон сууц *** гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг *** хорооо *** таун *** байр *** тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,Тайж овогт ***.

 

Шүүгдэгч *** нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Уран ган ХХК-ны зочид буудлын 206 тоот өрөөнд согтуурсан үедээ *** биед халдаж эрүүл мэндэд нь зүүн 7 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн урд доод хэсэгт, толгой хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, зүүн шуу, ташаа, өгзөгт цус хуралт, баруун, зүүн шуунд зулгаралт, баруун шуу, бугуйд зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “Тухайн үед ***ын таньдаг дүү нь ирсэн байсан. Орой унтахдаа хажуугаар нь хэвтсэн байхаар нь хардалтын улмаас маргаан болсон” гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 31-37 дахь тал/

 

Хохирогч ***н “... Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хэдэн пиво уугаад халамцуу явж байхад миний танил нутгийн хуурай эгч *** нь над руу facebook-р залгасан байхаар нь би *** эгчийн дугаар руу нь залгахад үл таних эрэгтэй хүн утсыг нь аваад нөхөр нь гээд ярьсан. Би эгчтэйгээ мэнд мэдэх гэсэн юм гэж хэлэхэд ахын дүү хүрээд ир гэж хэлээд Уран ган гээд буудалд, таксины мөнгийг чинь өгнө гэж хэлэхээр нь би такси бариад тухайн зочид буудалд очсон. *** эгч, нөхөр нь гэх үл таних *** гэж өөрийгөө танилцуулсан эрэгтэй хүнтэй хамт 208 тоот өрөөнд байсан бөгөөд би тухайн үед нэлээн согтолттой байсан. Тэндээ ууж байгаад би тасраад явчихсан байсан. Маргааш өглөө нь би гар утас олдохгүй болохоор нь энэ талаараа ***ын нөхрөөс асуухад надад байна, байна ирээд ав гэж хэлэхээр нь би тухайн буудалд өдөр 14 цагийн үед очсон.

Тэгэхэд ***, *** эгч хоёр 206 тоот өрөөнд орсон байсан бөгөөд *** гэгч нь гоё дүүтэй танилцлаа, суу гэж хэлээд надтай хамт Хараа нэртэй 0,75 литрийн архи 2 шилийг хувааж ууж, ажил төрөл ярилцаж суусан. Нэг мэдэхэд би тасраад тухайн 1 ортой буудлын орон дээр нь *** эгчийн хажууд нь хэвтээд унтсан байсан бөгөөд *** гэгч нь намайг сэрээгээд модон сандал толгой руу шидэж хугалаад эхлэхээр нь та яаж байгаа юм бэ, болилдоо гэж хэлсэн. Тэгэхэд өөдөөс ална гэж хэлээд дайрсан. Миний толгой хэсэг рүү уусан архины шилээрээ 2 удаа цохиж хагалсан. Миний толгой маш их өвдсөн. Хагарсан шилээрээ баруун гарын шууны хэсэгт том хэмжээтэй зүсээд маш их цус гараад өрөөгөөр дүүрэн цус болсон. Тэгэхэд намайг бие засах өрөө рүү оруулаад шүршүүр ажиллуулж дээрээс ус асгаад хугарсан сандлын модоор толгой, тархи, бие хэсэг рүү зодоод л байсан. Бас миний цусыг угаагаад байсан. Биеэ хамгаалж чадахгүй, сүүлдээ больё, туслаачээ гэж хэлэхэд *** гэгч нь би чамайг угаасаа ална, чи манай эхнэртэй хамт хэвтдэг хэн бэ гэж хэлээд дайраад байсан. Үүнд *** эгч ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй хөнжилдөө унтаад л байсан бөгөөд миний орилохыг сонссон юмуу бүү мэд, буудлын угтагч эгч орж ирээд би зөрж гарсан. Улмаар цагдаагийн байгууллагад хандсан.Миний биед одоогоор баруун гарын шууны хэсэгт том хэмжээтэй зүсэгдсэн шархтай, хавирга хүндүүртэй, толгой битүү хавдсан байдалтай, эмнэлгээр явж байна.

*** нь намайг эхнэртэй нь хамт хэвтэж байхад харчхаад хардаад зодсон гэж надад хэлсэн бөгөөд би эхнэртэй нь ямар зүйл болоогүй. Тасраад л хажууд нь унтаад өгсөн байсан юм. Дараа нь *** гэгчээс асуухад би юу ч санахгүй байна, архины гай гэж хэлсэн. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй бөгөөд маргалдаж, муудалцсан зүйлгүй юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дахь тал/

 

Гэрч Э.***ын “... Тэгээд согтоод ***, *** хоёр маргах гээд байхаар нь Отгон-Эрдэнийг явуулсан. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр *** дахиад хүрээд ирсэн. Тэгээд ***, *** хоёр 0,75 литрийн хэмжээтэй Хараа архи уусан. Би тэр архинаас 2,3 хундага татсан. Өмнөх өдөр нь уусан байсан болохоор архи гараагүй байсан. Тэгээд буцаад согтоод унтсан. Унтаж байхад хүмүүсийн чанга дуу гараад байхаар нь би сэрэхэд ***, *** хоёр хоорондоо барьцалдчихсан байсан. Би болиоч гээд дундуур нь орсон. Тэгэхэд *** гараас цус гарсан байсан. Буудлын угтагч эгч цагдаа дуудсан юм шиг байсан. Удалгүй цагдаа нар буудлын угтагчийн хамт орж ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллага дээр ирсэн. Миний мэдэх юм энэ.

... ***од бол ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. *** гар нь шалбарсан байсан. Хувцас нь ямар байсныг би анзаараагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21 дэх тал/

 

Шинжээч Ч.Эрдэмболорын “... Нэг хавирганы хугарлын үед зэргэлдээх эрүүл хавирга нь тухайн хугарсан хавирганд чиг болж эдгэрэл нь хурдан байдаг учир эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. Хоёроос дээш хавирга хугарсан тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дахь тал/

 

Гэрч ***гийн “...Намайг яваад очиход тэр хоёр залуу бие засах өрөөнд байсан. Нэг хүүхэн орон дээр хэвтэж байсан. Арай жижиг биетэй залуугийн гараас нь цус гарсан байдалтай, өндөр залуу нь зүгээр байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 41-42 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1881 дугаартай:

“...1. ***н биед зүүн 7-р хавирганы хугарал, цээжний зүүн урд доод хэсэг, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, зүүн шуу, ташаа өгзөгний цус хуралт, баруун, зүүн, шуунд зулгаралт, баруун шуу, бугуйнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүдээс зүүн 7-р хавирганы хугарал, цээжний зүүн урд доод хэсэг, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, зүүн шуу, ташаа, өгзөгний цус хуралт, баруун, зүүн шууны зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, баруун шуу, бугуйны зүсэгдсэн шарх нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

4. Зүүн 7-р хавирганы хугарал, цээжний зүүн урд доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, зүүн ташаа, өгзөгний цус хуралт, баруун шуу, бугуйны зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт, баруун, зүүн шууны зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 26-27 дахь тал/

 

***ын яллагдагчаар өгсөн “...Тэгээд би *** энийгээ аваачээ гээд орилох үед нь сэрээд хартал ***, *** хоёр хамт нэг орон дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би уурлаад Отгон-Эрдэнийг орноос татаж босгож ирээд баруун нүд рүү нь нэг удаа баруун гараараа цохиод цээж рүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөөд буудлын модон сандал аваад толгой руу нь шидэж хугалсан. Тэгэхэд *** өөдөөс та болилдоо гээд орилоод байхаар нь би 0,75 литрийн хэмжээтэй Хараа архины шилээр толгой руу 2 удаа цохиж архины шилийг хагалаад хэлтэрхийгээр нь баруун гарынх нь шуу хэсэгт 1 удаа зүсэж гарыг нь гэмтээсэн. Тэгэхэд Отгон-Эрдэний гараас цус гараад эхэлсэн бөгөөд би Отгон-Эрдэнийг бие засах өрөө рүү чирч оруулаад бие засах өрөөний шүршүүрээр цусыг нь угаагаад байж байхад буудлыг угтагч хаалганы гадаа ирээд хаалга тогшоод больцгоогооч гэж орилчхоод буцаад яваад өгсөн. Тэгээд нээх удаагүй цагдаа ирсэн.

... Би Ц.***, *** хоёрыг хамт хэвтэж байхыг хараад уур хүрсэндээ ***г гар болон сандлаар цохиж цээж рүү нь өшиглөж архины хагархай шилний хэлтэрхийгээр гарыг нь зүсэж ***н биед гэмтэл учруулсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 49-50 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Уран ган ХХК-ны зочид буудлын 206 тоот өрөөнд хохирогч Ц.*** болон өөрийн найз Э.*** нарыг хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ.

Ингээд хохирогч ***г Э.***тай хардсаны улмаас түүний биед халдаж биед зүүн 7-р хавирганы хугарал, цээжний зүүн урд доод хэсэг, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, зүүн шуу, ташаа өгзөгний цус хуралт, баруун, зүүн, шуунд зулгаралт, баруун шуу, бугуйнд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хохирогч ***н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч ***н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1881 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Хэрэгт хохирогч Ц.*** өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал гаргасан талаарх баримт авагдаагүй ба шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд хохирогч Ц.***д 200,000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гарган өгсөн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Гэхдээ хохирогч Ц.*** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд сайн дураараа нөхөн төлбөр төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

         1. Шүүгдэгч Тайж овогт ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***ыг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *** торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.*** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ